| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/1686/Э |
| Дугаар | 19 |
| Огноо | 2018-12-24 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
Улсын яллагч Ч.Батбаяр,
Шүүгдэгч М.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Бт холбогдох 1806 03060 1989 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баян-Уул суманд 1962 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС-15 гудамжны 5 дугаар байрны 1-00 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, Х овогт М Б /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
М.Бнь 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ш.Сансарчимэгийн автомашинаас “Самсунг Ж-7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч 324,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Бийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Саранчимэгийн өгсөн: “... 2018 оны 04 сарын 08-ны өдөр 20 цаг 40 минутын үед Баянзүрх дүүрэгт цэргийн төв эмнэлэгт хэвтэж байгаа нөхөр Эрдэнэзаяаг эмнэлэгт эргэх гээд явж байтал Ботаникийн автобусны ард зогсоол дээр 50-60 орчим насны таягтай эрэгтэй хүн гар өргөөд зогсож байхаар нь би сайн санаад зам дагуу буулгаад өгнө гээд машиндаа суулгасан. Ингээд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо. Жанжингийн эцэс орно гэхээр нь хөдөлсөн. Тэгээд буухын өмнө миний машины ард талын хөгжимийн доод талын зайд “ах нь чамд 1500 төгрөг хийлээ шүү” гээд нөхөр лүүгээ ярих гэтэл миний гар утас байхгүй байсан. Миний утсыг тэр хүн авсан, өөр хүн аваагүй. Тэр хүн намхан нуруутай 55-60 орчим насны, бараан өнгийн хувцастай, эрэгтэй хүн байсан. Машинд суусны дараа буриад аялгаар ярьсан. Мөн баруун гартаа таяг барьсан байсан...” гэх мэдүүлэг /хх.12-15/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх.7-9/,
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх.29-30/,
Хохирол барагдуулсан тухай тэмдэглэл /хх.44/,
Мөрдөн шалгах ажиллагаанд М.Бийн яллагдагчаар өгсөн: “... 2018 оны 04 сарын 08-ны орой Ботаникийн эцсээс такси бариад Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжин клубын 29-735 тоот гэртээ хүргүүлээд, таксины жолоочид мөнгөө өгөхдөө жолоочийн гар утсыг аваад буусан. Тэр үед согтуу байсан болохоор юу хийж байгаагаа бодоогүй. Тэгээд би таксинаас буугаад гэрийнхээ хажууд хашаа налаад жоохон сууж байгаад босоод хашаа руугаа явсан. Хашаандаа очиход гэрт хүн байхгүй цоожтой байсан. Би хашаа налж сууж байхдаа тэр гар утсыг унагаасан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх.52-53/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
М.Бнь 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ш.Сансарчимэгийн автомашинаас “Самсунг Ж-7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч 324,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Саранчимэгийн өгсөн: “... Миний утсыг тэр хүн авсан, өөр хүн аваагүй. Тэр хүн намхан нуруутай 55-60 орчим насны, бараан өнгийн хувцастай, эрэгтэй хүн байсан. Машинд суусны дараа буриад аялгаар ярьсан. Мөн баруун гартаа таяг барьсан байсан...” гэх мэдүүлэг /хх.12-15/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх.7-9/,
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх.29-30/,
Хохирол барагдуулсан тухай тэмдэглэл /хх.44/,
Мөрдөн шалгах ажиллагаанд М.Бийн яллагдагчаар өгсөн: “... Тэгээд би таксинаас буугаад гэрийнхээ хажууд хашаа налаад жоохон сууж байгаад босоод хашаа руугаа явсан...” гэх мэдүүлэг /хх.52-53/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Бийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
М.Бийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
М.Бнь хохирлын 324,000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч Ш.Саранчимэг нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
М.Бнь “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ М.Бийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
М.Бт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч М.Бт оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.
Энэ хэрэгт М.Бнь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээх нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х овогт Мийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг М.Бт сануулсугай.
4. Энэ хэрэгт М.Бнь цагдан хоригдсон хоноггүй, хохирлын 324,000 төгрөгийг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ш.Саранчимэг нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР