Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/00760

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/00760

 

Э.С-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/00179 дугаар шийдвэртэй,

Э.С-гийн нэхэмжлэлтэй, Б.О-, Э.О- нарт холбогдох,

Гэрээний үүрэгт 206,680,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Э.О-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.С-, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа, хариуцагч Э.О-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Э.С- би

хариуцагч Б.О-, Э.О- нартай гүний худаг, цооног, өрөмдлөг гаргах зорилгоор хамтран ажиллахаар тохиролцож, анх 2020 оны 6 сард Э.О- 85,000,000 төгрөг, Э.С- 55,000,000 төгрөг, н.Т- 53,000,000 төгрөг, Б.О- 27,000,000 төгрөг, нийтдээ 220,000,000 төгрөг нийлүүлж, тоног төхөөрөмж авч, ажилчид хөлслөн үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Хамтын ажиллагааны явц дунд н.Т- бидэнтэй хамтран ажиллах боломжгүй болсноо илэрхийлэн, өөрт оногдох хувийг авч гарсан тул н.Т-ийн анх оруулсан хувийг бид гурав хувааж авсан. Ингээд бид нар үргэлжлүүлэн хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор 2 дахь удаагаа хөрөнгө нийлүүлэн 305,000,000 төгрөгийн тоног төхөөрөмж, 20,000,000 төгрөгөөр "О-" ХХК, 239,000,000 төгрөгийн машин, тээврийн хэрэгсэл худалдан авч, нийтдээ 784,000,000 төгрөгийн хөрөнгөтэй болсон. "О-" ХХК-ийн хувьцааны 40 хувийг Б.О- эзэмших болсон тул түүнийг гүйцэтгэх захирлаар томилж, 30 хувийг Э.О-, үлдэх 30 хувийг Э.С- би эзэмших болсон. Хэдийгээр бид компани худалдан авч хувьцаа эзэмших болсон ч нэг ч удаа компанийн нэр дээр захиалга авч, үйл ажиллагаа эрхэлж байгаагүй. Бидний хамтран ажиллаж буй бизнесийн үйл ажиллагаа улирлаас үл хамааран тасралтгүй үргэлжилж, захиалга ихтэй, ашиг орлого сайн байсан. Гэнэт хариуцагч нар "та өөрт оногдох хувиа аваад гарчих, бид хоёр өөрсдөө хамтран ажиллахаар шийдлээ" гэж хэлээд надтай цаашид хамтрахгүй гэдгээ илэрхийлж, намайг шахаж эхэлсэн тул би өөрт оногдох хувийг аваад хамтран ажиллахгүй байхаар шийдсэн. 2022 оны 3 сарын 22-ны өдөр бид уулзаж, эцсийн байдлаар тооцоо нийлж, нийт хөрөнгийн 33 хувийг надад өгөхөөр болсон. Ингээд бидний дундын 784,000,000 төгрөгийн хөрөнгө дээр авлага 36,000,000 төгрөг нэмээд 820,000,000 төгрөгийн хөрөнгө гэж тооцсон. Үүнээс өр зээл, бусдад өгөх ёстой 188,437,795 төгрөгийг хасаад 631,562,505 төгрөгөөс надад 196,680,000 төгрөг оногдохоор тохиролцож, энэ мөнгийг хариуцагч нар нь 2022 оны 4 сард 50,000,000 төгрөг, 5 сард 30,000,000 төгрөг, 6 сард 100,000,000 төгрөг, 7 сард үлдэгдэл 16,680,000 төгрөгийг төлж барагдуулахыг хэн аль нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, баталгаажуулсан. Гэтэл хариуцагч нар хэлсэндээ хүрдэггүй, мөнгөө нэхэж залгахаар "маргааш, нөгөөдөр өгнө, ...4 сар чинь дуусаагүй байна" гэж хариу өгдөг байснаа сүүлдээ бүх холбоо тасарсан. Тус 198,680,000 төгрөгөөс нэг ч төгрөг төлөхгүй байгаа тул хөрөнгө, цаг хугацаагаар хохирсон учир хууль зүйн туслалцаа авч өмгөөллийн хөлс төлж зардал гарсан. Иймд Б.О-, Э.О- нараас 196,680,000 төгрөг, өмгөөллийн хөлс 10,000,000 төгрөг, нийт 206,680,000 төгрөгийг тус бүр тэнцүү хэмжээгээр гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

2. Хариуцагч Б.О-ийн татгалзал, хариу тайлбарын агуулга: "О-" ХХК-д 40 хувийн хувьцаа эзэмшдэг. Э.С-н нэхэмжилсэн 206,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Э.С-н 2022 онд хийсэн ажлыг энэ жил дахин хийж алдагдал хүлээсэн. 206,000,000 төгрөгт орсон техник зарим нь өөр компанийн техникээр хийсэн зөндөө асуудал байгаа... гэжээ.

 

3. Хариуцагч Э.О-ын татгалзал, хариу тайлбарын агуулга: Иргэн Э.С-тэй "О-" ХХК-ийг үүсгэн байгуулж ажилласан нь үнэн. Тус төлбөрөөс 206,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй. Мөн энэ нь "О-" ХХК-ийн хувь эзэмшигчийн ногдох төлбөр байх тул нэхэмжлэлийг иргэнээр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.4, 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар хариуцагч Б.О-ээс 98,340,000 төгрөг, хариуцагч Э.О-аас 98,340,000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.С-д олгож, Иргэний хуулийн 219 дүгээрз үйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул өмгөөллийн хөлс 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсен 1,191,350 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.О-, Э.О- нараас тус бүр 570,675 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.С-д олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагч Э.О- анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан бөгөөд талууд 2023 оны 04 сарын 10-ны өдөр эвлэрсэн тухай Эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Хариуцагч Э.О- анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч зохигчид харилцан тохиролцож 2022 оны 04 сарын 10-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээг талууд давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн байна.

 

2. Тус эвлэрлийн гэрээг нэг талаас Э.С- нөгөө талаас Б.О-, Э.О- нар байгуулж, дараах нөхцөлөөр харилцан тохиролцжээ.

 

2.1. Б.О-, Э.О- бид нэхэмжлэгчийн нэхэмжилсэн дүнгээс анхан шатны шүүхийн шийдвэрт тусгасан 196,680,000 төгрөгийн шаардлагыг хангасан хэмжээгээр бүхэлд нь зөвшөөрч байх тул дараах нөхцөлөөр төлнө гээд

1. 2023 оны 04 дүгээр сард багтаан 30,000,000 төгрөгийг бэлнээр,

2. 2023 оны 05 дугаар сараас 2023 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд сар бүр 20,000,000 төгрөг /нийт 126,680,000 төгрөг/

3. Форд ф-150 /Ford F-150/ маркийн 80-03 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг 40,000,000 төгрөгт тооцон шилжүүлэх,

Нийт 196,680,000 төгрөгийг Э.С-д төлнө гэж тус тус тохиролцсон байна.

 

3. Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд зохигчдын эвлэрэл нь нэхэмжлэгч, хариуцагч талын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлах үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Э.С- хариуцагч Б.О-, Э.О- нар хооронд гэрээгээр тохиролцсон эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.О-ын давж заалдах журмаар гомдол гаргасны дараа зохигчид эвлэрсэн тул хуульд заасны дагуу хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/00179 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,

Хариуцагч Б.О-, Э.О- нараас шүүхийн шийдвэрээр тогтоосон 196,680,000 төгрөгийг дараах нөхцөлөөр буюу 2023 оны 04 дүгээр сард багтаан 30,000,000 төгрөгийг бэлнээр, Форд ф-150 /Ford F-150/ маркийн 80-03 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг 40,000,000 төгрөгт тооцон шилжүүлэх, 2023 оны 05 дугаар сараас 2023 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд сар бүр 20,000,000 төгрөг /нийт 126,680,000 төгрөг/-ийг гаргуулж Э.С-д төлөхөөр тохиролцож зохигчид эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.О-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид магадлалыг хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Э.ЭНЭБИШ