| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2019/0010/э |
| Дугаар | 2019/ШЦТ/11 |
| Огноо | 2019-01-07 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2019/ШЦТ/11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Б.Догмиддорж
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор
Хохирогч Т.Дашдаваа
Шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Б-д холбогдох 1821003140329 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ..... дугаар сарын ......-ний өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, ах, дүү нарын хамт Дорнод аймгийн .............. сумын 2 дугаар багийн нутаг “Ар хоолой” гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 хоногийн хорих ял шийтгүүлсэн, мөн Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, П.Б. /РД: ...................../
Шүүгдэгч П.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутагт байрлах Зангиатын 18-04 тоот хашаанд байрлах чингэлэгийн цоожийг эвдэж, хууль бусаар нэвтрэн орж, нууцаар иргэн Т.Дашдаваагийн өмчлөлийн мөнгөн тоноглолтой эмэгтэй хүний модон эмээлийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч, 3000.000 /гурван сая/ төгрөгийн хохирол учруулсан,
-мөн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутагт байрлах Зангиатын 18-04 тоот хашаанд байрлах байшингийн цоожийг эвдэж, хууль бусаар нэвтрэн орж, нууцаар иргэн Т.Дашдаваагийн өмчлөлийн самсунг маркийн 32 болон 22 инчийн 2 ширхэг зурагтыг хүч хэрэглэхгүйгээр хулгайн авч 230.000 /хоёр зуун гучин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч П.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ахынхаа гэрийг сахиж үлдээд чингэлэгнээс нь эмээл авсан. Мөн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хоёр ширхэг телевизорыг хулгайлсан...гэв.
Хохирогч Тогоочийн Дашдаваа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр дүүгээ гэртээ үлдээгээд хот явсан. Хотоос ирэхэд гэрт байсан хоёр телевизор, эмээл алга болсон байсан. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэв.
Гэрч Г.Халтарчулуун мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр П.Б гэх хүнээс 8 ширхэгтэй эмэгтэй хүний эмээлийн мөнгөн хэрэглэл 15 лантай 450.000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн үед надад “ахаа дүү нь мөнгөний хэрэг гараад байна” гэж хэлээд надад зарсан юм...худалдан авсан эртний эдлэлээ үнийг нь нэмээд зарчихдаг юм...” гэжээ. /хх-ийн 52-53 тал/
Гэрч С.Энхтөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр над руу залгаад “та хүрээд ирээч ааваас минь үлдсэн аавын минь хэрэглэж байсан эмээлийн мод байна та ирээд үзээд авалдаа” гээд 2 хоног утсаар ярьсан юм. Тэгэхээр нь би очоод үзэхэд эмээлийн хуучин мод байхаар нь би сонирхоод 80.000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо надад тухайн эмээлийн мод нь байгаа бөгөөд хул будгаар будсан эмээлийн мод байсан будаг нь жаахан гандчихсан байхаар нь би сэргээж будсан юм...надад П.Б гэх хүнээс гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 54-55 тал/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12 тал/
- Эд зүйлийг хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 34 тал/
- Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол /хх-ийн 35 тал/
- Хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 36-37 тал/
-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 44 тал/
- Гэрч П.Батсүхийн мэдүүлэг /хх-ийн 51 тал/
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 117 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 58-60 тал/
- П.Б-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 66-68 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Эд мөрийн баримтаар: Шар өнгийн эмээлийн мод 1 /нэг/ ширхэгийг шинжлэн судлав.
Шүүгдэгч П.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг Зангиатын 18-04 тоот хашаанд байрлах чингэлэгийн цоожийг эвдэж, хохирогч Т.Дашдаваагийн өмчлөлийн мөнгөн тоноглолтой эмэгтэй хүний модон эмээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 3000.000 /гурван сая/ төгрөгийн хохирол учруулсан,
-мөн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг Зангиатын 18-04 тоот хашаанд байрлах байшингийн цоожийг эвдэж, хууль бусаар нэвтрэн орж, хохирогч Т.Дашдаваагийн өмчлөлийн “Samsung” маркийн 32 болон 22 инчийн 2 ширхэг зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 230.000 /хоёр зуун гучин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, хохирогч Т.Дашдаваа, гэрч Г.Халтарчулуун, С.Энхтөр, П.Батсүх нарын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийг хураан авах тухай мөрдөгчийн санал, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол, хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд зүйлийн үнэлгээ, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 117 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч П.Б-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч П.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байр, агуулахад нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч П.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байр, агуулахад нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч П.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна.
Шүүгдэгч П.Б-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч П.Б-н үйлдлийн улмаас хохирогч Т.Дашдаваад 3230.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг дурдаж, шүүгдэгч П.Б-н цагдан хоригдсон 20 /хорь/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн эмээлийн мод 1 /нэг/ ширхэгийг хохирогч Т.Дашдаваад буцаан олгож, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн .......... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П.Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байр, агуулахад нэвтэрч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч П.Б-г 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-д оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-н цагдан хоригдсон 20 /хорь/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч П.Б-н ...................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн эмээлийн мод 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Т.Дашдаваад буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ