Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00800

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00800

 

А.Ж-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 10-ны өдрийн 101/ШШ2023/00853 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч А.Ж-гийн

Хариуцагч О.Б-т холбогдуулан гаргасан

Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 2,664,459 төгрөг гаргуулах тухай үндсэн, үндэслэлгүйгээр олж авсан 2,915,000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би өөрийн эзэмшлийн 00-00УБҮ улсын дугаартай соната 7 маркийн автомашиныг О.Б-т 2022 оны 02 сарын 14-ний өглөө 9:00 цагт нэг хоногийн хугацаатай, хоногийн 120,000 төгрөгөөр, 200,000 төгрөгийг барьцаатай түрээслүүлж, гар бичмэл үйлдэн гарын үсэг зуруулж баталгаажуулсан. Гэтэл О.Б- нь 2022 оны 02 сарын 15-ны өдөр осол гаргаж, түрээсийг сунгаж автомашиныг засаж өгөхөөр болсон. Мөн П- ХХК-аас 1,700,000 төгрөгийн даатгалын нөхөн төлбөрийг авсан. Гэвч даатгалаас төлбөрийг авсан ч зориулалтын дагуу зарцуулаагүй, автомашиныг засуулахдаа зөвхөн буфер, гэрэл хоёрыг янзлуулан бусад эд ангиудыг засаагүй, автомашиныг урсгал сөрүүлж зам дээр орхиж ачуулсан, осол гаргасан Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст эрэн сурвалжлагдаж байгаа тухай мэдээллийг өөрчлүүлээгүй. Иймд би автомашины моторын тос солиход 169,459 төгрөг, газ 30,000 төгрөг, автомашины бүтэн угаалга 25,000 төгрөг, обуд дугуй авахад 120,000 төгрөг, 2 удаагийн ачилтын төлбөр 140,000 төгрөг, түрээсийн 5 хоногийн үлдэгдэл төлбөр 480,000 төгрөг зэрэг нийт 2,664,459 төгрөгийг О.Б-оос гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Би уг автомашиныг нэг хоногийн хугацаатай авч ашигласан. Харин нэхэмжлэгчтэй ямар нэгэн гэрээ байгуулж, үүрэг хүлээгээгүй тул нийт 2,664,459 төгрөгийг хариуцан төлөх ёсгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Талуудын хооронд автомашиныг 1 хоногийн хугацаатай хөлслүүлэх гэрээний харилцаа үүссэн ба А.Ж- нь О.Б-оор гар бичмэлийг 2022 оны 02 сарын 14-ний өдөр бичүүлж авсан. Гар бичмэлд эвдрэл гэмтэл гарсан үед засагдах хүртэл түрээслэсэнд тооцно... гэж тусгуулж, уг тохиролцоог үндэслэж, түрээс гэх нэрээр хоног тутамд 120,000 төгрөгийг О.Б-оос авсан. Дээр дурдаж буй ...эвдрэл гэмтэл гарсан үед засагдах хүртэл түрээслэсэнд тооцно... гэх тохиролцоо нь Иргэний хууль зөрчсөн буюу хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэн О.Б-оос А.Ж-д шилжүүлсэн нийт 2,915,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: О.Б- нь автомашиныг бүтэн 2 сарын турш хэрэглэсэн бөгөөд 2022 оны 03 сарын 22-ны өдөр хүлээлгэж өгсөн. Бусдад хохирол учруулсан болон хөдлөх хөрөнгийг хэрэглэсэн төлбөрийг эргүүлэн нэхэмжлэх нь хуулинд нийцэхгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний 287 дугаар зүйлийн 287.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч О.Б-оос 1,689,459 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Ж-д олгож, нэхэмжлэгч А.Ж-гаас 1,560,040 төгрөг гаргуулж хариуцагч О.Б-т олгож, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 840,000 төгрөгийн шаардлага, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 1,354,960 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 57,581.34 төгрөг, хариуцагчаас төлсөн 62,690 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 41,981 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 39,911 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 1,000,000 төгрөгийг дутуу тооцсон. Түрээслэгчээс 15 хоногийн 1,560,040 төгрөгийг буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй. Шүүх 1 цагт тооцогдох түрээсийн 20,000 төгрөгийг тооцоогүй учраас гэрээний харилцаа зөвхөн нэг хоног гэж үзэж бусад хоногийн төлбөрийг түрээслэгч талд буцаан олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл түрээслэгч нь хоцорсон цаг 20,000 төгрөгөөр тооцолгүй 100,000 төгрөгөөр бодож шилжүүлсэн. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар 1,689,459 төгрөгийг автомашины эвдрэлд тооцож, 975,000 төгрөгийг хасаж шийдвэрлэсэн.

П- ХХК нь даатгалын төлбөрийг эзэмшигчийн дансанд тушаалгүй О.Б-ын дансанд шилжүүлсэн тул гэрчээр дуудаж тодруулах хүсэлтийг хангаагүй. Гар бичмэлийг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар үйлдсэнийг хүлээн зөвшөөрсөн атал гэрээнд тусгасан хоцролтын төлбөрийг тооцож шийдвэрлэлгүй, гэрээний талууд хүсэл зориг ижил нэг баримт бичиг үйлдсэн байхад шүүх анхаарахгүй шийдвэр гаргасан. Миний бие шүүхийн шийдвэрт заасан үлдэгдэл 975,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна гэжээ.

7. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 1. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч автомашины эвдрэлийн үнэлгээ, уг үнэлгээнээс даатгалын төлбөрийг хассан зөрүү, уг үнэлгээнээс засварын зардлыг хассан зөрүүг огт нэхэмжлээгүй. Үүнийг шүүх анхааралгүй нэхэмжлэлээс хальж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч копудны үнэ 500,000 төгрөгийг шаардаагүй байхад шүүх гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Газ, моторын тос, угаалга, ачилтын төлбөрийг шүүх хангаж шийдвэрлэхдээ нотлох баримт хэрэгт авагдсан гэж дүгнэн шийдвэрлэсэн бөгөөд эдгээр төлбөр нь хариуцагчийн гэм буруугаас болсон эсэхэд шүүх дүгнэлт хийлгүй, орхигдуулсанд гомдолтой байна. Иймд үндсэн нэхэмжлэлээс хариуцагчаас 1,689,459 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2. Шүүхээс сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахаас татгалзахдаа хэрэгт авагдсан хариуцагчийн гаргасан баримтыг үнэлээгүй, дутуу үнэлсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагч сөрөг нэхэмжлэлээ нотлохоор Голомт банк, Хаан банк дахь дансны хуулгыг гаргаж өгсөн нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага нотлогддог. Гэтэл шүүх эдгээр дансны хуулгыг үнэлээгүй нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч баримтаар бүрэн нотолсон байхад шүүх тэдгээрийг дутуу үнэлж, орхигдуулсан ба үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой. Иймд дээр дурдсан үндэслэлээр сөрөг нэхэмжлэлээс 1,354,960 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг өөрчилж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

Мөн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн аль алинд хамааралтай хэсгийг шүүх буруу дүгнэсэн. Маргааны зүйл болсон тээврийн хэрэгсэл нь Төрийн банкны өмч бөгөөд энэ нь хэрэгт байгаа баримтаар илэрхий нотлогддог ба хариуцагч хожим олж мэдсэн. Шүүхийн дээрх тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэх эсэх нь нэхэмжлэгчийн хүсэл зориг гэж тайлбарласан нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ гэж заасантай зөрчилдсөнийг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзэхийг хүсье.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

8. Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч тайлбар гаргаагүй болно.

9. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдохгүй, гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг оролцуулан шүүх хурлыг зохих журмын дагуу явуулж нотлох баримтыг шинжлэн судлуулсан. Нэхэмжлэгч гэрч асуулгах хүсэлтийг гаргаж байгаагүй. Мөн гэрээнд тусгасан хоцролтын төлбөрийг тооцож шийдвэрлээгүй гэдэг нь тэдгээрийн хооронд нэг өдрийн хугацаатай эд хөрөнгө хөлслөх, 120,000 төгрөгийн үнийн дүнтэй хэлцэл байгуулагдаж гар бичмэл үйлдсэн. Анхан шатны шүүх тухайн гар бичмэлийг хууль бус гэж дүгнэж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Бусад үндэслэлийн талаар анхан шатны шүүх хуралдааны явцад мэтгэлцсэн тул шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зохигчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч А.Ж- нь хариуцагч О.Б-т холбогдуулан эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 2,664,459 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, үндэслэлгүй шилжүүлсэн 2,915,000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гар бичмэлийн агуулгад, хариуцагч О.Б- нь 00-00УБҮ улсын дугаартай, Сонота-7 (Sonota-7) маркийн автомашиныг 2022 оны 02 сарын 14-ний өдрөөс 1 хоногийн хугацаанд 120,000 төгрөгийн хөлс төлж, барьцаанд 200,000 төгрөг өгч хөлслөхөөр нэхэмжлэгч А.Ж-тай тохиролцжээ. Мөн хариуцагч уг автомашиныг өөрийн эзэмшилд байлгах хугацаандаа хууль, дүрмийг сахин биелүүлж, бусдын амь нас, эрүүл мэнд болон автомашины бүрэн бүтэн байдал, эвдрэл гэмтлийг хариуцахаар, хугацаа хэтэрвэл цагийн 20,000 төгрөгөөр тооцоо хийх, эвдрэл гэмтэл гарсан үед засагдах хүртэл хөлсөлсөнд тооцохоор талууд харилцан тохиролцсон байна. /1хх 41/

4. Дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт нийцсэн буюу нэхэмжлэгч автомашинаа хариуцагчийн эзэмшилд шилжүүлж, хариуцагч автомашиныг тодорхой хугацаанд ашиглаж, хөлс төлөхөөр тохиролцсон талуудын хүсэл зоригийг хүчин төгөлдөр гэж үзэх тул анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж эрх зүйн харилцааг зөв дүгнэжээ.

5. Хариуцагч автомашиныг эзэмшилдээ байлгах хугацаандаа зам тээврийн осол гаргаж, автомашинд 1,920,000 төгрөгийн хохирол учруулсан нь Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 02 сарын 15-ны өдрийн 810 тоот тэмдэглэл, 2022 оны 02 сарын 17-ны өдрийн 332848 дугаартай Шийтгэлийн хуудас, К- ХХК-ийн 2022 оны 02 сарын 18-ны өдрийн 29454 тоот үнэлгээний тайлангаар тус тус тогтоогдсон байна.

6. Хариуцагч О.Б- нь 00-00УБҮ улсын дугаартай, Сонота-7 маркийн автомашинд учирсан эвдрэл, гэмтлийг П- ХХК-аас тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрт 1,536,000 төгрөг хүлээн авч, 1,429,000 төгрөгөөр засуулж, нэхэмжлэгч А.Ж-д 2022 оны 03 сарын 22-ны өдөр хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар зохигч маргаагүй.

6.1. Нэхэмжлэгч нь тус автомашины эвдрэл, гэмтлийг хариуцагч бүрэн засварлаагүй, нэхэмжлэгч өөрөө зохих засварыг хийлгэсэн гэж 484,459 төгрөг, мөн 5 хоногийн түрээсийн төлбөрийн үлдэгдэл 480,000 төгрөг, хариуцагчийн даатгалаас авсан 1,700,000 төгрөг, нийт 2,664,459 төгрөг гаргуулахаар шаардлага гаргажээ.

6.2. Хэргийн баримтууд болон зохигчийн тайлбараар нэхэмжлэгч тус автомашинд автогазыг 56,939 төгрөгөөр, хөдөлгүүрийн тос 112,520 төгрөгөөр, шатахуун 30,000 төгрөгөөр, шинээр авсан дугуйны үнэ 120,000 төгрөг, ачилтын компаниар 2 удаа тээвэрлүүлсний хөлс 140,000 төгрөг, нийт 459,459 төгрөгийн зардал гаргасан нь нотлогдож байна. Уг зардлыг нэхэмжлэгч Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3-т зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй, хариуцагч хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. /1хх 31-40/

Мөн хариуцагч нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай үйлдлийн улмаас гэрээнд заасан хугацаанд автомашиныг нэхэмжлэгчид буцааж өгөөгүй тул автомашиныг ашигласан эсэхээс үл хамааран өөрийн эзэмшилд байлгасан хугацааны хөлс 480,000 төгрөгийг мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5, 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт зааснаар төлөх үүрэгтэй.

6.3. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа, автомашины эвдрэлийн үнэлгээ болон даатгалын нөхөн төлбөрийн зөрүү 384,000 төгрөг, мөн засварын зөрүү 491,000 төгрөг, шинэ копудны үнэ 500,000 төгрөг, журмын хашааны мөнгө 140,000 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулна гэж тайлбарласан байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх болон өөрчлөөгүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлээгүй алдааг давж заалдах шатны шүүх залруулж шийдвэрлэх боломжтой.

6.4. Нэхэмжлэгч даатгалын нөхөн төлбөрт хариуцагчийн авсан гэх 1,700,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн үндэслэл нь тодорхойгүй, хариуцагч дурдсан хэмжээний мөнгийг даатгалаас нөхөн төлбөрт аваагүй байна. Мөн нэхэмжлэгч автомашиныг угаалгасны хөлс 25,000 төгрөгийг хариуцагчаас шаардсан нь хариуцагчийн гэм буруу, хариуцвал зохих үүрэгт тооцогдохгүй тул нэхэмжлэгчийн (1,700,000+25,000) 1,725,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов. /1хх 1, 33/

6.5. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагчийн барьцаанд төлсөн 200,000 төгрөгийг түүний төлөх хөлснөөс хасч тооцоогүй байх тул энэ тухай хариуцагчийн гомдлыг хангаж, нэхэмжлэл хангагдсан 939,459 төгрөгөөс барьцаа 200,000 төгрөгийг хасч, хариуцагч О.Б-оос 739,459 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Ж-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,925,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

7. Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс 1,560,040 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ зохигчийн хооронд байгуулсан 2022 оны 02 сарын 14-ний өдрийн хэлцэлд ...цаг хэтэрвэл нэг цагийн 20,000 төгрөгөөр тооцоо хийнэ гэж тохирсныг талууд цагийг хэрхэн тооцох нь тодорхойгүй гэж дүгнэн уг хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

7.1. Талууд хэлцлийн агуулгыг өөрсдөө тодорхойлж, хэлцлээр хүлээх эрх, үүргээ тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмыг зөрчөөгүй байх тул хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй. Хариуцагч хэлцлээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас автомашинд гэмтэл үүсч, хохирлыг арилгахтай холбоотойгоор автомашиныг өөрийн мэдэлд байлгасан нь түүнийг ашиглаагүй боловч хөлс төлөхөөс чөлөөлөхгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт заасны дагуу хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр хохирлоо шаардах эрхтэй.

7.2. Хэргийн баримтаар хариуцагч 2,915,000 төгрөг бус 1,810,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т зааснаар хөлс төлсөн гэж үзэх тул хариуцагч уг хөлсийг буцаан шаардах эрхгүй. Энэ талаархи нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд холбогдох гомдлыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

8. Дээр дурдсан үндэслэлээр зохигчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 10-ны өдрийн 101/ШШ2023/00853 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний 287 дугаар зүйлийн 287.1, 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Б-оос 739,459 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Ж-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,925,000 төгрөгийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөлт оруулж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 57,581 төгрөг, хариуцагчийн төлсөн 62,690 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 22,297 төгрөгийг хариуцагч О.Б-оос гаргуулж нэхэмжлэгч А.Ж-д олгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 55,510 төгрөг, хариуцагчийн 63,661 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Э.ЭНЭБИШ