Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 32

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн,

улсын яллагч Д.Пүрэвдагва

шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Хд холбогдох эрүүгийн 1805051351084 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.Х 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах Good Luck бааранд Д.Мын итгэмжлэн хариуцуулсан 2.090.000 төгрөгийн үнэтэй I Phone X маркийн гар утсыг завшин “Бат-Ундарга” ломбарданд 400.000 төгрөгийн барьцаанд тавьж, хохирогч Д.Мад 2.090.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.  
 

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Д.М мөрдөн байцаалтанд ”Би 2018 оны 9 дүгээр сарын 17-нд Баянгол дүүргийн 8 дугаар хороо Good Luck  пабад урьд нь Солонгос улсад хамт нэг байранд  амьдардаг байсан найз Хтай хамт тус бүр 4 шил пиво уугаад хоол идсэн. Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор нилээн согтоод өөрийнхөө гар утсаа алдчихвий гээд I Phone X маркийн гар утсаа хамт явж байсан Х найздаа хадгалж байгаарай би алдчихаж магадгүй гээд өгсөн. Тэгээд пабаасаа гараад хойшоо зам гараад нэг  караокед сууж дуулж байгаад харьсан. Тэгээд маргааш нөгөөдрөөс нь би өөрийн фэйсбүүк хаягнаасаа Хгийн фэйсбүүк хаягаар нь чат бичээд гэрийнх нь гадаа уулзсан. Тэгсэн чинь Х тухайн өдөр харьж байхдаа 2 хүнд зодуулаад өөрийнхөө болон чиний гар утсыг нь алдчихсан гэж хэлсэн ба тухайн үед би Дархан явах ажилтай байсан болохоор цагдаад мэдэгдээгүй явсан. 2-3 хоногийн дараа миний бичиж үлдээсэн дугаар руу нэг ломбарднаас залгаад чиний гар утсыг ломбарданд тавьсан найз чинь мөнгө нэмж авна гээд байна гэж хэлсэн. Тэгээд уг ломбарданд очоод бичлэгийг нь шүүж үзэхэд Х өөр хүний бичиг баримтаар барьцаанд тавьсан байсан” /хх-ийн 8/ гэсэн мэдүүлэг,

Гар утасны үнэлгээ /хх-ийн 22/

 

Гэрч Э.Элбэрэл мөрдөн байцаалтанд: 2018 оны 9 дүгээр сарын сүүлээр машинаараа таксинд явж байсан чинь 14 цагийн үед Баянзүрх дүүргийн Бөхийн өргөөгийн тэндээс 23-24 насны хоёр залуу гараа өргөөд зогсож байхаар нь авсан. Явсаар байгаад Сансарын тунелийн тэнд зогсоод гар утсаа ломбарданд тавих гэсэн юм бид нарт бичиг баримт байдаггүй чи өөрийнхөө бичиг баримтаар тавиад өгөөч мөнгөгүй болчихоод байна гээд гуйгаад байхаар нь би өөрийнхөө жолооны үнэмлэхээр нэг ломбарданд ороод гар утсыг нь 400.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тэгээд тэд нар мөнгөө аваад Бөхийн өргөөний  автобусны буудал дээр буугаад тооцоонд 15000 төгрөг төлчихөөд замын урд баар руу яваад орох шиг болсон. /хх-ийн 14/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрчээр З.Жавхланбаатар мөрдөн байцаалтад: 2018 оны 9 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө уулзаад Х мөнгөний хэрэг гарчихаад байна утсаа ломбаранд тавих гэсэн юм хамт явъя гээд бид гурав такси бариад хамт явсаар Сансарын тунелийн тэр хавьд очсон. Х таксины жолоочтой хамт буусан. ...Тэгсэн Х  утсаа тавьчихлаа гэж байсан тэгээд бид гурав хамт пабад сууж шар айраг ууж байгаад гэр рүүгээ харьсан. /хх-ийн 15/ гэсэн мэдүүлэг,

 

Сэжигтнээр Б.Х мөрдөн байцаалтанд: 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 18 цагийн үед Баянбүрдийн Нисдэг машин төвийн замын эсрэг талд байрлах Good Luck  пабад тус бүр 3 шил пиво уусан. М өөрийн дүүгээ дуудаад бид нар 3,4 дүгээр хорооллын ахуй үйлчилгээний тэнд хүргүүлсэн. Буусан газраасаа зам урагшаа гараад нэг караокед тус бүр 1 шил пиво уусан. М тэр караокед нэлээн согтчихсон байхад өөрийн Ай фонь гар утсыг надад хадгалуулсан. Тэндээсээ гараад Good Luck  төвд ороод Мын 4 найзтай нь тус бүр 3 шил пиво уусан. М надтай уулзахдаа өмнө нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн халамцуу ирсэн. Тэр пабаас гараад замаар хойшоо гараад Өргөө кино театрын баруун талд байдаг Irish пабын хажуугийн караокед 1 цаг суугаад тус бүр 1 шил пиво уусан. Тэгээд би цаашаа юу болсныг сайн санахгүй байгаа ба нэг мэдсэн чинь 00 цаг өнгөрч байхад хорооллын эцсийн автобусны буудал дээр ганцаараа зогсож байсан. Тэгээд хүний утсыг гуйж байгаад найз Жавхланбаатар, Мягмардорж нартай утсаар яриад дуудсан. Би хоёр найзтайгаа уулзаад Мын өгсөн  утсыг ломбарданд тавих гээд 2 найзтайгаа такси бариад ломбард хайсан. Тэгээд нэг ломбарданд таксины жолоочийг гуйж байгаад бичиг баримтаар нь 400.000 төгрөгөнд барьцаанд тавьсан. Тэр мөнгөөрөө Бөхийн өргөөгийн тэр хавиас идэж уух юм аваад  найзуудтай идэж ууж дуусгасан. 2 хоногийн дараа М гэрийн гадна уулзаад утсаа авъя гэхээр нь тэр орой би харих гэж явж байгаад танихгүй 2 хүнд чиний утсыг дээрэмдүүлээд зодуулсан гэж хэлсэн. /хх-ийн 25/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Б.Хн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26/, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 411 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 31/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:      

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Д.М нь өөрийн танил Б.Хтай Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах Good Luck бааранд хамт пиво ууж, өөрийнхөө эзэмшлийн I Phone X маркын гар утсыг хаяж, гээгдүүлэхээс сэрэмжилж Б.Хд хадгалуулж үлдээснийг Б.Х нь Д.Мад мэдэгдэлгүйгээр өөрийн үйлчлүүлж байсан таксины жолоочийн бичиг баримтаар “Бат-Ундарга” ломбарданд 400.000 төгрөгийн барьцаанд тавьсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 

Энэ байдал нь хохирогч Д.Мын”...миний бичиж үлдээсэн дугаар руу нэг ломбарднаас залгаад чиний гар утсыг ломбардан тавьсан найз чинь мөнгө нэмж авна гээд байна гэж хэлсэн...” /хх-ийн 8/, гэрч Э.Элбэрэлийн”...би өөрийнхөө жолооны үнэмлэхээр нэг ломбарданд ороод гар утсыг нь 400.000 төгрөгөөр барьцаанд тавьсан...” /хх-ийн 14/, гэрч З.Жавхланбаатарын”...Х  утсаа тавьчихлаа гэж байсан тэгээд бид гурав хамт пабад сууж шар айраг ууж байгаад гэр рүүгээ харьсан...”/хх-ийн 15/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон Бат-Ундрага ломбардны баримт /хх-ийн 41/, хохиролын 400.000 төгрөгийн баримт төлсөн баримт /хх-ийн 50/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Эдгээр нотлох баримтуудаар өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй шүүгдэгч Б.Хн мөрдөн байцаалтанд өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”... Тэгээд нэг ломбарданд таксины жолоочийг гуйж байгаад бичиг баримтаар нь 400.000 төгрөгөнд барьцаанд тавьсан...” /хх-ийн 25/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдож байх тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.

 

Иймд хяналтын прокуророос Б.Хд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Б.Хг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Улсын яллагчаас Б.Хг “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрч байна.

 

Хохирол төлбөрийн тухайд хохирогч Д.М мөрдөн байцаалтанд”...хохирлоо барагдуулсан одоо гомдол саналгүй” гэж мэдүүлснийг үндэслэн  Б.Хг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй гэж үзнэ.

 

Хяналтын прокурор яллах дүгнэлтдээ гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг буюу 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийг  7-ны өдөр гэж техникийн шинжтэй ташаа бичсэнийг 17-ны өдөр гэж  зөвтгөснийг тэмдэглэж байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн эрхийг завших” гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон Б.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

 

Шүүгдэгч Б.Хг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо  нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...3 жил хүртэл тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж  шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Хг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод нийцүүлэн Шүүх, шүүгдэгч Б.Хд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нэмж хэрэглэх нь зүйтэй.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

1.     Шүүгдэгч Оршихуй овогт Байгалийн Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн эрхийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг баримтлан шүүгдэгч Б.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсугай.

 

3. Б.Хд тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан  зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

      

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Б.Хд анхааруулж мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Б.Хд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш тогтоолыг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                  

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ДАЙРИЙЖАВ