| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/1688/Э |
| Дугаар | 21 |
| Огноо | 2018-12-24 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Уранцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
Улсын яллагч Б.Уранцэцэг,
Хохирогч Т.Болдбаатар, түүний өмгөөлөгч М.Төмөрцэцэг /ҮД:1301/
Шүүгдэгч Э.З, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг /ҮД:1585/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Зт холбогдох 1806 01787 1303 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймагт 1987 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хангай” зах дээр мод боловсруулдаг ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Мон-Лаагийн 1 дүгээр гудамжны 2 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 299 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 4 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан, бие эрүүл, ухаан саруул гэх Е овогт Э З /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Э.З нь 2018 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 75 дугаар байрны 90 тоотод оршин суух иргэн Т.Болдбаатарын гэрээс монетон бөгж, гинжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хуул бусаар хулгайлж 2,835,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Зын өгсөн: “...Тухайн өдөр оройн 11 цагийн орчимд Т.Болдбаатар 10 дугаар хорооллын 12 дугаар байр буюу манай байрны гадаа согтуу байдалтай дуудлагын жолоочийн хамт машинтайгаа ирсэн. Бид гэр рүү нь “Жулиа” гэх дэлгүүрээс нэг шил архи аваад орсон. Энхэр Баасанжаргал нь унтаагүй байсан. Бид гурав нэг шил архиа хувааж уугаад юм яриад суусан. Т.Болдбаатар цаад талын жижиг өрөө рүүгээ ороод ямар нэгэн шалтгаангүйгээр эхнэр рүүгээ төмөр асаагуур авч шидээд эхнэрээ зодсон. Би гайхаад “яасан хөгшөөн, чи эхнэрээ надтай хардаж сэрдээд байгаа юм уу” гэж асуусан. Гэтэл надтай дуугарахгүй эхнэрээ зодоод байхаар нь би гэрт нь ороод сууж байсан чигээрэй сууж байгаад гарсан. Т.Болдбаатарыг эхнэртэйгээ зодолдож байхад нь би хажуугаар нь зөрөөд гарсан. Энэ хоёр намайг гарахыг харж байсан. би гэрээс нь гараад такси бариад гэрийнхээ гадаа ирэхэд Т.Болдбаатарын эхнэр нь залгаад “чи цагдаа дуудчихсан юмуу, хоёр цагдаа ирээд цаадахыг чинь аваад явчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “үгүй” гэж хэлсэн. Удалгүй дахин залгаад “гинж, бөгж нь олдохгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “гэрээсээ сайн хай” гэж хэлсэн. Ийм асуудал болсон. Түүнээс биш би айлаас ямар нэгэн зүйл аваагүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Болдбаатарын өгсөн: “...2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Хүрлээ гэх хуурай ах дээрээ очиж золгоод бага зэрэг уусан байсан. Өдөр нь Э.З залгаад “уулзаад ганц юм ууя” гэж хэлсэн. Би “зав муутай байна орой болъё” гэж хэлсэн. Хүрлээ ахын гэр 21 дүгээр хороололд байдаг. Харин Э.Зын гэр 10 дугаар хороололд байдаг. Би уусан байсан учир дуудлагын жолооч дуудаад машинаа бариулаад 13 дугаар хороолол явж байхдаа Э.З руу залгаад “замынхаа урд гараад ир, тэгээд манай гэр рүү явъя” гэж хэлсэн. Тэгээд бид уулзаад манай гэрт очиж 0.75 литрийн хэмжээтэй архи хувааж уусан. Би урьд уусан байсан учир нэлээн согтсон, Э.З уугаагүй байсан учир согтоогүй. Эхнэр уугаагүй нэг татсан. Эхнэр бид 2 гэр бүлийн асуудлаас болж маргалдсан. Надад төмөр асаагуур байдаггүй. Биднийг маргах үед Э.З гараад явсан. Удалгүй гинж, бөгж хоёрыг байхгүй гэдгийг мэдсэн. Хөөрөг манай ахынх байсан. Э.З надад гинж байдаг гэдгийг мэддэг. Бөгжний хувьд тухайн орой Э.Зт “ийм бөгж авсан, 10 граммтай, дээрээ шүртэй” гэж хэлээд үзүүлсэн. Э.З “гоё бөгж байна” гэж байсан. Гэтэл одоо бөгж хараагүй гэх асуудал ярьж байна. Монгол монетын ханшаар 63 грамм гарсан. Би 10 граммын бөгжөө 2017 оны сүүлээр авч байсан. Тэр жил заслаа хийлгэхэд намайг шар өнгийн эд зүйл авч болохгүй гэсэн учир бөгж авчихаад ээждээ хадгалуулсан байсан. Тухайн үед 38 рублиэр авч байсан. Эд зүйлийн үнэлгээгээр гарсан үнэлгээг хүлээн зөвшөөрч байнаа. Миний зүгээс 2.910.000 төгрөг нэхэмжилж байна. Энэ хэрэг шийдэгдэхийг хүлээж маш их удсан. Миний хувьд гомдолтой байна...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Болдбаатарын өгсөн: “... 22 цаг өнгөрч байхад З бид хоёр уулзаж шууд манай гэрт буюу Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 75-90 тоотод ирсэн бөгөөд манай гэрт З бид хоёр 0,75 литрийн хэмжээтэй 1 шил архи хувааж ууж байгаад би архиа ууж дуусгалгүй жижиг өрөөнд орж эхнэр хүүхдийн хамт унтахаар хэвтсэн. Харин З том өрөөнд ганцаараа үлдсэн архи уугаад сууж байсан ба би 30 орчим минутын дараа ундаа уух гэж босоход З том өрөөнд байхгүй, манай гэрээс гарч явсан байсан бөгөөд мөн ширээн дээр байсан миний монетон гинж болон бөгж алга болсон байхаар нь би Зын утас руу залгаж чи миний гинж, бөгжийг авсан байна, одоо аваад ир гэж хэлэхэд би чиний бөгж, гинжийг аваагүй би гэртээ ирсэн байна гэж хэлсэн. Маргаашнаас нь З нь гар утсаа салгаад надаас зугтах болсон... монетон бөгж нь 10 граммын хэмжээтэй, дээрээ шүр шигтгээтэй бөгөөд 2017 оны 10 дугаар сард манай ээж ОХУ-аас 2,300,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Харин монетон гинж нь 35 граммын хэмжээтэй, 55 сантиметрын урттай бөгөөд би 2015 онд ОХУ-аас 7 сая орчим төгрөгөнд авч байсан... би Зын хамт гэртээ ирсэний дараагаар найз нь ийм монетон бөгжтэй болсон гээд үзүүлж байсан ба ингээд Зтай хамт сууж байсан. Өөрийнхөө ширээн дээр тавьсан... би одоо үнэлгээг хүлээн зөвшөөрч байна... миний бөгж, гинжийг Хүрлээ ах харсан. Би цагаан сараар гинж бөгж алдагдсан өдрийн өдөр нь Хүрлээ ахын гэрт очиж золгож байсан. Хүрлээ ахын гэрт байхад З над руу залгаад уулзах уу хөгшөөн гэж хэлж байсан. Тэгээд орой нь Зтай уулзаад миний гинж бөгж хулгайд алдагдсан...” гэх мэдүүлэг /хх.9-10, 104-105/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Баасанжаргалын өгсөн: “... З Болдбаатар хоёр юм яриад сууж байсан ба жижиг ширээн дээр бөгж, гинж, хөөрөг 3-г гаргаад тавьсан байсан ба З сонирхоод бөгжийг авч хараад байсан. Би Зыг хараад авч үзээд байхаар нь Зыг харж байхад нь аваад том өрөөний шилэн сирвантанд хийсэн. Би жижиг өрөөндөө ороод охиныхоо хажууд очоод унтаж байгаад 1 цаг орчимын дараа Болдбаатар орж ирэхгүй байхаар нь би том өрөөнд ороод одоо унтаж амар Зыг явуул гэхэд Болдбаатар намайг дагуулан жижиг өрөөнд ороод бид хоёр маргалдсан. Том өрөөнд З ганцаараа үлдсэн ба охин унтаж байсан. Бид хоёр маргалдаж дуусахад Зыг гарч байхыг нь би жижиг өрөөний хаалгаар харж байсан ба яарсан шинжтэй хувцсаа өмсөөд гарсан. Зыг гарсаны дараа үүдэнд очиход үүдний хаалга нээлттэй байсан ба Зыг гарсанаас хойш ямар ч хүн орж гараагүй... 01 цаг 20 минутын үед гинж, бөгж хоёр байхгүй болсоныг мэдээд З руу залгахад та хоёр андуурсан байлгүй дээ гэрээсээ сайн хай гэж хэлсэн. Дахиад 02 цагийн үед З руу залгахад би наадахыг чинь туух байсан бол аль дээр авчих байсан юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.11-13, 57/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Хүрэлбаатарын өгсөн: “... шинийн хоёрны өдөр манайд ирж золгосон. Энэ хед 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр байсан. Ойролцоогоор 21 цагийн үед манайд ганцаараа ирж надтай золгоод нэг их удаан суугаагүй цаг орчим суугаад гарсан... манайд ирж золгохдоо надад харуулж байсан хоёр талдаа зурагтай нилээн том шаргал өнгийн монетон бөгж байсан, нилээн өргөн монетон гинж бас зүүсэн байсан. Би болоо шүү дээ, өөртөө юм авч байх хэрэгтэй гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.97-98/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Оюунгэрэлийн өгсөн: “... Г.Болдбаатар ээжтэйгээ ОХУ-руу наймаанд явдаг юм. Өөрөө ОХУ-аас авсан гинж, бөгж хоёр байдаг. Гинж нь нилээн дээр авсан, удаж байгаа гинж байх, харин бөгж нь сүүлд нэмж шинээр авсан байсан. Г.Болдбаатар байнга зүүж явдаг. Өнгөрсөн шинийн нэгний өдөр би ээжийнх нь гэрт очиж золгоход Г.Болдбаатар тэнд байсан гинж бөгж хоёроо зүүсэн байдалтай байсан. Манай ах их сонирхож хараад ямар аятайхан бөгжтэй болчихсон юм гээд тэд нар хоорондоо ярьж байсан тэгээд би сайн мэдэж байна...” гэх мэдүүлэг /хх.99-100/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч С.Гантуулын өгсөн: “... тухайн үнэлгээг хэрэг болсон гэх он цагаар тухайн үеийн зах зээлийн ханшаар гаргасан. Монетны хувьд граммын үнээр тооцож үнэлгээг гаргадаг... граммын хэмжээ тогтоол дээр тусгагдсан учир түүгээр, Монгол дахь хэрэг гарсан гэх үеийн зах зээлийн ханшаар үнэлгээг гаргасан.1 грамм нь 63,000 төгрөг байсан байна...” гэх мэдүүлэг /хх.110-112/,
“Дамно” ХХК-ний үнэлгээ хийсэн тухай баримт /хх.23-25/,
Шийтгэх тогтоолын хуулбар /хх.28/,
Шинээр гаргаж өгсөн 2 ширхэг гэрэл зураг зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Э.З нь 2018 оны 2 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 75 дугаар байрны 90 тоотод оршин суух иргэн Т.Болдбаатарын гэрээс монетон бөгж, гинжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хуул бусаар хулгайлж, 2,835,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Болдбаатарын өгсөн: “... З том өрөөнд байхгүй, манай гэрээс гарч явсан байсан бөгөөд мөн ширээн дээр байсан миний монетон гинж болон бөгж алга болсон...” гэх мэдүүлэг /хх.9-10, 104-105/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Баасанжаргалын өгсөн: “... З Болдбаатар хоёр юм яриад сууж байсан ба жижиг ширээн дээр бөгж, гинж, хөөрөг 3-г гаргаад тавьсан байсан ба З сонирхоод бөгжийг авч хараад байсан. Би Зыг хараад авч үзээд байхаар нь Зыг харж байхад нь аваад том өрөөний шилэн сирвантанд хийсэн... Бид хоёр маргалдаж дуусахад Зыг гарч байхыг нь би жижиг өрөөний хаалгаар харж байсан ба яарсан шинжтэй хувцсаа өмсөөд гарсан. Зыг гарсаны дараа үүдэнд очиход үүдний хаалга нээлттэй байсан ба Зыг гарсанаас хойш ямар ч хүн орж гараагүй... 01 цаг 20 минутын үед гинж, бөгж хоёр байхгүй болсоныг мэдээд...” гэх мэдүүлэг /хх.11-13/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Хүрэлбаатарын өгсөн: “... шинийн хоёрны өдөр манайд ирж золгосон. Энэ хед 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр байсан. Ойролцоогоор 21 цагийн үед манайд ганцаараа ирж надтай золгоод нэг их удаан суугаагүй цаг орчим суугаад гарсан... манайд ирж золгохдоо надад харуулж байсан хоёр талдаа зурагтай нилээн том шаргал өнгийн монетон бөгж байсан, нилээн өргөн монетон гинж бас зүүсэн байсан...” гэх мэдүүлэг /хх.97-98/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Оюунгэрэлийн өгсөн: “... Г.Болдбаатар ээжтэйгээ ОХУ-руу наймаанд явдаг юм. Өөрөө ОХУ-аас авсан гинж, бөгж хоёр байдаг. Гинж нь нилээн дээр авсан, удаж байгаа гинж байх, харин бөгж нь сүүлд нэмж шинээр авсан байсан. Г.Болдбаатар байнга зүүж явдаг. Өнгөрсөн шинийн нэгний өдөр би ээжийнх нь гэрт очиж золгоход Г.Болдбаатар тэнд байсан гинж бөгж хоёроо зүүсэн байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх.99-100/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч С.Гантуулын өгсөн: “... тухайн үнэлгээг хэрэг болсон гэх он цагаар тухайн үеийн зах зээлийн ханшаар гаргасан. Монетны хувьд граммын үнээр тооцож үнэлгээг гаргадаг... граммын хэмжээ тогтоол дээр тусгагдсан учир түүгээр, Монгол дахь хэрэг гарсан гэх үеийн зах зээлийн ханшаар үнэлгээг гаргасан.1 грамм нь 63,000 төгрөг байсан байна...” гэх мэдүүлэг /хх.110-112/,
“Дамно” ХХК-ний үнэлгээ хийсэн тухай баримт /хх.24-25/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Болдбаатарын өгсөн: “...2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Хүрлээ гэх хуурай ах дээрээ очиж золгоод бага зэрэг уусан байсан. Өдөр нь Э.З залгаад “уулзаад ганц юм ууя” гэж хэлсэн. Би “зав муутай байна орой болъё” гэж хэлсэн. Хүрлээ ахын гэр 21 дүгээр хороололд байдаг. Харин Э.Зын гэр 10 дугаар хороололд байдаг. Би уусан байсан учир дуудлагын жолооч дуудаад машинаа бариулаад 13 дугаар хороолол явж байхдаа Э.З руу залгаад “замынхаа урд гараад ир, тэгээд манай гэр рүү явъя” гэж хэлсэн. Тэгээд бид уулзаад манай гэрт очиж 0.75 литрийн хэмжээтэй архи хувааж уусан. Би урьд уусан байсан учир нэлээн согтсон, Э.З уугаагүй байсан учир согтоогүй. Эхнэр уугаагүй нэг татсан. Эхнэр бид 2 гэр бүлийн асуудлаас болж маргалдсан. Надад төмөр асаагуур байдаггүй. Биднийг маргах үед Э.З гараад явсан. Удалгүй гинж, бөгж хоёрыг байхгүй гэдгийг мэдсэн. Хөөрөг манай ахынх байсан. Э.З надад гинж байдаг гэдгийг мэддэг. Бөгжний хувьд тухайн орой Э.Зт “ийм бөгж авсан, 10 граммтай, дээрээ шүртэй” гэж хэлээд үзүүлсэн. Э.З “гоё бөгж байна” гэж байсан. Гэтэл одоо бөгж хараагүй гэх асуудал ярьж байна. Монгол монетын ханшаар 63 грамм гарсан. Би 10 граммын бөгжөө 2017 оны сүүлээр авч байсан. Тэр жил заслаа хийлгэхэд намайг шар өнгийн эд зүйл авч болохгүй гэсэн учир бөгж авчихаад ээждээ хадгалуулсан байсан. Тухайн үед 38 рублиэр авч байсан. Эд зүйлийн үнэлгээгээр гарсан үнэлгээг хүлээн зөвшөөрч байнаа. Миний зүгээс 2.910.000 төгрөг нэхэмжилж байна. Энэ хэрэг шийдэгдэхийг хүлээж маш их удсан. Миний хувьд гомдолтой байна...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Э.Зын гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай тогтоогдоогүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүссэн шүүгдэгчийн мэдүүлэг болон түүний өмгөөлөгчийн тайлбар дүгнэлт нь дээрх нотлох баримтуудаар тус тус няцаагдан үгүйсгэгдэнэ.
Шүүгдэгч Э.Зын үйлдсэн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Зыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
Хохирогч Т.Болдбаатарын нэхэмжилсэн эд хөрөнгийн хохирол 2,835,000 төгрөг, үнэлгээний төлбөр 80,000 төгрөг, нийт 2,915,000 төгрөгийг шүүгдэгч Э.Заас гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Э.Зыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Э.Зын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Э.Зт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй бөгөөд түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.
Энэ хэрэгт Э.З урьд нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Е овогт Э Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Зт 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Э.Зт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт Э.З нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Заас 2,915,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Болдбаатарт олгосугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Зт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР