Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/00824

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/00824

 

П.Л-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 09-ний өдрийн 101/ШШ2023/00849 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч П.Л-гийн

Хариуцагч Б.С-т холбогдуулан гаргасан

Гэм хорын хохиролд 31,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би 2020 оны 07 сард бусдаас 2014 онд үйлдвэрлэсэн 00-00 УБМ улсын дугаартай, Тоёота харриер маркийн автомашин худалдан авч автомашинаа өөрийн төрсөн эгчийн охин Б.Э-ын нэр дээр бүртгүүлж, гэр бүлийн хэрэгцээнд хэрэглэж байсан. Гэтэл 2021 оны 06 сарын 06-ны өдөр байрны гадаа зогсоолд байрлуулсан байхад манай байрны хүн хогийн цэг шатаж байна, автомашинаа холдуулаарай" гэхэд нь нөхрийн хамт гарч автомашинаа холдуулах гэсэн ч шатаад эхэлсэн холдуулах боломжгүй байсан. Ингээд Онцгой байдал дуудаж галыг унтраасан. Автомашиныг ашиглах ямар ч боломжгүй болтлоо шатсан. Хэргийн газарт Цагдаагийн байгууллага ирж үзлэг хийж, байрны гадна камерын бичлэгийг шалгаж үзэхэд 2 залуу машины хажуу талд тамхи татаж байгаад тамхиа хажуу талын хогийн цэгрүү хаяж, улмаар тэр 2 хүүхдийг тэр газраас явснаас хойш 4 минутын дараа утаа гарч хогийн цэг шатаж, түүний ойролцоо байсан манай автомашин шатсан байсан.

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2-р хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан боловч Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 11 сарын 20-ны өдрийн 1831 дугаар тогтоолоор хохирогчид их хэмжээний хохирол учирсан нь тогтоогдоогүй гэж Эрүүгийн гэмт хэргийн шинжгүй гэж хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Шатсан автомашин 49,250,000 төгрөгөөр үнэлэгдэж, гал түймрийг Б.С- нь болгоомжгүйгээр тавьсан нь тогтоогддог. Хариуцагч талын хүсэлтээр шинжээч томилоход 41,800,000 төгрөгөөр автомашины зах зээлийн үнийг тогтоосон тул уг дүнгээс шатсан автомашиныг бусдад худалдсан үнэ 10,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 31,800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Хэрэг гарсан гэх тухайн өдөр би найзынхаа хамт тухайн газар явж байсан нь үнэн. Харин татаж байсан тамхиа унтраагаад тамхины ишээ хогийн цэг рүү хаяагүй, харин наана нь асфальтан зам дээр хаяад явсан. Энэ талаар цагдаагийн байгууллага шалгаад намайг буруугүй болохыг тогтоосон. Хэрвээ буруутай байсан бол эрүүгийн хэрэг үүсгэх буюу Зөрлийн тухай хуулиар надад хариуцлага тооцох байсан. Би тамхины ишээ хогийн цэг рүү хаяж гал түймэр гаргаагүй. Тийм болохоор нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. П.Л- нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Галын дүгнэлт гараагүй гэжээ.

 

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: Хариуцагч гэм буруутай байна, үнэлгээ бодитой бус байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Б.С-аас 31,800,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Л-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 354,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 316,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүхийн шийдвэр нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн, хэргийн үйл баримтыг бүрэн үнэлээгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Нэхэмжлэгчийн өмчлөлийн гэх 00-00 УБМ улсын дугаартай Тоёота харриер маркийн тээврийн хэрэгсэл нь Б.Э-ын нэр дээр улсын бүртгэлд бүртгэлтэй болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ, autobox.mn цахим хуудас зэрэг баримтуудаар тогтоогдсон байхад шүүх П.Л-гийн өмчлөлийн автомашин болох нь П.Л-гийн тайлбар, гэрч Б.Э-ын мэдүүлэг, мөрдөн байцаалтад П.Л- хохирогчоор тогтоогдсон эдгээр нотлох баримт, үйл байдлаар тогтоогдож байна гэж үзсэн нь эргэлзээтэй. Хэрэгт улсын бүртгэлд өмчлөх эрх П.Л-гийн нэр дээр бүртгэлтэй талаарх ямар ч баримт авагдаагүй. Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг зөрчиж нэхэмжлэгчийн эрх ашгийн үүднээс нэг талыг барьж мэдүүлэг өгсөн, гэрчийн мэдүүлэг нь өөр бусад бичгийн нотлох баримтаар няцаагдаж байгаа.

5.2. 00-00 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Б.С-ын болгоомжгүй үйлдлээс шатаж бусдын эд хөрөнгөд хохирол учирсан гэх үндэслэл тогтоогдоогүй. "Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь үнэлгээ гаргахдаа 2014 онд үйлдвэрлэгдсэн. 2015 онд Монгол улсад орж ирсэн Тоёота харриер /эвдрэл, гэмтэлгүй/ автомашины зах зээлийн үнээр буюу 2021 оны 06 сарын 06-ны өдрийн байдлаар гаргасан. Нэхэмжлэгч нь эвдрэл, гэмтэлгүй тээврийн хэрэгслийн шинэ автомашины худалдаж авах үнийг хариуцагчаас нэхэмжилсэн нь учир дутагдалтай ба Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д заасныг зөрчиж хариуцагчаас эвдрэл, гэмтэлгүй тээврийн хэрэгслийн үнийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн, учирсан бодит хохирлыг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй байтал нэхэмжлэгч нь ашиглах боломжгүй гэх автомашиныг 2022 оны 01 сарын 10-ны өдөр А.Д-ад худалдсан нь нэхэмжлэгч талын тайлбар, гэрээ, autobox.mn цахим хуудсаар тогтоогдсон. Тухайн тээврийн хэрэгслийг засварлаж, замын хөдөлгөөнд оролцож байгаа нь авто үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сан autobox.mn цахим хуудас дахь нийтэд илэрхий нотлох баримтаар тогтоогдож байсан. Иймд 00-00 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь засварлах боломжтой байсан.

Мөн нэхэмжлэгч нь өөрт учирсан гэм хорын бодит хохирлыг буруутай этгээдээс нэхэмжлэх байтал эвдрэлгүй тээврийн хэрэгслийг хариуцагчаас нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч А.Д-аас уг тээврийн хэрэгсэлд зарцуулсан бодит зардлыг тодруулах хүсэлт гаргасныг хэрэгт хамааралгүй гэж үндэслэлгүйгээр шүүх хангаагүй төдийгүй иргэний хэрэгт ямар хамааралтай эсэхийг бүрэн судлалгүйгээр хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын мэтгэлцээнд үндэслэн хууль зүйн дагуу зөв шийдвэр гаргасан бөгөөд уг шийдвэрт гаргасан хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч П.Л- нь хариуцагч Б.С-т холбогдуулан гэм хорын хохиролд 39,250,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 7,450,000 төгрөгөөр багасгаж 31,800,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2021 оны 06 сарын 06-ны өдөр үйлдсэн хэргийн газрын үзлэгийн болон эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, 2021 оны 06 сарын 14-ны өдөр гэрч Ш.Т-ийн цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2021 оны 11 сарын 30-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 1831 дугаартай прокурорын тогтоол, камерийн бичлэг зэрэг баримтаар хариуцагч Б.С- нь 2021 оны 06 сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 27/1 байрны хогийн цэгийн орчимд тамхи татаж, улмаар татсан тамхиа унтраалгүй хогийн цэгт хаясны улмаас гал түймэр гарч нэхэмжлэгчийн автомашин шатсан нь тогтоогджээ. Энэ талаархи үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, гал түймэр гарсны улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсанд хариуцагчийн үйлдэл шалтгаант холбоотой гэж үндэслэл бүхий дүгнэжээ. /хх-9-16, 27, 127-131, 201-203/

 

4. Хариуцагч татгалзлын үндэслэлээ нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, Б.С-ын гэм бурууг шүүх тогтоогоогүй, галын дүгнэлт гараагүй, шинэ автомашины үнэ нэхэмжилсэн гэх агуулгаар тайлбарласан хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь өөрийн татгалзлын үндэс болж буй үйл байдлыг баримтаар нотлоогүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг үгүйсгэж чадаагүй байна.

4.1. Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2021 оны 1831 дугаар тогтоолоор хариуцагч Б.С-ын болгоомжгүй үйлдлээс бусдын эд хөрөнгөд хохирол учирсныг тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогчид их хэмжээний хохирол учирсан нь тогтоогдоогүй үндэслэлээр гэмт хэргийн шинжгүй учир хэрэг бүртгэлтийн хэргийг хаажээ. Прокурор ийнхүү шийдвэрлэсэн нь хариуцагчаар түүний болгоомжгүйгээр бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

4.2. Иймд анхан шатны шүүх хариуцагч нь болгоомжгүй үйлдлээрээ нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учруулсан болохыг тогтоож, хариуцагчийн нэхэмжлэгчид учруулсан хохирол 31,800,000 төгрөгийг түүнээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ. Шүүх хариуцагчийн гэм бурууг тогтоож, түүний бусдад учруулсан хохирлыг нь мөнгөн хэлбэрээр тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн гэм бурууг тогтоогоогүй гэх гомдол үндэслэлгүй.

4.2. Хэрэг бүртгэлтийн явцад 00-00 УБМ улсын дугаартай автомашинд учирсан хохирлын хэмжээг 49,250,000 төгрөгөөр тогтоосон, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилж, шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2022 оны 12 сарын 02-ны өдрийн дүгнэлтээр шатсан автомашины зах зээлийн үнэлгээг 41,800,000 төгрөгөөр үнэлжээ. /хх 18-20, 159-160, 164-182/

Шинжээч нь автомашины зах зээлийн үнэлгээг тогтоохдоо ...2014 онд үйлдвэрлэгдэж, 2015 онд Монгол Улсад орж ирсэн Тоёота харриер маркийн хэвийн чанар байдалтай автомашин... гэж жишиг болгон үнэлэх автомашины ерөнхий шинжийг тодорхойлж, зах зээлийн үнэлгээ тогтоосон байх тул шинэ автомашины үнээр үнэлгээ тогтоосон гэж үзэхгүй, хариуцагчийн гомдлыг хүлээн авахгүй. Мөн нэхэмжлэгч нь тус автомашиныг бусдад 10,000,000 төгрөгөөр худалдаж, уг үнийг шинжээчийн үнэлгээний дүнгээс хасаж, хариуцагчаас 31,800,000 төгрөг гаргуулахаар шаардсан нь бодит байдалд нийцжээ. /хх-28-29, 104-106, 135/

4.3. Тоёотай харриер маркийн 00-00 УБМ улсын дугаартай автомашины өмчлөгч нь нэхэмжлэгч П.Л- болох нь түүний тайлбар, гэрч Б.Э-, Н.А- нарын мэдүүлэг, прокурорын 1813 дугаартай тогтоолоор тогтоогдсон, мөн тус автомашины өмчлөлийн талаар болон автомашины үнийг хариуцагчаас шаардан авах эрхийн талаар нэхэмжлэгч П.Л-, гэрч Б.Э- нар хоорондоо маргаагүй байна. Иймд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх хариуцагчийн гомдол бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй байх тул энэ тухай гомдлыг хүлээн авах боломжгүй. /хх 28, 104-106, 157-159/

 

5. Анхан шатны шүүх хариуцагч Б.С-ын болгоомжгүй үйлдлийн улмаас нэхэмжлэгч П.Л-гийн эд хөрөнгөнд хохирол учирсан, уг хохирлыг хариуцагч хариуцах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэн, хариуцагч Б.С-аас 31,800,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Л-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасанд нийцсэн байна.

 

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас А.Д-ыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан нь хэрэгт шууд хамааралтай, нотолгооны ач холбогдолтой гэх үндэслэлгүй бөгөөд хүсэлтийг хангахаас татгалзсан шүүхийн ажиллагааг буруутгах боломжгүй. Энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй. /хх 120-121/

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 09-ний өдрийн 101/ШШ2023/00849 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Э.ЭНЭБИШ