| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2019/00007/Э |
| Дугаар | 00008 |
| Огноо | 2019-01-04 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 00008
Монгол Улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж, ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг, шүүгч Ж.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Э.Гантулга
Хохирогч Д.Тр
Иргэдийн төлөөлөгч Д.Саруул
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ад холбогдох 1832001990157 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Баянгол суманд 1993 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гар утасны засварчин мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, дүү нарын хамт амьдрах, *тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ хувиараа гар утас засварладаг байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаагийн шийтгэлтэй,
-2011 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн № 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 02 жил 08 сарын хорих ялаар шийтгүүлж мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Ганбатын А. /РД:*/
Шүүгдэгч Г.А нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар баг, Будааны энгэрийн 1-7 тоотод байрлах өөрийн гэртээ иргэн Д.Тртай маргалдан зэвсэг болох хутга хэрэглэн түүний цээжин тус газарт нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Аийн өгсөн…... 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр архи уучихсан явж байгаад Тр ахын гэрт ороход Тр ах согтуу байсан. Бид хоёр чи архи авна би архи авахгүй гэж маргалдаад би салаад гэртээ ороод аавыг ирэхээс өмнө гээд хоол хийх санаатай ногоо арилгаад байж байтал Тр ах манай гэрт орж ирээд ус уусан. Тэгээд чи мөнгөтэй мөнгөгүй, архи авна авахгүй гээд дахин хоорондоо маргалдсан. Намайг Тр пяавран сандлаар цохихоор нь би түлхэх гээд хутгатай гараараа цээж рүү нь түлхсэн. Тэгтэл Тр шалан дээр хэвтээд өгөхөөр нь сандраад байж байтал гаднаас Уб орж ирэхээр нь эмнэлэг дуудаарай гэж хэлсэн. Эмнэлэг удалгүй ирсэн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг
Хохирогч Д.Трын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн.... 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр би хөрш От ахынд орж 2 шил архи уусан. Тэгээд гэртээ очоод байж байтал А орж ирсэн. Тэгээд бид хоёр архинаас болж маргалдахад От ах салгасан. Би ам цангаад байхаар нь Аийнд орж ус уусан. Тэгээд бид хоёр дахин архинаас болж маргалдсан. Би пяавран сандлаар Аийг цохиход А урдаас түлхэх шиг болсон. Тэгтэл цээжнээс цус гараад би газарт унасан. Би ухаан алдсан байсан. А түргэн дуудсан байсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй гомдол санаогүй. Аль болох хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Гэрч Б.Убын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:.......... Би 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 17 цагийн үед гар утас засдаг Шок буюу А ахын хашаа руу нь ороод бие засах газарт нь хүндээр бие засчихаад А ахын гарт нь яваад ортол А ахын гэрт нь нил цус болчихсон Тр гэдэг ах гал тогооных нь шалан дээр доошоо харчихсан элгээрээ хэвтэж байсан юм. Харин А ах сандал дээр сууж байснаа намайг хараад ахын дүү гялс түргэн дуудаарай гэж хэлсэн. Тэгэхээр нь А ахын гэрээс гараад гудамжинд явж байсан үл таних ахын гар утас гуйж аваад Баянгол сумын эмнэлэг рүү хүн хутгалуулсан байдалтай цус алдаад байна гэж дуудлага өгсөн юм. Тэгээд эргээд А ахын гэрт яваад ороод байж байтал эмнэлгийн машин эмч ирээд Тр ахыг аваад явсан юм гэх мэдүүлэг /Хх-н 19 дүгээр хуудас/
Гэрч Д.Отын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:.........Трын гэрийн гадаа А Тр хоёр хэрэлдээд зогсож байсан юм. Тэгэхээр нь би очоод Трыг орой ажилтай байж унт гээд гэрт нь оруулаад Аийг гэр лүү нь явуулсан юм. Тэгээд би гэртээ ороод сууж байтал нэг их удалгүй гадаа тоглож байсан 9 настай манай хүү Эрдэнээ орж ирээд аав Тр ах А ахын гэр лүү нь яваад орчихлоо гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би Трын араас Аийн гэрт нь яваад ороход А Трын цээжин хэсэг рүү нь хутгалчихсан Трын цээжнээс нь цус гарч байсан юм. Харин А Трын хажууд суучихсан би хүн алчихлаа ш дээ гэж сууж байсан юм. Тэгээд би цагдаа эмнэлэг дууд гэж Ад хэлсэн чинь А утсаа аваад эмнэлэг рүү залгаад би хүн алчихлаа гэж хэлээд байх шиг байсан гэх мэдүүлэг /Хх-н 22 дугаар хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 13219 ........ Дүгнэлт:
1.Д.Трын биед өвчүүний дунд 1/3 хэсгээр цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний баруун хөндийд цус хуралдалт /200 мл/, баруун уушгиний доод дэлбэнгийн авчилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна гэх /Хх-н 29 дүгээр хуудас/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 3-7 дугаар хуудас/
Г.Аийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 40 дүгээр хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 42 дугаар хуудас/
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн хохирогч Д.Трын эмчилгээний зардлыг төлсөн баримт зэрэг болно.
Шүүгдэгч Г.А нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар баг, Будааны энгэрийн 1-7 тоотод байрлах өөрийн гэртээ иргэн Д.Тртай маргалдан зэвсэг болох хутга хэрэглэн түүний цээжин тус газарт нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Г.А нь архи авна авахгүй гэсэн хувийн таарамжгүй харьцаанаас болж хохирогч Д.Тртай маргалдан цээжин хэсэгт нь хутгаар нэг удаа хатгаж түүний биед өвчүүний дунд 1/3 хэсгээр цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний баруун хөндийд цус хуралдалт /200 мл/, баруун уушгиний доод дэлбэнгийн авчилт бүхий хүнд гэмтэл учруулсан ба уг гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Ад ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялын доод хэмжээнээс хөнгөрүүлэн хорих ял оногдуулах, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Шүүгдэгч Г.Аийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэх боломжгүй байна.
Хохирогч Д.Тр нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн ба хохирогч нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа, мөн тархины хагалгаа эмчилгээнд ороход гарсан зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд зааж өгөх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 23.5 см урттай ногоон алаг өнгийн иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.5, 3.6 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Шүүгдэгч Боржигин овогт Ганбатын Аийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар Г.Аийг 03 жил 04 сар 05 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Ад оногдуулсан 03 жил 04 сар 05 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 23.5 см урттай ногоон алаг өнгийн иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
5. Хохирогч Д.Тр нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримт бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжилж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг нь 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН
ШҮҮГЧИД Б.АЛТАНЦЭЦЭГ
Ж.ЭРДЭНЭБАТ