Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 1272

 

 “ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч            Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/04044 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ХХ” ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ХХХ” ХК-д холбогдох,

 

22 519 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч С.Энхтөрийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч ХХХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн төлөөлөгч ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус Гэрээт харуул хамгаалалтын байгууллага нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг ХХХХХ байрлах “ХХХ” ХК-ийн Чингисийн морьт хөшөөт цогцолборын хамгаалалт аюулгүй байдлыг 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн хамтран ажиллах гэрээний үндсэн дээр хариуцан ажилласан. 2014 оны 6 дугаар сард хамтран ажиллах гэрээний хугацаа дуусгавар болсон тул гэрээг дахин шинээр байгуулж хамтран ажилласан. Бидний хамтран ажиллах гэрээний 3.3 дахь заалтад хамгаалалтын үйлчилгээний төлбөрийг cap бүрийн 28-нд төлж байхаар тусгасан. Гэтэл “ХХХ” ХХК нь 2015 оны 1 сараас хойш буюу 2 - 6 дугаар саруудын хамгаалалтын үйлчилгээний төлбөрийг төлөлгүй хуримтлуулсаар нийт 17 013 000 төгрөг болсон байна. Мөн гэрээний 3.4 дэх заалтад заасны дагуу алдангийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тооцоход нийт алданги 42 004 720 төгрөг болох юм.

Иймд хамгаалалтын үйлчилгээний хуримтлагдсан төлбөр 17 013 000 төгрөг хамтран ажиллах гэрээний 3.4 дэх заалтын дагуу төлөгдөөгүй төлбөрт алданги тооцсон боловч Иргэний хуульд зааснаар алданги нь нэхэмжилэх үнийн дүнгийн 50 хувь хүртэл байна гэсний дагуу тооцон 8 506 500 төгрөг нийт 25 519 500 төгрөгийг “ХХХ” ХХК-иас гаргуулж биднийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан “ХХХ” ХХК-иас 17 013 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ХХ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 8 506 500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ХХХ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 243 015 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ХХ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх заалтын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Хариуцагч “ХХХ” ХХК нь нэхэмжлэлийн хувийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гардаж авсан. Шүүх хурлын товыг 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөр буюу хариу тайлбар гаргах 14 хоногийн хугацаа дуусах өдөр товлосон.

Хариуцагчийн зүгээс шүүхээс нотлох баримт гаргуулахаар 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр №05/02 тоотоор хүсэлт гаргасан боловч шүүх 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн №101/Ш32016/18600 тоот захирамжаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон.

2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн №05/05 тоотоор “Гадаад улсад албан томилолтоор явж байгаа тул шүүх хурлаас бусад процессыг явуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг нотлох баримтын хамт гаргаж өгсөн боловч шүүх 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн №101/Ш3206/18846 тоот захирамжаар хүсэлт хангахаас татгалзаж шүүх хурлыг явуулж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.

Дараах үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:

1. Шүүх ИХШХШТ хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр гаргасан хүсэлтийг захирамж гарган шийдвэрлэхдээ “...нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, ....татгалзаж буй талаарх тайлбараа гаргаагүй атлаа... нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг хангах боломжгүй байна” гээд захирамжинд гомдол гаргах эрхгүйг дурдсан. Энэ нь:

Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийг гардаж авснаас хойш 14 хоног дотор заавал хариу тайлбар өгсөний дараа нотлох баримт гаргуулах хүсэлт гаргахаар хуульчилсан мэтээр захирамжийн үндэслэх хэсгийг тодорхойлсон. Хариуцагчийн нотлох баримт гаргуулахаар хүсэлт өгөх, түүний дараа хэргийн оролцогчтой эвлэрэх, сөрөг нэхэмжлэл гаргах, мэтгэлцэх гэх мэт бусад эрхүүдийг хязгаарласан нь ИХШХШТ хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

2. Мөн 201501080147 тоот хэрэг нь хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа, түдгэлзсэн, хэрэгсэхгүй болсон зэрэг нь тодорхойгүй, хэрэгт ямар ач холбогдолтой, ямар баримтыг нотлох болон үгүйсгэх талаар дурдаагүй байх тул хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт гэж үзэж шүүхийн журмаар гаргуулах боломжгүй гэж үзлээ” гэж дүгнэсэн. Энэ нь:

Шүүх нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой эсэхийг урьдчилж дүгнэж байгаа хэлбэр бөгөөд шүүх хурлын нотлох браимтыг шинжлэн судлах процессыг урьдчилан хэрэгжүүлсэн үйлдэл болсон. Энэ нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Хэргийн оролцогчид шүүх хурал дээр нотлох баримтаа шинжлэн судлуулахдаа ямар ач холбогдолтой, нотлох болон үгүйсгэх талаар тайлбарладаг процесс байхад мөн урьдчилан тайлбарлах үүрэгтэй мэтээр дүгнэж шийдвэрлэсэн нь хууль буруу тайлбарлаж шийдвэрлэсэн.

3. Шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэхдээ мөн л “2016.05.06-ны дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн татгалзсан эсэх тайлбараа гаргаагүй атлаа шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй, шүүх хуралдаанаас өмнө Испани улс руу явсан нь бичгийн баримтаар тогтоогдохгүй байна, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй” гэж үзэн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн. Энэ нь:

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгчийн тодорхойлолт бүхий албан тоотыг нотлох баримт гэж үзэхгүй шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж хариуцагчийн эрхийг хязгаарласан үйлдэл болсон байна .

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч “ХХ” ХХК нь хариуцагч “ХХХ” ХК-д холбогдуулан 25 519 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасны дагуу шүүх 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШЗ2016/06704 дүгээр шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хэд нэхэмжлэлийн хувийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гардуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагчид тайлбар, нотлох баримт гаргаж өгөх хугацааг 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөр тогтоосон байна.

/хэргийн 38 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-т “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн, эсхүл энэ хуулийн 71.1-д заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд шүүгч уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлох ажиллагаа явуулна” гэж заасан байна.

 

Гэтэл шүүх хариуцагчийн хариу тайлбар нотлох баримт ирүүлэх хугацаа дуусаагүй, хариу тайлбар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байхад буюу 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШЗ2016/17646 дугаар шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай нотлох баримт хангалттай бүрдсэн гэх үндэслэлээр шүүх хуралдааныг мөн оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 9 цагт товлон зарлаж хэргийг шийдвэрлэсэн нь дээрх хуулиар тогтоосон журмыг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эрх тэгш байх, мэтгэлцэх зарчмын үндсэн дээр  хэрэгжүүлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4, 6 дугаар зүйлүүдийг зөрчжээ. /хэргийн 40 дугаар тал/

 

Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх арилган, нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/04044 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахад хариуцагч “ХХХ” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243 015 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                                   

                                                  ШҮҮГЧИД                             Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                С.ЭНХТӨР