Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2017/00729

 

Шэнг Хүй Инг Ли цахилгаан эрчим хүч шинжлэх ухаан ХХК-ийн

нэхэмжлэлтэй, иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2016/01570 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 568 дугаар магадлал,

Нэхэмжлэгч :  Шэнг Хүй Инг Ли цахилгаан эрчим хүч шинжлэх ухаан ХХК,

Хариуцагч : Электрикком ХХК,

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: нийт 149.646.992 төгрөг гаргуулах тухай

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага : 9.491.890 төгрөг гаргуулах тухай

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Очирбалын гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мөнхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Очирбал, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Электрикком ХХК нь 2013.11.05-ны өдөр Аж үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээг байгуулж, QD загварын цахилгаан 2 баганатай гүүрэн кран (жолоодлогын өрөөтэй)-ыг БНХАУ, ӨМӨЗО-ны Шэнг Хүй Инг Ли цахилгаан эрчим хүч шинжлэх ухаан ХХК-аар дамжуулан 710.000 юанаар Шан Донг Лонг Хүй кран машин механизм ХХК-иас худалдан авахаар тохиролцсон. Краны үнэ болох 710.000 юанийг Электрикком ХХК-ийн өмнөөс Шэнг Хүй Инг Ли цахилгаан эрчим хүч шинжлэх ухаан ХХК нь худалдагчид бүрэн төлсөн. Электрикком ХХК нь дээрх гэрээний дагуу краныг өөрийн өмчлөлдөө авч, үйл ажиллагаандаа ашигласан. Гэвч тус компани уг краны үнийг Шэнг Хүй Инг Ли цахилгаан эрчим хүч шинжлэх ухаан ХХК-д бүрэн төлж барагдуулаагүй ба үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахыг удаа дараа шаардсан боловч одоог хүртэл бодит үр дүнд хүрээгүй явсаар өнөөдрийг хүртэл уг төлбөрийг төлөөгүй байна. Электрикком ХХК нь гүүрэн краны нийт үнийн 40 хувьтай тэнцэх үлдэгдэл төлбөр буюу 284.000 юанийг эргэж тооцоо хийнэ гэж 2015.02.12-ны өдөр баримт үйлдэн тохиролцсон байдаг. Гэсэн хэдий ч Электрикком ХХК нь үлдэгдэл төлбөрийг төлөхгүй нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироож байна. Худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 284 000 юань бөгөөд гэрээний 10-т холбогдох заалтыг зөрчсөн тал нөгөө талд гэрээний нийт үнийн дүнгийн 3 хувьтай тэнцэх торгуулийг төлнө гэж заасны, дагуу төлбөр төлөх хугацаа хэтрүүлж гэрээг зөрчсөн тул гэрээний нийт үнийн дүнгийн 3 хувиар тооцсон торгууль 21 30 юань, нийт 305 300 юань буюу 91.098.467 төгрөгийг Электрикком ХХК-иас гаргуулж өгнө үү. /хх1-ийн 1/

Мөн нэмэгдүүлсэн шаардлагадаа: 2007 оноос хойш талууд байнгын зээлээр бараа, бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж худалдан авч түншийн харилцаатай болсон байдаг. Улмаар Электрикком ХХК нь бараа бүтээгдэхүүнээ зээлээр худалдан авч хэд хэдэн худалдан авалтынхаа дүнгээс нэгтгэж төлөх байдлаар худалдаа хийж ирсэн байдаг. Хариуцагч нь 2013 онд 3 866 616 юанийн үнэ бүхий, 2014 онд 1 326 499 юанийн үнэ бүхий нийт 5 193 115 юанийн бараа бүтээгдэхүүн худалдан авсан байдаг боловч үүнээс 4 639 994 юанийг нэхэмжлэгчид төлж 2014 оны байдлаар 553.121 юанийн барааны үлдэгдэл төлбөртэй байсан. Улмаар 2015.02.03-ны өдөр 105 000 юанийг төлж өнөөдрийн байдлаар үлдэгдэл 448.121 төгрөгийн төлбөрийн өртэй байна. Талууд 2015.02.12-ны өдөр тооцоо нийлж гүүрэн краны үлдэгдэл төлбөрийн баримтыг эргэж олоод тооцоо хийхээр болсон байдаг боловч хариуцагч нь yг тооцоогоор хассан 315.000 юанийн төлбөрөө үлдэгдэл гэж тохирсон 284 000 юаньд дахин тооцож хасна гэж уг тооцоо нийлсэн баримтаа үгүйсгэж байгаа тул гүүрэн краны төлбөрөөс гадна талуудын хооронд 2013, 2014 онд хийсэн эрчим хүчний бараа бүтээгдэхүүний нийт худалдааны үлдэгдэл төлбөрийг хариуцагчаас гаргуулах шаардлага үүсэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа 164 121 юань буюу 58.548.525 төгрөг нэмэгдүүлж нэхэмжлэлийн нийт шаардлагын хэмжээ 448 121 юань буюу 149.646.992 төгрөг болж байна гэжээ./хх1-ийн 165/

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Жан Шин Хуй-тай 2015.02.12-ны өдөр тооцоо нийлж 105 147 юанийн үлдэгдэл төлбөр төлөхөөр тохиролцсон байдаг. Уг төлбөрийг компанийн зүгээс 2016.02.03-ны өдөр Хаан банкны гадаад гуйвуулгаар Жан Шин Хуй-гийн дансанд шилжүүлж барагдуулсан байгаа. Электрикком ХХК-тай 2013.11.05-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ  хийсэн,гэрээг  ерөнхий захирал Ц.Баатартай хийсэн ба ерөнхий захирал 2014 оны 11 дүгээр сард  нас барсан. 2014 оноос БНХАУ-ын иргэн Жан Ши Ху манай компаниас удаа дараа төлбөр нэхэх болсон. Уг гүүрэн кран нь Электрикком ХХК-ийн өмчлөлд тусгагдаж үйл ажиллагаанд ашиглагдаж байгаагүй ба одоо байхгүй байгаа болно. Тухайн үед захирал Ц.Баатар нь худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөрийн 50 хувь болох 355 000 юанийг урьдчилан шилжүүлж, БНХАУ-ын Эрээн хотод бараа материал ирэх үед 40 хувийн төлбөр болох 248 000 юанийг гэрээний дагуу өөрийн биеэр Хятад улсын Эрээн хотод зорчих үедээ төлж барагдуулан Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн байдаг. Жан Шин Хуй нь 2013 онд тулгуурын хамтарсан үйлдвэр байгуулахаар захиралтай тохиролцон  2013.4.22-ны өдөр компаниас 556 000 юань Жан Шин Хуйгиин дансанд Хас банкны гадаад гуйвуулгаар шилжүүлсэн. Тухайн хөрөнгө оруулалт хийгдсэн үеэс одоог хүртэл хөрөнгө оруулалтын ногдол ашиг болон үр өгөөж Электрикком ХХК-д ирээгүй. Компанийн одоогийн удирдлагын зүгээс хамтарсан үйлдвэр байгуулах нэрээр талийгаач Ц.Баатар захирал компаниас шилжүүлсэн 556 000 юань болон yг хөрөнгө оруулалтын ногдол ашиг, үр өгөөжийн талаарх асуудлыг аль улсын шүүхэд хандахаа мэдэхгүй байсан.Энэ нэхэмжлэл  ирсэнд сөрөг нэхэмжлэл гаргах боломжтой гэж үзэж байгаа болно гэжээ. /хх1-ийн 41-42/

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай байгууллага холбогдох санхүүгийн баримтуудыг нэг бүрчлэн шүүж үзэхэд нэхэмжлэгч байгууллагад гэрээний төлбөрт 741 000 юанийг төлж гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэсний зэрэгцээ 31 000 юанийг илүү төлсөн байна. Иймд нийт 9.491.890 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ./хх1-ийн 49/

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хүлээн зөвшөөрөхгүй байна.   2015.02.12-ны өдөр Жан Шин Хуйтай хийсэн “тооцоо” гэдэг  баримтын 1/. 2014 оны бараа материалын тооцоо зэрэг 5 төрлийн тооцооны дүн нь 460 147 юань, 2/.Гүүрэн краны үлдэгдэл төлбөр 284 000 юанийг баримтыг эргэж олоод тооцоо хийнэ. 3/. дээрх 460 147 юаниас 355 000 юанийг хасаад үлдэгдэл төлбөр 105 147 юанийг төлөхөөр тус тус заасан. Хариуцагчийн тайлбарлаж байгаа 2013.11.12-ны өдөр төлсөн гэх 355 000 юанийг гүүрэн краны үлдэгдэл төлбөр биш, харин өмнөх оны тооцоо, бусад төлөх ёстой төлбөрүүдээс ийнхүү хасаж тооцсон байна.  Түүнчлэн, хариуцагчийн зүгээс 284 000 юанийн үлдэгдэл төлбөрийг төлсөн гэж зохиож  тайлбарлаад байна. Талуудын хооронд дан гүүрэн краны төлбөрөөр хязгаарлагдахгүй олон тооны бусад төлбөр тооцоо гүйлгээ хийгддэг. Энэ нь 2015.02.12-ны өдрийн Жан Шин Хуйтай хийсэн тооцоо болон хариуцагчийн хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлийн тайлбараар нотлогдоно. Гэтэл Электрикком ХХК-иас нэхэмжлэгчийн дансанд хийсэн гадаад гуйвуулга, төлбөр бүрийг гүүрэн кран худалдах, худалдан авах гэрээтэй холбож,  илүү төлсөн болгож маргаж байгаа нь  үндэслэлгүй гэжээ./хх1-ийн 79/

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2016/01570 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Электрикком ХХК-иас 149.646.992 төгрөгийг гаргуулж БНХАУ-ын, ӨМӨЗО-ны Шэнг Хүй Инг Ли цахилгаан эрчим хүч шинжлэх ухаан ХХК-д олгож, Электрикком ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд 9.491.890 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч 1.064.145 төгрөг,хариуцагч 167.000 төгрөг төлснийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 906.185 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож,  Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2016.8.29-ний өдрийн 02018 дугаартай захирамж нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй хэвээр байх болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 568 дугаартай магадлал гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2016/01570 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 243.1 ...” гэсний “дараа ...186 дугаар зүйлийн 186.1 ...” гэж, “... 149 646 992 төгрөгийг ...” гэснийг “... 91 098 467 төгрөг ...” гэж, “... хариуцагч Электрикком ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд 9 491 890 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай”. гэснийг “... нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 58 548 525 төгрөгийг, хариуцагч Электрикком ХХК-ийн 9 491 890 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын “906 185 төгрөгийг” гэснийг “613 442 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч байгууллагаас 2016.06.08-ны өдөр  М. Батчулуунд шүүхэд телөөлөх бүрэн эрх олгосон. Энэхүү итгэмжлэл нь олгосон өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хүчинтэй байхаар итгэмжлэлд заасан. /ХХ6-8 хуудас/ Итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батчулуун нь итгэмжлэлд заасан итгэмжлэлийг бусдад шилжүүлэх эрхтэй гэснийг үндэслэн 2016.9.02-ний өдөр Энхболдын Золзаяад итгэмжлэлээр олгогдсон бүрэн эрхийг шилжүүлсэн. Харин энэхүү итгэмжлэл нь олгосон өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хүчинтэй байхаар заажээ. Итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батчулуун нь 3 сарын хугацаанд төлөөлөх эрхээ хэрэгжүүлсэн атлаа өөрийн үлдсэн төлөөлөх бүрэн эрхийн хугацааг зөрчиж итгэмжлэл олгосноос хойш 3 жилийн хугацаанд нэхэмжлэгч байгууллагыг төлөөлөх эрхийг Э.Золзаяад шилжүүлсэн нь иргэний хуулийн 64.5-д заасан тодорхой хугацаагаар олгох итгэмжлэл гурван жилээс илүүгүй байх хуулийн заалтыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл М.Батчулуун нь үлдсэн төлөөлөх эрхийн хугацаанд нэхэмлэгчээс олгосон төлөөлөх эрхийн бусдад олгох ёстой байсан. Харин анхан болон давж заалдах шатны шүүх маргааныг шүүх хуралдаанаар шийдвэрлэх явцад итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бүрэн эрхийг хугацааг шалгаж хуулийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан явуулах үүргээ биелүүлээгүй. Иймд нэгэнт хууль зөрчиж олгосон итгэмжлэлээр нэхэмжлэгчийг төлөөлсөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хууль зөрчсөн хэмээн үзэж байна.  Нэхэмжлэл нь 2013, 2014 оны гэрээний үлдэгдэл төлбөр бөгөөд 2013.11.05-ний өдрийн аж үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдах, худалдах гэрээний төлбөр, түүний торгууль нэхэмжилсэн шаардлагаа өөрчилсөн болохыг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй. Мөн өөрчлөхдөө Электрикком ХХК нь бараа, бүтээгдэхүүнээ зээлээр худалдан авч хэд хэдэн худалдан авалтынхаа дүнгээс нэгтгэж төлөх байдлаар худалдаа хийж ирсэн байдаг. ...өнөөдрийн байдлаар 448 121 юанийн өртэй байна" гэснээс үзэхэд талуудын хооронд үүссэн нийт худалдан авалтын үлдэгдэл төлбөрийн асуудал нь маргааны зүйл юм. Нэхэмжлэгч талын баримтаас үзэхэд 2013 оны үлдэгдэл нь 632 522 юань байснаас 2014 онд нийт 1 326 499 юанийн бараа нэмж нийт 1 959 121 юанийн төлбөрийн үлдэгдэлтэй байснаас 2014.5.19-ний өдөр 306 000 юань, 2014.5.23-ны өдөр 300 000 юань, 2014.8.08-ны өдөр 500.000 юань, 2014.02.03-ний өдөр 105 000 юань, 2013.4.22-ний өдөр 300 000 юань нийт 1 511 000 юань төлсөн 448.121 юанийн өртэй гэх бөгөөд 2014.4.30-ний өдрөөс 2014.8.24-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 404.899 юаны худалдан авалт хийсэн гэсэн байна. Дээрх байдлаас үзэхэд маргааны зүйл нь 2013.11.05-ний өдөр байгуулсан Аж үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний төлбөр бус харин 2014.4.30-ны өдрөөс хойш хийгдсэн худалдан авалтын төлбөр байхаар харагдаж байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүйгээр нэхэмжлэлд хамааралгүй харилцаанд эрх зүйн дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсний зэрэгцээ нэхэмжлэлийн шаардлагад огт дурьдагдаагүй 2013.11.05-ний өдөр байгуулсан Аж үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний торгуулийн асуудлыг шийдвэрлэсэн байна нь ноцтой зөрчил гаргасан гэдэг нь харагдаж байна.  Хэргийн 11 хуудсанд Аж үйлдвэрийн төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ авагдсан. Нэг талаас  Шан Донг Лонг Хүй кран машин механизм ХХК, нөгөө талаас ӨМӨЗО-ны Шэнг Хүй Инг Ли цахилгаан эрчим хүч шинжлэх ухаан ХХК, В талаас Электрикком ХХК нар байгуулсан. Уг гэрээний 3, 6, 7, 8, 11 заалтаас үзэхэд тоног төхөөрөмжийг худалдагч нь Шан Донг Лонг Хүй кран машин механизм ХХК бөгөөд худалдан авагч нь "В" тал буюу Электрикком ХХК болох нь тодорхой байна. Худалдах худалдан авах гэрээний төлбөрийг худалдагч талд Б тал төлөхөөр тохиролцсон. Харин В тал нь Б тал буюу ӨМӨЗО-ны Шэнг Хүй Инг Ли цахилгаан эрчим хүч шинжлэх ухаан ХХК-д 710.000 юанийн төлбөрийг ямар байдлаар, ямар хугацаанд төлж барагдуулах талаар дээрх гэрээнд огт тусгаагүй. Шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан хэмээн дүгнэсэн атлаа Шэнг Хүй Инг Ли цахилгаан эрчим хуч шинжлэх ухаан ХХК-иар дамжуулан Шан Донг Лонг Хүй кран машин механизм ХХК-иас кран худалдан авахаар тохиролцсон" хэмээн дүгнэсэн нь утга агуулгын хувьд алдаатай, тодорхойгүй байдлыг бий болгож байна. Хариуцагч нь нэхэмжлэгчээс тоног төхөөрөмж худалдан авсан уу? эсхүл нэхэмжлэгч нь хариуцагчийн өмнөөс төлбөрийг ямар нэгэн гэрээ хэлцлийн үндсэн дээр төлж барагдуулсан эсэхийг шүүх хэргийг шийдвэрлэхдээ сайтар нягтлан шалгахгүйгээр шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны шаардлагыг хангаагүй шийдвэрлэсэн. Шүүх ямар төрлийн гэрээ байгуулагдсаныг дүгнэхгүйгээр талууд 2013 оноос хойш худалдах, худалдан авах гэрээ байгуулдаг байсан гэж харилцааны үйл баримтад ач холбогдол өгсөн нь гэрээний торгууль гаргуулах зэрэг маргааныг буруу шийдвэрлэхэд хүргэсэн хэмээн үзэж байна. Гэрээний 10-т "Гэрээний тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тал нөгөө талд гэрээний нийт үнийн дүнгийн 3 хувътай тэнцэх алданги төлнө" хэмээн заасныг үндэслэн нийт 21.300 юань буюу 6.355.707 төгрөгийг гэрээний торгуульд гаргуулсан анхан шатны шүүхийн шийдвэр нь иргэний хуулийн 232.5-д заасантай нийцэж байна хэмээн давж заалдах шатны шүүх үзсэн. Гэрээний наймдугаар зүйлд гэрээний "Б" тал нь "А" талд төлбөр төлөх график, хугацааг тодорхойлсон хэдий ч гэрээний "В" тал "Б" талд төлбөрийг ямар хугацаанд, хэрхэн төлөх талаар зохицуулаагүй. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх гэрээний "А", "Б" талуудын харилцаанд үйлчлэх гэрээний заалтыг "Б", "В" талуудын хооронд үүссэн харилцаанд хэрэглэсний зэрэгцээ гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 3 хувиар бус нийт гэрээний үүргийн үнийн дүнгийн 3 хувиар торгуулийн хэмжээг тодорхойлсон иргэний хуулийн 232.5 дахь заалтыг зөрчсөн . Шүүх шаардлагад хамааралгүй 2013.11.05-ний өдөр байгуулсан гэрээний төлбөрийн асуудлыг шийдвэрлэхдээ хариуцагч тал гэрээний төлбөрийг Хас банкны гадаад гуйвуулгын үйлчилгээгээр шилжүүлсэн талаарх /хх 61/ авагдсан баримтад төлбөрийн зориулалт тодорхойгүй гүүрэн краны төлбөр гэж бичээгүй хэмээн үзсэн нь баримтыг буруу үнэлсэн. Учир нь хэргийн 43, 56, 58, 127, 128, 129, 130 гэх зэрэг хуудсанд авагдсан Электрикком ХХК-иас нэхэмжлэгч талд төлбөр шилжүүлсэн мөнгөн гуйвуулгын баримтад хилийн худалдаа эрчим хүчний хангамжийн төхөөрөмж, эсхүл эрчим хүчний төлбөр гэсэн ерөнхий агуулгаар төлбөрийн зориулалтыг бичдэг болох нь тодорхой харагдана. Иймд мөнгөн гуйвуулгын баримтын дан ганц төлбөрийн зориулалтыг бичсэн хэсэгт ач холбогдол өгөх нь хэргийг үнэн зөв шийдвэрлэх талаарх шүүхийн үндсэн үзэл баримтлалд харш хэмээн үзэж байна. Түүнчлэн, нэхэмжлэгч нь 2016.07.26-ны өдөр Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 305.300 юанийг төгрөгийн ханшинд хөрвүүлэхдээ 2016.07.01-ний өдрийн ханш болох 289.39 төгрөгөөр тооцжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэл гаргахаас 25 хоногийн өмнөх валютын ханшаар хөрвүүлснийг шүүх маргааныг шийдвэрлэж, нотлох баримтыг үнэлэхдээ сайтар шалгах байсан. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

М.Батчулуун нь “Шэнг Хүй Инг Ли цахилгаан эрчим хүч шинжлэх ухаан”  ХХК-ийг төлөөлөн нэхэмжлэл гаргаж, Электрикком ХХК-иас  284.000 юань, торгууль 21.300 юань нийт 305.300 юань буюу 91.098.467 төгрөг шаардсан /хх 1-ийн 1-2/ боловч  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас 2013, 2014 онд нийлүүлсэн барааны үлдэгдэл төлбөр 448.121 юань буюу 149.646.992 төгрөг /хх1-ийн 165/ нэхэмжилжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс 9.491.890 төгрөг шаардсан байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас 149.646.992 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасныг давж заалдах шатны шүүх өөрчилж, нэхэмжлэлийн эхний шаардлагын хэмжээнд буюу 91.098.467 төгрөгөөр хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

 Шийдвэр, магадлалыг дараах үндэслэлээр хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Шүүх “Шэнг Хүй Инг Ли цахилгаан эрчим хүч шинжлэх ухаан” ХХК-ийг төлөөлөн гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ М.Батчулуунд олгосон итгэмжлэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлд нийцээгүй байгааг анхаарч үзээгүй байна.

М.Батчулуун нь “Шэнг Хүй Инг Ли цахилгаан эрчим хүч шинжлэх ухаан” ХХК /хх 1/-г төлөөлж нэхэмжлэл гаргасан гэх боловч түүнд уг компаниас бус, харин  “SHENGHUIYINGILI POWER TECHNOLOGY LLC” гэсэн хуулийн этгээд  итгэмжлэл /хх  6-8 / олгожээ. М.Батчулуун “Шэнг Хүй Инг Ли цахилгаан эрчим хүч шинжлэх ухаан” ХХК-ийг төлөөлөх эрхтэйг нотлох баримт хэрэгт байхгүй, баримт зөрүүтэй байх тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэглэвэл зохих зүйлийг хэрэглээгүй гэж үзнэ.

Түүнчлэн, М.Батчулуунд “SHENGHUIYINGILI POWER TECHNOLOGY LLC” гэсэн хуулийн этгээд итгэмжлэл олгосон боловч уг хуулийн этгээдийн нэрийг “INNER MONGOLIA SHENGHUIYINGLI POWER TECHNOLOGY LLC”  гэж өөр байдлаар бичсэн байгааг шүүх анхаараагүй нь буруу.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан баримтаа монгол хэлээр орчуулахдаа хуулийн этгээдийн оноосон нэрийг мөн орчуулснаас Электрикком ХХК-д холбогдох нэхэмжлэлийг гаргасан этгээдийг тодорхойлох боломжгүй байна.

2. Хариуцагчтай “Шэнг Хүй Инг Ли цахилгаан эрчим хүч шинжлэх ухаан” ХХК гэрээ байгуулсан /хх 10-13/ гэх боловч шүүх “SHENG HUI YING цахилгаан эрчим хүчний ХХК, “Шөн Хуй цахилгаан тоног төхөөрөмжийн худалдааны компани /хх 58, 59/-с гаргасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай гэж үзсэн үндэслэлээ шүүх заагаагүй нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-г зөрчжээ.  

3. Нэхэмжлэгч өөрийн худалдсан эд хөрөнгийн үнэ эсхүл худалдагчид төлсөн мөнгийг  шаардсан эсэх  нь тодорхойгүй, зохигчдын хооронд тооцооны үлдэгдэл байгаа эсэх нь  хэрэгт байгаа  баримтаар тогтоогдоогүй байна.   

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байхад давж заалдах шатны шүүх  шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т нийцээгүй тул хариуцагчийн гомдлыг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2016/01570 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 568 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хариуцагч байгууллага хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 613.450 төгрөгийг Электрикком ХХК-д захирамжаар буцааж олгосугай.

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                      ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ