Шүүх | Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамцагдоржийн Бүрнээ |
Хэргийн индекс | 158/2016/0019/З |
Дугаар | 0025 |
Огноо | 2016-12-14 |
Маргааны төрөл | Газар, |
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 0025
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бүрнээ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Ачлалтсэлэнгэ” ХХК /улсын бүртгэлийн дугаар 2011010126; хаяг: Орхон, Баян-Өндөр, Хүрэнбулаг 10-23 байрлах/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Булган аймгийн Бугат сумын Засаг даргад холбогдох
Гуравдагч этгээд: “Тамэд-Эрдэнэ” ХХК, “Сэцэд” ХХК, иргэн Б.Баянбулаг, Ж.Ганзориг, М.Гочоодорж, Ц.Наранбаатар, Д.Сайнхүү, Г.Баярмаа, Д.Одхүү, С.Лхагвасүрэн
Нэхэмжлэлийн шаардлага: “Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/109 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Ачлалтсэлэнгэ” ХХК-ийн захирал Д.Амарсайхан, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Мөнхцоож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганбат, гуравдагч этгээд “Тамэд-Эрдэнэ” ХХК-ийн захирал А.Бат-Эрдэнэ, “Сэцэд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттулга, гуравдагч этгээд М.Гочоодорж, Б.Баянбулаг, Ж.Ганзориг, гуравдагч этгээд Г.Баярмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Балжинням, гуравдагч этгээд Д.Одхүү, С.Лхагвасүрэн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвцэрэн, гэрч Б.Бадарч, Д.Ганхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ачлалтсэлэнгэ” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Манай компани нь Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 107 тоот захирамжаар тус сумын нутаг "Бороодой" гэх газарт 148.8 га, 223,06 га, 100 га газруудыг газар тариалангийн зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмшихээр авч 0208158, 0208159, 0208160 тоот гэрчилгээ авсан. Уг газар дээрээ нэгж талбарын дугаар авч эзэмшил газартаа кадастрын зураглал хийлгэж, Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлсэн. Харин 100 га газар нь ийнхүү бүртгүүлэхээр өгснийг бүртгэгдээгүй байсан нь сумын газрын даамал Ж.Ганбатын буруутай үйл ажиллагаатай холбоотой байсан тул Булган аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 39 тоот шүүгчийн захирамжаар газрын даамалд үүрэг даалгасан хэлцлийг баталж шийдвэрлүүлсэн.
Булган аймгийн Бугат сумын Засаг дарга манай эзэмшлийн дээр дурдсан 3 нэгж талбар бүхий /148.8+223,06+100/ 472 га газрын эзэмших эрхийг 2013 оны 06 дугаар сарын 07-ны А/109 тоот захирамжаар хүчингүй болгосныг бид хожим мэдсэн. Манай компанид А/109 тоот захирамжийн хуулбарыг өөрсдөө олж танилцахад газрын төлбөр төлөөгүй гэх үндэслэл нь худал ташаа байсан тул Булган аймгийн Татварын хэлтсээс газрын төлбөрөө төлсөн тухай 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/556 тоот тодорхойлолт аваад аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбатад хандсан. Аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01/1422 тоотоор Бугат сумын Засаг даргад А/109 тоот захирамжаа хүчингүй болгохыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30.1.9-д заасан эрхийн хүрээнд мэдэгдсэн.
Асуудал ийнхүү хуулийн дагуу, хуулиар эрх олгогдсон субьектыг хүрээнд шийдэгдсэн, манай газар эзэмших эрх зөрчилгүй болсон гэж ойлгосон тул бид дараа дараагийн аж ахуйн ажлаа хөөцөлдсөн. Харин газрын төлбөрөө төлье гэхэд татварын хэлтэс А/109 тоот захирамжийг хүчингүй болгосон тухай манайд мэдэгдээгүй учир танайхаас газрын төлбөр авч болохгүй гэж хүлээлгэж байсан. Гэтэл энэ хавар буюу 2016 оны хавар манай эзэмшил газрыг өөр компани, хүмүүст зааж өгсөн гэх мэдээг дуулаад бид дахин аймгийн Газрын албанд хандсан ба манай 3 нэгж талбар бүхий газар газрын кадастрын мэдээллийн санд манай "Ачлалтсэлэнгэ" ХХК-д бүртгэлтэй хэвээр байгааг баталж өгсөн. Энэ талаар аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат, сумын Засаг дарга Д.Дэмбэрэлдорж нарт хандахад "Шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүл" гэсэн хариу өглөө.
Манай компаний эзэмшил газрын кадастрын нэгдмэл сангийн мэдээлэлд өөрчлөлт ороогүй, дээд шатны Засаг даргын хуульд заасан эрхийн хүрээнд А/109 тоот захирамжаа хүчингүй болго гэсэн өгсөн үүргийг биелүүлэх боломжгүй тухай сумын Засаг дарга манайд мэдэгдээгүй учир гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй байна. Дээд шатны Засаг даргаас хариу авсан тул урьдчилан шийдвэрлэх журам хангагдсан гэж үзэж байна.
Иймд Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 07-ны А/109 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү.
“Ачлалтсэлэнгэ” ХХК-ийн газар эзэмших гэрчилгээний хугацаа дуусаагүй, газрын төлбөрөө зохих журмын дагуу төлж байсан. Үүнийг Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбатын 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01/1422 дугаар албан тоотоор Бугат сумын дарга Б.Бадарчид хууль бус захирамжаа хүчингүй болгож хуульд нийцүүлэн ажиллахыг шаардсан.
“Ачлалтсэлэнгэ” ХХК нь газар эзэмших гэрчилгээгээ авсан өдрөөсөө эхлэн Булган аймгийн Хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газар, Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Тариалан эрхлэлтийг дэмжих санд тоног төхөөрөмж, уринш, үр тарианы зээл хүссэн албан тоотуудыг өгч газраа эргэлтэнд оруулах зорилго тавин ажиллаж байсан. Үүний үр дүнд 2014 оны 05 дугаар сарын 20-ны өпөр уринш болон үр тарианы 17.640,000 тагрөгний зээл бүтэж бид газрын асуудлаа шийдвэрлүүлж байх хооронд газар дээрээ хөрөнгө оруулалт хийсэн.
Бугат сумын Засаг дарга Б.Бадарч нь манай газар эзэмших эрхийг хүчингүй болгох захирамжийг гаргахдаа манай компаниас албан ёсоор үйл ажиллагааны талаар тайлбар аваагүй, хүчингүй болгосон захирамжаа албан тоотоор өгөөгүй. Газрын төлбөрөө төлье, газар дээрээ Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас авсан уринш, үр тарианы зээлээр үйл ажиллагаа явуулах үеэр газар эзэмших зөвшөөрөлөө хүчингүй болсныг мэдсэн учраас бид хугацаа алдсан гэж үзэхгүй байна. Мөн манай компани газрын төлборөө төлж байсны дээр эзэмших гэрчилгээ авснаас хойш 2 жилийн хугацаа болоогүй байхад газар эзэмших эрхийг нь хүчингүй болгохоор шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтын шаардлагыг хангаагүй байна” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Мөнхцоож шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “..Манай компани машин, техник, тоног төхөөрөмж байхгүй учраас үйл ажиллагаагаа тухайн үед явуулж чадаагүй. Энэ талаар Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрлэлийн яамны харьяа тариалан эрхлэлтийг дэмжих сан /хуучнаар жижиг дунд үйлдвэрлэл дэмжих сан/ болон Хөдөө аж ахуйн газарт хүсэлт тавьж зээл, тусламж дэмжлэг хүсэж байсан....Бид газрын төлбөрийг төлөх гээд 2013 оны 06 дугаар сард газрын даамал Ж.Ганбаттай утсаар ярьтал “танай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон” гэж хэлэхээр нь мэдсэн, гэхдээ бидэнд албан ёсоор газар эзэмших эрхийг хүчингүй болгосон талаар бичгийн баримт ирүүлээгүй. Бид аймгийн Засаг даргад энэ талаар гомдол гаргасан боловч аймгийн Засаг дарга захирамжаа эргэж хар гэсэн хариуг сумын Засаг даргад өгсөн. 2 жил ашиглах хугацаа болоогүй байхад газрыг хүчингүй болгосон. Энэ асуудлыг бүрэн шийдээгүй байж хүмүүст газар олгож хүмүүсийг хохироож байна. Бид нарын зүгээс гуравдагч этгээдүүдтэй маргахгүй. Энэ бол газрын даамал Ж.Ганбат болон тухайн үед байсан Засаг дарга Б.Бадарч даргатай холбоотой асуудал. Засаг даргын захирамжийг хууль ёсны мөн эсэхийг шийдсэний дараа газарыг олгох хэрэгтэй байсан. Бидний эзэмшил газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй учир нь энэ хоёр хүнд байгаа юм. Манай компанид эхнээсээ 100 га газрыг дутуу олгосон, эцэст нь эвлэрлээр шийдээд газрыг нөхөн олгохоор болсон. Газрыг хууль ёсны дагуу л олгох ёстой. Үүнийгээ шийдвэрлээгүй мөртлөө хүмүүст газрыг дураараа давхардуулан олгосон байна...” гэв
Хариуцагч Бугат сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Булган аймгийн Бугат сумын бороодой гэх газарт хуучин тариалангийн 471.6 га газрыг 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 107 тоот захирамжаар Засаг дарга М.Оюумаа ажиллаж байхдаа олгосон байна. Уг газар дээр нэгж талбарын дугаар авч, эзэмшил газартаа кадастрын зураглал хийлгэж бүртгүүлсэн нь үнэн болно. Гэвч “Ачлалтсэлэнгэ” ХХК нь үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд үйл ажиллагаа явуулах талаар сумын удирдлага болон хариуцсан мэргэжилтэнтэй байгуулсан гэрээ байхгүй байгаа юм. Зөвхөн 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/109 тоот захирамжаар газрыг хүчингүй болгосныг мэдсэн үедээ газраа авахаар хөөцөлдөж эхэлсэн байна.Тухайн үед аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбатад хандаж сумын Засаг даргын 2013 оны А/109 тоот захирамжийг хүчингүй болгохыг Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30.1.9-д заасан эрхийн хүрээнд тухайн захирамжийг хүчингүй болгох тухай 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн тоотоор мэдэгдсэн байна.
Аймгийн Засаг даргын 2014 оны 01/1422 тоот мэдэгдэл авсанаас хойш 2015 онд тухайн газрыг ашиглаж эргэлтэнд оруулахгүй байгаа нь сум орон нутгийн ажилд хүндрэл учруулж сумын аюулгүйн нөөц бэлтгэх, аж ахуй нэгжүүдтэй гэрээ хийх зэрэг ажлуудад “Ачлалтсэлэнгэ” ХХК нь оролцож байгаагүй. Иймд Засаг дарга Б.Бадарч нь 2015 оны 11 дугээр сарын 05-ны өдрийн А/144 т захирамжаар 223 га газар эзэмших эрхийг “Тамэд-эрдэнэ” ХХК-д сэргээн эзэмшүүлсэн байна. Мөн 100 га газрыг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/139 тоот захирамжаар Гэндэнийн Баярмаад 20 га, Далхаасүрэнгийн Одхүүд 40 га, Санжнувааны Лхагвасүрэнд 40 га газрыг тус тус олгосон байна. Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/24 дүгээр захирамжаар “Сэцэд” ХХК-Д 80 га газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн боловч тухайн компани нь тариалангийн талбай эзэмших эрхийн үнийг ирүүлээгүй, тухайн Засаг даргатай байгуулсан гэрээ, хэлэлцээгээ биелүүлээгүй учир тухайн газраа эзэмшиж ашиглах үйл ажиллагаа явуулаагүй гэж үзэж байна.
“Ачлалтсэлэнгэ” ХХК-ийн эзэмшилд байсан 148 га талбайгас 10 иргэнд 50 га газар эзэмшүүлэхээр 2015 оны А/48 тоот захирамжаар шийдвэрлэгдсэнээс иргэн Ж.Ганзориг, Д.Баянбулаг нар газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ авсан. Мөн 2016 оны А/121 дүгээр захирамжаар иргэн М.Гочоодорж 4 га, Д.Сайнхүүд 2 га газар эзэмшүүлэхээр шийдвэрлэснээс иргэн М.Гочоодорж газар эзэмших гэрээ байгуулж гэрчилгээ авсан байна. Иргэн Ц.Наранбаатар мөн талбайгаас 10 орчим га газар ашиглаж байгаа боловч гэрээ, гэрчилгээ байхгүй байна. Иргэдийн эзэмшиж, ашиглаж байгаа талбайд кадастрын зураг хийгдээгүй. Тус сумын нутаг дэвсгэрээр Эгийн голын усан цахилгаан станц барих зам цахилгаан дамжуулах шугамын газар дайран өнгөрөхдөө тариалангийн 223 га талбайг дайран өнгөрдөг бөгөөд тухайн газрын зам дайран өнгөрөх замын трассаас 50 м зайд баруун урагш газарт кадастрын зураг хийлгэн, газрыг “Тамэд-эрдэнэ” ХХК-д сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/144 дүгээр захирамжаар сэргээн эзэмшүүлсэн болно.
Уг компани нь тариалангийн газрыг эзэмших эрх шилжүүлж авснаас хойш 2013 оныг дуустал үйл ажиллагаа явуулаагүйг тухайн үед тариалангийн талбай анх авсан хэвээр байснаар тодорхойлох бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгосон талаар захирал Д.Амарсайханд 2013 онд утсаар ярьж мэдэгдсэнд ХХААЯ-д зээлийн асуудлаар ажил хөөцөлдөж яваа тухайгаа ярьж байсан. Тариалангийн үйл ажиллагааг эрхлэхэд 2011-2013 онд эрх бүхий байгууллага болон Засаг дарга, төрийн захиргааны байгууллагаас саад учруулж хориглосон зүйл байхгүй. “Ачлалтсэлэнгэ” ХХК нь 2014 онд хүчингүй болгосон захирамжаа сэргээлгээгүй байж, 100 га-д хагас дутуу уринш хийж талбайн маргаан гарган, шүүхийн шийдвэрээр эвлэрэл хэлэлцлээр шийдвэрлэсэн газарт 2015, 2016 онд үйл ажиллагаа эрхлээгүй байна. Газрын тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.6 дахь заалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүй 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэж байна” гэжээ.
Гуравдагч этгээд Г.Баярмаа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны А/139 дүгээр шийдвэрээр Бугат сумын 1 дүгээр багийн “Бороодой” гэх газарт 20 га газрыг, 15 жилийн хугацаатай үр тариа гэжээлийн ургамал тарих зориулалтаар нийт 1 сая 28 мянган төгрөг төлж авсан билээ.
Ингээд 2016 оны 5 дугаар сард газрын даамал Ж.Ганбаттай уулзаж, газраа заалган авсан бөгөөд 2016 оны 8 дугаар сард газар дээрээ хашаа барих кадастрын зураг хийлгэхээр дахин ирэхэд миний газрыг хагалчихсан байсан тул Ж.Ганбаттай холбогдож лавлахад шүүхээр маргаантай гэдгийг хэлсэн. Надад өгсөн гэх 20 га газрыг "Тамэд-Эрдэнэ" ХХК, гэдэг компанид давхар олгоод тэр компани нь газар хагалсныг дараа нь мэдсэн болно. Хууль тогтоомжийн дагуу 20 га газрыг авсан тул, газраа эзэмших хүсэлтэй байна.” гэжээ.
Гуравдагч этгээд М.Гочоодорж, Д.Баянбулаг, Ж.Ганзориг нараас шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Д.Баянбулаг миний бие 2011 оноос өнөөг хүртэл 10 га газрыг Бугат сумын Засаг даргын А/80 тоот захирамжаар 15 жилийн хугацаатай тэжээл тариалах зориулалтаар буюу царгас, ногоон тэжээл, овьёос, төмс, манжин тариалж байна. Цаашид ч суурин мал аж ахуйг эрхэлж, талбайгаа бүрэн ашиглаж ажиллана.
М.Гочоодорж миний бие нь Бугат сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/48 тоот захирамжаар тус сумын “Бороодой” гэх газарт 5 га газар, 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/121 тоот захирамжаар мөн 4 га газрыг 15 жилийн хугацаатайгаар малын тэжээл тариалах зориулалтаар эзэмшсэн. 2015 онд ногоон тэжээл тарьсан.Тус газартаа тариалалт хийхийн тулд шон хатгаж, хашаалаад ногоон тэжээл, тэжээлийн манжин тариалж өөрийн малын өвөлжилтийг хангадаг. Газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлж тариалалт хийсэн өрхийн мэдээнд хамрагдсан статистикийн албан ёсны мэдээ тайлан ХАА-6 тодорхой харагдана.
“Ачлалтсэлэнгэ” ХХК нь манай суманд үйл ажиллагаа явуулдаггүй, мөн тухайн газар дээрээ үйл ажиллагаа явуулж байгаагүй. Манай сумын харьяа бус хүмүүс бидний эзэмшил болох газрыг маргаан үүсгэж нааш, цааш нь чирэгдэл болгож намар, өвлийн ажлыг цалгардуулж байна” гэв.
Гуравдагч этгээд Д.Одхүү, С.Лхагвасүрэн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвцэрэн шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Д.Одхүү, С.Лхагвасүрэн нарт Бугат сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/139 тоот захирамжаар “Бороодой” гэх газарт 40, 40 га газруудыг газар тариалангийн зориулалтаар эзэмшүүлсэн. “Ачлалтсэлэнгэ” ХХК-иас хураагдсан 472 га газраас захирал Д.Ганхуягтай тохиролцон бэлчээрийн даац хэтэрч, хадлан, бэлчээрийн талбай хомсдолтой, сумын болон багийн нөөцөд ногоон тэжээл тариалах зэрэг шаардлага байгаа учир 235 га талбайг иргэд, малчдад олгосон. Газар авсан иргэд нь өөр өөрсдийн боломжоор ногоон тэжээл, царгас, овъёос зэргийг тариалж тус суманд газар тариалан эрхэлдэг. Д.Одхүү, С.Лхагвасүрэн нар “"Тамэд-Эрдэнэ" ХХК-д хүсэлт гарган энэ жилийн уринш хагалгаа хийлгээд байгаа болно. Эдгээр малчдын авсан газарт урд өмнө нь ямар нэгэн үйл ажиллагаа хийгдээгүй байсан болно.
Гуравдагч этгээд Ц.Наранбаатар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Ц.Наранбаатар нь Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн нутагт мал, ахуй эрхлэн амьдардаг бөгөөд "Монголын мянганы сорилтын сан"-гийн Хот орчмын бэлчээрийн төсөлд хамрагдан "Арвижих" фермерийн бүлэг байгуулан ажиллаж байгаа юм. Төслийн удирдлагаас фермерийн хэрэгцээнд зориулан ногоон тэжээл тариалах шаардлагатай гэсэн зөвлөмж өгсний дагуу сумын Засаг даргад тариалангийн газар олгож өгөхийг хүссэн өргөдөл гарган 2015 онд А/48 тоот захирамжаар 5 га газар авсан юм. Уг газрын зүүн талд М.Гочоодорж, урд талд Д.Баянбулаг, баруун талд Ж.Ганзориг нар газар эзэмшдэг. Бид нар хамтран талбай хамгаалах тор татаж эзэмшицгээдэг бөгөөд 2015 хавар газар хагалан боловсруулалт хийж ногоон тэжээл тариалсан ба 2016 онд тариалалт хийж ногоон тэжээл хураан аваад байна. Сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 01/293 тоотоор шүухэд өгсөн тайлбар нь "Ачлалтсэлэнгэ"ХХК-ийн 2011 онд аваад 2015 он хүртэл ашиглахгүй 148 га газраас нутгийн иргэдэд олгосон гэж ойлгогдож байна.
...Бугат сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр саны 23-ны өдрийн 01/293 тоотоор өгсөн тайлбарт дурдсан малчдад эзэмшүүлэхээр олгосон 50 га газрыг 2015 он хүртэл ашиглаж байгаагүй атаршиж буй хуучин газар байсныг нутгийн иргэд мэднэ.” гэжээ.
Гуравдагч этгээд “Тамэд-Эрдэнэ” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Манай компани нь 2008 оноос атрын 3 дугаар аяны хүрээнд шинээр байгуулагдан төрөлх сумандаа “Хужирын адаг”, “Ар нуга” зэрэг газарт 399 га талбайд тариалалт хийж эхэлсэн бөгөөд тухайн үед өөрсдийн техник хэрэгсэл болох нэг дугуйт болон гинжит трактортой ажиллаж эхэлсэн. Аяны хүрээнд тариалангийн талбайгаа нэмэгдүулж “Бороодой”-д 223 га талбай авч техник хөрөнгө оруулалтаа бүрэн хийж чадаагүй ажил үйлдвэрлэл явуулж амжаагүй байхад 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/111 тоот захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байсан. 2014, 2016 онд техникийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж 2 том оврын трактор аван газар эзэмших хүсэлтээ сэргээж өгөх хүсэлт гарган 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/144 тоот сумын Засаг даргын захирамжаар сэргээн эзэмшүүлэхээр шийдвэрлүүлж 2016 оны 7 дугаар сараас уринш боловсруулах ажлыг сумын газрын даамлаар газраа заалгуулан үйл ажиллагаагаа эхэлсэн болно. Уринш боловсруулалтын үед манай компаний тариалангийн талбай атаршсан хэвээр байсан болно.” гэжээ.
Гуравдагч этгээд “Сэцэд” ХХК шүүхэд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Манай компани газар тариалангийн зориулалтаар Бугат сумын Засаг даргаар захирамжаар олгогдсон хэмжээт газар дээрээ тэжээлийн ургамал тариалах , дөрвөн улирлын хүлэмж, шувууны аж ахуй эрхлэхээр бэлтгэл ажлаа хийж байгаа ба уг газрыг манай компанид хууль бусаар олгосон хэмээн үзэж Бугат сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар танай шүүхэд хандсан нэр бүхий аж ахуйн хувь хүмүүстэй санал нийлэхгүй байгаа тул дээрх газрыг манай компанид эзэмшүүлэхээр захирамж гаргасан Булган аймгийн Бугат сумын Засаг даргын захирамжийг холбогдох хууль журмын дагуу хэвээр үлдээж уг газрыг манай компаний эзэмшилд үлдээж өгөхийг хүсье.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуульд заасан журмын дагуу авагдсан бичмэл нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг хянан үзээд нэхэмжлэгч “Ачлалтсэлэнгэ” ХХК-ийн “Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/109 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/107 дугаар захирамжаар[1] тус сумын нутаг дэвсгэр “Бороодой” гэх газарт “НМШ” ХХК-ийн эзэмшиж байсан газар тариалангийн зориулалт бүхий 471 га газрыг “Ачлалтсэлэнгэ” ХХК-д эрх шилжүүлэн эзэмшүүлснээр нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүсжээ.
“Ачлалтсэлэнгэ” ХХК-д дээр дурдсан нэр бүхий газарт 0208160 дугаартай гэрчилгээгээр 100 га[2], 0208159 дугаартай гэрчилгээгээр 148.8 га, 0208158 дугаартай гэрчилгээгээр 223.06 га[3] нийт 471 га газрыг тариалангийн зориулалтаар 30 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийг олгон, 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ[4] байгуулсан байх ба Бугат сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/109 дүгээр захирамжаар [5] Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 /газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй/, 40.1.6 /хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй/ дахь заалтыг баримтлан, “Ачлалтсэлэнгэ” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.
Үүний дараа Бугат сумын Засаг даргаас “Ачлалтсэлэнгэ” ХХК-ийн эзэмшиж байсан дээрхи 471 га тариалангийн талбайд Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/24 дүгээр захирамжаар[6] 80 га газрыг “Сэцэд” ХХК-д, 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/48 дугаар захирамжаар[7] иргэн Д.Баянбулаг, Ж.Ганзориг, М.Гочоодорж, Ц.Наранбаатар нарт тус бүр 5 га нийт 20 га газрыг, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/139 дүгээр захирамжаар[8] иргэн Г.Баярмаад 20 га, Д.Одхүүд 40 га, С.Лхагвасүрэнд 40 га, нийт 100 га газрыг, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/144 дүгээр захирамжаар [9] “Тамэд-Эрдэнэ” ХХК-д 223 га газрыг, 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/121 дүгээр захирамжаар[10] иргэн Д.Сайнхүүд 2 га, М.Гочоодоржид 4 га газрыг тус тус тариалангийн болон тэжээлийн ургамал тарих зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/109 дүгээр маргаан бүхий захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянаж үзвэл:
1. Нэхэмжлэгч “Ачлалтсэлэнгэ” ХХК-иас гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа ашиглах 2 жилийн хугацаа болоогүй байхад бидний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, мөн тариалалт явуулах машин техник, тоног төхөөрөмж байхгүй, энэ талаар холбогдох байгууллагад хандаж зээл, тусламж, дэмжлэг хүсэж байсан гэсэн нотлох баримтуудыг шүүхэд өгч, энэхүү нөхцөл байдлыг тариалалт явуулаагүйд нөлөөлсөн хүндэтгэн үзэх шалтгааны нэг болсон гэж, хариуцагчаас “Ачлалтсэлэнгэ” ХХК нь газрын төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй, газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй тул компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэсэн тайлбарыг гарган маргаж байна.
Тариалангийн тухай /2004 оны/ хуулийн 1.1-д “энэ хуулийн зорилт нь тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих, тариалангийн газрыг зүй зохистой ашиглах, үржил шимийг нь хамгаалахтай холбогдон иргэн, төр, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино”, 2.1-д “тариалангийн тухай хууль тогтоомж нь ...Газрын тухай хууль...энэ хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж зааснаар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч нь энэ хуульд заасан эрх, үүргээс гадна Газрын тухай хуульд заасан газар эзэмшигч, ашиглагчийн эрх, үүргийг мөн хэрэгжүүлэх үүрэгтэй юм.
Нэхэмжлэгч “Ачлалтсэлэнгэ” ХХК нь газар эзэмших эрх авснаас хойш газрын төлбөрөө гэрээгээр[11] тохирсон 2 дугаар зүйлийн 2.3-т “газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор газар эзэмшүүлэгчийн тоот дансанд шилжүүлж байна”, 3 дугаар зүйлийн 3.5-д “газрын төлбөрийг хугацаанд нь төлөх” үүргээ биелүүлээгүй, хариуцагчаас 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01/317 тоот албан бичгээр[12] ирүүлсэн нэмэлт тайлбартаа “...газрын төлбөр гэж 181800 төгрөг төлсөн...” гэж дурдсан хэдий ч энэ талаарх баримтыг шүүхээс удаа дараа шаардсан боловч ирүүлээгүй, газар эзэмшигч, захиргааны байгууллага хооронд тооцоо нийлсэн акт байхгүй, нэхэмжлэгчээс газрын төлбөрөө төлөөгүй гэх асуудлыг үгүйсгэж нотлоогүй болно.
Харин хэрэгт авагдсан сумын газрын татвар, төлбөр хариуцсан мэргэжилтэн Б.Отгонжаргалаас ирүүлсэн лавлагаагаар[13] нэхэмжлэгч “Ачлалтсэлэнгэ” ХХК нь газрын төлбөрөө төлөөгүй болох нь тогтоогдож байх бөгөөд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-т заасан “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 35.3.3-т “газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх” үүргийг биелүүлээгүй, хууль зөрчсөн байх тул энэ үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хариуцагчийн үйлдэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг зөрчөөгүй байна.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлийг мөн заажээ. Гэтэл “Ачлалтсэлэнгэ” ХХК-д газар эзэмших эрх үүссэнээс хойш 1 жил 8 сарын дараа хариуцагч “2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хэдий ч тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан Тариалангийн тухай /2004 оны/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д “тариалангийн газраа бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг нь 2 хүртэл жил ашиглахгүй өнжөөх бол сум, дүүргийн Засаг даргад албан ёсоор мэдэгдэх”, 17.2.4-д “тариалсан, уриншилсан, өнжөөсөн болон атаршсан газар, хураасан ургацын талаарх мэдээг сум, дүүргийн Засаг даргад жил бүр гаргаж өгөх” үүргийн дагуу нэхэмжлэгч өөрийн эзэмшилд байлгасан 471 га газартаа тариалан эрхэлсэнтэй холбоотой мэдээллийг гарган өгөх, үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Бугат сумын Засаг даргын Тамгын газрын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 03/420 тоот албан бичигт дурьдсан жил бүрийн ургац хураалтын болон уриншийн мэдээгээр[14] мөн Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1/478 тоот албан бичиг [15] зэргээр нотлогдож байна.
Харин маргаан бүхий газарт иргэн Д.Баянбулаг 2014 онд 1.8 га талбайд хүнсний ногоо, 2015 онд иргэн Д.Баянбулаг 4 га талбайд тэжээлийн ургамал, иргэн Ц.Наранбаатар 2,31 га талбайд тэжээлийн ургамал, 2016 онд иргэн Д.Баянбулаг 5 га талбайд, Ц.Наранбаатар 5 га талбайд, Ж.Ганзориг 6 га талбайд, М.Гочоодорж 9 га талбайд тус тус ногоон тэжээл тариалсан болох нь сумын албан ёсны ХАА-6 мэдээ тайланд[16] тусгагджээ.
“Ачлалтсэлэнгэ” ХХК нь Бугат сумын Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/107 дугаар захирамжаар газар эзэмших эрхтэй болсноос хойш 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас зээл авахаар хандсан, газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс хойш Тариалан эрхлэлтийн сангаас 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 274 тоотоор [17] тус компани дэмжлэгт хамрагдахаар, асуудал шийдэгдэх шатандаа явж байгаа талаар мөн 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр дизелийн түлш олгох зээлийн гэрээ, үрийн буудайг зээлээр олгох гэрээг тус тус байгуулж зээлийг төлж байсан баримтаас өөрөөр үйл ажиллагаа явуулаагүй, өөрийн эзэмшил бүхий газраа хашаалаагүй болох нь маргаан бүхий газарт шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогддог.
Өөрөөр хэлбэл “Ачлалтсэлэнгэ” ХХК нь газар эзэмшүүлэх гэрээнд заасан “тариалангийн” зориулалтаар газраа ашиглаагүй, уг үйл баримтад хэргийн оролцогчид маргаагүй, газар эзэмшигчээс “тариалалт явуулах машин техник, тоног төхөөрөмж” гэх мэт зээл, дэмжлэг хүсэхтэй холбоотойгоор “гэрээнд заасан зориулалтын дагуу газраа ашиглах боломжгүй болсон”, өөр бусад “хүндэтгэн үзэх шалтгаан”-ын талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд санал хүсэлт, гомдол гараагүй, тухайн хугацаанд тариалалт хийгээгүй, зориулалтаар ашиглаагүй нь хариуцагчийн буруугаас шалтгаалаагүй байна.
Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-д “хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаан” гэдэгт гэнэтийн давагдашгүй хүчний эсүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт эвдрэл, элэгдэл цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс өөрөөс үл хамаарах шалтгаанаар тариалалт эрхлээгүй байхыг ойлгох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “тариалалт явуулах машин техник, тоног төхөөрөмж байхгүй, зээл, дэмжлэг хүсэх хөрөнгө оруулалтын байдал уг хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй юм.
2. Бугат сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/109 дүгээр “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийг захиргааны байгууллагаас нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нарт утсаар мэдэгдсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “...Бид газрын төлбөрөө төлөх гээд 2013 оны 06 дугаар сард газрын даамал Ж.Ганбаттай утсаар ярьтал “танай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон” гэж хэлэхээр нь мэдсэн, гэхдээ бидэнд албан ёсоор газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамж, бичгийн баримт ирүүлээгүй...” гэх тайлбараар тогтоогддог бөгөөд энэ талаар хариуцагч шийдвэрийг газар эзэмшигчид хүргүүлж, баримтжуулаагүй буруутай үйл ажиллагаа болсон байна.
Гэсэн хэдий ч нэхэмжлэгчээс өөрийн газар эзэмших захирамжийг хүчингүй болгосон асуудлаар дээд шатны албан тушаалтан аймгийн Засаг даргад 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гомдол[18] гаргасан байх ба аймгийн Засаг даргаас 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01/1422 тоот хариуг[19] өгсөн зэргээс үзвэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэсэн мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй юм.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй”, 60 дугаар зүйлийн 60.2-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.3-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж тус тус заажээ.
Мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 6 дугаар зүйлийн 6.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана”, 12 дугаар зүйлийн 12.1.2-т “дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтнаас энэ хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” уг шийдвэрийг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Өөрөөр хэлбэл захиргааны акт нь үйлдэхүй болон эс үйлдэхүйгээр илэрч болох бөгөөд ийм захиргааны акт нь хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна гэж үзсэн этгээд тухайн актыг хүлээн авснаас эсхүл мэдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд хандаж эрхээ хамгаалуулахаар байна. Иймээс нэхэмжлэгч “Ачлалтсэлэнгэ” ХХК нь сумын Засаг даргын газар эзэмших эрхийг сэргээхгүй байгаа эс үйлдэхүй талаар аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өгсөн хариу албан тоотоос хойш 30 хоногийн дотор захиргааны хэргийн шүүхэд гомдлоо гаргах ёстой байсан байна. Нэхэмжлэгчээс сумын болон аймгийн Засаг даргад[20] дахин хандаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан нь “нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй” гэж үзэх үндэслэлгүй.
3. Нэхэмжлэгч “Ачлалтсэлэнгэ” ХХК-иас /100+148.8+223.06 га/ нийт 471 га газрын 100 га газарт нь “Бугат суманд байршилтай тариалангийн зориулалт бүхий нэгж талбарын 18410440682116 дугаар бүхий 100 га газрын кадастрын зураглал гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхэд 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гаргаж, улмаар шүүхээс 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 39 дүгээр захирамжаар[21] хариуцагч, нэхэмжлэгчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Гэвч энэхүү шүүгчийн захирамж гарахаас өмнө газар эзэмшигчийн газар эзэмших эрхийг Бугат сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/109 дүгээр захирамжаар бүхэлд нь хүчингүй болгосон байх тул энэ хүрээнд хэргийг шийдвэрлэв. Түүнчлэн нэхэмжлэгчийн өөрийн газар эзэмших эрхээ сэргээх асуудлаар хуулийн хугацаанд шүүхэд хандаж, эрхээ бүрэн хэрэгжүүлээгүйн улмаас нэхэмжлэгчид олгосон маргаан бүхий газарт хариуцагч Бугат сумын Засаг даргаас иргэн, хуулийн этгээдэд буюу гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлснийг буруутгах үндэслэлгүй байна.
Иймд дээрхи үндэслэлээр “Ачлалтсэлэнгэ” ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд төлөөгүй болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/109 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6, 40.2 дахь заалтыг зөрчөөгүй, хууль зүйн үндэслэлтэй гарсан байна гэж дүгнэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч “Ачлалтсэлэнгэ” ХХК нь 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээнээс үүдэн өөрт хохирол учирсан гэж үзвэл иргэний шүүхээр жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6, 40.3, 60 дугаар зүйлийн 60.2, Тариалангийн тухай хуулийн /2002 оны/ 17 дугаар зүйлийн 17.2.1, 17.2.4 -т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ачлалтсэлэнгэ” ХХК-ийн Булган аймгийн Бугат сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Бугат сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/109 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.1, 45 дугаар зүйлийн 45.1.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн зардал 100800 төгрөгийг нэхэмжлэгч “Ачлалтсэлэнгэ” ХХК-иас гаргуулан Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Нэхэмжлэгч “Ачлалтсэлэнгэ” ХХК нь 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээнээс үүдэн өөрт хохирол учирсан гэж үзвэл иргэний шүүхээр жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.3-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 107 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурах бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БҮРНЭЭ
[1] Хэргийн материалын 73 дахь хуудас
[2] Хэргийн материалын 10 дахь хуудас
[3] Хэргийн материалын 11 дэх хуудас
[4] Хэргийн материалын 78 дахь хуудас
[5] Хэргийн материалын 74 дэх хуудас
[6] Хэргийн материалын 45 дахь хуудас
[7] Хэргийн материалын 120 дахь хуудас
[8] Хэргийн материалын 110 дахь хуудас
[9] Хэргийн материалын 47 дахь хуудас
[10] Хэргийн материалын 127 дахь хуудас
[11] Хэргийн материалын 78 дахь хуудас
[12] Хэргийн материалын 179 дэх хуудас
[13] Хэргийн материалын 247 дахь хуудас
[14] Хэргийн материалын 246 дахь хуудас
[15] Хэргийн материалын II хавтас, 1 дэх хуудас
[16] Хэргийн материалын 150 дахь хуудас
[17] Хэргийн материалын 17 дахь хуудас
[18] Хэргийн материалын 27, 59 дахь хуудас
[19] Хэргийн материалын 57 дахь хуудас
[20] Хэргийн материалын 35, 36 дахь хуудас
[21] Хэргийн материалын 29-30 дахь хуудас