Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2021/0069

 

“Г ө х” ХХК-ийн

нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн

 Баяндалай сумын Засаг даргын

Тамгын газар, ӨМАОНОӨГ/202012008

дугаар “Сумын Эрүүл мэндийн төвийн

 туслах барилга байгууламжийг барих

ажлыг эхлүүлэх” Тендерийн үнэлгээний

хороонд тус тус холбогдох захиргааны

 хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                   Танхимын тэргүүн, шүүгч Ч.Тунгалаг

Шүүгчид:                       Х.Батсүрэн                                                            

                                          Д.Мөнхтуяа

                                          П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:           Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал 

Нэхэмжлэлийн шаардлага: “Өмнөговь аймгийн Баяндалай сумын Засаг даргын Тамгын газраас зарласан ӨМАОНОӨГ/202012008 дугаар Сумын Эрүүл мэндийн төвийн туслах барилга байгууламжийг барих ажлыг эхлүүлэх тендер шалгаруулалтыг үнэлсэн үнэлгээний хорооны хуралдааны шийдвэр, Баяндалай сумын Засаг даргын Тамгын газар болон “Э ц”  ХХК-ийн хооронд байгуулагдсан “Сумын Эрүүл мэндийн төвийн туслах барилга байгууламжийг барих ажлыг эхлүүлэх гэрээг тус тус хүчингүй болгуулах, дахин тендер зарлахыг Баяндалай сумын Засаг даргын Тамгын газарт даалгах     

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 120/ШШ2020/0031 дүгээр шийдвэр,

 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 643 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н, хариуцагч Өмнөговь аймгийн Баяндалай сумын Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн төлөөлөгч Х.Э нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 120/ШШ2020/0031 дүгээр шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4.1, 20.4.2, 20.5, 30 дугаар зүйлийн 30.1.1, 30.4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г ө х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Өмнөговь аймгийн Баяндалай сумын Засаг даргын Тамгын газраас зарласан ӨМАОНОӨГ/202012008 дугаар “Сумын Эрүүл мэндийн төвийн туслах барилга байгууламжийг барих ажлыг эхлүүлэх” тендер шалгаруулалтыг үнэлсэн үнэлгээний хорооны хуралдааны шийдвэр, Баяндалай сумын Засаг даргын Тамгын газар болон “Э ц”  ХХК-ийн хооронд байгуулагдсан “Сумын Эрүүл мэндийн төвийн туслах барилга байгууламжийг барих ажлыг эхлүүлэх” гэрээг тус тус хүчингүй болгож, дахин тендер зарлахыг Баяндалай сумын Засаг даргын Тамгын газарт даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 643 дугаар магадлалаар: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 31 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 27 дугаар зүйлийн 27.4, 29 дүгээр зүйлийн 29.1-д заасныг тус тус баримтлан “Г ө х” ХХК-иас Өмнөговь аймгийн Баяндалай сумын Засаг даргын Тамгын газрын дарга, ӨМАОНОӨГ/20201208 дугаар “Сумын Эрүүл мэндийн төвийн туслах барилга байгууламжийг барих ажлыг эхлүүлэх” тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан Өмнөговь аймгийн Баяндалай сумын Засаг даргын Тамгын газраас зарласан ӨМАОНОӨГ/202012008 дугаар “Сумын Эрүүл мэндийн төвийн туслах барилга байгууламжийг барих ажлыг эхлүүлэх” тендер шалгаруулалтыг үнэлсэн үнэлгээний хорооны хуралдааны шийдвэр, Баяндалай сумын Засаг даргын Тамгын газар болон “Э ц”  ХХК-ийн хооронд байгуулагдсан Сумын Эрүүл мэндийн төвийн туслах барилга байгууламжийг барих ажлыг эхлүүлэх гэрээг тус тус хүчингүй болгож, дахин тендер зарлахыг Баяндалай сумын Засаг даргын Тамгын газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд “Э ц”  ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасан.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 643 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. “Г ө х” ХХК нь “Баяндалай сумын Эрүүл мэндийн төвийн туслах барилга байгууламжийг барих ажлыг эхлүүлэх” ӨМАОНОӨГ/202012008 дугаартай тендер сонгон шалгаруулалттай холбогдуулан гомдол гаргасныг Сангийн яам хянаад захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-т зааснаар зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардсан шийдвэр гаргасан.

4. “Г ө х” ХХК нь тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан шалгуурыг хангаагүй буюу 2019 онд байгуулагдсан бөгөөд гэрээ хэрэгжүүлэх ажлын туршлагагүй байсан, түүнчлэн “Э ц”  ХХК нь маргаан бүхий тендерийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан шалгуурыг хангаагүй болох нь Сангийн яамны 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн гомдол хянасан тухай албан бичгээр тогтоогддог. Өөрөөр хэлбэл, тендер шалгаруулалтад оролцсон компаниуд тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан шалгуурыг хангаагүй байсан. Харин захиалагч дахин тендер шалгаруулалт явуулалгүйгээр, шалгуур хангаагүй оролцогч хоёр компанийн ирүүлсэн материалыг дахин үнэлж Сангийн яамны шалгуур хангаагүй гэж дүгнэсэн “Э ц”  ХХК-ийг шалгаруулсан.

5. Гэтэл давж заалдах шатны шүүх “Г ө х” ХХК тендер шалгаруулалтад тэнцэх боломж байхгүй, тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин зарласнаар нэхэмжлэгч этгээд тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан шалгуурыг хангаж, тендерт шалгарах бодит нөхцөл байдал үүсэхээргүй буюу маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй” гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн нь магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Угтаа захиалагч Сангийн яамны шийдвэрлэсний дагуу дахин тендер шалгаруулалт явуулснаар “Г ө х” ХХК нь шалгуур хангахуйц компанитай хамтран түншлэлийн гэрээ байгуулан дахин тендер шалгаруулалтад оролцох зэрэг хуулиар нээлттэй байгаа боломжуудыг шүүхийн шийдвэрээр хязгаарласан дүгнэлт хийсэн нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

6. Манай компанийг үнэлгээний хорооны тендерээс татгалзсан шийдвэртэй холбоотой асуудлаар маргаагүй байхад давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгч “Г ө х” ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр үүсгэн байгуулагдсан тул ...тендерийн шаардлагад нийцээгүй гэж үзэн захиалагч уг тендерээс татгалзсан үнэлгээний хорооны шийдвэр үндэслэл бүхий байна” гэж дүгнэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т зааснаар хэргийг шийдвэрлэж, маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан хяналтын журмаар гомдол гаргах үндэслэлийг бий болгож байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

8. Нэхэмжлэгч “Г ө х” ХХК нь маргаан бүхий тендерийг хууль бус, хүчингүй болгуулна гэж маргахдаа тус компанийг “тендерийн шаардлагад нийцээгүй” гэсэн үндэслэлээр татгалзсан үнэлгээний хорооны шийдвэртэй маргаагүй, харин “гуравдагч этгээд “Э ц”  ХХК-ийг шаардлага хангаагүй байхад шалгаруулсан нь хууль бус, тендер хүчингүй болсноор нэхэмжлэгчийн хувьд шалгуур хангахуйц компанитай түншлэлийн гэрээ байгуулан дахин тендер шалгаруулалтад оролцох боломжтой болно” гэж өөрийн зөрчигдсөн гэх /шаардах/ эрхээ тодорхойлсон байна.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ, нэгдүгээрт, үнэлгээний хороо 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хуралдан Сангийн яамнаас шаардлага хангаагүй гэж дүгнэгдсэн “Э ц”  ХХК-ийг дахин шалгаруулсан нь хууль бус; хоёрдугаарт, тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 2.1-д тендерийн баталгааны үнийн дүн нь санал болгож буй үнийн дүнгийн 2 хувь байхаар заасан, гэтэл “Э ц”  ХХК-ийн ирүүлсэн 3,000,000 төгрөгийн тендерийн баталгаа нь санал болгож буй үнийн дүн болох 423,541,216 төгрөгийн 2 хувьд хүрэхгүй байгаа нь ил тодорхой байхад тус компанийг шалгаруулсан нь хууль бус” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

10. Тодруулбал, Монгол Улсын Сангийн яамны 2020 оны 6-1/5223 дугаар “Гомдол хянасан тухай” албан бичигт “...худалдан авах ажиллагааны цахим системд тендер шалгаруулалтын нийт төсөвт өртөг 150,000,000 төгрөг байхад захиалагч тендерийн баримт бичигт 424,913,056 төгрөг гэж зөрүүтэй тусгасан байх тул санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгох шаардлагатай байна. Иймд тус тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан захиалагчийн шийдвэрүүдийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтын дагуу хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад үндэслэн мэдэгдье...” гэжээ.

11. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-т “зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах” гэж заасан ба энэ нь агуулгын хувьд зөрчлийг арилган тендер шалгаруулалтыг дахин зарлах, эсхүл үнэлгээг дахин хийх хувилбарын аль алиныг нь агуулах боломжтой ба дээрх албан бичгийн хувьд “санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгож, үнэлгээг дахин хийх”-ийг мэдэгдсэн байна.

12. Сангийн яамны уг мэдэгдлийн дагуу хариуцагч 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр үнэлгээг дахин хийсэн бөгөөд тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 2.1-д Төсөвт өртөг: 424,913,056, үүнээс 2020 онд санхүүжих нь 150,000,000 төгрөг гэж, ӨМАОНӨГ/202001208 тендерийн урилгад “нийт төсөвт өртөг 150,000,000 төгрөг, тухайн онд санхүүжигдэх төсөвт өртөг 150,000,000 төгрөг, Тендерийн хамт 3,000,000 төгрөг ирүүлнэ” гэж тодорхой заасан, үүний дагуу тендерийн баталгаа ирүүлсэн /мөн бусад шаардлагыг хангасан/ гуравдагч этгээдийг шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бус гэж үзэхгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Иймд энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 3-5-д заасан “дахин тендер шалгаруулалт явуулалгүйгээр, шалгуур хангаагүй хоёр компанийн материалыг дахин үнэлж, Сангийн яамнаас шалгуур хангаагүй гэж дүгнэсэн “Э ц”  ХХК-ийг шалгаруулсан байхад давж заалдах шатны шүүх үндэслэлгүй шийдвэр гаргаж манай компанийн дахин тендерт оролцох эрхийг хязгаарласан...” гэсэн утгатай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.    

13. Түүнчлэн, “манай компанийг үнэлгээний хорооны тендерээс татгалзсан шийдвэртэй холбоотой асуудлаар маргаагүй байхад давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-ийг хэрэглэсэн нь буруу” /Тодорхойлох хэсгийн 6/ гэх гомдлын тухайд, захиргааны хэргийн шүүхийн үндсэн зорилт нь хууль бус актын улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших ба энэ тохиолдолд нэхэмжлэгч өөрийг нь тендерээс хассан үнэлгээний хорооны шийдвэртэй маргахгүй байгаа нь тухайн тендерийг хүчингүй болгохыг шаардах эрх байгаа эсэхэд дүгнэлт өгөхөд ач холбогдолтой, иймд энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

14. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.       

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 643 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН, ШҮҮГЧ                                         Ч.ТУНГАЛАГ      

         ШҮҮГЧИД                                                                              Х.БАТСҮРЭН

                                                                                                          Д.МӨНХТУЯА

                                                                                                                  П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                        Г.БАНЗРАГЧ