Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 17

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн

улсын яллагч Б.Батнасан

шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Эад холбогдох эрүүгийн 1805059591237 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Д.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 11-ний орой Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хороолол 4 дүгээр байрны 183 тоот гэртээ хамтран амьдрагч С.Эыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтанд би мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн тул шүүхэд хэргийн талаар мэдүүлэх зүйлгүй. Тэр өдөр эхнэр Э бид хоёр мөнгөний асуудлаас болж маргалдахад миний эцэг, эхийн нэрийг хэрүүлд оролцуулж элдвээр хэлээд байснаас шалтгаалж энэ асуудал болсон. Би хэрэгтний ширээний ард сууж байгаадаа харамсаж гэмшиж байна. Дахин ийм асуудал гаргахгүй байх тал дээр хичээж ажиллана гэв.

 

 

 

Хавтаст хэргээс:

Хохирогч С.Э мөрдөн байцаалтанд: 2018 оны 11 дүгээр сарын 10-ны орой 20 цаг 30 минутын үед би гэртээ 3 хүүхдийн хамт байж байтал нөхөр Э гаднаас ажлаа тараад орж ирсэн. Тэгээд бид хоёр мөнгөнөөс болоод маргалдсан хүнд лизингийн мөнгө өгдөг тэрийгээ хүнд нь бэлнээр нь 1 сая төгрөг өгчихсөн гэхээр нь би нөгөө хүнийх нь эхнэрийн утас руу залгаад мөнгө өгсөн эсэхийг асуухад мөнгө өгөөгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би худлаа ярилаа гэж бид хоёр хоорондоо маргалдсан тэгээд би бага 10 сартай хүүгээ тэврээд зогсож байтал миний баруун гарын бугалга руу гараараа 3-4 удаа хүчтэй цохиод авсан. Архи уухаараа агсам согтуу тавиад хэл амаар доромжилж дарамталдаг байсан Согтуугаар машин тэргээ бариад явчихдаг асуудал зөндөө болж байсан. Намайг жирэмсэн байхад хүртэл шөнөжин агсам тавьж байсан. /хх-ийн 7/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13729 дугаартай дүгнэлтэд: С.Э биед баруун гарын бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. /хх-ийн 16/ гэсэн дүгнэлт,

 

Сэжигтнээр Д.Э мөрдөн байцаалтанд: Би эхнэр Этай 2013 оноос хойш хамт амьдарч байгаа 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр би ажлаа тараад 20 цаг өнгөрөөгөөд Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны хороолол 4-183 тоотод байрлах гэртээ ирсэн бөгөөд гэрт эхнэр Э, том хүү Итгэлтөгс, Цэгцтүшиг, Хантүшиг нар байсан. Тэгээд гэрт ороод би эхнэрт хандан ...яагаад утсаа авахгүй байсан юм гэсэн чинь өөдөөс авмааргүй санагдаад гэснээ чи хүнд шилжүүлнэ гэсэн мөнгөө шилжүүлээгүй байна гээд тэрнээс болж маргалдсан. Тэр үед би тайлбарлах гэсэн чинь Э чи ээждээ өгчихөө биз луйварчин ээждээ өгөө биз гээд байхаар нь уурлаад баруун гарын булчин мөр орчим нэг удаа гараараа цохичихоод гэрээс гараад явсан. /хх-ийн 20/

Аюулгын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 23/

 

Шүүгдэгч Д.Эын хувийн байдалтайгаар холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 21/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа/хх-ийн 25/, бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 45/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 46/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 48,49/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

 

                                                                                              

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 11-ний орой Баянгол дүүргийн Нарны хороололын 4 дүгээр байрны 183 тоот гэртээ хамтран амьдрагч С.Эыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч С.Эын“...миний баруун гарын бугалга руу гараараа 3-4 удаа хүчтэй цохиод авсан...”/хх-ийн 7/ гэсэн түүний мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13729 дугаартай дүгнэлт /хх-ийн 16/,  аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 23/  зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хуулиар хүлээгээгүй Д.Э “...уурлаад баруун гарын булчин мөр орчим нэг удаа гараараа цохичихоод гэрээс гараад явсан...” /хх-ийн 20/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдож байх тул шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Д.Э, С.Э нар хамтран амьдардаг байх бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч...тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” нэгэн адил хамаарахаар зохицуулсан байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн онцлог нь бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийлэл гэсэн хэлбэртэй байх бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд...“хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл” ...гэж заасан байна.

 

Улсын яллагчаас Д.Эыг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Өөрөөр хэлбэл Прокуророос Д.Эад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан  байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Д.Эыг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Д.Э гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Э гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “бид сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Д.Эад танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  гэж үзнэ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Эад мэдэгдсүгэй.

 

4. Д.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ