| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2019/00003/Э |
| Дугаар | 00002 |
| Огноо | 2018-12-26 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 00002
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Э.Гантулга
Хохирогч В.МЭ
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Х.Туул
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа нарыг оролцуулан хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Э.Б-д холбогдох 1832002240162 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 2001 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 17 нас, 06 сартай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ээж, хойд эцгийн хамт амьдрах, *тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Монгол овогт Энхбаярын Б. /РД:*/
Өсвөр насны шүүгдэгч Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Жонон дагдан данзанлан хийдийн хашаанд байрлах монгол гэрт нэвтэрч иргэн Т.Мсы LG-F200 маркийн гар утас хулгайлж 90000 төгрөгийн, иргэн В.МЭийн Самсунг S-7 маркийн гар утас хулгайлж 400000 төгрөгийн, нийт 490000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Бын өгсөн ......... 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос Мандал суманд ирээд Мөнхзул, Алтангэрэл гэдэг ах, эгч хоёртой таарахад дэлгүүр орж 0.5 граммын Хараа архи авч хувааж уусан. Тэгээд би гэр лүүгээ харих замдаа Нарны өртөөгийн урд байдаг хийдийн хашааг давж ороход хашаан дотор нь 2 монгол гэр байсан. Баруун талын гэр лүү нь ороход нэг ах согтуу унтаж байсан. Гэр дотор 0.75 граммын Хараа архи, кола ундаа байсан. Гэрт шалан дээр 2 ширхэг утас байхаар нь аваад гарсан. Тэгээд гарч яваад Цэндээ гэдэг айлд очиж хоносон. Маргааш өглөө нь Жб эмээгийнд очоод Самсунг эс-7 маркийн гар утсыг нь эмээд үлдээгээд LG маркийн гар утсыг нь авч явсан. Би Бүрэн цэнгэл харуул хамгаалалтын албанд ажилд ороод явсан. Тэгээд ажил дээр байхдаа эмээ рүү утасдаж утсаа асуухад алга болсон байна лээ гэж хэлсэн. LG маркийн гар утсыг нь хохирогчид хүлээлгэж өгсөн гэх мэдүүлэг
Хохирогч В.МЭийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ....... 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал суманд Улаанбаатар хотоос ирсэн. Тэгээд Жонон дагдан данзанлан хийдэд ажиллах болсон. 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө 2 ширхэг гар утас хулгайд алдсан. Нэг гар утсыг нь хохирогчид нь буцааж өгсөн. Одоо миний Самсунг эс-7 маркийн гар утасны хохирлыг төлөөгүй байгаа. Би 400000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэх мэдүүлэг
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Х.Туулын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ..... Э.Б бол миний бага хүү юм. Тэр үед би Улаанбаатар хотод орцны жижүүр хийж байсан юм. Жб миний хүүг дуудаад Бүрэнцэнгэл харуул хамгаалалтын албанд ажилд оруулахаар боллоо гэж хэлсэн. Хүү маань Мандал суманд ирээд хулгайн хэрэг үйлдсэн байна. Хойд аав нь болох Бямбаагийн хамт би араас нь ирсэн. Хохирлыг нь төлж барагдуулна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Т.Мсы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ......... Би Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Жонон дагдан данзанлан хийдэд лам ажилтай юм. 2018 оны 07 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө хийдийнхээ хашаан доторх байшинд унтаж амарч байсан. Харин хийдийн хашаан дторх гэр дотор цэнэглээд орхисон LG маркийн гар утас тухайн шөнө алдагдсан байсан. Тухайн гэр дотор манай лам В.МЭ унтаж амарч байсан юм. Ямар нэгэн сэжигтэй ул мөр үзэгдээгүй, хэн авсныг мэдэхгүй байсан юм. Би тухайн гар утсыг 100000 төгрөгөөр худалдаж авсан. Хар өнгийн шилэн дэлгэцтэй цагаан өнгийн гадартай гар утас байсан юм... Би гар утсаа хүлээн авлаа нэхэмжлэх шаардлагагүй гэх мэдүүлэг /Хх-н 14-15 дугаар хуудас/
Гэрч Т.Жбгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Би настай хүн болохоор цаг хугацааг нь санахгүй байна. Ямар ч байсан Э.Б энэ оны зун Бүрэнцэнгэл хамгаалалтын албанд ажилд орохоор болж манай гадаа тухайн хамгаалалтын албаны унаа ирээд авч явах болсон ба Э.Б явах үедээ эмээ энэ гар утас манай найзын утас байгаа юм би хэрэглэж байсан юм та аваад далд хийчихээрэй гэж хэлээд орон дээр утас үлдээхээр нь асдаг юм уу энэ утас чинь гэж асуухад би дэлгэцийг нь кодолчихсон юмаа код хийж байж асдаг юм гэж хэлээд гараад явсан. Би түүнийг гаргаж өгчихөөд буцаж орж ирээд гар утсыг нь үзэхэд хар өнгийн шилэн нүүртэй хавтгай гар утас байсан. Би утасны марк дугаарыг нь мэдэхгүй ээ дэлгэцэн дээр нь хуруугаараа дараад үзсэн чинь асахгүй байсан. Тэгээд тэр үед утсыг нь гэртээ нэг газарт ил тавьчихсан байсан ба зуны цагт манайхаар байнга хүмүүс орж гардаг болохоор нэг нь авсан юм уу яасан юм мэдэхгүй байна алга болчихсон байсан гэх мэдүүлэг /Хх-н 21 дүгээр хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 06-09 дүгээр хуудас/
Самсунг маркийн G-7 гар утсыг хохирогч Д.Нцд хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 13-14 дүгээр хуудас/
Самсунг эс-7 маркийн гар утсыг 400000 төгрөгөөр, LG маркийн гар утсыг 90000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /Хх-н 28 дугаар хуудас/
Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 42 дугаар хуудас/
Э.Бын төрсний бүртгэлийн лавлагаа /Хх-н 45 дугаар хуудас/
Э.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 51 дүгээр хуудас/ зэрэг болно.
Өсвөр насны шүүгдэгч Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Жонон дагдан данзанлан хийдийн хашаанд байрлах монгол гэрт нэвтэрч иргэн Т.Мсы LG-F200 маркийн гар утас хулгайлж 90000 төгрөгийн, иргэн В.МЭийн Самсунг S-7 маркийн гар утас хулгайлж 400000 төгрөгийн, нийт 490000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Быг бусдын хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуулийн дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, хууль сануулсан, хууль зөрчөөгүй байх тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Э.Б нь бусдын хөрөнгийг хулгайлахдаа нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн байх ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Бад ял оногдуулахдаа шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хуульд заасан доод хэмжээний хорих ялыг оногдуулах, мөн оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ..... Шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно .... гэж заажээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Э.Бад хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хойшлуулж, уг хойшлуулсан хугацаанд үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Б нь 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 06 сарын хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэл тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шийдвэр гаргахыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Хохирогч Т.Мс нь эд зүйлээ бүрэн хүлээн авсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Харин шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Х.Туулаас 400000 төгрөгийг гаргуулж хохирогч В.МЭд олгох үндэслэлтэй байна
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад шүүх хуралдаанаас
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Шүүгдэгч Монгол овогт Энхбаярын Быг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Быг 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Бад оногдуулсан 02 жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Бад 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 06 сарын хугацаагаар хойшлуулж уг хойшлуулсан хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Э.Бад 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шүүхээс тогтоосон 06 сарын хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэл тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шийдвэр гаргахыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Бад тогтоосон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Бын хууль ёсны төлөөлөгч Х.Туулаас 400000 төгрөгийг гаргуулж хохирогч Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Тээвэрчдийн 2 дугаар байрны 1-10 тоотод оршин суух, Буурал овогт Васивын МЭд /РД:*/ олгосугай.
9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Бад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.