Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 33

 

                        

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ад холбогдох 1806 07413 2108 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1993 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Бридж” группт туслах ажилтан, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүүгийн хамт  Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Хужирбулан 11-476 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, Б овогт Бын А /РД: /,

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.А нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Билгүүн, М.Намуун нарыг цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Агийн өгсөн: “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Билгүүнийн өгсөн: “... 2018 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр 03 цагийн үед би өөрийн найз болох М.Намууны хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Натурын дунд замын дагуу байрлах Голомт банкны хажуугаар гэр лүүгээ харих гээд явж байтал Намуун бид 2-ын урдаас үл таних 3 залуу гарч ирээд тэдний хамгийн эхэнд явж байсан нэг залуу нь шууд над дээр хүрч ирээд миний баруун нүдэн тус газар гараараа нэг удаа цохисон. Тэгээд би тэр залууд цохиулаад газар унаад босож ирээд тэр залууд хандан чи яагаад намайг цохиж байгаа юм бэ гэж хэлтэл тэр залуу намайг зодох гэж дайраад намайг заамдаж аваад газар унагаад хөлөөрөө өшиглөж зодсон. Тэгээд тухайн үед намайг тэр залууд зодуулж байхад миний найз болох Намуун тэр залууд хандан чи хүн аллаа шүү дээ гэж хэлтэл тэр залуу шууд Намууны нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.25-28/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Намуунын өгсөн: “... 2018 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр 03 цагийн үед би өөрийн найз болох Б.Билгүүнтэй хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Натурын дунд зам дагуу явж байтал бидний урдаас үл таних 3 залуу гарч ирээд тэр 3 залуугийн урд нь явж байсан нэг залуу шууд Билгүүн бид хоёр дээр ирж Билгүүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон. Тэгээд Билгүүн тэр залууд цохиулаад газар унахад тэр залуу Билгүүний дээрээс хөлөөрөө өшиглөж зодоод байсан. Тэгэхлээр нь би тэр залууд хандан чи болиочээ хүн аллаа шүү дээ гэж хэлээд би тэр залуугийн араас нь татахад тэр залуу эргэж хараад шууд миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.29-32/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 10931 дугаартай: “... Б.Билгүүний биед баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун хөмсөг, баруун хацрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо...дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх.15/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 10932 дугаартай “... М.Намууны биед баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын цус хуралт, дух, цох. хамрын угийн зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Намууны өгсөн: “... надад гомдол санал байхгүй, учирсан хохиролоо нөхөн барагдуулж авсан” гэх хүсэлт /хх.40/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Билгүүнийн өгсөн:  “... надад гомдол санал байхгүй. Өөрт учирсан хохиролоо барагдуулж авсан” гэх хүсэлт /х.х41/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Агийн яллагдагчаар өгсөн: “... би нилээн согтуу байсан би караокенээс гарч ирээд машин зам гараад явж байтал явган хүний зам дээр миний өөдөөс 2 эрэгтэй, 1 эмэгтэй ирж байхаар нь би тэдний хамгийн эхэнд явж байсан нэг залууг нь замаас холдооч гэж хэлээд түүний хэвлий хэсэгт нэг удаа өшиглөж унагасан. Тэгээд тэр залуу надад өшиглүүлээд газар унасан залууг дээрээс нь түүний нуруу хэсэгт 2-3 удаа өшиглөж зодсон. Тэр үед хамт явж байсан эмэгтэй миний хойноос татаад байхаар нь эргэж хараад гараа саваад түлхэхэд тэр эмэгтэйгийн нүүрэн тус газар нь цохигдсон. Тэгтэл миний найз болох Анир намайг тэвэрч аваад тэр залуугаас салгасан...” гэх мэдүүлэг /хх.45-46/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.А нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Билгүүн, М.Намуун нарыг цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Билгүүнийн өгсөн: “... нэг залуу нь шууд над дээр хүрж ирээд миний баруун нүдэн тус газар гараараа нэг удаа цохисон... тэр залуу намайг зодох гэж дайраад намайг заамдаж аваад газар унагаад хөлөөрөө өшиглөж зодсон. Тэгээд тухайн үед намайг тэр залууд зодуулж байхад миний найз болох Намуун тэр залууд хандан чи хүн аллаашдээ гэж хэлтэл тэр залуу шууд Намууны нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.25-28/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Намуунын өгсөн: “... нэг залуу шууд Билгүүн бид хоёр дээр Билгүүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон. Тэгээд Билгүүн тэр залууд цохиулаад газар унахад тэр залуу Билгүүний дээрээс хөлөөрөө өшиглөж зодоод байсан. Тэгэхлээр нь би тэр залууд хандан чи болиочээ хүн аллаа шүү дээ гэж хэлээд би тэр залуугийн араас нь татахад тэр залуу эргэж хараад шууд миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.29-32/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 10931 дугаартай “... Б.Билгүүний биед баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун хөмсөг, баруун хацрын зулгаралт гэмтэл тогтоогдпоо... гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.15/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 10932 дугаартай “... М.Намууны биед баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын цус хуралт, дух, цох. хамрын угийн зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо... гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Агийн яллагдагчаар өгсөн: “... нэг залууг нь замаас холдооч гэж хэлээд түүний хэвлий хэсэгт нэг удаа өшиглөж унагасан. Тэгээд тэр залуу надад өшиглүүлээд газар унасан залууг дээрээс нь түүний нуруу хэсэгт 2-3 удаа өшиглөж зодсон. Тэр үед хамт явж байсан эмэгтэй миний хойноос татаад байхаар нь эргэж хараад гараа саваад түлхэхэд тэр эмэгтэйгийн нүүрэн тус газар нь цохигдсон...” гэх мэдүүлэг /хх.45-46/,

Шүүгдэгч Б.Агийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Б.Агийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Хохирогч М.Намуун, Б.Билгүүн нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир Б.Аг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Б.А нь “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Агийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Б.Ад эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Ад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Энэ хэрэгт Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Бын Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Ад сануулсугай.

5. Хохирогч М.Намуун, Б.Билгүүн нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, энэ хэрэгт Б.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

  ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР