Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 207/ма2023/00020

 

 2023          03             09                                  207/МА2023/00020

 

 

Д.Гын нэхэмжлэлтэй,

хариуцагч Х.Дт холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, Б.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 142/ШШ2023/00077 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.Гын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.Дт холбогдох,

“150.000.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, Нарийн бичгийн дарга Н.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Гын шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, агуулга:

Миний танил болох Ганбат овогтой Г.Э 2020 оны 06 дугаар сард надад хоёулаа нийлж Д/регистрийн дугаар: 3183785/ гэх нэртэй компани худалдаж авъя маш их ашигтай үнэ өртөг хямдхан үйлдвэр байна гэдэг саналыг тавьсан. Ингээд бид Орхон аймагт хамт очиж Д ХХК-ийн захирал Д гэх хүнтэй уулзаж үйлдвэртэй очиж танилцаад уг компанийг нь тоног төхөөрөмжүүд, машин механизм, газар, үл хөрөнгөнүүдийнх нь хамт нийт 300 000 000 /гурван зуун сая/ төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцсон. Төлбөрийг нь Г.Э бид хоёр тэнцүү 2 хувааж төлөхөөр болоод би өөрийн 150 000 000 /нэг зуун тавин сая/ төгрөгийг энхэр Т.Бын Хин дахь 5685073563 дугаартай данснаас 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 100 000 000 /нэг зуун сая/ төгрөгийг, мөн данснаас нь 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 50 000 000 /тавин сая/ төгрөгийг ДДБТ ХХК-ийн захирал гэх Дын эзэмшлийн Хин дахь 5092044976 дугаартай дансанд тус тус шилжүүлж төлбөрөө төлсөн. Харин Г.Э надад мөнгө байхгүй байна. Та надад зээлээч гэж гуйхаар нь би хүнээс 5%-ийн хүүтэй 150 000 000 сая төгрөгийг зээлж Г.Эд өгсөн. Тэр мөнгийг Г.Э нь Дт өгсөн эсэхийг бол би сайн мэдэхгүй байна. Тэгээд Ковид-19 цар тахал гайгүй болоод юмаа шилжүүлж авъя гэхэд эхлээд за гэж байснаа сүүлдээ Г.Э, Д нар нь миний утсыг авахаа больж хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон. Тэгээд би сандраад ДХХК-ийг хэний нэр дээр байгааг шалгахад уг компани нь одоо Г.Эын нэр дээр шилжсэн байна. Хариуцагч Д нь надаас 150 000 000 /нэг зуун тавин сая/ төгрөгийг дансаар шилжүүлэн авсан атлаа ДХХК-ийн 100%-ийн хувьцааг иргэн Г.Эд шилжүүлэн өгсөн байх тул хариуцагч Даас 150 000 000 /нэг зуун тавин сая/ төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907 950 /есэн зуун долоон мянга есэн зуун тавь/ төгрөгийг гаргуулж өгнө үү ” гэжээ.

Хариуцагч Х.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...өөрийн компаниа бусдад зарах санаатай байх үед иргэн Г.Э нь худалдан авах санал гаргасан. 2020.04 сард Г.Этай анх уулзсан,  компанийг 300 000 000 төгрөгөөр зарах санал гаргасан. Г.Э нь 2022.06.05-ны өдөр ирж уулзаад мөнгө бэлэн болсон, одоо наймаагаа хийе гэсэн. Мөнгөө шилжүүлэхдээ Ш.Г.Э нь миний данснаас өдөрт 100 000 000 төгрөг гарах боломжтой байна, өөр хүний данснаас үлдэгдэл мөнгийг шилжүүлж өгье гээд дагуулж ирсэн эмэгтэйн данснаасаа мөнгийг шилжүүлсэн. Мөн 100 000 000 төгрөгнөөс илүү өдөрт мөнгө гарахгүй юм байна гээд маргааш нь үлдэгдлийг шилжүүлсэн. Бид ажлаа шууд орхиод компанийнхаа үйл ажиллагааг хүлээлгэн өгсөн. Үүнээс хойш компанийн бичиг баримтыг шилжүүлэх гэтэл компанийн үйл ажиллагаанд хамааралтай тусгай зөвшөөрлийн эрхийг сунгаж өгөөд, нэрээ шилжүүлэхээр талууд тохиролцсон байсан учир тусгай зөвшөөрлийн эрх 3 жилээр сунгагдсны дараа компанийг Г.Эын нэр дээр 2022.01.14-ний өдөр шилжүүлэн өгсөн. Энэ хугацаанд нэхэмжлэгч Д.Г уг компанийг хамтран худалдан авч байгаа тухайгаа надад хэлээгүй, мөнгө шилжүүлсэн гэх эмэгтэй хүртэл би энэ компанийг худалдан авч байгаа гэж хэлээгүй. Бид наймаагаа хийгээд компанийхаа үйл ажиллагааг Г.Эд хүлээлгэн өгөхөд тухайн эмэгтэй хажууд, мөн нэхэмжлэгч ирсэн байсан. Биднийг буцахад нэхэмжлэгчид 100 м.куб ажлын зөвшөөрлийг хийж өгөөрэй, энэ хүмүүс энд үлдэж ажиллах юм аа гэж Г.Э хэлсэн учир Д.Г гэх хүний нэр дээр 100 мкуб модны ажил хийх зөвшөөрлийг авч өгөөд буцсан. Үүнээс хойш тухайн хүмүүстэй огт харьцаагүй. Гэтэл 2021 оны намар нэхэмжлэгч Д.Г надруу залгаад Г.Э миний мөнгийг өгөхгүй байна, чамруу шилжүүлсэн мөнгө минийх байсан, хэрвээ Г.Э мөнгийг өгөхгүй бол чамаас авна гэсэн. Ийм яриа болоход хүртэл компанийг хамтран худалдан авсан гэж хэлээгүй. Мөнгө өгөхгүй байна гэдгийг сонсоод Г.Этай холбогдоход танд хамаагүй, бид хоёрын хооронд мөнгө өгч авах тооцооны маргаан үүссэн юм, би өөрөө учраа олно, тань руу яахаараа ярьдаг юм гээд гайхаад байсан. Харин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болохоор манай компанийг хамтарч худалдан авсан мэт бичжээ. Мөн надад шилжүүлсэн мөнгөө Г.Эд 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн гэжээ. Энэ бүгдийг би мэдэхгүй яриа байх тул Г.Эыг гуравдагч этгээдээр оролцуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 205 дугаар зүйлийн 205.1. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Даас 150 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Год олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

   Нэхэмжлэгч Д.Гын нэхэмжлэлтэй хариуцагч Х.Дт холбогдох иргэний хэрэгт Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхээс зохигчдын маргааныг Иргэний хуулийн 243 -р зүйлийн 243.1.-д зааснаар худалдах худалдан авах гэрээгээр худалдагчид биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, мөн хуулийн 122-р зүйлийн 122.2-т зааснаар Эрх буюу шаардах эрх эзэмшигч нь уул эрхийг эзэмшиж байсан хэмжээгээр өөр этгээдийн өмчлөлд шилжүүлж болно гэж зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж заажээ. Гэтэл компанийг худалдах худалдан авахаар Х.Дтай тохиролцсон эсэх, тохиролцсон бол хэлцэл хийгдсэн эсэх нотлох баримтгүй байхад үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Хариуцагч Д.Г тухайн компанийн 50 хувийг худалдах, худалдан авах талаар мөнгө шилжүүлсэн гэх нэхэмжпэгчийн тайлбарыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй ба нэхэмжлэгч хариуцагчтай худалдах худалдан авах гэрээ хийхээр тохиролцоогүй буюу Г.Э, Д.Г нар хоорондоо тохиролцон хариуцагчийн эд хөрөнгийг худалдан авахаар тохиролцсон талаар хэрэгт гэрч Г.Эын мэдүүлгэн баримтыг судлахдаа үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Учир нь Х.Д хоёр буюу түүнээс дээш этгээдэд компаниа худалдах хүсэл сонирхолтой байсан гэх үйл баримт хэрэгт авагдаагүй. Х.Д 2 этгээдэд компанийн хувьцааг хоёр хувааж шилжүүлэн өгөх үүрэгтэй байсан гэх баримт хэрэгт авагдаагүй .Х.Даас ДДБТ ХХК-ийг Г.Э худалдан авсны дараа Д.Г нь тухайн компанийн үйл ажиллагааг эрхлэн, ашиг орлого олж байсан тухай Т.Б гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан. Өөрөөр хэлбэл Х.Д нь худалдах, худалдан авах гэрээний дагуу өөрийн хувьцааг болон компанийн үйл ажиллагаа эд хөрөнгийг бүрэн шилжүүлэн өгснийг гэрчүүд нотолсон бөгөөд энэхүү үйл баримтад Иргэний хуулийн 205 -р зүйлийн 205.1, 227-р зүйлийн 227.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Гэрээнээс татгалзсан гэж шүүх үзэхдээ Иргэний хуулийн 204-р зүйлийг 1, 2 заалтыг анхаараагүй байна. Д.Г нь худалдах худалдан авах гэрээг нэхэмжпэгчтэй байгуулах хүсэлтэй байсан эсэх талаар, 50 хувийн хувьцааг эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх талаар хариуцагчид мэдэгдээгүй болон нэхэмжлэгч тал худалдах, худалдан авах гэрээний нэг тал гэж үзэж байсан бол уг гэрээнээс татгалзсан тухай хариуцагчид огт мэдэгдээгүй бөгөөд Д.Г нь Г.Эд компанийн эзэмших эрхэд нэрээ оруулахаас татгалзаж байгаагаа мэдэгдэж, банкнаас мөнгө гаргаад өг гэсний дагуу тухайн компанийг барьцаалан Д.Год 100 000 000 төгрөгийг шилжүүлсэн тухай Г.Э гэрчийн мэдүүлэг болон мөнгө шилжүүлэн өгсөн талаарх дансны хуулга зэрэг баримт хэрэгт авагдсан ба хариуцагчийн хөрөнгийг, нэхэмжлэгч Д.Г нь Г.Этай тохиролцож, банкинд барьцаалсан болох нь гэрч Г.Эын мэдүүлгэн баримтаар хэрэгт авагдсан байхад Иргэний хуулийн 205-р зүйлийн 205.1-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06 ны өдрийн 142/ШШ2023/00077 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                           ХЯНАВАЛ :

           1.Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оын гаргасан “...нэхэмжпэгчийн тайлбарыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй,  нэхэмжлэгч хариуцагчтай худалдах худалдан авах гэрээ хийхээр тохиролцоогүй, Х.Д хоёр буюу түүнээс дээш этгээдэд компаниа худалдах хүсэл сонирхолтой байсан гэх үйл баримт хэрэгт авагдаагүй, компанийн хувьцааг хоёр хувааж шилжүүлэн өгөх үүрэгтэй байсан гэх баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж, холбогдох хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх давж заалдсан гомдолд хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь  хянан шийдвэрлэв.

          2.Нэхэмжлэгч Д.Г  шүүхэд “...150.000.000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагч Х.Д “...Мөн надад шилжүүлсэн мөнгөө Г.Эд 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн гэжээ. Энэ бүгдийг би мэдэхгүй яриа байх тул Г.Эыг гуравдагч этгээдээр оролцуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна” гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.

          3.Нэхэмжлэгч Д.Г хариуцагч Х.Дын  Хны  5685073563 дугаартай дансанд 100.000.000 төгрөг, 50.000.000 төгрөг бэлэн бусаар 2021 оны 6 дугаар сарын 5, 6-ны өдөр шилжүүлсэн, “ДДБТ” ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Г.Эын нэр дээр шилжүүлсэн, тус компанийг хариуцагч нийт 300.000.000 төгрөгөөр үнэлж худалдсан талаар талууд маргаагүй, харин уг компанийг анх Д.Г хамтарч худалдаж авсан эсэх талаар маргажээ.  

           4.Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Х.Д-т мөнгө бэлэн бусаар шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр  “e g” гэж тодорхой зааж бичсэн, мөнгө шилжүүлсний дараа тэрээр нэхэмжлэгчийн нэр дээр 100 м/куб мод бэлтгэх зөвшөөрөл олгогдсон байх тул түүнийг Г.Этай хамтарч байсан гэдгийг хариуцагч мэдсэн гэж үзэхээр байна.

           5.Түүнчлэн гэрч Г.Э шүүхэд “...компанийг Д.Г бид 2 хамт худалдаж авсан, 100 куб метр төгрөгний гоожин аваад ажиллаад сарын дараа миний хийдэг ажил биш байна гээд явлаа гээд явсан, хамтарч компани байгуулахаа болилоо гэдгээ хэлсэн, би бичиг баримтаа өөр дээрээ шилжүүлж авсан...” гэсэн мэдүүлэг өгсөн байна.

           6. Дээрх байдлаас үзэхэд нэхэмжлэгч Д.Г нь Г.Этай хамтарч тус компанийн эрхийг шилжүүлэн авах гэрээнээс татгалзсан болох нь тогтоогдож байх тул хариуцагч Х.Д гэрээний дагуу авсан 150.000.000 төгрөгийг буцааж өгөх үүрэгтэй ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасантай нийцсэн байна.

            7. Шүүх хэрэгт авагдсан баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй байна.

            8. Иймд хариуцагч Х.Дын шүүхэд гаргасан “...шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэх давж заалдсан гомдлын үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж  шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 142/ШШ2023/00077 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 907.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.   

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.Б

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Д.А

                                                  ШҮҮГЧ                                  Б.О