Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 79

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн,

улсын яллагч Н.Ням-Очир

шүүгдэгч М.Х, түүний өмгөөлөгч Б.Бямба-Оюун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Х-д холбогдох эрүүгийн 1805002991110 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

М.Х нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барс-2 худалдааны төвийн хашаанд С.Етай марган зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.Х шүүхийн хэлэлцүүлэгт: Е бид хоёр харилцан зодолдсон.  Би гомдол гаргаагүй. Ед учирсан гэмтлийг би учруулсан. Би хүлээн зөвшөөрч байгаа. Би мөрдөн байцаагчийн дуудсан үед цагдаа дээр очиж байсан гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч С.Е шүүхийн хэлэлцүүлэгт: 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 15 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барс-2 захын хашаан дотор байрлах автобусны зогсоол дээрээс ачаа ачихаар очоод “Султан карго” ХХК-ний эзэмшлийн 49-02 УБЗ улсын дугаартай Волво маркийн машинаа байрлуулах гэж байтал намайг “Цэнгэл Транс” ХХК-ний автобусны жолооч Х “яагаад автобусны зогсоолд машинаа тавьж байгаан пизда наахуу” гээд муу муухай үгээр хэлээд байсан. Би тоохгүй машинаа байрлуултал намайг хүрээд ир гээд дуудаад байсан. Яваад очтол үгийн зөрүүгүй зүүн талын нүдний хэсэгт болон хамар орчимд 3-4 удаа гараа цохисон. Зүүн  талын хөмсөг сэтрээд 2-3 оёдол тавиулсан. Мөн нүд хөхөрч, хамар хугарсан байна гэсэн. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн байгаа. /хх-ийн 13/ гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 239 дугаартай: С.Ен биед зүүн  хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 15/ гэсэн дүгнэлт,

Гэрчээр Х.Армон мөрдөн байцаалтанд: 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн орчим Барс 2 захын хашаанд орон нутагаас хүн тээвэрлэж ирээд автобусаа байрлуулаад зогсож байтал уг зогсоол дээр М.Х машинаа байрлуулах гээд ухарч байсан чинь Е ирээд өөрийнхөө машиныг уг байрлалд нь оруулаад тавьчихсан. Тэгтэл Х машинаасаа бууж ирээд би уг газарт машинаа тавих гэж байсан гэж хэлтэл би машинаа тавьсан гээд Е тэр хоёр маргалдаж хэрэлдсэн. Тэгээд тэр хоёр заамдалцаж барилцаж аваад Х Егийн нүүрэн тус газар нэг удаа цохисон. Е мөн эргүүлээд цохисон. /хх-ийн 19/ гэх мэдүүлэг,

Сэжигтнээр М.Х мөрдөн байцаалтанд: 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгаас бид хоёр  ирсэн байсан ба Барс-2 захын хашаан дотор хүн тээвэрлэдэг автобусаа байрлуулах гэж байгаад хоорондоо маргалдаад улмаар би Егийн зүүн талын нүд рүү нь гараараа нэг удаа цохьсон. Ингээд би шүүх эмнэлэгийн дүгнэлтэд бичигдсэн гэмтлийг учруулсан. Уг үйлдэл нь миний буруу. Ед би хохиролын мөнгө болох эмчилгээний зардалд 140.000 төгрөг болон таксины зардалд 60.000 төгрөг нийт 200.000 төгрөг барагдуулсан. /хх-ийн 24/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор:

М.Хын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 46/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 48/,  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 54/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 55/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 58/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 57/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 28/, жолоочийн мэдээлэл лавлагаа /хх-ийн 29/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 30/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/ зэрэг болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

М.Х нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барс-2 худалдааны төвийн хашаанд С.Етай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь

хохирогч С.Ен”...яваад очтол үгийн зөрүүгүй зүүн талын нүдний хэсэгт болон хамар орчимд 3-4 удаа гараа цохисон. Зүүн  талын хөмсөг сэтрээд 2-3 оёдол тавиулсан...” /хх-ийн 13/, гэрч Х.Армоны”...тэр хоёр заамдалцаж барилцаж аваад Х Егийн нүүрэн тус газар нэг удаа цохисон. Е мөн эргүүлээд цохисон...” /хх-ийн 19/  гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 239 дугаартай дүгнэлт /хх-ийн 15/, зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Түүнчлэн эдгээр бичгийн нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүргийг хуулиар хүлээгээгүй М.Хын мөрдөн байцаалтын явцад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”...хоорондоо маргалдаад улмаар би Егийн зүүн талын нүд рүү нь гараараа нэг удаа цохисон. /хх-ийн 24/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.

 

Хяналтын прокуророос М.Хад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч М.Хыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас М.Хыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хохирогч С.Егаас хохиролтой холбогдох баримт хэрэгт хавсаргаагүй байх тул М.Хыг бусдад төлөх төлбөргүйд тооцож шийдвэрлэлээ.  

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх, шүүгдэгч М.Хыг гэм буруутайд тооцсон ба эрүүгийн  хариуцлага  оногдуулахад даарах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Прокуророос шүүгдэгч М.Хад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх ба уг хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч М.Х нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид ...зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн”

мөн хуулийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно”...гэж тус тус зааснаар шүүгдэгч М.Хад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх  хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2 дугаар зүйлийн 1,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

  1. Ботараха шаку овогт Муратын Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос М.Хыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. М.Х цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш тогтоолыг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Хэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                  

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ДАЙРИЙЖАВ