Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 207/МА2023/00021

 

 2023           03            13                                  207/МА2023/00021

 

 

ЦХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч М.Жд холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, шүүгч С.У, Б.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2023/00101 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ЦХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Жд холбогдох,

“Зээлийн гэрээний үүрэгт 376.000.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, Нарийн бичгийн дарга Н.Отгонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ЦХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, агуулга:

М.Ж "Ц" барьцаалан зээлдүүлэх газраас 2016 оны 07 дугаар сарын 09-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хооронд 7 удаагийн зээлийн гэрээгээр нийт 208.000.000 сая төгрөгийг хоёр жил хүртэл хугацаатай, сарын 6%-ийн хүүтэйгээр зээлдэж авахдаа зээлийн гэрээгээ бичгээр байгуулсан. Бид хуульд нийцүүлэн зээлийн гэрээнүүдээ 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр дүгнэж дараах тохиролцоонд хүрсэн. Үүнд: 1. М.Ж 2016 оны 07 дугаар сарын 09-өөс 2018 оны 07 дугаар сарын 09-ны өдрийг хүртлэх хугацаанд сарын 6%-ийн хүүтэй зээлдэж авсан 64.000.000 сая төгрөгөөсөө үндсэн зээлд төлсөн 20.000.000 сая төгрөгөө хасаж 44.000.000 сая төгрөгийн үндсэн зээл үлдсэн. Нийт үндсэн зээл 208.000.000 сая төгрөгөөс төлсөн 20.000.000 сая төгрөгөө хасаж 188.000.000 сая төгрөгийн үндсэн зээл үлдсэн болохоо тохиролцсон. 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртлэх хугацаанд зээлийн гэрээнүүдийнхээ хүүг тооцож 332.000.000 сая төгрөг дээр тохироод 2019 оны 02 дугаар сарын 11-нд төлсөн 30.0 сая төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 22-нд төлсөн 20.000.000 сая төгрөг, 2019 оны 10 дугаар сард 20.000.000 сая төгрөг, нийт 70.000.000 сая төгрөгийг хасаж үлдэх 262.000.000 сая төгрөгийг 2020 ондоо багтаж тооцоо дуусгахаар тохиролцсон. Хоёр талын гэрээ дүгнэсэн тохиролцоондоо хүрээгүй учир зээлдэгч М.Жаас үндсэн төлбөрийн төлөгдөөгүй үнийн дүнгийн 50%-иас хэтрэхгүйгээр алданги тооцож шаардах эрхтэй учир үндсэн зээлийн үлдэгдэл 188.000.000 сая төгрөгийн 50% болох 94.000.000 сая төгрөгийг нэмж шаардах болно. Энэ талаар хоёр тал гэрээ дүгнэхдээ тохиролцсон байсан. Зээлдэгч М.Ж зээл авсан цагаасаа хойш үндсэн зээлээс 20.000.000 сая төгрөг хасаж зээлийн хүүд 50.000.000 сая төгрөг төлсөн гэдгээ илэрхийлж гэрээгээ дүгнэхдээ баталгаажуулсан. Хоёр тал зээлийн үндсэн төлбөр болон төлөх хүүгийн талаар маргадаггүй бөгөөд хоёр талын гэрээгээ 2019 оны 09 дүгээр сарын 24-ний тооцоо нийлж төлөх төлбөрөө тохирсоноор үндсэн зээл, зээлийн хүүгийн талаар маргаан байхгүй гэж үзээд зөвхөн зээлдэгчийн төлсөн төлбөр өөрийнхөө авах тооцоогоо бичлээ. М.Жаас үндсэн зээлийн үлдэгдэл 188.000.000 сая төгрөг, хоёр талын тохиролцсон зээлийн хүүд 144.000.000 сая төгрөг, алданги 94.000.000 сая төгрөг нийт 376.000.000 сая төгрөгийг гаргуулан авахаар шаардлага гаргаж байна. Иймд М.Жаас үндсэн зээлд 188.000.000 сая төгрөг, зээлийн хүүд 144.000.000 сая, алданги 94.000.000 сая төгрөг нийт 376.000.000 сая төгрөгийг гаргуулан ЦХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт олгохоор шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч М.Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие М.Ж нь ЦХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. И.Баас хэд хэдэн гэрээгээр зээл авсан нь үнэн. Анх 2016 оны 07 дугаар сарын 09-ны өдөр 64.000.000 төгрөгийн зээлийг 3 сарын хугацаатай аваад уг зээлээ бусдад өгөөд алдсан ба уг асуудлаар шүүхэд хандаж шийдвэр гаргуулсан боловч тухайн этгээд маш их хэмжээний зээлтэй гэсэн учир гүйцэтгэх ажиллагаа удааширч байна. Тухайн зээлийг авахдаа сарын 6 хувь тооцно гэж авсан. Энэхүү хугацаанаас хойш 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 35.000.000 төгрөгийг мөн 3 сарын хугацаатай хүүгүйгээр авсан. 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 6.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй авсан. Дараа нь 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 3.000.000 төгрөгийг 1 сарын 6 хувийн хүүтэй зээлсэн. 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 30.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 6 хувийн хүүтэйгээр авсан нь үнэн. 2017 оны 10 дугаар сарын 20-нд 40.000.000 төгрөгийг 3 сарын хугацаагаар 6 хувийн хүүтэй зээлсэн. Хамгийн сүүлд 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 30.000.000 төгрөг 6 сарын хугацаатайгаар 6 хувийн хүүтэй зээлсэн. Энэхүү гэрээнүүдээс 93.000.000 /ерэн гурван сая/ төгрөгийг буцаан өгсөн. Анхны зээл болох 64.000.000 төгрөгөөс 20.000.000 төгрөгийг өгсөн байж байгаад, дараагийн зээл 35 000 000 төгрөгийг авсан. 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 3.000.000 төгрөгийг тэр даруй бэлнээр Сэлэнгэ рестораны хажууд машин дотор нь өгсөн. Бусад мөнгийг удаасан нь үнэн. Ингэж байж байгаад 2021 оны 02 дугаар сарын 11-нд 30.000.000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 22-нд 20.000.000 төгрөг өгсөн. Гэхдээ 2019 оны 10 дугаар сарын 08 сард 20000.000 төгрөгийг өгсөн. Нийт 93.000.000 төгрөг өгсөн. Энэ үед 2019 оны 10 дугаар сард 20.000.000 өгөхийн өмнө гэрээг дүгнэнэ гэж надад хэд хэдэн гэрээний загварт гарын үсэг зуруулсан. Энэхүү гэрээг тухайн өдөр надаар гарын үсэг зуруулахдаа өмнө хийсэн бүх гэрээ алга болсон гэж байсан. Гэрээний хувь надад өмнө ч тэр сүүлд зуруулахдаа ч өгч байгаагүй. Одоо үндсэн зээл 11.000.000 төгрөгийг төлөх нь үнэн. Мөн зээлийн хүү төлөхөөр гэрээ байгуулсан боловч намайг төлж чадахгүй байгаа байдлыг харгалзан зээлийн хүүгээ авахаа больсноо 2021 оны 02 сард мэдэгдсэн. Үүнээс өмнө би түүнээс авсан зээлээ төлж чадахгүй байсан учир хүссэн бичигт гарын үсэг зурж өгч байсан. Хэд хэдэн удаа зээл тооцсон бичигт гарын үсэг зуруулж авсан боловч сүүлдээ үндсэн зээлээсээ хэтэрсэн дүнгээр тооцож бичиг хийлгэж авч байсан учир зээлээ төлж дийлэхгүй байгаагаа хэлсний дараа олон жил боллоо, одоо үндсэн зээлээ төлчих, тэгээд хоёр тийшээ салья, зээлийн хүү авахаа больё гэхээр 50.000.000 төгрөгийг банкнаас зээл авч төлсөн. Анхны зээлийн гэрээний зээлийн хүү 11.520.000 төгрөг, 2017 оны 05 сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний зээлийн хүү 360.000 төгрөг, 2017 оны 05 сарын 16-ны өдрийн 3.000.000 төгрөгийн зээлийн хүүг бодож авна гэж тооцсон учир 180 000 төгрөг, 2017 оны 08 сарын 03-ны зээлийн гэрээний дагуу зээлийн хүү 5.400.000 төгрөг, 2017 оны 10 сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлийн хүү 7.200.000 төгрөг, 2017 оны 2 сарын 22-ны зээлийн гэрээний дагуу зээлийн хүү 10.800.000 төгрөг, нийт 35.460.000 төгрөгийн зээлийн хүү төлөх байсан. Гэтэл 2019 оны 09 сарын 24-ний өдөр гэрээнүүдэд гарын үсэг зуруулсны дараа 332.000.000 төгрөгийн тооцоо гарлаа гэж гарын үсэг зуруулсан. Түүнээс хойш би 70.000.000 төгрөг өгөөд, тооцоо хийсэн ба 332.000.000 төгрөгөөс хассан тооцоонд гарын үсэг зуруулахаар нь үнэхээр хүнд байна, би төлж чадахгүй байна, ковидын хүнд жилд үндсэн зээлээ аваад тооцоогоо дуусгаж болохгүй юм уу олон жил үргэлжилж байна, хил хаалттай байна, ажил бүрэн зогссон, төлбөрийн чадваргүй байна гэж хэлэхэд үндсэн зээлээ төлөөд дуусгая гэж хэлсэн. Гэтэл одоо нэхэмжлэл гаргахдаа маш их хэмжээний зээлийн хүү, алданги нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Алданги тооцно гэж огт ярьж байгаагүй, бид ч тохиролцож байгаагүй. Мөн намайг үндсэн зээлээсээ төлөөгүй мэт нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.2. дахь хэсэгт заасныг баримтлан М.Жаас 376.000.000 төгрөг гаргуулах Ц ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.037.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн өдрийн 142/ШШ2023/00101 дугаартай шийдвэрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Тухайн үед хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлөөлөгч Х.О нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа болохоо хэд хэдэн үндэслэлээр тайлбарласан. Үүнд:1-рт: Зээлийн гэрээнүүдийн хоёр дээр гарын үсэг зурсан болохоо хариуцагч М.Ж сая хэргийн материалтай танилцаад хэллээ. Бусад гэрээнүүд дээр гарын үсэг зураагүй түүний өмнөөс дууриалгаж зурсан байна: 2-рт: М.Ж "Ц" нэртэй барыдаалан зээлдүүлэх газраас огт мөнгө аваагүй иргэн И.Баас мөнгө авсан гэсэн тайлбарыг гаргасан. Хариуцагчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарыг сонсоод нэхэмжлэгч талаас ИХШХШТХ-ийн 105-р зүйлд заасан дараах хүсэлтүүдийг гаргасан: А/Шүүх хуралдааныг хойшлуулж хариуцагч гэрээнүүд дээр гарын үсэг зурсан эсэх, гэрээнүүдийн ард тооцоо нийлсэн бичвэрүүд хариуцагч М.Жых мөн эсэхийг Шүүх шинжилгээний байгууллагаар тогтоолгохыг хүссэн. Б/Хариуцагч М.Ж анх зээл авахыг хүсэхдээ ч зээлийн гэрээнүүдээ дүгнэхдээ ч "Ц" барьцаалан зээлдүүлэх газраас зээл авч байсан тухай өөрийн гараар бичсэн байдаг учир хуулийн этгээдийнхээ нэрээр нэхэмжлэл гаргасан тухайгаа тайлбарлаад нэхэмжлэгчээ И.Баар солих тухай саналыг гаргасан болов ч шүүх огт сонсоогүй мэт хурлаа цааш үргэлжлүүлж шийдвэрээ гаргасан. Шийдвэрээ танилцуулчихаад нэхэмжлэгчийн төлөөлөгч хүсэлтээ гаргах цагтаа гаргаагүй учир хүсэлт гаргасанд тооцохгүй гэлээ. Шүүх хүсэлтийг маань хүлээж аваагүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчлөө гэж үзэж байна. "Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй зээлдэгч М.Жд хариуцагдах зээлийн төлбөр гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэх явцад ИХШХШТХ-ийн 105-р зүйлийн 105.1-д заасан “Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүх даруй шийдвэрлэнэгэжээ. Мөн хуулийн 105-р зүйлийн 105.2-т: “Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар,нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно” гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардаж аваад төлөөлөгчийнх нь хурал дээр гаргасан тайлбарыг гаргаж байгаагүй бөгөөд зээлийн гэрээнүүд дээр гарын үсэг зураагүй өөрийнх нь гарын үсгийг дууриалгаж зурсан байна гэсэн тайлбарыг өгч байгаагүй бөгөөд гэрээнүүдийг нэг цаг хугацаанд бичсэн гэж тайлбарлаж шинжээчийн дүгнэлт гаргуулж байсан. Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн явцад хариуцагчийн төлөөлөгч Х.О 115.000.000 төгрөг төлнө гэж тайлбарлаж байсан. Нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж тайлбарлаж байсан ч мөн 115.000.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг мөн өгч байсан ч шүүх мөн л дүгнэлт хийсэнгүй. Хэргийн оролцогчид шүүх хуралдааны аль ч үед хүсэлт гаргах эрхтэй болохыг хууль тогтоогчид хуульчилаад өгчихсөн байхад юуны учир хүсэлтээ гаргах ёстой үедээ гаргаагүй гэсэн дүгнэлтийг хийнэ вэ? Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2023/00101 дугаар шийдвэртэй хэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд нь буцааж өгнө үү гэжээ.

 

                                                           ХЯНАВАЛ :

         1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нгийн гаргасан “...хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү“ гэх давж заалдах гомдлын үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэв.

         2. Нэхэмжлэгч ЦХХК-ний захирал И.Б шүүхэд “...зээлийн гэрээний үүрэгт 376.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч М.Ж “...нийт 208.000.000 төгрөгийн зээл авсан нь үнэн, зээлийн төлбөрт-93.000.000 төгрөг төлсөн, одоо үндсэн зээл-115.000.000 төгрөг төлнө...” гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.

         3.Шүүх хариуцагч М.Жаас 376.000.000 төгрөг гаргуулах тухай ЦХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

          4.Нэхэмжлэгч Ц ХХК-нь нэг гишүүнтэй, хадгаламж, зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй ба тэрээр хариуцагчид удаа дараагийн үйлдлээр мөнгө зээлдүүлсэн байна.   

          5.Хариуцагч Жы бичсэн “...үлдэгдэл 188.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй ЦХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газраас авсан бөгөөд гүйцэтгэлийн ажлын төлбөр он дамнан төлөгдөөгүйн улмаас төлж чадах боломжгүй тул хүүгийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү“ гэх хүсэлт болон хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан зээлийн харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

         6.Хариуцагч Ж нь зээлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан үндсэн зээл-208.000.000 төгрөгнөөс 20.000.000 төгрөг төлж, үндсэн зээл-188.000.000 төгрөг, зээлийн хүүг  сарын 6 хувиар тооцож-144.000.000 төгрөг  тус тус төлөхөөр 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр  харилцан тохиролцсон үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

          7.Хэдийгээр нэхэмжлэгч тал алданги-94.000.000 төгрөг  гаргуулахаар  нэхэмжилсэн боловч Давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд  Банк, зээлийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдийн олгосон зээлийн харилцаа үүссэн гэж дүгнэж байгаа тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д  “...зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй” гэж зааснаар хариуцагчаас алданги гаргуулах үндэслэл байхгүй болно.

         8.Хариуцагч М.Ж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 26 дугаар зүйлийн 26.3-д заасны дагуу шүүх хариуцагчийн  зөвшөөрсөн хэмжээнд дүгнэлт хийх  үүрэгтэй.

          9.Хэрэгт авагдсан баримтуудаас харахад талууд удаа дараа зээлийн төлбөрийн талаар тооцоо нийлсэн байх ба хариуцагч М.Жы өөрийнх нь хүлээн зөвшөөрсөн  зээлийн гэрээний үүрэгт төлөх нийт  332.000.000 төгрөгнөөс 2019 оны 10 сарын 8-нд, 2020 оны 2 сарын 11, 22-ны өдөр  төлсөн нийт 70.000.000 төгрөгийг  хасч,  хариуцагчаас үндсэн зээл-188.000.000 төгрөг, зээлийн хүү-74.000.000 төгрөг нийт 262.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

         10.Хариуцагч М.Ж талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд зурсан гарын үсгийг өөрийн гарын үсэг биш гэж маргаагүй, шүүх тус компанийг нэхэмжлэгч гэж тодорхойлж заасан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тус компанийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байх тул анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нгийн гаргасан “...гарын үсгийн бичилтэнд шинжээч томилуулах, нэхэмжлэгч солих“ тухай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүй нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй.

         11.Иймд Давж заалдах шатны шүүх хуульд заасан эрх хэмжээний хүрээнд  анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нгийн гаргасан   давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2023/00101 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.2. дахь хэсэгт заасныг баримтлан М.Жаас 376.000.000 төгрөг гаргуулах ЦХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.2.-д зааснаар хариуцагч М.Жаас зээлийн төлбөрт 262.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЦХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 114.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтанд “...2.037.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэсний дараа хариуцагч М.Жаас 1.467.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЦХХК-д олгосугай” гэж нэмж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 2.037.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Б.Б

       ШҮҮГЧИД                                            С.У

Б.О