Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 00004

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ  аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн  шүүгч Б.Хэрлэн даргалж, ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг, шүүгч Ж.Эрдэнэбат тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Э.Гантулга

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.Оц, түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн 

Иргэний хариуцагч Д.Дд

Иргэдийн төлөөлөгч Ц.Батцэцэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оц нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн М.Мад холбогдох 201718020151 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1996 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын цахилгаанчин, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдрах, * тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, сүрьеэгийн 90 хувийн группэд байдаг, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Олхонууд овогт Мөнхбаярын Ма.   /РД:*/

 

Шүүгдэгч М.Ма нь 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 12 цагийн орчимд иргэн Д.Ддын эзэмшлийн Хонда пит загварын 48-82 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин Сэлэнгэ аймаг Мандал сумын 4 дүгээр баг, Хэрх тосгоны төв засмал замд 07 настай М.Тбыг засмал зам хөндлөн гарч явахад нь мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Мын өгсөн ……  Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.Оцийн өгсөн …… Миний хувьд маш их гомдолтой байна. Ломбарданд 9845000 төгрөг, оршуулгын зардалд 7404000 төгрөг, нэг жилийн ойд 448500 төгрөг, өмгөөлөгчид 2 сая төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 13, 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр болсон давж заалдах шатны хуралд очсон зардалд 265700 төгрөг, хүү маань нийгмийн халамж гэж сард 225000 төгрөг авдаг байсан үүнийг 16 нас хүртэл авах ёстой гэж үзэж 24300000 төгрөг, үүн дээр 19963200 төгрөгийг нэмээд 44263200 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн 26 эр ямааны үнэ 3120000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдөр авчирсан 16 эр хонины үнэ 2400000 төгрөг, энэ хоёр нийлээд 5520000 төгрөг болж байна. Дарь эх дацан хийдэд зул өргөсөн 15000 төгрөг, бүгд нийлээд 49783200 төгрөг болж байгааг нэхэмжилж байна. Шүүгдэгчийн талаас 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр өгсөн 2310000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн 1330000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн 770000 төгрөг, нийт 4410000 төгрөгийг хасч тооцоод 45383200 төгрөгийг нэхэмжилж байна. Хохирол төлбөр барагдуулаагүй байхад тэнсэж байгааг нь зөвшөөрөхгүй гэх мэдүүлэг

Иргэний хариуцагч Д.Ддын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ..... Надад бол хохирогчийн нэхэмжлээд байгаа мөнгө нь давхцаад байна гэж ойлгогдож байна. Миний хувьд бол тухайн үед юу хэрэгтэй гэсэн бүгдийг авч өгч хариуцаж байсан. Хүний гар дээр тавьж өгөх юмыг хүртэл бид өгсөн. Нөхөр бид хоёр хоёулаа тэтгэврийн зээлтэй. Хүү М.Ма маань өвчтэй. Иймд миний хувьд нэхэмжилж байгаа 45383200 төгрөгийг төлөхгүй гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

М.Мын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар байцаагдахдаа өгсөн ........ Би 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 12 цагийн үед Хэрх тосгоны соёлын төвийн ойролцоо найзтайгаа уулзчихаад Хонда пит маркийн 48-82 УНР улсын дугаартай автомашиныг жолоодож хөдлөөд хойшоо гэр лүүгээ Дэнжийн цагаан худгийн хажуугийн бетонон замаар явж төв асфальтан зам руу нийлэх гэж байхад цаана замын эсрэг талд А хэлбэрийн шингийн  модны ойролцоо бага насны 3 хүүхэд шуудай барьчихсан чулуу түүгээд явж байгаа харагдсан. Би хөдөлгөөнөө үргэлжлүүлээд явж байхад замын эсрэг талд байсан хүүхдүүдийн нэг нь зам дээгүүр өнхөрч хийссэн гялгар уут юм уу юу юм мэдэхгүй нэг юмны араас хөөгөөд гэнэт явж байсан эгнээ рүү ороод ирсэн. Би яг тэр үед сигналдаад тоормос гишгэсэн боловч тэр хүүхэд машины зүүн урд хэсэгт мөргүүлэхэд би сандрахдаа хаазлаад тэр хүүхдийн дээгүүр нь машин дайраард гарчихсан. Тэгээд хэсэгхэн яваад зогссон гэх мэдүүлэг /1 дүгээр Хх-н 108-109 дүгээр хуудас

Хохирогч Н.Оцийн мөрдөн байцаалтад өгсөн ...... Миний хүү М.Тб 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 12:00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4-р баг“ Дэнжийн цагаан худаг”-ийн ойролцоо төв зам дээр авто машинд дайрагдаж гэмтэн ухаангүй байдалтайгаар Улаанбаатар хотын Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд хүргэгдэн эрчимт эмчилгээний тасагт 5 хоног хэвтэн эмчлүүлж байх явцдаа 2017 оны 06 дугаар сарын 12-ны орой 20 цаг 45 минутанд нас барсан юм. Осол болох үед би Мандал сумын төвд ажилтай явж байсан. Миний хүү эмээ Нчийнхээ хашааны гадаа хүүхдүүдтэй хамт тоглож байсан юм байна лээ. Нөхөр бид хоёр болон эмээ, эгч нар нь хүүгээ эмнэлэгт сахиж байсан юм. Миний хүү М.Тб 2010 оны 02 сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлэгт төрсөн. Хэвийн өсөж торниж байх явцдаа буюу 01 нас 05 сартай байх үед менингет өвчнөөр өвдөж үүний улмаас ярих, сонсох чадваргүй болсон байсан. Гэхдээ ойр зуурын юм ярьж эхэлж байсан. Сургуульд орох нас нь болоогүй байсан бөгөөд цэцэрлэгт явдаг байсан юм. Сэтгэцийн хувьд бол эрүүл сэргэлэн зан чанартай хүүхэд байсан юм.... Оршуулганд гарсан зардлын баримтыг цуглуулсан байгаа. Нэгтгэж бүрэн цуглуулж тооцоод хэрэгт хавсаргуулна. Холбогдогч талын ар гэрийнхнээс эмчилгээ, оршуулгын үед шаардагдах эм тариа, бусад зүйлийг авч өгч туслалцаа үзүүлсэн. Гэвч миний хувьд гомдолтой байна. Зүв зүгээр байсан сайхан хүүгээ алдлаа гэх мэдүүлэг /Хх-н 20 дугаар хуудас/

Гэрч Г.Нчийн мөрдөн байцаалтад өгсөн ...... Би тухайн өдөр тампарынхаа шалны модыг хүргэн МЭээр ховхлуулаад шороогоор дүүргүүлээд байж байсан. Тухайн үед боолт чангалах түлхүүр хэрэгтэй болоод хажуу айлаас түлхүүр гуйж аваад хэрэглэчихээд буцааж өгөөд гарч иртэл МЭийн 11 настай охин Оюун-эрдэнэ “эмээ, зам дээр Тб машинд дайруулчихсан” гээд уйлаад гүйж ирсэн. Би хашаанаас гараад харахад зээ хүү Тб төв зам дээр хэвтэж байгаа харагдахаар нь гүйгээд очсон. Намайг очиход М.Тб ухаангүй байдалтай байсан, дайрсан гэх улаан өнгөтэй машины жолооч залуу ойролцоо газарт зогсож байсан. Ингээд би Цагдаагийн байгууллагад болсон ослын талаар мэдээлэл өгсөн юм. Уг нь хүүхдүүд хашаан дотор л тоглоод явцгааж байдаг юм. Тухайн өдөр яагаад ч юм хашааны гадаа гарчихсан байж. Би ч гэрийн ажилдаа сатаараад тэр болгоныг анхаарч чадаагүй. Мэдээж замын ойролцоо явсныг нь мэдсэн бол би хориглолгүй яахав гэх мэдүүлэг /1 дүгээр Хх-н 55 дугаар хуудас/

Насанд хүрээгүй гэрч М.Одийн мөрдөн байцаалтад өгсөн ..... Би тухайн өдөр эмээ Нчийн хашааны ойролцоо талийгаач болсон М.Тб, түүний дүү М.Төгсбаяр нарын хамт хөөцөлдөж тоглож байсан юм. /нүдэнднулимсцийлэгнэв/ М.Тб хажуугаар өнгөрдөг хар замыг хөндлөн гарахаар зам дээр гүйж явтал улаан өнгийн машин дээд талаас нь хурднаараа ирээд Тбыг дайраад дээгүүр гарчихсан. Тэгээд тэр дайрсан машин зогсоод жолооч нь гарч ирээд “та нар дүү, мүүгээ харахад яасан юм бэ” гэж намайг загнасан. Тб зам дээр хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Би хурдан гүйгээд эмээгийнд очиж тэнд байсан аав МЭэдээ “аав дүү Тб машинд дайруулчихлаа” гэж хэлсэн. Аав гэрээс гүйж гараад зам руу явсан. Аавтай хамт байсан эгч Оюун-эрдэнэ эмээгийн утас рууз алгаж дүүг машинд дайруулсан гэж хэлсэн. Ингээд аав МЭэ, Тб дүү дээр очихоор гүйгээд явсан ба араас нь бас эмээ Нч явсан. Би дахиж очоогүй. Бид гурав А үсгэн хэлбэртэй шонгийн модны яг хажууд ойрхон тоглож байсан. /хэргийн газрын үзлэгийн гэрэл зураг үзүүлэхэд А үсгэн хэлбэртэй шонгийн модны яг урд нь ойрхон байсан гэв/.Зам ойрхон байсан. Тб зам хөндлөн гарахаар гүйхээр нь би араас нь гүйх гэсэн чинь Тбыг машин мөргөчихсөн юм. Яг яах гээд зам хөндлөн гарахаар гүйснийг нь мэдэхгүй байна гэх мэдүүлэг /1 дүгээр Хх-н 56 дугаар хуудас/

Гэрч М.МЭийн мөрдөн байцаалтад өгсөн ...... Миний дүү М.Ма 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр манай ээжийн эзэмшилд байдаг Хонда-фит маркийн 48-82 УНР улсын дугаартай автомашиныг Хэрх тосгоны Дэнжийн хэсгийн төв зам дээр жолоодож яваад бага настай М.Тбыг дайрч осол гаргаж, уг ослын улмаас М.Тб гэмтэж Улаанбаатар хотод Гэмтэл Согог Судлалын Үндэсний хүрээлэнд ухааангүй байдалтайгаар хүргэгдэж 5 хоногийн хугацаанд эмчлэгдэж байгаад нас барсан. Би уг осол болсон цагаас хойш М.Тбын ар гэрийнхэнтэй М.Тбыг эмнэлэгт сахиж эмчилгээнд шаардлагатай эм, тарианы төлбөр тооцоог төлж байсан. Ер нь бол уг явдалд маш их санаа зовж ээж, аавд нь ямар ч байсан дүү М.Мын өмнөөс болон өөрийнхөө ар гэрийнхэний өмнөөс бүх талын туслалцаа үзүүлэх ёстой гэж үзэж тусалсан юмаа. Одоо надад хохирол төлсөн тухай 3.000.000 /гурвансая/ гаран төгрөгийн баримт байна. Үүнээс гадна Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх явцад нь шаардлагатай болсон эм тариа, өөр бусад зүйлсийг авч өгч тусалсан, эмчлэгч эмч нарт нь тодорхой хэмжээний гар цайлгалтын мөнгө өгсөн, тусгай өрөө авч ар гэрийнхнийх нь хамт сахиж байсан гэх мэтээр баримтгүй хохирол ойролцоогоор 1.000.000 / нэг сая орчим төгрөг, нийт 4.000.000 / дөрвөн сая гаран төгрөгний хохирол төлсөн байгаа гэх мэдүүлэг /1 дүгээр Хх-н 65 дугаар хуудас/

Шижээчийн дүгнэлт 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр № 37 ......

Хариултууд:

1.Хариулт: Хонда-фит маркийн 48-82 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Олхонууд овгийн Мөнхбаярын Ма, 07 настай М.Тб, түүний эцэг Мягмар нар замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн.

2.Хариулт: Хонда-пит маркийн 48-82 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Олхонууд овгийн Мөнхбаярын Ма нь МУ-ын ЗХДүрмийн 9.Тээврийн хэрэгслийн хурд. 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна. Хохирогчийн эцэг Мягмар, түүний 07 настай М.Тб нь  тус сумын Хэрх тосгоны эрүүл мэндийн төвийн 2017 оны 06 сарын 19-ний өдрийн 19 тоот албан бичигт Мягмар овогт Тб нь тархины усжилтаас үүссэн хүүхдийн тархины саа оноштойгоор эмнэлэгийн хяналтанд байдаг. /МУ-ын ЗХД-ийн 3. Явган зорчигчийн үүрэг: 3.3 Сургуулийн өмнөх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох бөгөөд харгалзаж яваа хүн нь хүүүхдийг хөтөлж / тэвэрч явна. 3.9  Явган зорчигчид дор дурьдсан зүйлийг хориглоно. Ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх….гэснийг хүүхдийн эцэг Мягмар зөрчсөн.

3. Хариулт: Хариулт хоёрын хохирогчийн эцэг Мягмар, түүний 07 настай М.Тб нар зөрчсөн гэх /1 дүгээр Хх-н 87 дугаар хуудас/

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн дүгнэлт № 1186 ......

Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээний онош:

1.Толгойн гэмтэл. Баруун тал бөмбөлөгийн эд доторхи цус хуралт, няцралт. Эрүүний хугарал. Хэвлийн зүүн тал,ташаа цавины тархмал зулгаралт.

Дүгнэлт:

1.Талийгаачид тархины баруун тал бөмбөлөгийн эд доторхи цус хуралт няцралт, эрүүний хугарал, хэвлийн зүүн тал ташаа цавины тархмал зулгаралт тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь доргих, үрэгдэх үед буюу авто ослын үед үүснэ.

3. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин эмгэг тогтоогдсонгүй.

4. Талийгаач ньтархины гэмтлийн улмаас тархи үхшин үхэлд хүргэжээ.

5.Цус нь 1-р бүлэг байна гэх /1 дүгээр Хх-н 95-96 дугаар хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг /1 дүгээр Хх-н 03-10 дугаар хуудас/

Хонда пит маркийн 48-82 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тэмдэглэл /1 дүгээр Хх-н 13 дугаар хуудас/

М.Мын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг Мета маркийн хэмжигч багажаар шалгахад 0,00 % зааж байв гэсэн тэмдэглэл /1 дүгээр Хх-н 17 дугаар хуудас/

Хохирол нэхэмжилсэн баримтууд /1 дүгээр Хх-н 28-43 дугаар хуудас, 2 дугаар Хх-н 1-16 дугаар хуудас//

48-82 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /1 дүгээр Хх-н 59 дүгээр хуудас/

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ /1 дүгээр Хх-н 61 дүгээр хуудас/

Авто машин худалдах, худалдан авах гэрээ /1 дүгээр Хх-н 62 дугаар хуудас/

Талийгаачийн оршуулгын ёслолд шүүгдэгчийн талаас гаргасан зардал /1 дүгээр Хх-н 68-85 дугаар хуудас/

М.Мын иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр Хх-н 110 дугаар хуудас/

М.Ма нь урьд нь ял шийтгүүлсэн талаар ЦЕГ-ын МНБГ-ын Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр Хх-н 111 дүгээр хуудас/

Хохирол төлбөрийн тооцоо /1 дүгээр Хх-н 126 дугаар хуудас/

            Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.Оцт шүүгдэгч М.Маас 2310000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр бэлнээр, 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 1330000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 770000 төгрөгийг төлсөн баримт /1 дүгээр хавтаст хэргийн 144 дүгээр хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 47, 158 дугаар хуудас/

Хохирол нэхэмжилсэн баримтууд /2 дугаар Хх-н 05-23, 45-46, 111-114 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймгийн татварын хэлтсийн тодорхойлолт /2 дугаар хавтаст хэргийн 159 дүгээр хуудас/

С.Соёл-Эрдэнийн Н.Оцээс 4 сая төгрөг авч тооцоо дууссан, хүү аваагүй, одоо тооцоо байхгүй гэх тодорхойлолт /2 дугаар хавтаст хэргийн 160 дугаар хуудас/

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.Оцээс шинээр гаргаж өгсөн 357000 төгрөгийг нэхэмжилсэн 4 ширхэг баримт

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн М.Мын хөдөлмөрийн чадвар алдалтыг 90 хувиар тогтоосон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, Ж.Мөнхбаяр, Д.Дд нар нь 6 сарын 1396100 төгрөгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй болно гэсэн Төрийн банкны тодорхойлолт зэрэг 8 ширхэг баримт зэрэг болно.

 

Шүүгдэгч М.Ма нь 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 12 цагийн орчимд иргэн Д.Ддын эзэмшлийн Хонда пит загварын 48-82 УНР улсын дугаартай улаан өнгийн суудлын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин Сэлэнгэ аймаг Мандал сумын 4 дүгээр баг, Хэрх тосгоны төв засмал замд 07 настай М.Тбыг зам хөндлөн гарч явахад нь мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас хүний амь нас хохирсон болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ .. гэж, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт .... Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй ... гэж заажээ.

Шүүгдэгч М.Ма нь шинээр батлагдсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөхөөс өмнө буюу 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд  шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулиар шүүгдэгчид оногдуулах хорих ялын доод хэмжээ хөнгөрсөн, эрх зүйн байдал нь дээрдсэн байх тул шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасныг баримтлан  ял оногдуулах үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч М.Ма нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаснаас хүний амь нас хохирсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх бөгөөд энэ зүйл ангиар зүйлчлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэсэн улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын саналыг хүлээн авах боломжтой байна.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.Оц нь талийгаачийг оршуулах ёслолд шүүгдэгч талын гаргасан 3072000 төгрөгийн нотлох баримттай зардлаас гадна талийгаачийг оршуулах ёслолд өөрийн талаас гарсан зардалд 4050987 төгрөг, 21 хоногийн зардалд 692680 төгрөг, 49 хоногийн зардалд 660800 төгрөг, нийт оршуулгын зардалд 5404467 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2 сая төгрөг, нийт 7404000 төгрөгийг нэхэмжилсэн баримт 1 дүгээр хавтаст хэргийн 28 дугаар хуудсанд байгаа бөгөөд үүнийгээ 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжилсэн боловч 1 дүгээр хавтаст хэргийн 28 дугаар талд авагдсан бүгд 12607 төгрөгийн 1 ширхэг баримт, 29 дүгээр талд авагдсан бүгд 101175 төгрөгийн 5 ширхэг баримт, 30 дугаар талд авагдсан бүгд 57600 төгрөгийн 3 ширхэг баримт, 31 дүгээр талд авагдсан бүгд 263950 төгрөгийн 4 ширхэг баримт, 32 дугаар талд авагдсан бүгд 147700 төгрөгийн 6 ширхэг баримт, 33 дугаар талд авагдсан бүгд 123000 төгрөгийн 2 ширхэг баримт, 34 дүгээр талд авагдсан бүгд 21000 төгрөгийн 2 ширхэг баримт, 35 дугаар талд авагдсан бүгд 104610 төгрөгийн 2 ширхэг баримт, 36 дугаар талд авагдсан бүгд 110000 төгрөгийн 1 ширхэг баримт, 37 дугаар талд авагдсан бүгд 54600 төгрөгийн 2 ширхэг баримт, 38 дугаар талд авагдсан бүгд 127250 төгрөгийн 1 ширхэг баримт, 39 дүгээр талд авагдсан бүгд 692680 төгрөгийн 5 ширхэг баримт, 41 дүгээр талд авагдсан бүгд 433400 төгрөгийн 5 ширхэг баримт, 42 дугаар талд авагдсан бүгд 237400 төгрөгийн 8 ширхэг баримт, нийт 2486972 төгрөгийн 47 ширхэг баримт авагдсан нь нотлох баримтын шаардлага хангасан байна.

 Харин 1 дүгээр хавтаст хэргийн 40 дүгээр талд авагдсан 21 хоногт хэрэглэсэн баримт 1056000 гэж гараар бичсэн 2 ширхэг баримт нь хэдэн төгрөгийн ямар баримт болох нь тодорхойгүй ба хохирогч үүнийгээ хэлж мэдэхгүй байгаа бөгөөд уг баримт нь 21 хоногт гарсан гэх 692680 төгрөгийн зардалд орж тооцогдсон болохыг дурьдах нь зүйтэй байна.

2 дугаар хавтаст хэргийн 5-23 дугаар талд авагдсан өмгөөлөгчид төлсөн хөлс, Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүх хуралдаанд оролцоход гарсан зардалд нэхэмжилсэн нийт 1035350 төгрөгийн нотлох баримтууд болон 2 дугаар хавтаст хэргийн 45-46  дугаар талд авагдсан 2018 оны 01-04 дүгээр сард Дарь эх дацанд ном уншуулахад төлсөн төлбөр 154000 төгрөгийн баримт, 2 дугаар хавтаст хэргийн 111 дүгээр талд авагдсан бүгд 265700 төгрөгийн 5 ширхэг баримт, 112 дугаар талд авагдсан бүгд 143000 төгрөгийн 1 ширхэг баримт, 113 дугаар талд авагдсан бүгд 68500 төгрөгийн 1 ширхэг баримт, 114 дүгээр талд авагдсан 237000 төгрөгийн 1 ширхэг баримт зэрэг нь нотлох баримтын шаардлага хангасан байна.

 Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 43 дугаар талд авагдсан ямар ч нотлох баримтгүй зөвхөн гараар цаасан дээр бичсэн оршуулгын зардалд 2743200 төгрөгийг нэхэмжилснээс өмгөөлөгчийн хөлс 400000 төгрөг,  бөөд өгсөн, ламд өгсөн гэх нийт 630000 төгрөг, бүгд 1030000 төгрөгийг хасч үлдэх 1713200 төгрөгийг заавал нотлох баримт шаардагдахгүй оршуулгын зардал гэж үзэн шүүгдэгч талаас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох үндэслэлтэй гэж үзэв.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан талийгаачийг оршуулах ёслол 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр дууссан байхад 2018 оны 06 дугаар сарын 18, 22 –ны өдрүүдэд худалдан  авсан гэх барилгын материал, шатахууны үнэ 57600 төгрөг 1 дүгээр хавтаст хэргийн 30 дугаар хуудас, хүүхдийн унадаг дугуй худалдан авсан гэх 110000 төгрөгийн баримт 1 дүгээр хавтаст хэргийн 36 дугаар хуудас, мөн он, сар, өдөр  нь тодорхойгүй баларсан баримтуудыг хасч тооцуулах, мөн анхан шатны шүүх хуралдаан 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр, давж заалдах шатны шүүх хуралдаан 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр, хяналтын шатны шүүх хуралдаан 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хуралдсан байхад энэ өдрүүдээс өөр сар, өдөртэй зочид буудлын баримт,  өөр хүний регистртэй галт тэрэгний тасалбар зэргийг хавсаргасныг тооцоход 144300 төгрөг болж байгааг сүүлд нэхэмжилсэн 1035350 төгрөгнөөс хасч тооцуулах саналыг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэн хавтаст хэрэгт авагдсан бүх нотлох баримтуудыг үнэлэн 1 дүгээр хавтаст хэргийн 28-39, 40-42 дугаар талд авагдсан нотлох баримтаар нэхэмжилсэн 2486972 төгрөг, 1 дүгээр хавтаст хэргийн 43 дугаар талд авагдсан гараар бичсэн оршуулгын зардалд нэхэмжилсэн 2743200 төгрөгнөөс 1713200 төгрөг, 2 дугаар хавтаст хэргийн 05-23 талд авагдсан нотлох баримтаар нэхэмжилсэн 1035350 төгрөг, 2 дугаар хавтаст хэргийн 45-46 дугаар талд авагдсан нотлох баримтаар нэхэмжилсэн Дарь эх дацанд уншуулсан номын төлбөр 154000 төгрөг, 2 дугаар хавтаст хэргийн 111-114 талд авагдсан Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ирж очсон зардал, талийгаачийг нас барсны нэг жилийн ойд хүүхэд хооллож гарын бэлэг өгсөн буяны ажил зэрэгт нотлох баримтаар нэхэмжилсэн 718678 төгрөг, талийгаачийг нас барсны нэг жилийн ойд зориулж Дарь эх дацанд 108 зул өргөсний төлбөр 15000 төгрөг, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн 357000 төгрөг, нийт 6480200 төгрөгийг шүүгдэгч болон иргэний хариуцагч нараар төлүүлэх үндэслэлтэй бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн талаас насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид бэлнээр өгсөн 2310000 төгрөгийг, 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаанд бэлнээр өгсөн 1330000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаанд бэлнээр өгсөн 770000 төгрөг, нийт 4410000 төгрөгийг хасч тооцон үлдэх 2070200 төгрөгийг шүүгдэгч М.Ма болон иргэний хариуцагч Д.Дд нараас хувь тэнцүүлэн гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.Оцт олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн боловч шүүгдэгч болон иргэний хариуцагч талаас анхан шатны шүүх хуралдаанд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.Оцт 2070200 төгрөгийг бэлнээр  төлснийг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Ма болон иргэний хариуцагч Д.Дд нараас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Оцт оршуулгын болон бусад гарсан зардалд бэлнээр 6480200 төгрөг, оршуулах ёслолд 3072000 төгрөгийн зардал гаргасныг нотлох баримтаар /1 дүгээр хавтаст хэргийн 69-85 дугаар хуудас/ нь тооцон үзээд нийт 9552200 /есөн сая таван зуун тавин хоёр мянга хоёр зуун/ төгрөгийн хохирол төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 142-143 дугаар талд авагдсан иргэн С.Соёл-Эрдэнээс 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 2500000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 700000 төгрөгийг зээлсэн гэх баримт байгаа боловч уг мөнгийг талийгаачийг оршуулах ёслол болон 21, 49 хоногуудад зориулан зарцуулсан гэж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тайлбарлаж байгаагаас үзэхэд 1 дүгээр хавтаст хэргийн 28-43 дугаар талд авагдсан нотлох баримтуудтай давхцаж байгаа бөгөөд уг мөнгийг шүүгдэгч талаас гаргуулсан гэж үзэх үндэслэлтэй ба 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд /2 дугаар хавтаст хэргийн 160 дугаар хуудас/ шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн нотлох баримтаар С.Соёл-Эрдэнэ нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Оцээс үндсэн зээл 4 сая төгрөгийг авч тооцоо дуусгасан одоо ямар нэгэн тооцоо байхгүй, хүү гэж аваагүй болохыг тодорхойлж тодорхойлолтоо нотариатаар гэрчлүүлсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.

 Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.Оц нь миний хүү М.Тб нь сард 225000 төгрөгийн нийгмийн халамжийн мөнгө авдаг байсан, уг халамжийн мөнгөний дэвтрийг хувь хүн болон аж ахуйн нэгжид 1 жилийн хугацаанд барьцаанд тавьж мөнгө авч тэр мөнгөө эргэлтэнд оруулж амьдардаг байсан тул 16 нас хүртэл авах байсан гэж үзээд 24300000 төгрөгийг нэхэмжилсэн боловч Нийгмийн халамжийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжинд зааснаар уг халамжийн мөнгө нь зөвхөн тухайн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эсэн мэнд, эрүүл өсч бойжиход нь улсаас өгдөг тэтгэвэр, тэтгэмжийн мөнгө бөгөөд уг нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг барьцаалж ашиг орлогоо нэмэгдүүлэх, банкны зээлийн барьцаанд тавих нь эрхийн асуудал биш хууль зөрчсөн үйлдэл бөгөөд хүү М.Тб 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр зам тээврийн осолд орж нас барснаар нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн асуудал дуусгавар болсон байх тул хүү /талийгаач/ М.Тбын 16 нас хүртэл авах байсан халамжийн мөнгө 24300000 төгрөгийг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгох, мөн ХААН банкны Зүүнхараа салбарын Хэрх тооцооны төвөөс зээлдэгч Н.Оц, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Мягмар нар нь бизнесийн зориулалтаар авсан 8.5 сая төгрөгийн зээлээрээ мөн ХААН банкнаас зээлж авсан мөнгөөрөө 26 тооны эр ямааг нийт 3120000 төгрөгөөр, 16 тооны эр хонийг нийт 2400000 төгрөгөөр тооцон худалдан авсан гэж 5520000 төгрөг нэхэмжилсэн нь М.Мын зам тээврийн осол гаргасан эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэхэд ямар ч холбогдолгүй байх тул 26 тооны эр ямаа, 16 тооны эр хонь худалдан авсны төлбөрт 5520000 төгрөгийг, мөн өмгөөлөгчид төлсөн хөлс 2 сая төгрөгийг нэхэмжилснийг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.Оц нь 49783200 төгрөгийг шүүгдэгч М.Ма болон иргэний хариуцагч Д.Дд нараас нэхэмжилсэн боловч шүүгдэгч талаас бэлэн авсан 6480200 төгрөг, нотлох баримтаар төлсөн гэх 3072000 төгрөг, нийт 9552200 төгрөгийг хасч тооцон үлдэх 40231000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн шийтгэх тогтоолд зааж өгөх нь зүйтэй гэж дүгнэлээ. 

Харин шүүгдэгчийн талаас талийгаачийг оршуулах ёслолд нотлох баримтаар 3072200 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаанд бэлнээр 2310000 төгрөгийг, 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаанд бэлнээр 1330000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаанд 770000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд 2070200 төгрөгийг бэлнээр хохирогч талд хүлээлгэн өгсөн байх тул гэмт хэргийн улмаас учруулсан оршуулах болон бусад зардалд гарсан хохирол төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй ба хохирол төлөгдсөн учир 48-82 УНР улсын дугаартай Хонда пит маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Мын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тодорхой хугацаагаар хасч мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тэнсэж, 7.1 дүгээр зүйлийн 3-д зааснаар хуульд заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүүхдийн улаан эрээн өнгийн оймс 1 ширхэг, цэнхэр өнгийн адидас гэсэн бичигтэй углааш 2 ширхэг, улаан өнгийн автомашины замасканы хэлтэрхий 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, авто машины урд гуперийн чирэгдэх хэсгийн улаан өнгийн таг 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид буцаан олгох, М.Мын № 1039068 дугаартай АВ ангиллын жолоочийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагад шилжүүлэх, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1.Шүүгдэгч Олхонууд овогт Мөнхбаярын Мыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан М.Мын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар М.Мад оногдуулсан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүүхдийн улаан эрээн өнгийн оймс 1 ширхэг, цэнхэр өнгийн адидас гэсэн бичигтэй углааш 2 ширхэг, улаан өнгийн автомашины замасканы хэлтэрхий 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, авто машины урд гуперийн чирэгдэх хэсгийн улаан өнгийн таг 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид буцаан олгох, М.Мын № 1039068 дугаартай АВ ангиллын жолоочийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагад шилжүүлэхийг шүүгчийн туслах М.Мөнхзаяад даалгасугай.    

5. М.Ма нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.Оцийн 49783200 төгрөгийг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлээс 40231000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

7. Энэ хэргийн улмаас Д.Ддын эзэмшлийн Хонда пит маркийн 48-82 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Мад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.ХЭРЛЭН

                        

             ШҮҮГЧИД                                  Б.АЛТАНЦЭЦЭГ 

                                                                                  

                                                                Ж.ЭРДЭНЭБАТ.