Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 207/2023/00022

 

 2023          03            13                                 207/МА2023/00022                                                                                                                                                                                                                

 

 

 Б ХХК-ийн

нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Од

холбогдох иргэний хэргийн тухай

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, шүүгч С.У, Б.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2023/00113 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч:Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.Од холбогдох,

“Зээлийн гэрээний үүрэгт 55.615.880 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Х.Огийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, М.Ж /цахим/, хариуцагч Х.О, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Э.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, агуулга:

Зээлдэгч Х.О нь 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр №1............................. тоот зээл, барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд 000359116 тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-..... тоот гэрчилгээтэй, О аймаг, Б сум, ........-р баг, Ц, 7а 3 байр ................ тоот .............м.кв 3 өрөө орон сууцыг барьцаалж, зээл болон барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, тус ББСБ-аас 40,000,000 төгрөгийг нэг сарын 3,1 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч Х.Отай байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон боловч гэрээний дагуу төлөлтийг хийхгүй удаа дараа хэтэрч муу ангилалд орсон тул гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэж байна. Иймд зээлдэгч Х.Огаас зээл болон барьцааны гэрээний дагуу үндсэн зээл 31.127.880,157 төгрөг, зээлийн хүү 15.031.720,257 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.400.196,577 төгрөг, түүнчлэн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр № 1............................. тоот барьцааны гэрээний 5 дугаар зүйлийн 5.10-д заасны дагуу өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 5.056.000,007 төгрөг буюу нийт 55.615.880,157 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү... Тухайн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 5.056.000,007 төгрөгөөс татгалзаж нийт 50.559.880,15 төгрөгийг нэхэмжилж байна.” гэжээ.

Хариуцагч Х.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

.Би 2020 оны 05 дугаар сард энэ байгууллагаас 40,000,000 төгрөгийн зээлийг ахдаа авч өгсөн. Ах минь дэлгүүр ажиллуулъя гэж надад хандахдаа орлогоороо сар бүр төлөлт хийнэ гэсэн боловч ковидын улмаас дэлгүүрийнх нь үйл ажиллагаа зогсож орлогогүй болоод 2021 оны 1 дүгээр сараас хойш 2 жилийн хугацаанд зээлээ төлөөгүй, зээл авснаас хойш 8 сарын хугацаанд зээлийн хүү төлж яваад сүүлдээ болиод намайг хүнд байдалд оруулсан. Би Э ТӨҮГ-т үйлчлэгч ажилтай, одоогоор хүүхэд асрах чөлөөтэй байгаа, нөхөр маань тогтсон ажилгүй, элэгний хорт хавдрын улмаас ээжийн минь биеийн байдал муу, эмчилгээ хийлгэж байгаа учир ажилдаа орох боломжгүй байна. Ямар ч байсан энэ байгууллагыг хохиролгүй болгож өгөхийн тулд үндсэн зээлийг төлье, харин хүүгийн төлбөрийг төлж чадахгүй гэсэн хүсэлтэй байна.” гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Б овогт Х-н О /РД:........../-гаас зээлийн гэрээний үүрэгт 50,559,796.97 /тавин сая таван зуун тавин есөн мянга долоон зуун ерэн зургаан төгрөг, ерэн долоон мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  Б ББСБ ХХК-д олгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б ББСБ ХХК нь хариуцагч Х.Од холбогдуулан гаргасан өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 5,056,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 158 дугаар зүйлийн 158.1-д зааснаар хариуцагч нь үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох О аймгийн Б сумын 11-р баг, Ц 7а 3 байр ................ тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-..... дугаартай 69,8 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг О аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 506,230 /таван зуун зургаан мянга хоёр зуун гуч/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Х.Огаас улсын тэмдэгтийн хураамж 480,948 /дөрвөн зуун наян мянга есөн зуун дөчин найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Х.О шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Х.О би О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2023/00113 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Б  ББСБ /Б ББСБ/ Х.О нарын 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 1............................. тоот "Зээлийн гэрээ"-ний 7 дугаар зүйлийн 7.1-т "энэхүү зээлийн гэрээг зөвхөн зээлдүүлэгчийн саналаар дараах үндэслэлүүдээр хугацаанаас нь емнө цуцлах эрхтэй", 7.1.1-т "Зээлдэгч нь зээлийн хүү болон хэсэгчлэн төлөх үндсэн зээлийн төлөх хугацааг удаа дараа хэтрүүлсэн", 7.1.3-т "Зээлдэгчийн үйл ажиллагаа, түүний явц, үр дүн, нөхцөл байдалд өөрчлөлт орсноос зээлийг эргүүлэн төлөх найдваргүй болсон" үндэслэлээр зээлийн гэрээг цуцлах эрх нь зөвхөн зээлдүүлэгч буюу "Б" ББСБ-д байхаар тусгасан. Зээлдэгчийн хувьд гэрээг цуцлах ямар ч боломжгүй нөхцлөөр гэрээг байгуулсан ба уг гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч төлж чадахгүй болсон нөхцөл байдал бий болсон өөрөөр хэлбэл хариуцагч хүүхэд төрүүлж жирэмсэний болон амаржсаны чөлөөтэй, нөхөр нь ажилгүй болсон зэрэг санхүүгийн хувьд бэрхшээл үүссэн ба энэ талаар Х.О Б ББСБ-д өргөдөл гаргаж тодорхой илэрхийлсэн байдаг. Мөн Х.О нь анх зээл авахдаа "ахынхаа эрхлэх 8 нэрийн хүнсний дэлгүүрийн эргэлтийн хөрөнгөд зориулан" зээл авч байгаагаа тодорхой дурдсан, мөн зээлийг судлах явцад Б ББСБ-аас зээлийн зориулалтыг "ахынхаа 8 нэрийн хүнсний дэлгүүр худалдан авах, дэлгүүрийн орлого" гэж дурдсан, тиймээс зээлийн батлан даалтын гэрээг Х.Мтой банк бусаас байгуулсан, тус гэрээний 1.2-т "....батлан даагч нь уг гэрээний нөхцлөөр зээлийн үндсэн өр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг бүрэн хариуцахаар батлан даалт гаргахаа хүлээн зөвшөөрч .. харилцан тохиролцов", 3.1-т "батлан даагч нь ....хуваарьт хугацаанд төлөөгүй тохиолдолд өөрийн хөрөнгө .... нөхөн төлөх баталгааг гаргаж байгаа болно" гэх мэт Х.Мын хүлээх үүргийг тусгасан. Гэтэл Б ББСБ-аас батлан даагч буюу Х.Моос төлбөрийг гаргуулах талаар ямар ч ажиллагаа хийгээгүй бөгөөд Х.Огийн төлөх төлбөр нь үнэн хэрэгтээ Х.Мт авч өгсөн зээл, хамтран зээлдэгч төлбөр төлөх үүрэгтэй гэдэг нь тодорхой байсан зэрэгт анхан шатны шүүх дүгнэлт хийсэнгүй. Б ББСБ-аас 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 09/22/01 тоот шаардлагыг Х.Од анх өгсөн, үүнээс хойш 2021 оны 12 сарын 10-нд, 2022 оны 02 сарын 25- нд, 2022 оны 04 сарын 25-нд, 2022 оны 09 сарын 21-нд нийт 5 удаа шаардлага өгсөн. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т "үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ" гэжээ. Мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2-т "хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран түүнд дараах үүрэг үр дагавар үүснэ", 224.2.3-т "мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү анз авах эрхээ алдах" гэж заасан байдаг. Нэхэмжлзгч Б ББСБ хариуцагчийг ажилгүй, орлогогүй болсныг 2021 оны 09 сард мэдсэн, хариуцагч өөрийн биеэр очиж хүүгээ зогсоолгоё, ажилгүй орлогогүй болсон талаар мэдэгдэж өргөдөл өгсөн, энэ өргөдлийг нь нэхэмжлэгчээс гаргаж шүүхэд өгсөн, гэтэл гэрээний 7 дугаар зүйлд заасны дагуу гэрээнээс татгалзаад шүүхэд нэхэмжлэлээ гаргах үүрэгтэй байсан боловч энэ үүргээ биелүүлээгүйгээс үүдэн Х.Од үндэслэлгүйгээр хүү, нэмэгдүүлсэн хүүг зохиомлоор хуримтлуулсан. Эдгээр байдалд анхан шатны шүүх, үндэслэлтэй дүгнэлт хийж Иргэний хуулийн 223, 224 дүгээр зүйлийг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагаас хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байсан гэж үзэж байна. Түүнчлэн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т "Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй." 220 дугаар зүйлийн 220.1-т Гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй", 221 дүгээр зүйлийн 221.4- т "Эрх бүхий этгээд гэрээ цуцлах үндэслэл байгааг мэдсэнээс хойш ердийн боломжит хугацааны дотор гэрээнээс татгалзаж болно" гэж заасан. Үүрэг гүйцэтгэгч буюу Х.О гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөд байхад хохиролоо арилгуулахаар шүүхэд хандахгүй байгаа, мөн миний хувьд ажилгүй орлогогүй болсон нөхцөл байдал бий болж би өргөдөл өгсөн зэрэгт дүгнэлт хийж шүүхэд нэхэмжлэл гаргаж хохиролоо арилгуулах арга хэмжээ аваагүй нь Б ББСБ-ын буруу гэдгийг анхан шатны шүүх харгалзан үзсэнгүй. Хавтаст хэргийн 26 дугаар хуудсанд авагдсан зээлийн тооцоолол дээрээс харахад би Б ББСБ-д үндсэн зээлд 8.872.036 төгрөг, хүүнд 18.652.135 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 575.974 төгрөг, нийтдээ 28.100.147 төгрөгийг төлсөн байгаа. 28.100.147 төгрөгнөөс зөвхөн үндсэн зээлд 8.872.036 төгрөг л хасагдсан үлдсэн 19.228.111 хүү, нэмэгдүүлсэн хүүнд банк бус тооцож авсанаас харахад л иргэдийг зээлийн хүүгээр хэтэрхий их дарамталж, дарангуйлж байгааг харж болно. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагад хүртэл хүүнд 15.031.720 төгрөг дээр нэмэгдүүлсэн хүү 4.400.196 төгрөг нийтдээ 19.431.916 төгрөгийг шаардаж байгаа ба урд авсан 19.228.111 төгрөгөө нэмэхээр 38.660.027 төгрөгийг зөвхөн хүүнд нэхэж байгааг дүрдмаар байна. Хэрэв Б ББСБ зээлийн гэрээнээс 2021 оны 09 сард татгалзаад шүүхэд нэхэмжлэл гаргаж хүүг зогсоолгосон бол надад өнөөдөр ийм их хэмжээний хүү, нэмэгдүүлсэн хүү хуримтлагдахгүй байсан ба надад гэрээнээс татгалзах, шүүхэд нэхэмжлэл гаргах ямар боломжгүй байсан гэдгийг анхан шатны шүүх харгалзан үзээгүй нь шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Иймд О аймаг дахь Сүм дүндын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 16-ны өдрийн 142/ШШ2023/00113 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагаас 15.031.720 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.400.196 төгрөг нийтдээ 19.431.916 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Жич: Давж заалдах шатны шүүх хуралд биечлэн болон онлайнаар өмгөөлөгчийн хамтаар оролцох тул хурлын товыг мэдэгдэнэ үү гэжээ.

                                                           ХЯНАВАЛ :

          1.Давж заалдах шатны шүүх  хариуцагч Х.Огийн гаргасан “...зээлийн гэрээнээс 2021 оны 09 сард татгалзаад шүүхэд нэхэмжлэл гаргаж зээлийн хүүг зогсоолгосон бол надад өнөөдөр ийм их хэмжээний хүү, нэмэгдүүлсэн хүү хуримтлагдахгүй байсан ба надад гэрээнээс татгалзах, шүүхэд нэхэмжлэл гаргах ямар боломжгүй байсан учраас нэхэмжлэлийн шаардлагаас 15.031.720 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.400.196 төгрөг нийтдээ 19.431.916 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн давж заалдах гомдлын үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан  шийдвэрлэв.

          2.Нэхэмжлэгч Б ББСБ” ХХК нь шүүхэд “...зээлдэгч Х.Огаас зээл болон барьцааны гэрээний дагуу үндсэн зээл 31.127.880 төгрөг, зээлийн хүү 15.031.720 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.400.196 төгрөг, түүнчлэн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр № 1............................. тоот барьцааны гэрээний 5 дугаар зүйлийн 5.10-д заасны дагуу өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 5.056.000 төгрөг буюу нийт 55.615.880 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөллийн хөлс-5.056.000 төгрөгийн шаардлагаасаа татгалзсан, хариуцагч Х.О “...үндсэн зээл-31.127.880 төгрөг төлөхийг зөвшөөрнө, ...зээлийн хүү, нэмэгдүүлсэн  хүү төлөх боломжгүй” гэсэн тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.

        3.Шүүх хариуцагч Х.Огаас 50.559.796 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б ББСБ” ХХК-д олгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэжээ.

        4.Хариуцагч Х.О нь 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Зээл болон Барьцааны гэрээ байгуулж, улмаар 40.000.000 төгрөгийг сарын 3.1 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авч, зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээл-8.872.036 төгрөг, зээлийн хүү-18.652.135 төгрөг, нэмэгдүүлсэн хүү-575.974 төгрөг төлсөн болох нь тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй байна.

        5.Хэдийгээр хариуцагч Х.О Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.-д заасан сар бүр төлөх төлбөрийг хугацаандаа төлөөгүй гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй боловч нэхэмжлэгч тал хариуцагчийн зээлийн гэрээний хугацаанд төлсөн мөнгөн төлбөрийн үнийн дүнгээс зээлийн төлбөрийг төлүүлэхдээ талуудын тохиролцсон эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөх үндсэн зээлийн төлбөрөөс хасч тооцох ёстой. 

         6.Учир нь хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Х.О үндсэн зээл-40.000.000 төгрөгийг 36 сарын хугацаанд сар бүр 1.111.111 төгрөгөөр  тооцож төлөх үүрэг хүлээсэн ба хариуцагчийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр зээл- 2.903.980 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 4.851.322 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 1.571.387 төгрөг нийт төлсөн зээл-9.326.689 төгрөгийг нэхэмжлэгч нь сар бүр төлөх зээлийн хүүгийн төлбөрөөс хасч тооцсон нь зээлдэгчийн эрх, ашиг сонирхолд зохих хэмжээгээр хохиролтой болсон гэж үзэхээр байна.

         7. Хариуцагч Х.Огийн зээлийн  төлбөрт  төлсөн 9.326.689 төгрөгийн 50 хувь буюу 4.663.445 төгрөгийг үндсэн зээл-31.127.880 төгрөгөөс, нэмэгдүүлсэн хүү-4.400.196 төгрөгөөс 1.393.856 төгрөг /хүү-15.031.720х20%-3.006.340=1.393.856/ тус тус хасч, үндсэн зээл-26.464.536 төгрөг, зээлийн хүү-15.031.720 төгрөг, нэмэгдүүлсэн хүү-3.006.340 төгрөг нийт-44.502.600 төгрөгийг хариуцагч Х.Огаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.057.280 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         8.Хариуцагч Х.Од зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгч тал удаа дараа шаардаж мэдэгдсэн, тэрээр нэхэмжлэгч талд “2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр багтаж 2.000.000 төгрөг, 02 дугаар сарын дотор үлдэгдэл хүүний төлбөрөө хийж, 2022 оны 03 дугаар сараас графикийн дагуу төлөлт хийнэ. Хүсэлтийг хүлээн авч хугацаа олгож өгнө үү” гэсэн хүсэлт гаргаж байсан зэргийг харгалзан үзэж зээлийн гэрээний дагуу төлөгдөх зээлийн хүү-15.031.720 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзсэн тул нэхэмжилж буй зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн хэмжээгээр гаргуулсан болохыг дурдах нь зүйтэй.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2023/00113 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан хариуцагч Б овогт Х-н О-с зээлийн гэрээний үүрэгт 44.502.600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.057.280 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,

Шийдвэрийн 4 дүгээр заалтанд “...480.948 төгрөгийг гаргуулж...” гэснийг “...380.463 төгрөг гаргуулж...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Х.Огийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 255 109 төгрөгийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Б.Б

       ШҮҮГЧИД                                            С.У

Б.О