Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00976

 

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00976

 

Б.О-, А.А- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

           

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 02-ны өдрийн 101/ШШ2023/01071 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч Б.О-, А.А- нарын нэхэмжлэлтэй

хариуцагч НШШГГ-т холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Б.О-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.О-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 04-ний өдрийн 3567 дугаар шийдвэрээр биднээс 30,216,106 төгрөгийг гаргуулж “И-ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу Б.О-ийн өмчлөлийн БЗД 7-р хороо их тойруу гудамж, 001 тоотод байх 40 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоож, шинжээч 83,187,000 төгрөгөөр үнэлсэн. Бодит байдал дээр уг үл хөдлөх эд хөрөнгийг би 70,000,000 төгрөгөөр худалдан авч, 30,000,000 төгрөгөөр засвар хийсэн. Уг үл хөдлөх эд хөрөнгө нь засмал зам дагуу үйлчилгээний зориулалтай бөгөөд зах зээлийн үнэлгээ нь 150,000,000 төгрөг атал хэт багаар үнэлсэн нь миний эрхийг ноцтой зөрчиж байна. Иймд үл хөдлөх эд хөрөнгийг 83,187,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3567 дугаар шийдвэрээр А.А-, Б.О- нараас 30,216,106 төгрөг гаргуулж “И-ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн. Төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлж барагдуулах тухай хугацаатай мэдэгдлийг 2022 оны 05 сарын 30-ны өдөр гардуулсан боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б.О-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-000000 дугаартай, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Их тойруу гудамж 001 тоот 40 м.кв үл хөдлөх хөрөнгийг газрын хамт 2022 оны 09 сарын 02-ны өдрийн 22380667/167/1 дугаар тогтоолоор битүүмжилж, 2022 оны 10 сарын 04-ний өдрийн 22380667/167/2 дугаар тогтоолоор хураан авч, талуудаас үнийн санал авах мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн ч төлбөр төлөгч үнийн саналаа ирүүлээгүй, төлбөр авагчаас шинжээч томилох хүсэлт гаргасны дагуу шинжээч С.Ц-ыг шинжээчээр томилсон.

Шинжээч нь 2022 оны 11 сарын 01-ний өдөр барьцаа хөрөнгийг 83,187,000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээ болон дуудлага худалдааны мэдэгдлийг талуудад гардуулсан ба 2022 оны 11 сарын 23-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахад барьцаа хөрөнгө борлогдоогүй тул 2022 оны 12 сарын 23-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулахаар зарласан боловч маргаан үүссэн учир хэргийг түдгэлзүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар НШШГГ-т холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.О-, А.А- нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч Б.О-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3567 дугаар шийдвэрээр биднээс 30,216,106 төгрөг гаргуулж “И-” ББСБ ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Б.О- миний өмчлөлийн БЗД 7-р хороо их тойруу гудамж, 001 тоотод байх  40 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээч 83,187,000 төгрөгөөр үнэлсэн. Гэвч бодит байдалд уг хөрөнгийг би 70,000,000 төгрөгөөр худалдан авч 30,000,000 төгрөгийн засвар хийсэн, мөн барьцаа хөрөнгийн доорхи 30 м.кв газрыг нь үнэлээгүйгээс зах зээлийн үнэ бодитой тогтоогдоогүй, уг хөрөнгө нь засмал зам дагуу байдаг, үйлчилгээний зориулалттай  тул зах зээлийн үнэлгээ нь 170,000,000 төгрөг байхад үнийг хэт багаар үнэлсэнд гомдолтой байна.

Анхан шатны шүүх хуралдаанд миний бие очиж, хурал эхлэхийг хүлээж байсан. Гэвч шүүх хурал зарласан 10:30 цагтаа эхлээгүй, би 1 цаг хүлээж байгаад эмнэлэгт үзүүлэх цаг болсон учраас хүсэлтээ бичиж өгөөд явсан. Иймд миний оролцоогүй хэргийг хянан шийдвэрлэсэн. Иймд барьцаа хөрөнгийг 83,187,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

5. Хариуцагч тал нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Б.О-, А.А- нар хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 04-ний өдрийн 101/ШШ2021/03567 дугаар шийдвэрээр Б.О-, А.А- нараас 11,411,306 төгрөг гаргуулан “И-ББСБ” ХХК-д олгох, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Б.О-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 7-р хороо, Их тойруу гудамж 001 тоотод байх 40 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 81 дугаартай магадлалаар Б.О-, А.А- нараас 30,216,106 төгрөг гаргуулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан байна. /хх 28-37/

 

4. Уг шийдвэрийг албадан гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, барьцааны зүйл болох Б.О-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 7-р хороо, Их тойруу гудамж 001 тоотод байх 40 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2204094610 дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 09 сарын 02-ны өдөр битүүмжилж, 2022 оны 10 сарын 04-ний өдөр хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцжээ.

Талууд хөрөнгө битүүмжлэх, хураан авах ажиллагааны талаар гомдол гаргаагүй байна.

 

5. Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг тогтоохоор явуулсан ажиллагаанд төлбөр төлөгч нар саналаа өгөөгүй, төлбөр авагч шинжээч томилуулах хүсэлт гаргасан нь талууд үнийн талаар харилцан тохиролцоогүй гэж дүгнэж шийдвэр гүйцэтгэх байгууллага нь 2022 оны 10 сарын 27-ны өдрийн 10/342 дугаар тогтоолоор “Б м-” ХХК-ийн шинжээч С.Ц-ыг  шинжээчээр томилжээ. Дээрх ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т тус тус заасантай нийцсэн талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

“Б м-” ХХК-ийн 2022 оны 11 сарын 01-ны өдрийн ҮЗТҮ-22/04 дугаартай үнэлгээний тайлангаар барьцаа хөрөнгийн зах зээлийн үнийг 83,187,000 төгрөг гэж тодорхойлсон, уг үнэлгээний талаарх мэдэгдлийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 11 сарын 03-ны өдөр төлбөр төлөгч нарын хаягаар, баталгаат шуудангаар мэдэгдсэн байна. Төлбөр төлөгч, барьцаа хөрөнгийн өмчлөгч нар үнэлгээг эс зөвшөөрсөн гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан 7 хоногийн дотор шүүхэд гаргасан, шүүх гомдлыг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь зөв болжээ.

 

6. Шинжээч “Б м-” ХХК нь хөрөнгийн үнэлгээг гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай /2010 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 8 дугаар зүйлд зааснаар хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан хэрэглэж, шийдвэр гүйцэтгэгчээс үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тодорхойлуулах зорилгыг үндэслэн хөрөнгийн үнэлгээний зах зээлийн хандлагын аргаар тогтоосон үнэ буюу хамгийн өндөр үнийн аргыг баримтлан хөрөнгийн үнийг тогтоожээ. Шинжээчийн уг ажиллагаа нь хууль зөрчөөгүй, үнэлгээний зорилгод нийцсэн талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

6.1. Нэхэмжлэгч нар нь өөрсдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө нь засмал зам дагуу байршилтай, худалдан авсны дараа 30,000,000 төгрөгөөр засвар хийсэн, мөн уг үл хөдлөх эд хөрөнгийн доорх 30 м.кв газрыг үнэлээгүй нь хөрөнгийн үнэ цэнийг бууруулсан гэж маргажээ. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3567 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “И-ББСБ” ХХК нь хариуцагч Б.О-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 7-р хороо, Их тойруу гудамж 001 тоотод байх 40 м.кв талбай бүхий, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн 001 тоот үл хөдлөх эд хөрөнгийн урд байх 30 м.кв талбайтай, нэгж талбарын 18645311228671 дугаартай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасныг хариуцагч нар “уг газрыг барьцаалаагүй” гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргасныг үндэслэн шүүх уг 30 дугаар байрны урд байрлах худалдаа, үйлчилгээний зориулалттай 30 м.кв газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

6.2. Шүүхийн шийдвэрийг үндэслэн хариуцагч гагцхүү барьцааны зүйл болсон 001 тоот үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон, шинжээч нь шинжээч томилсон тогтоолын хүрээгээр хязгаарлан тус 30/40а тоот үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.3-т заасантай нийцсэн гэж дүгнэх юм. Иймд барьцаа хөрөнгийн доорхи газрыг үнэлээгүйгээс үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ бодитой тогтоогдоогүй гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй, дурдаж буй нэгж талбарын 18645311228671 дугаартай, худалдаа, үйлчилгээний зориулалттай 30 м.кв газар нь барьцааны зүйл болоогүй байна.

 

7. Нэхэмжлэгч нар барьцаа хөрөнгөд 30,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, 150,000,000 орчим төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй гэх, мөн шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн тайлбар, нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй гэж анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв дүгнэсэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

 

8. Шүүх 2023 оны 03 сарын 02-ны өдрийн 10:30 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч нарт 2023 оны 02 сарын 13, 14-ны өдөр тус тус мэдэгджээ. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.А- хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч Б.О- хүрэлцэн ирсэн боловч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг бичгээр гаргаж хуралд оролцоогүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.О-ийн хүсэлт хүндэтгэх шалтгаангүй буюу баримтаар тогтоогдоогүй үндэслэлээр шүүх хуралдааныг нэхэмжлэгч талын эзгүйд үргэлжлүүлэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгч Б.О-ийн гомдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.О-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 02-ны өдрийн 101/ШШ2023/01071 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.О-ийн гаргасан давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЗОЛЗАЯА

 

                                                ШҮҮГЧИД                                  Д.БЯМБАСҮРЭН

 

               Э.ЭНЭБИШ