Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 00011

 

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд   

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч О.Баярсайхан

Шүүгдэгч А.М нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор О.Баярсайханаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Мд холбогдох 1932000000003 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд 1997 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдрах, *тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ Сэлэнгэ аймаг баянгол сум дахь Тэс петролиум шатахуун түгээх станцад түгээгч ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Мангууд овогт Алтанхуягийн М. /РД: */

 

           Шүүгдэгч А.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хараа 1 дүгээр баг, 3 дугаар хэсгийн 10 дугаар байрны № 105 тоотод байрлах иргэн Э.Мзгийн гэрт иргэн Г.Оцийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Мын өгсөн…. ... 2018 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 2 найзтайгаа архи, пиво уусан. Тэгээд согтоод гэртээ орж ирээд унтсан байсан. Тэгээд тухайн үед яг юу болсон яаснаа мэдэхгүй байна. Дараа нь хүмүүс тэгсэн гэж хэлэхээр ойлгосон. Миний буруу гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

 Хохирогч Г.Оцийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....  2018 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө би найз Мзгийн гэрт нь унтаж байтал гэнэт нойрон дунд Мз уйлахаар нь би сэрээд очоод яасан бэ гэтэл Мз М намайг түлхээд унагачихлаа гэсэн юм. Тэгэхээр нь М луу чи яаж байгаа юм бэ жирэмсэн эхнэрийгээ гээд уцаарлангуй хэлтэл М надад юу ч хэлэлгүй миний зүүн хацар луу баруун гараараа цохиод намайг газар унагасан юм. Тэгээд би газар унаад босоод зүүн хацраа дартал нилээн их цус миний хацарнаас гараад би цагдаа руу залгаж дуудлага өгсөн юм. Тухайн үед Мзгийн гэрт нь манай найзууд болох Оюунчимэг, Оюунболд, Даваатулга нар байсан юм. Тэд нар харсан эсэхийг би сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг /Хх-н 9-10 дугаар хуудас/

Гэрч Э.Мзгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... 2018 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнийн 03 цагийн үед байх манай нөхөр болох М нь архи уучихсан орондоо ороод унтаж байснаа гэнэт сэрээд бие засах газар луу орох гээд нойлын өрөөний хаалгыг олохгүй хана руу шээх гээд байхаар нь би очоод миний хань нойлын өрөө хажууд байна ийшээ ороод бие зас гэж хэлсэн юм. Тэгтэл М гэнэт над руу эргэж хараад намайг түлхээд унагасан юм. Тэгэхээр нь би уначихаад Мт гомдоод уйлаад яаж байгаа юм бэ чи гээд газар сууж байтал цаад талын өрөөнөөс миний уйлсан дууг сонсоод манай найз болох Оц босч ирээд манай нөхөр М луу чи яаж байгаа юм бэ жирэмсэн эхнэрийгээ гэж хэлэхэд манай нөхөр М Оц рүү юу ч хэлэхгүй шууд баруун гараараа Оцийн нүүр лүү цохиод унагасан юм. Тэгээд манай найз Оц Мт цохиулаад газар унаад босоод ирэхдээ зүүн хацарнаас нь цус гарчихсан аймар байдалтай босч ирсэн юм. Тэгээд цагдаа эмнэлэг дуудсан юм гэх мэдүүлэг /Хх-н 11 дүгээр хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт № 12 ...... Дүгнэлт:

1.Г.Оцийн биед зүүн хацарт зүсэгдсэн шарх, зүүн нүдэнд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй болон хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 13 дугаар хуудас/

А.М нь урьд нь ял шийтгүүлсэн талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 21 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймаг Баянгол сумын Гонир багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 22 дугаар хуудас/

А.Мын иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 24 дүгээр хуудас/

Хохирогч Г.Оцийн Цагдаагийн хэлтэст гаргасан А.Мт ямар нэгэн гомдол санал байхгүй болно гэсэн тодорохойлолт /Хх-н 28 дугаар хуудас/ зэрэг болно.

          

             Шүүгдэгч А.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хараа 1 дүгээр баг, 3 дугаар хэсгийн 10 дугаар байрны № 105 тоотод байрлах иргэн Э.Мзгийн гэрт иргэн Г.Оцийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч А.Мын хохирогч Г.Оцийн нүүрэн тус газарт гараараа  цохисон үйлдэл нь хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч А.Мын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж сард 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч Г.Оц нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч Мангууд овогт Алтанхуягийн Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Мыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.М нь 500000 төгрөгийн торгох ялыг 05 сарын хугацаанд 5 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, А.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.Мд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН