Шүүх | Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбаярын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 158/2016/0024/З |
Дугаар | 0026 |
Огноо | 2016-12-15 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 0026
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хангал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч М.Цэцэгмаа
Хариуцагч: Хангал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,
Хариуцагч: Булган аймгийн Засаг дарга нарт холбогдох
“Булган аймгийн Хангал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1/6 тоот тогтоол, аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/101 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий 158/2016/0024/З дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Цэцэгмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагч Хангал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Өнөрцэцэг, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Хишигдаваа, гуравдагч этгээд С.Ичинхорлоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч М.Цэцэгмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Булган аймгийн Хангал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2016 оны сонгуулиар байгуулагдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хуралдсан ба тухайн хуралдаанаас 1/6 тоот тогтоол гарч, уг тогтоолоор Сэвжид овогтой Ичинхорлоог сумын Засаг даргад томилуулахаар аймгийн Засаг даргад уламжилхаар шийдвэрлэсэн. Энэ тогтоол нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.2 дахь заалтыг ноцтойгоор зөрчсөн. Иймд Булган аймгийн Хангал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаас гарсан 1/6 тоот тогтоол, уг тогтоолыг үндэслэн гарсан Булган аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/101 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож өгнө үү. Миний бие нь тухайн анхдугаар хуралдаанд төлөөлөгчөөр оролцсон бөгөөд тухайн үед өөрийн нэрийг Засаг даргад дэвшүүлэх өрсөлдөх эрх нээлттэй байсан. Гэтэл хуульд заасан шаардлага болох төрийн албанд 3 жил ажиллаагүй хүнийг хууль зөрчин Засаг даргаар уламжилж байгаа нь буруу юм. Би хуралдаан дээр С.Ичинхорлоогоос төрийн албанд ажилласан эсэхийг асуухад “Дэлхийн зөн –Монгол” ТББ-д ажиллаж байсан тухайгаа хэлсэн. Тухайн суманд ажиллаж, амьдарч байгаа иргэдийн төлөөлөл болж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаагийнхаа хувьд хууль зөрчсөн үйлдэлтэй эвлэрч чадахгүй, мөн тухайн орон нутгийн тодорхой хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашиг зөрчигдөж болзошгүй гэж үзсэний үндсэн дээр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол улсын Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар төрийн удирдлага, нутгийн удирдлага хоёр хоорондоо ялгаатай ойлголт. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч, төлөөлөгч гэдэг бол нутгийн өөрөө удирдах байгууллагад ажиллаж, нутгийн удирдлагыг хэрэгжүүлж байсан гэж үзнэ. Харин төрийн алба гэдэг бол Төрийн албаны тухай хуульд заасанчлан төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага юм. Гуравдагч этгээд С.Ичинхорлоо нь өмнө төрийн албанд ажиллаж байгаагүй. Харин нутгийн өөрөө удирдах байгууллагад байсан гэдэг нь нотлогдсон байгаа. Сумын Засаг дарга гэдэг нь тухайн орон нутагт төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч байдаг. Энэ утгаараа төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байхыг хууль шаардсан байгаа. Гэтэл Хангал сумын Засаг даргаар томилогдсон С.Ичинхорлоо нь хуульд заасан дээрх шаардлагыг хангаагүй байна. Онцгой байдлын газар болон төрийн бус байгууллагад ажилласан туршлагыг төрийн албанд ажилласантай адилтган үзэж болохгүй. Нэхэмжлэгчийн хувьд Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу сонгох, сонгогдох эрх байгаа. Мөн энэ хүнийг сонгосон иргэдийн сонголтыг хүндэтгэж үзэх хэрэгтэй. Хууль зөрчсөн шийдвэр гаргаснаараа тухайн орон нутгийн хэсэг бүлэг иргэдийн эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзэх үндэслэлтэй. Аймгийн Засаг дарга томилуулахаар ирүүлсэн нэр дэвшигчдийн материалыг шалгаж үзэх үүрэгтэй. Төрийн албанд ажиллаагүй хүнийг Засаг даргаар томилж байгаа нь хууль зөрчиж байгаа юм. Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд заасан оролцогчийн эрхийг хангаагүйн дээр захиргааны акт гаргахдаа тухайн захиргааны актыг уг захиргааны акт зорилгодоо нийцсэн эсэх болон нөхцөл байдлыг тогтоох шаардлагуудыг хангалгүй шийдвэр гаргасан нь буруу. Нэхэмжлэгч М.Цэцэгмаагийн хувьд Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу шүүхэд мэдүүлэх эрхээ эдэлж, хууль зөрчигдөж байгаа талаар нэхэмжлэл гаргасан ба түүний нийтийн ашиг сонирхлыг төлөөлж нэхэмжлэл гаргах эрх нээлттэй байгаа. Учир нь төрийн төлөөлөгч болох Засаг дарга шийдвэр гаргах бүрийд тухайн орон нутгийн бүх иргэдэд нөлөөлөх нөхцөл байдал үүсдэг. Иймд нэхэмжлэгч М.Цэцэгмаа нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй ба түүний гаргасан нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлтэй байна” гэв.
Хариуцагч Хангал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Өнөрцэцэг шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Булган аймгийн Хангал сумын Засаг даргаар томилогдсон Сэвжидийн Ичинхорлоо нь Хангал сумын иргэдийн Төлөөлөгчөөр 8 жил /2008 оноос хойш/, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчээр 4 жил ажилласан бөгөөд энэ жил дахин сонгогдон ажиллаж байгаа туршлагатай, чадварлаг боловсон хүчин юм. Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.16-д зааснаар “төрийн улс төрийн албан тушаалд Монгол улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог хуульд заасан бусад албан тушаал хамаарна” гэж заасан байдаг. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь сонгуулийн үр дүнд бүрэлдэн бий болдог бөгөөд Монгол улсын Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу төрийн удирлагыг орон нутагт бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлдэг төрийн байгууллага бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасны дагуу нутгийн өөрөө удирдах байгууллага буюу иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь захиргааны байгууллага юм. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тогтоосон дэгийнхээ дагуу хуралдаж, өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргах ажиллагааны үе шатыг хангаж шийдвэр гаргасан бөгөөд С.Ичинхорлоо нь нийт 21 төлөөлөгчийн 12 буюу олонхийн саналаар дэмжигдэж сонгогдсон тул түүнийг Хангал сумын Засаг даргад нэр дэвшүүлэн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1/6 тоот тогтоолыг санал нэгтэйгээр батлан аймгийн Засаг дарга өргөн мэдүүлсэн билээ. Нэхэмжлэгч М.Цэцэгмаа нь өөрөө анхдугаар хуралдаанд төлөөлөгчөөр сууж санал хураалтад оролцсон байдаг. Тэрээр залнаас сумын Засаг даргад нэр дэвших эрхтэй байсан байтал тухайн үед өөрийнхөө нэрийг дэвшүүлээгүй, нэр дэвшсэн хүмүүсээс төлөөлөгч нар асуулт асууж хариултаа авсан байдаг. Мөн сумын Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг таслах зогсоох, хууль зөрчлөө гэдэг талаар төлөөлөгчдөөс санал шүүмжлэл гаргаагүй, процессын дагуу хуралдаан болж сумын Засаг даргыг сонгосон. Нэхэмжлэгч М.Цэцэгмаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй юм” гэв.
Хариуцагч Булган аймгийн Засаг дарга З.Батзориг шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Хишигдаваа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/101 дүгээр захирамж нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь заалтын дагуу гарсан хууль ёсны шийдвэр юм. Хангал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр болж, хуралд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар нэр дэвшигч С.Ичинхорлоог сумын Засаг даргаар томилуулахаар шийдвэрлэж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1/6 тоот тогтоолоор аймгийн Засаг даргад уламжилсан байдаг. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт заасан журмын дагуу хуралдаж, өөрт хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гаргаж ирүүлсэн шийдвэрийг хууль ёсны гэж үзэн энэхүү томилгоог хийсэн. Нэр дэвшигч С.Ичинхорлоо нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр хоёр удаа сонгогдож, сумын хурлын тэргүүлэгчээр 4 жил ажилласан байдаг. Энэхүү сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчийн сонгуульт албан тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дах хэсэгт зааснаар төрийн улс төрийн албан тушаалтай адилтган үзэх боломжтой. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5 дах заалтаар нутгийн өөрөө удирдах байгууллага нь захиргааны байгууллагын ангилалд хамаардаг төдийгүй сумын хурлын төлөөлөгч хүн Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтуудаар ХАСХОМ мэдүүлэгч албан тушаалтны жагсаалтад багтсан байдаг тул энэхүү зохицуулалтаар адилтган төрийн албанд ажилласан жилийн шаардлагыг тооцсон болно. Мөн С.Ичинхорлоо нь Хангал суман дах Монгол ардын намын хорооны даргаар 2013 оноос хойш ажиллаж байгаа тул Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу намын байгууллагад ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд шилжүүлэн тооцсон юм. Иймд нэхэмжлэгч М.Цэцэгмаагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанд нэхэмжлэл гаргаад байгаа М.Цэцэгмаа өөрөө оролцож, саналаа өгсөн байдаг. Хурал хуульд зааснаар батлагдсан дэгийнхээ дагуу хуралдаж сумын Засаг даргыг нэр дэвшүүлсэн тогтоолоо гаргаж ирсний үндсэн дээр аймгийн Засаг даргын шийдвэр гарсан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр олонхийн саналд үндэслэсэн байдаг бөгөөд үүнд тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч гомдол гаргах эрхгүй. Нэхэмжлэгч М.Цэцэгмаагийн эрх ашиг сонирхол хөндөгдөөгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд учир нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргаж өгнө үү” гэв.
Гуравдагч этгээд С.Ичинхорлоо шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Хангал сумын Засаг даргаар томилогдсон нь нэхэмжлэл гаргагч М.Цэцэгмаагийн эрх ашгийг хөндөөгүй. Би 2000 оноос хойш Дэлхийн зөн олон улсын байгууллага, орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд 16 жил тасралтгүй ажилласан. Дэлхийн зөн олон улсын байгууллага нь төрийн бус байгууллага хэдий ч орон нутаг дахь төрийн байгууллагуудтай төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хамтарч ажилладаг. Тухайн сум орон нутгийн Засаг даргатай хамтран төлөвлөгөөгөө гарган ажилладаг. Үүгээрээ би өөрийгөө төрийн үйл ажиллагааг мэддэг, туршлагажсан хүн гэж үзэж байгаа. Мөн миний бие Хангал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгчээр 8 жил ажилласан. Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “Гамшгийн эрсдэлийг бууруулах” дэд хөтөлбөрийн хүрээнд сургагч багшаар бэлтгэгдэн Булган аймгийн Онцгой байдлын газартай хамтран сумдад ажиллаж байсан. Энэхүү дэд хөтөлбөр нь Монгол улсын Шадар сайдын тушаалаар баталгаажсан байсан. Дээрх нөхцөл байдлуудаар би өөрийгөө төрийн байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлж ажиллаж байсан гэж үзэж байна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Булган аймгийн Хангал сумын иргэн, Хангал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч М.Цэцэгмаа нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан ““сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1/6 тоот тогтоол”, Булган аймгийн Засаг даргад холбогдуулан “аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/101 дүгээр захирамж”-ийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх дээрх хоёр захиргааны акттай холбогдуулан захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх явцад аймгийн Засаг даргын шийдвэрээр Хангал сумын Засаг даргаар томилогдсон С.Ичинхорлоогийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй гэж үзэн, Хангал сумын Засаг дарга С.Ичинхорлоог 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 112 дугаар шүүгчийн захирамжаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан байна.
Нэхэмжлэгч М.Цэцэгмаа нь нэхэмжлэлийн шаардлагаа ““Хангал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1/6 тоот тогтоол, аймгийн Засаг даргын Б/101 дүгээр захирамжууд нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д заасан Засаг даргад нэр дэвшигчид тавигдах “төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан” шаардлагыг хангаагүй байхад С.Ичинхорлоог Хангал сумын Засаг даргаар томилсон нь хууль зөрчсөн, би Засаг даргад өрсөлдөх боломжтой байсан тул миний эрх ашиг хөндөгдсөнөөс нэхэмжлэл гаргасан” гэж тодорхойлжээ.
Хариуцагч Хангал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Өнөрцэцэг “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан хуулийн дагуу явагдаж сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн, нийт 21 төлөөлөгчийн 12 төлөөлөгч буюу олонхийн саналаар тогтоолыг баталсан” гэж,
Хариуцагч Булган аймгийн Засаг дарга болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Хишигдаваагаас “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу гаргаж ирүүлсэн шийдвэрийг аймгийн Засаг дарга хууль ёсны шийдвэр гэж үзэж энэхүү томилгоог хийсэн. Нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй, хурлын шийдвэр бол хамтын шийдвэр байдаг. Нэхэмжлэгч өөрөө уг хуралдаанд сууж саналаа өгч оролцсон. Нэхэмжлэл гаргах эрхгүй” гэж маргажээ.
Гуравдагч этгээд С.Ичинхорлоо “иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь сонгуулийн үр дүнд бүрэлдэн бий болдог бөгөөд төрийн удирдлагыг орон нутагт хэрэгжүүлдэг төрийн байгууллага бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасны дагуу нутгийн өөрөө удирдах байгууллага буюу иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь захиргааны байгууллага юм. Миний хурлын төлөөлөгч, тэргүүлэгчээр 8 жил ажилласан нь төрийн албанд 3-аас дээш жил ажилласан гэж үзнэ. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэж тайлбарлажээ.
Хангал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хуралдаж, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д заасанчлан сонгуулийн үр дүнд сонгогдсон нийт 21 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, хурлын дэгээ батлан хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу хурлын даргыг, мөн хуулийн 18 дугаар зүйл “Сум, дүүргийн хурлын бүрэн эрх”-д заасны дагуу сумын Засаг даргад тухайн хуралд сонгогдсон төлөөлөгчдөөс бүрдсэн намын бүлгийн санал болгож, тус тус нэр дэвшүүлсэн М.Төмөрбат, С.Ичинхорлоо нарын нэрийг дэвшүүлэн, хуралд оролцсон төлөөлөгчдөөс санал хурааж, МАН-ын бүлгээс нэр дэвшсэн С.Ичинхорлоо 12 хүний буюу 57,2 хувь, АН, МАХН-ын бүлгээс нэр дэвшсэн М.Төмөрбат 9 хүний буюу 42,8 хувийн санал авч олонхийн саналаар С.Ичинхорлоог сумын Засаг даргаар томилуулахаар аймгийн Засаг даргад уламжилсан тогтоол гаргасан нь нотлогджээ.[1]
Уг тогтоолыг хүлээж авсан аймгийн Засаг дарга нэр дэвшигч С.Ичинхорлоог Хангал сумын Засаг даргаар томилсон шийдвэр гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон байна.[2]
Булган аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/101 дүгээр захирамж нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөн гэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Хангал сумын Засаг даргаар томилогдсон С.Ичинхорлоо нь “Булган бүтээлч хөгжил төв” төрийн бус байгууллагад 2003 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 5 жил, “Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллагад 2009 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 7 жил 6 сар ажилласан байх ба Хангал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр 2008-2012 он хүртэл, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчээр 2012-2016 онуудад сонгогдсон нь нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан гуравдагч этгээдийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Хурлын Тэргүүлэгчдэд “Урамшуулал олгох тухай” Тэргүүлэгчдийн тогтоолууд болон бусад баримтаар нотлогджээ[3].
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ” гэжээ. С.Ичинхорлоо нь төрийн чиг үүргийг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлдэг төрийн бус байгууллага өөрөөр хэлбэл “Дэлхийн зөн –Монгол” төрийн бус байгууллагад ажиллаж байсныг төрийн албанд ажилласан гэж үзэх боломжгүй боловч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Тэрүүлэгчээр сонгогдон ажиллаж байсан нь орон нутгийн сонгуулийн үр дүнд бий болсон ажил, үүрэг гэж үзэх үндэслэлтэй. Монгол улсын Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасанчлан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бол нутгийн өөрөө удирдах байгууллага ба Хурлаас гарсан шийдвэр нь хамтын зарчмаар хэлэлцэгдэн батлагддаг, тухайн хуралд иргэдийг төлөөлөн сонгогдож, оролцож байгаа төлөөлөгчдийн санал, санааг тусгаж, олонхийн саналаар шийдвэр гаргадаг онцлогтой байгууллага юм.
Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн зорилт, чиг үүргийг Монгол улсын Үндсэн хууль, хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн алба гэнэ”, 3.3-т “Төрийн албыг дор дурдсанаар ангилна: 3.3.1. төрийн улс төрийн алба ...”6 дугаар зүйлийн 6.1-д “Төрийн улс төрийн албан тушаалд Монгол улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах ...албан тушаал хамаарна:” гэж тус тус заасан байх ба Хангал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаас санал болгож, өргөн мэдүүлсний дагуу Булган аймгийн Засаг дарга З.Батзориг нь Хангал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олонхийн саналаар гаргасан шийдвэрийг хүндэтгэн, гуравдагч этгээдийн 2008-2016 онуудад тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Тэргүүлэгчээр сонгогдон Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж, тодорхой хэмжээгээр нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэр гаргах ажиллагаанд оролцож байсныг харгалзаж Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 /Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол...сум, дүүргийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга...4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй/ -д заасны дагуу С.Ичинхорлоог Хангал сумын Засаг даргаар томилсныг буруутгах боломжгүй байна.
Хангал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1/6 тоот тогтоол нь тус сумын иргэдийн эрх, ашиг сонирхолыг хөндсөн, миний сумын Засаг даргад нэр дэвших эрхийг хязгаарласан гэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Хангал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 –ийн “г”/ Засаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймаг, нийслэлийн Засаг даргад уламжлах/-д заасан онцгой бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр анхдугаар хуралдааныг хуулийн дагуу зохион байгуулж, хуралджээ.
Нэхэмжлэгч нь өөрийн сонгогдсон тойрог, хэсгийн сонгогч иргэдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй гэж үзэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн хувиар нэхэмжлэл гаргасан гэх боловч тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчийн олонх нь сумын Засаг даргаар томилогдсон С.Ичинхорлоогийн төлөө санал өгсөн ба санал өгсөн төлөөлөгчдийн ард нэхэмжлэгчийн адил тэднийг сонгосон сумын иргэд, сонгогчид байгаа. Өөрөөр хэлбэл тус сумын нийт иргэдийн төлөөлөл болсон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт төлөөлөгчдийн олонх нь дээрх санал хураалтад гуравдагч этгээд С.Ичинхорлоог дэмжиж, түүнийг сумын Засаг даргад томилуулахаар өргөн мэдүүлсэн нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 /... сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно/-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.
Мөн нэхэмжлэгч нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хуралдсан Хангал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан төлөөлөгчийн бүрэн эрхийг эдэлж оролцсон байх ба сумын Засаг даргад нэрээ дэвшүүлэх эрх нээлттэй байсан боловч өөрөө нэр дэвшээгүй гэдэг нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагч Хангал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Өнөрцэцэгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Анхдугаар хуралдаанд нэхэмжлэгч М.Цэцэгмаа нь Ардчилсан намаас нэр дэвшин сонгогдсон хурлын төлөөлөгчдөөс бүрдсэн “Шударга ёс” бүлэгт сайн дураараа нэгдэж, уг бүлгээс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нэр дэвшиж 3 хүний санал авсан байна. Харин сумын Засаг даргад “Шударга ёс” бүлгээс М.Төмөрбатын нэрийг дэвшүүлсэн байдаг ба нэхэмжлэгч М.Цэцэгмаа нь өөрийн нэрийг дэвшүүлсэн талаар хурлын тэмдэглэлд тусгагдаагүй байна[4].
Дээрх нөхцөл байдлуудаас Хангал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1/6 тоот тогтоол, Булган аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/101 дүгээр захирамж нь нэхэмжлэгч М.Цэцэгмаагийн Монгол улсын Үндсэн хуульд заасан хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөж, түүний сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан нь тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107, 108 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ
[1] Хавтаст хэргийн 23-31 дүгээр тал
[2] Хавтаст хэргийн 85 дугаар тал
[3] Хавтаст хэргийн 32-65, 95-99 дүгээр тал
[4] Хавтаст хэргийн 24-31 дүгээр тал