Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2019/0194

 

                      А.Б нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Б.А нарыг оролцуулан хийж, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 113/ШШ2019/0001 дүгээр шийдвэртэй, А.Б нарын нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Говьсүмбэр аймгийн Шивээговь аймгийн сумын Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас гаргасан “Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаар тогтоол, Шивээговь сумын Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/70 дугаар захирамжийн 1 дэх заалтын ... 2 дугаар багт 21 дүгээр зөрлөгийн баруун урд талд 22.5 га газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэх ... хэсэг болон 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн А/95 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

      Нэхэмжлэгч Т.Г, Г.Д, А.Б нар давж заалдах гомдолдоо: “ ... Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс уг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хэрэгт цугласан бичгийн нотлох баримтуудаас хариуцагч нарын хариу тайлбар түүнийгээ нотлож буй нотлох баримт, гэрчүүдийн тайлбаруудаас үзэхэд

1. Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.1.2-т заасан “газар зохион байгуулалт, төлөвлөлт" гэдэгт хамаарах тул энэ үндэслэлээр, Нийтийн сонсголын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5, 6.4-д заасан журмын дагуу сонсгол явуулах шаардлагатай байсан.

2. Нийтийн сонсголын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.3, 4.2, 4.2.2, 6 дугаар зүйлийн 6.2.5-д зохицуулснаас үзвэл нутгийн өөрөө удирдах байгууллага болох иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нь хуульд заасан нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар шийдвэр гаргахын өмнө, сонсгол явуулахдаа тус хуулийг дагаж мөрдөхөөр хуульчилсан байтал уг хуулийг дагаж мөрдөөгүй.

3. Гэрчүүдийн мэдүүлгээс 2 дугаар багийн Засаг дарга н.О нь газар олгох тухай асуудлыг огт мэдээгүй, ер нь тухайн оны газрын төлөвлөгөөг батлуулахад газрын даамлын зүгээс багийн Засаг даргаас санал, мэдээлэл авдаг энэ удаад харин надад огт хэлээгүй санал аваагүй , мөн 21 дүгээр зөрлөгийн баруун урд талд олгосон газрыг хэнд ч мэдэгдэлгүй дуудлага худалдаа явуулсан гэх харин газрын даамал Э.Б нь 2 багийн Засаг дарга мэдэж л байсан шүү дээ гэх тайлбар байгаа нь дээрх маргаантай газрыг олгохдоо зохих хуулиудыг зөрчиж иргэд болон хувь хүмүүсийг мэдээллээр хангаагүй сонсгол хийгээгүй. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдахдаа сонсгол хийх, санал гаргах боломж иргэдэд олгоогүй.

4. “С” ХХК-ийн үйл ажиллагааг эсэргүүцсэн гарын үсэг зэргийг нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нотлох баримтаар өгсөн зэргийг шүүх анхааралдаа аваагүй.

5. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлахдаа дээр дурдсанчлан иргэдийн оролцоог хангаж, сонсох ажиллагаа явуулаагүй нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа боловч тус хуульд заасан нийтийн сонсгол явуулаагүй нь уг шийдвэрийг хүчингүй болгох эрх зүйн үр дагавар үүсгэхгүй байна гэж шүүх дээрх байдлуудаар үзсэнийг нэхэмжлэгч бид хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч нарыг нотлох баримтаар Шивээговь сумын 2 дугаар багт амьдардаггүй энд газар эзэмшдэггүй гэж үндэслэх боловч нэхэмжлэгч нар нь Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд байнга амьдран суудаг тус сумын иргэд бөгөөд сум багаар нь ялгаж дээрхи маргаантай газарт газар эзэмшдэггүй гэж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Иймээс Үндсэн хуульд заасанчлан Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард, түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. 16 дугаар зүйлийн 2-т “... эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй”-г сануулж байна.

Иймд Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0001 дугаартай шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, агуулгыг тодруулалгүй, нэхэмжлэгч нарын иргэний хувьд эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

          Нэхэмжлэгч нарын давж заалдах гомдолд “... Нийтийн сонсголын хуулийг зөрчсөн боловч хүчингүй болгох үр дагаварт хүргэхгүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч бид 2 дугаар багт амьдардаггүй боловч суманд байнга амьдран суудаг иргэд, багаар ялгаж байгаа нь хуульд нийцэхгүй. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй ...” гэжээ. 

          Хариуцагч Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь “Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлахдаа Захиргааны ерөнхий хууль болон Нийтийн сонсголын тухай хуульд зааснаар нийтийн сонсгол хийж, иргэдийн оролцоог хангах ажиллагаа явуулаагүй нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа” гэж дүгнэсэн атлаа уг шийдвэрийг хууль бус гэж үзэлгүй, үүний үр дагаврыг тодорхойлсон зохицуулалт Нийтийн сонсголын тухай хуульд тусгаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.,

          Нэхэмжлэгч Т.Г, Г.Д, А.Б нар нь нэхэмжлэлдээ “... нүүрс угаах, баяжуулах болон шохойн чулуу боловсруулах, гөлтгөнө тээвэрлэх үйлдвэрлэл үйлчилгээ явагдаж Шивээговь сумын салхин дээд талд байрлаж тоос, тоосонцор нь хүн малын эрүүл мэндэд нөлөөлнө, малын бэлчээр, өвөлжөө, хаваржааны газар талхлагдан, ус хомсдож, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөх тул иргэдийн оролцоотойгоор шийдүүлээгүй нь хууль бус ...” гэж маргажээ.

          Шүүх нэхэмжлэгч нарыг нийтийн эрх ашгийг хамгаалах эрхгүй, бусдыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж, иргэнийх нь хувьд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

          Учир нь нэхэмжлэгч иргэд нь Шивээговь сумын иргэд, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нар байх бөгөөд сумын иргэнийхээ хувьд эрүүл аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхээ заавал бусад иргэнтэй нэгдэж нийтийн эрх ашгийг хамгаалах эрх бүхий этгээдээр нэхэмжлэл гаргуулан хамгаалах хязгаарлалт хуульд байхгүй.

          Нийтийн сонсголын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.2, 73.1.7-д зааснаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж байгаль орчин, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд нөлөөлөхүйц томоохон үйлдвэрлэл явуулах зориулалтаар 22.5 га газар эзэмшүүлэхээр төлөвлөхдөө иргэдийг сонсох ажиллагааг заавал явуулахаар заасныг зөрчсөн захиргааны үйл ажиллагааны үр дагаврын талаар зохицуулалт байхгүй гэж хуулийн зорилгыг явцуу хүрээнд тайлбарлан хэрэглэх үндэслэлгүй.

          Мөн нэхэмжлэгчийн үндэслэж буй сонсгол явуулаагүйгээс нэхэмжлэгч иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх болон байгаль орчинд сөргөөр нөлөөлөх эсэхтэй холбоотой баримтыг цуглуулж дүгнэхгүйгээр уг хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзэх нь шүүхийн шийдвэр нотлох баримтад үндэслэсэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй.

          Хэрэгт авагдсан “С” ХХК-ийн Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайланд “Төслийн байгаль орчны болзошгүй нөлөөлөл” гэсэн 12-р бүлэгт “... 22.5 га газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмших гэрчилгээ авах гэж л хийлгэж байгаа учир ямар нэгэн нөлөөлөл байхгүй ...” гэж тэмдэглэжээ. Үүнийг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, дүгнэлт гэж үзэхээргүй байх бөгөөд нэхэмжлэгчийн “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах” эрхийг зөрчигдөхгүй гэж үзэхэд хангалттай баримт болохгүй юм.

          Иймд нэхэмжлэгч иргэдийн /хурлын төлөөлөгчийн аль алиных нь хувьд/ ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаар тодруулахын зэрэгцээ уг зөрчигдсөн гэх эрх, ашиг сонирхолд хууль зөрчиж баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулсан нэмэлт өөрчлөлт, түүнийг үндэслэн олгосон газар эзэмшүүлэх шийдвэрийн улмаас зөрчигдөх эсэх талаар холбогдох баримтыг цуглуулж дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.