Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2021/0075

 

“З б т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад

холбогдох захиргааны хэргийн

тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч         Х.Батсүрэн

Шүүгчид:                          Б.Мөнхтуяа                        

                                              Д.Мөнхтуяа

                                              Ц.Цогт                                    

Илтгэгч шүүгч:     Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал  

Нэхэмжлэлийн шаардлага: “...2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/355 дугаар тушаалын “З б т” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”   

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2020/0697 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 29 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А-Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2020/0697 дугаар шийдвэрээр: Монгол  Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 11, 27 дугаар зүйлийн 27.1, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “З б т” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “...2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/355 дугаар тушаалын “З б т” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 29 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 697 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5, 17 дугаар зүйлийн 3, 27 дугаар зүйлийн 2-т заасныг  тус тус баримтлан “З б т” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” А/355 дугаар тушаалын “З б т” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн  697 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 29 дүгээр магадлалыг эс зөвшөөрч доорх үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангахгүй байгаа хуулийн гол үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл юм. Хуулийн дээрх үндэслэл нь сайдын тушаалд тусгагдсан байдаг бөгөөд энэ нь Дархан цаазат газарт хориглох үйл ажиллагааны талаар зохицуулсан. Давж заалдах шатны шүүхээс гаргасан магадлалын Хянавал хэсэгт туссанаар “уг хуулийн 12 дугаар зүйлийн 5-д зааснаар “энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр  барилга байгууламж барих, үйл ажиллагаа явуулахыг хориглосон” зэргээс үзэхэд анхнаасаа уг газарт аялал жуулчлалын зориулалтаар эрх олгох боломжгүй байжээ” гэх дүгнэлт нь хэтэрхий хийсвэр байна. Учир нь мөн хуулийн 11.7-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” гэж заасан. Энэхүү зохицуулалт нь ямар нэг хориглох хэм хэмжээ тогтоогоогүй байна. Харин ч эсрэгээрээ аялагч буудаллах орон байр, түүнийг барих шаардлагын талаар зохицуулсан, энэ хязгаарын хүрээнд хүн, хуулийн этгээд газар ашиглахыг хориглоогүй. Уг зохицуулалт, заалтын хүрээнд нэхэмжлэгч “З б т” ХХК нь ашиглаж буй Богдхан уулын Дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутагт орших “З а”-ны газарт “Уулын дугуйн аяллын дэд өртөө буюу аялагч-дугуйчин амсхийх, цайлах зориулалт бүхий түр амралтын цэг байгуулах зураг төслийг яаманд танилцуулсан байдаг. Энэ зураг төсөл нь хуульд заасан шаардлага, ашиглах хязгаарлалтад нийцэхгүй бол яам татгалзах, өөрчлүүлэх, шаардлагад нийцүүлэх эрхтэй.

5. Дээр дурдсанчлан, дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглахыг хориглоогүй байгаа бөгөөд Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “байгалийн аялал, жуулчлалыг тогтоосон зам, чиглэлээр зохих журмын дагуу зохион байгуулах” боломжтойг заасан.

6.  Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон 36 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар Төрийн захиргааны төв байгууллагын газар ашиглуулах тухай шийдвэрийг гаргах шалгуур үзүүлэлтийг зохицуулсан байх бөгөөд эдгээрийг бүхэлд нь дүгнэлт хийвэл Дархан цаазат газрын хязгаарлалтын болон байгалийн цогцолбор газрын хязгаарлалтын бүсэд хүн, хуулийн этгээдэд газар ашиглуулах зориулалтыг зааглаж, ялгаагүй байна. Хуулийн зохицуулалтууд ийм байсаар байхад анхан болон давж заалдах шатны шүүх тодорхой бус байдлаар тайлбарлаж, хуулийг буруу хэрэглэсэн.

7. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/355 дугаар тушаал нь дээрх байдлаар үндэслэлгүй байгаагаас гадна, түүнийг гаргах захиргааны үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан зарчмын заалтуудыг зөрчсөн. Аливаа захиргааны байгууллага захиргааны үйл ажиллагаанд хуульд заасан зарчмыг баримтлах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, захиргааны үйл ажиллагаанд оролцогчид эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдолд хууль ёсны итгэлийг хамгаалах ёстой. Мөн “З б т” ХХК-ийн тохиолдолд захиргааны байгууллага зайлшгүй өөрийн өмнө нь гаргасан шийдвэрээ хүчингүй болгох биш, харин түүнд өөрчлөлт оруулах, хуульд нийцүүлэх бүрэн боломжтой байхад хуульд тодорхой заагаагүй үндэслэлээр хүчингүй болгосон нь захиргааны үйл ажиллагаанд оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхий хүндэтгээгүй үйлдэл бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх энэ нөхцөл байдалд ямар ч дүгнэлт өгөөгүй нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх үндэслэлийг бий болгосон.

8. Өмнөх шүүхийн шийдвэр, түүний хүчин төгөлдөр байдлын талаар: “3 б т” ХХК-ийн 2016/238 дугаар гэрчилгээтэй, аялал жуулчлалын зориулалттай, Богдхан уулын Дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутагт байрлах “З а” нэртэй 0.5 га газрын ашиглах эрхийг анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын  2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/133 дугаар тушаалаар дуусгавар болгосон нь үндэслэлгүй байсан тул 2018 онд тус компани нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хууль зөрчсөн гэж дүгнэгдсэн 107.96 м.кв хэмжээтэй хэсгийг хасаж шийдвэрлэсэн. Энэ нэхэмжлэлийг хэлэлцэх явцад тухайн газар нь Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд байдаг, тус газар нь аялал, жуулчлалын зориулалтаар ашиглах эрхтэй талаар хэлэлцэгдэж шүүхийн шийдвэрт туссан. Дээрх шүүхийн шийдвэрээр 107.96 м.кв талбайг “З б т” ХХК-ийн ашиглах газраас хасаж, бусад газрыг хууль зөрчөөгүй, зориулалтын дагуу ашиглах эрхтэй болохыг тогтоож шийдвэрлэсэн.

9. Нэгэнт шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/268 дугаар тушаалаар “З б т” ХХК-ийн газар ашиглах эрхийг сэргээж бүртгэлд авах, баталгаажуулах, кадастрын мэдээллийн санд бүртгэх асуудлууд шийдвэрлэгдсэн. Ийнхүү газар ашиглах эрхийг сэргээснээс хойш 27 хоногийн дараа буюу 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дахин “аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчиж олгосон” гэх үндэслэлээр хүчингүй болгох хугацаанд хуульд ямар нэг өөрчлөлт ороогүй, эсвэл шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага хууль эрх зүйн ямар нэг өөрчлөлт гараагүй, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах ач холбогдол бүхий нөхцөл байдал байхгүй байхад гаргасан шийдвэрээ нэг сарын дотор буцаан хүчингүй болгож байгаа энэ үйлдэлд Захиргааны ерөнхий хуульд заасан ямар ч зарчим алгаас гадна Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэн, хуулийн этгээдийн эрх зөрчигдөж байна. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

11. Нэхэмжлэгчээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын “З б т” ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

12. Учир нь, хариуцагч маргаан бүхий актаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 1 дэх заалтыг үндэслэж, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 3-т зааснаар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хууль зөрчиж газар олгосон гэсэн үндэслэлээр Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар олгосон хавсралтад дурдсан 46 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглах эрх олгосон тушаалуудыг хүчингүй болгосон ба уг тушаалд нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/268 дугаар тушаал багтжээ.

13. Үүнээс үзвэл, хариуцагч А/355 дугаар тушаалаар өмнө нь гаргасан хууль бус тушаалуудаа хүчингүй болгосон ба ингэхдээ дээр дурдсан хууль тогтоомжийг үндэслэсэн байх тул уг акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэсэнд хамаарахгүй, энэ талаарх шүүхүүдийн дүгнэлт зөв байна.      

14. Тодруулбал, захиргааны байгууллага нь өмнө нь гаргасан хууль бус шийдвэрээ засах эрхтэй ба энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан үндэслэлийг баримтлах ёстой, тухайн тохиолдолд маргаан бүхий газар нь бүхэлдээ Туул голын эрэг дагуу усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүстэй давхцалтай, энэ утгаараа Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасан “...нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” гэдэгт, өөрөөр хэлбэл нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор гарсан гэж үзэж болохоор тул “илт хууль бус” гэж үзэхгүй. 

15. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа маргаан бүхий актыг “илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлсон, шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх тул /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5/ тухайн актад заасан хуулийн зүйл, заалт зөв, буруу эсэхийг буюу хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа холбогдох хуулийг зөв хэрэглэсэн эсэх талаар шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй. Иймд “шүүхүүд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-7-д заасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.   

16. “Өмнөх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байхад хариуцагч дахин хууль зөрчиж газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хууль бус” гэсэн утгатай хяналтын гомдлын тухайд /Тодорхойлох хэсгийн 8-9/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 809 дүгээр шийдвэрээр “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/113 дугаар тушаал нь “усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчсөн” гэх үндэслэлээр гарсан ба харин “З б т” ХХК-ийн хувьд тушаалд дурдсан нөхцөл байдал хамааралгүй тул тус компанийн газар ашиглах эрхийг бүхэлд нь дуусгавар болгосон нь хууль бус гэсэн үндэслэлээр маргаан бүхий актын зарим хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна, харин энэхүү хэргийн тухайд дээр дурдсанчлан хариуцагч өөр хууль зүйн үндэслэлээр буюу өмнө нь гаргасан хууль бус тушаалаа хүчингүй болгож шийдвэрлэсэн шинэ акт байна, иймд холбогдох гомдол үндэслэлгүй.

17. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 29 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.БАТСҮРЭН

             ШҮҮГЧИД                                                             Б.МӨНХТУЯА

                                                                                              Д.МӨНХТУЯА

                                                                                   Ц.ЦОГТ

                                                                                             Г.БАНЗРАГЧ