Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 1273

 

“ХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ016/03890 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ХХ” СӨХ-д холбогдох,

 

Түрээсийн төлбөрт 10 549 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХ,

Хариуцагчийн төлөөлөгч ХХХХХ,

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч “ХХХ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани “ХХ” СӨХ-той 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр “Рекламны самбар түрээслэх гэрээ”-г байгуулсан, гэрээг тухайн үед манай компанийн захирлаар ажиллаж байсан ХХХХХХХ байгуулсан бөгөөд одоо ажлаасаа чөлөөлөгдсөн болно. Дээрх гэрээгээр ХХХ дүүрэг, ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХХХХ орцын ханын зайд манай компани 29.5 м-ийн урттай төмөр арамыг зангидаж, барилгын хананд байрлуулж өөрсдийн реклам сурталчилгааг байршуулах, мөн түрээсийн төлбөр сурталчилгаа байршуулсан хоног тутам 10 000 төгрөг байхаар тооцож төлөх ёстой байсан. 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын 23-ны хооронд гэрээний хүчин төгөлдөр хугацаанд манай компани реклам сурталчилгаагаа нэгч удаа байршуулаагүй боловч СӨХ-ны дарга ХХХХХ нь нэхэмжлэх, бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл бичин ирж хэд хэдэн удаа бага бус хэмжээний бэлэн мөнгө гаргуулж авч байсан. Гэрээний үндсэн хугацаа 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын 23-ны хооронд боловч гэрээний 2.2-д “...талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр дахин сунгах боломжтой” гэж заасны дагуу сунгалт хийе гэж хэлсэн боловч янз бүрийн шалтгаан хэлж гэрээний сунгалтыг хийгээгүй. Гэрээний сунгалтыг тамга тэмдэг дарж хийгээгүй боловч төлбөрийг нэхэмжилж авдаг байсан бөгөөд манай компани төлбөрөө төлөөд явдаг учир гэрээг сунгагдсан гэж үзэж байгаа. 2015 оны 4 дүгээр сард манай гэрээтэй талбайд Амар хуур гэх реклам тавигдсан байсан. Манай компанийн гэрээтэй, манай компанийн өмч болох төмөр арам дээр өөр газрын реклам тавигдсан байсан учир “ХХ” СӨХ-ны дарга ХХХХХтай ярихад “өөр реклам сурталчилгааны компанитай гэрээ хийсэн, танай рекламыг байрлуулахгүй” гэсэн тайлбар өгсөн. Ингээд манай компани реклам сурталчилгаагаа байршуулаагүй байхад түрээсийн төлбөр гэж нийт 2 500 00 төгрөгийг төлсөн. Мөн дээрх төмөр 2 ширхэг арамыг бид өөрсдийн хөрөнгөөр нийт 8 049 800 төгрөгөөр зангидаж босгосон, нэгэнт зангидаж тогтоосон төмөр арамыг буцааж авах ямар ч боломжгүй барилгын бүрэн бүтэн байдалд сөргөөр нөлөөлж нурах эрсдэлтэй. Энэ төмөр арамыг “ХХ” СӨХ эзэмшиж, үр ашгийг нь хүртэж байгаа тул дээрх 8 049 800 төгрөгийг “ХХ” СӨХ-оос гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд “ХХ” СӨХ-оос түрээсийн төлбөр 2 500 000 төгрөг, төмөр арамын үнэ 8 049 800 төгрөг, нийт 10 549 800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “ХХ” СӨХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Бидний хооронд байгуулсан гэрээний хугацаа дууссан. Хугацаа сунгаж гэрээ байгуулах буюу шинэчлэх ажиллагаа хийгдээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т зааснаар шүүхэд үнэн зөв тайлбар гаргах гэж заажээ. Гэтэл нэхэмжлэгч гэрээний хугацаа дууссан ч мөнгө төлсөн мэтээр тусгасан байгаа нь хуулийн дээр шаардлагыг зөрчсөн болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасныг баримтлан хариуцагч “ХХ” СӨХ-оос 2 030 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ХХХ” ХХК-д олгож нэхэмжлэлээс 8 519 800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ХХХ” ХХК, хариуцагч “ХХ” СӨХ нараас тус бүр 157 780 төгрөг гаргуулж шинжээч ХХХХХХХХэд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “ХХХ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183 750 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “ХХ” СӨХ-оос 47 430 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ХХХ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ХХХХХ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх энэхүү нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ тус компанийн төлсөн түрээсийн төлбөрийг ямар нэгэн үндэслэл, нотлох баримтгүйгээр СӨХ-ноос буцаан гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь:

Түрээсийн гэрээний 2.3-т “Зар сурталчилгааны самбарын түрээсийн үнийг түрээслэгч талаас сурталчилгаа байрлуулах өдрөөс тухайн сурталчилгаа буух өдөр хүртэл хуанлийн нэг хоног тутамд 10 000 төгрөгөөр тооцож, түрээслүүлэгч талд бэлнээр болон дансаар шилжүүлнэ” гэсэн байх боловч түрээслэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргахдаа эдгээр самбаруудад хэдийгээс хэдийн хүртэл ямар зар сурталчилгаа байрлуулсна, эсхүл байрлуулаагүй гэдгээ баримтаар нотлоогүй боловч бид түрээсийн төлбөр төлж байсан баримтыг нь шүүхэд гаргаж өгсөн юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч компани 2013-2014 онд түрээсийн төлбөрт тодорхой хэмжээний мөнгө шилжүүлж байсан нь самбаруудыг зориулалтынх нь дагуу ашиглаж байсны шууд нотолгоо байсан. Гэтэл шүүх уул шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулж байгаа нь илт хууль бус шийдвэр болсон гэж бид үзэж байна.

Нэхэмжлэгч ашиглаж байсан 2 самбарынхаа нэгийг жилийн туршид бүрэн дүүрэн ашиглаагүй ч нөгөө самбараа жилийн туршид сурталчилгааны зурагтай байлгасан юм.

Иймд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасныг баримтлан “ХХ” СӨХ-ноос 2 030 000 төгрөг гаргуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийн энэхүү хууль зүйн үндэслэлгүй заалтыг хүчингүй болгон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2016/03890 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч “ХХХ” ХХК нь хариуцагч “ХХ” СӨХ-д холбогдуулан 10 549 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний хугацаа дууссан гэж маргажээ.

 

Талуудын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр “Рекламны самбар түрээслэх гэрээ” байгуулагдаж нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшлийн ХХХХХХ дүүргийн нутаг дэвсгэр дэх ХХХХХХХХХХХХ дүгээр орц хоорондын гадна ханын 29.5 м.кв зайд төмөр хүрээг суурилуулан 1 жилийн хугацаатай зар сурталчилгааны самбар байршуулж, самбар байрлуулсан хугацаанд 10 000 төгрөгийн төлбөр төлөхөөр талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар Эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй. 

/хэргийн 11 дүгээр тал/

 

Гэрээний хугацаа дуусгавар болоход талуудын хэн аль нь гэрээг цуцлах санал гаргаагүй, нэхэмжлэгч бэлэн бусаар болон бэлнээр хариуцагчид түрээсийн төлбөр төлж байсан үйл баримтын талаар нэхэмжлэгч тайлбарласныг хариуцагч үгүйсгээгүй байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “зар сурталчилгаа байршуулаагүй хугацаанд төлсөн түрээсийн төлбөр 2 500 000 төгрөг, төмөр хүрээг буцаан салгаж авах боломжгүй тул 8 049 800 төгрөгийг гаргуулна” гэж тайлбарлаж байгаа боловч шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу баримтаар нотлоогүй байна.

 

Хариуцагч эд хөрөнгийг тодорхой хугацаанд ашиглаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэж “2 самбарын нэг нь байнга зурагтай байдаг, нэг самбарыг бараг ашигладаггүй” гэсэн тайлбар гаргасан нь гэрч ХХХХХХХХХХын “Нэг самбар дээр нь нэг реклам саяхныг хүртэл байсан, нэг рам нь одоог хүртэл хоосон байна” гэсэн мэдүүлгээр давхар нотлогджээ.

 

Өөрөөр хэлбэл орон сууцны барилгын гадна ханыг зар сурталчилгааны зориулалтаар ашиглаагүй хугацаанд түрээсийн төлбөр төлсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.1-т “хөлслөгчийн буруугүйгээр хөлслөн авсан эд хөрөнгө ашиглах боломжгүй болсон тул хөлс төлөхөөс татгалзах эрхтэй” гэж заасан боловч хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь зар сурталчилгааны самбар байршуулаагүй, хариуцагч буруутай гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хариуцагчаас түрээсийн төлбөрийг буцаан шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй юм.

 

Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу хийгдсэн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн МИ-09-788/01 тоот шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн байрны хананд суурилуулсан 2 ширхэг зар сурталчилгааны зориулалттай самбарын төмөр хүрээ /булан төмөр/-ийг буулган авч явах боломжтой, хүндрэл гарахгүй болох нь тогтоогдсон.

 

Иймд нэхэмжлэгчийн суурилуулсан сурталчилгааны салбарын төмөр хүрээг хариуцагчийн эд хөрөнгөд үлдэх засан сайжруулалт гэж үзэх боломжгүй тул Иргэний хулуийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д “талууд тохиролцоогүй бол, хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгөөр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах” гэж зааснаар хариуцагчаас суурилуулсан төмөр хүрээний үнийг гаргуулахаар шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2016/03890 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.1-т заасан үндэслэлгүй тул хариуцагч “ХХ” СӨХ-оос түрээсийн төлбөрт 10 549 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “ХХХ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч “ХХ” СӨХ-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74 430 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                        ШҮҮГЧИД                                  Д.БАЙГАЛМАА

 

                                                                      С.ЭНХТӨР