Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2017/00096

 

 

Д.Амартайваны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,            

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 807 дугаар шийдвэр,

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 22 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Д.Амартайваны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ч.Эрдэнэчимэг, Б.Мөнхсайхан нарт холбогдох,

Үндсэн зээлийн төлбөр, хүү, алданги нийт 28.000.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Зээлийн гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзоригийн гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.Амартайван шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Эрдэнэчимэг, Б.Мөнхсайхан нарт 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 1 сарын хугацаатай 18.000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлсэн. 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулан сумруугаа буцаж явсан. Тэгээд сумандаа байж байтал цагдаагаас болон нотариатаас ярьж байна гээд таны Ч.Эрдэнэчимэгтэй байгуулсан гэрээг хүчингүй болгосон гэхээр нь яагаад гэхэд Б.Мөнхсайхантай хамт зээлийн гэрээ байгуулах ёстой байсан юм байна гэж хэлээд өмнө нь Ч.Эрдэнэчимэгтэй байгуулсан зээлийн гэрээтэй яг адилхан харин нэмж Мөнхсайханы гарын үсэг зурсан, мөн өмнөх зээлийн гэрээг яагаад хүчингүй болгосон талаараа гэрээндээ тодорхой бичсэн байхаар нь би уг гэрээнд зөвшөөрч гарын үсгээ зурж 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дахин зээлийн гэрээ байгуулсан юм. Ч.Эрдэнэчимэг, Б.Мөнхсайхан нар нь надад зээлсэн төлбөрөөс хүү гэж нийт 2.200.000 төгрөг л өгсөн. Иймд би шүүхэд үндсэн зээлийн төлбөр 18.000.000 төгрөг, хүү, алданги нийлээд нийт 10.000.000 төгрөг, бүгд 28.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч хүү, алданги 10.000.000 төгрөг гаргуулахаас өөртөө авсан 2.200.000 төгрөгийг алдангиас хасч тооцоод одоо үлдэгдэл зээлийн төлбөр 18.000.000 төгрөг, хүү 5.800.000 төгрөг, алдангид 2.000.000 төгрөг, нийт 25.800.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Эрдэнэчимэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Д.Амартайвантай ямар ч мөнгө, төгрөгийн хохирол байхгүй. Охин Б.Мөнхсайхан өөрөө ахтайгаа утсаар ярьж холбогдоод мөнгө авсан нь үнэн. Энэ мөнгө төгрөгийг Б.Мөнхсайхан хариуцна. Би энэ мөнгө төгрөгийг төлөхөөс татгалзаж байна гэжээ.

Хариуцагч Б.Мөнхсайхан шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би анх 2015 оны 03 дугаар сарын 09-ны өдөр Д.Амартайван ахтай утсаар ярьж тохироод миний Хаан банкны данс руу тус өдрөө 18.000.000 төгрөгийг шилжүүлснээр хүлээн авсан. Тухайн үед Д.Амартайван бид хоёрын хооронд зээлийн гэрээг бичгээр байгуулсан зүйл огт байхгүй тул Иргэний хуулийн 282.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь үндсэн зээлээс гадна хүү нэмж нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Би Д.Амартайваны хүүгийн хамт нэхэмжилсэн 28.000.000 төгрөгийн 12.000.000 төгрөгийг төлөхөөс татгалзаж, анх 18.000.000 төгрөг зээлснээс 2.000.000 төгрөгийг нь төлж үлдэгдэл 16.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа болно гэжээ.

Хариуцагч Ч.Эрдэнэчимэг, Б.Мөнхсайхан нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Зээлийн гэрээ 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан байтал дараа нь буюу 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ээж Ч.Эрдэнэчимэгтэй хүчээр зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулсан. Дараа нь би Хөвсгөл аймагт очиж 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулсан нь анх 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг баталгаажуулах гэсэн дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байгаа тул дээрх 2 зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Амартайван сөрөг нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Эрдэнэчимэг болон түүний охин Б.Мөнхсайхан нар нь намайг болон эхнэрийг минь бодохгүй, банкинд намайг хүү төлж байгааг ойлгохгүй зээлийн гэрээ хүчингүй болгох нэхэмжлэл гаргасанд гомдолтой байна. Олон дахин зээлийн гэрээг цаг алдаж сүүлд байгуулж байгаагаас болж би хүү, алданги авах төлбөрийн хэмжээ маань буурч байна гэж үзэж байна. Иймд хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь өөрсдөө гуйж зээлийн гэрээ байгуулсан. Тэрнээс би шахалт болон хүчээр зээлийн гэрээ байгуулаагүй тул хүчингүй болгох үндэслэлгүй гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 807 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1-д зааснаар хариуцагч Ч.Эрдэнэчимэг, хамтран хариуцагч Б.Мөнхсайхан нараас 20.960.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Амартайванд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.840.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар хариуцагч Ч.Эрдэнэчимэг, хамтран хариуцагч Б.Мөнхсайхан нарын зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Амартайваны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 216.750 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж, хариуцагч Ч.Эрдэнэчимэг, Б.Мөнхсайхан нараас улсын тэмдэгтийн хураамжид 262.750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Амартайванд олгож, хариуцагч Ч.Эрдэнэчимэг, Б.Мөнхсайхан нарын сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тус тус шийдвэрлэжээ.

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 22 дугаар магадлалаар Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 807 дугаар шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзориг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Магадлалын 5 дугаар хуудасны үндэслэх хэсэгт 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ гэж үзжээ. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зохицуулжээ. Энэ нь гэрээ байгуулах эсэх болон хэнтэй байгуулж гэрээгээр үүсэх үүргийн эрх зүйн харилцааг бий болгох эсэхээ өөрөө чөлөөтэй шийдвэрлэдэг. Үүний зэрэгцээ гэрээний агуулгыг нөгөө талтайгаа тохирсны үндсэн дээр чөлөөтэй тодорхойлдог. Энэ гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байх эсэхийг анхан болон давж заалдах шатны шүүхүүд дүгнээгүй мөн Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 24 дүгээр бүлэгт зээлийн гэрээг тодорхой зохицуулсан хуулийн зохицуулалттай байхад Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т заасныг үндэслэн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн нь хууль буруу хэрэглэсэн байна.

Мөн магадлалын 5 дугаар хуудасны үндэслэх хэсэгт тус гэрээг хариуцагч нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй гэдэг үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. ИХШХШтХ-ийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн тайлбар нь нотлох баримт юм. Д.Амартайван нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон анхан шатны шүүх хурал дээр гаргасан тайлбартаа тус зээлийн гэрээг цагдаа зээлийн гэрээ байгуул гэсэн болохоор Ч.Эрдэнэчимэгтэй зээлийн гэрээ байгуулсан гэж тайлбар өгдөг энэ нь өөрөө нотлох баримтын хзмжээнд үнэлэхээр байтал анхан болон давж заалдах шатны шүүхүүд үнэлээгүй. Иргэний хуулинд зааснаар нэг талын хүсэл зоригийг нөгөө тал хүлээн авснаар хэлцлийг хүчин төгөлдөрт тооцдог. Гэтэл дээрх тохиолдолд 2 талын хүсэл зориг байгаагүй, зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгдэж албадлагаар гэрээг байгуулсан нь тодорхой байна. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм.

Д.Амартайван нь анх 2015 оны 03 дугаар сарын 09-нд Б.Мөнхсайхантай утсаар ярьж тохиролцож 18 сая төгрөгийг Хаан банкны данс руу нь шилжүүлснээр Д.Амартайван, Б.Мөнхсайхан нарын хооронд зээлийн гэрээ амаар тохирч байгуулагдсан нь тодорхой байна, мөн Ч.Эрдэнэчимэгийг хамтран хариуцагчаар татах үндэслэл тогтоогдохгүй байх тул Ч.Эрдэнэчимэгээс нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Б.Мөнхсайханаас Д.Амартайванд 15.800.000 төгрөг гаргуулахаар магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч нарын өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...хүү, алданги төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлээс хасч тооцуулах, хариуцагч Ч.Эрдэнэчимэг нь  гэрээгээр үүрэг хүлээгээгүй тул түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах” хүсэлтийг гаргажээ.

Нэхэмжлэгч Д.Амартайван нь хариуцагч Ч.Эрдэнэчимэг, Б.Мөнхсайхан нараас зээлийн үүрэгт 28.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг, хариуцагч Б.Мөнхсайхан нь зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ. Хариуцагч Б.Мөнхсайхан үндсэн зээл 18.000.000 төгрөг төлөхийг зөвшөөрч, хариуцагч Ч.Эрдэнэчимэг зээлийг аваагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна. 

2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээг амаар байгуулж, зээлдэгч Д.Амартайван нь 18.000.000 төгрөгийг хариуцагч Б.Мөнхсайханд шилжүүлсэн, нэгэнт байгуулагдсан уг хэлцлийг 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр  бичгээр баталгаажуулж, хүү, алданги тогтоосон  нь  Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасныг зөрчөөгүй талаар шүүх хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж, талууд бичгээр гэрээ байгуулснаас хойшхи хугацааны хүү, алдангийг үндсэн зээлийн хамт хариуцагч Б.Мөнхсайханаас гаргуулсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3-т нийцжээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлсэн тул зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд, гэрээнд заасан нөхцлөөр буцаан өгөх үүргийг хүлээнэ. Иймд хүү, алданги төлөхгүй гэсэн хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

Түүнчлэн“... гэрээг хүч хэрэглэж байгуулсан, … дүр үзүүлэн хийсэн гэсэн үндэслэлээр зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн талаар хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо зохих хуулийг баримтлаагүйг залруулах боломжтой байна.

Мөн хариуцагч Ч.Эрдэнэчимэгийг хамтран хариуцагч гэж үзсэн нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 242 дугаар зүйлийн 242.1-д заасан агуулгад нийцээгүй гэж үзнэ. Ч.Эрдэнэчимэг нь нэхэмжлэгчтэй хэлцэл байгуулж, зээлийн мөнгийг аваагүйгээс гадна Иргэний хуульд заасан батлан даалт, баталгаа гаргах замаар эсвэл зээлийн үүргийг хамтран хариуцахаар зээлдүүлэгчийн өмнө  үүрэг хүлээгээгүй байна.  Б.Мөнхсайханы авсан зээлийг үндэслэн Ч.Эрдэнэчимэг нь Б.Амартайвантай зээлийн гэрээ байгуулсан явдал нь хамтран хүлээх үүргийг бий болгохгүй юм.

Иймд хариуцагч нарын өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, Ч.Эрдэнэчимэгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 22 дугаар магадлал, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 807 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...хариуцагч Ч.Эрдэнэчимэг, хамтран...” гэснийг хасч, “...Б.Мөнхсайхан нараас гэснийг Б.Мөнхсайханаас” гэж ..., “...4.840.000 төгрөгийг...” гэсний дараа “...болон хариуцагч Ч.Эрдэнэчимэгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй  болгосугай” гэж өөрчилж,

2 дах заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-д зааснаар” гэснийг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 59 дүгээр зүйлийн 59.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул” гэж нэмж,

3 дахь заалтад “ ...Ч.Эрдэнэчимэг...” гэснийг хасч, “...Б.Мөнхсайхан нараас...” гэснийг “Б.Мөнхсайханаас” гэж, “...Б.Мөнхсайхан нарын...” гэснийг “Б.Мөнхсайханы” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 98.000 /ерэн найман мянга/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                          П.ЗОЛЗАЯА