Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 44

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтлөн,

улсын яллагч Т.Оюунжаргал

шүүгдэгч П.У, түүний өмгөөлөгчөөр улсын өмгөөлөгч Б.Долгорсүрэн

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Ут холбогдох эрүүгийн 201626020009 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

П.У 2015 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хороо “Эрхэс” пабын гадаа иргэн Н.Б-н эд хөрөнгийг  авах зорилгоор амь биед аюултайгаар  хүч хэрэглэж довтолсон дээрмийн гэмт хэргийг,

мөн 2017 оны 11 дүгээр  сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо “Тэргэл” зочид буудалд байрлаж байсан иргэн О.Бийн Самсунг эс -5 гар утас, Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар виза картанд байсан 960.000 төгрөгийг авч иргэн О.Бид  1.136.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2018 оны 1 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хороо “Таац” зочид буудалд байрлаж байсан иргэн Ш.Дийн Самсунг жи-5 загварын гар утас, годон гутал, куртик, Хаан банкны виза карт зэрэг эд хөрөнгийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар  виза  картанд  байсан 200,000 төгрөгийг авч,  иргэн Ш.Дид 1.096.000 төгрөгийн хохирол учруулсан, 

мөн 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр  тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Очир” төвийн баруун талын автозам дээр 35-31 УНУ улсын дугаартай Тоёота Чэйзер  маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1 механикжсан тээврийн хэрэглсийн жолооч дараахь  бичиг баримтыг биедээ авч явна. а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, 7.7-д заасан Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа  тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас жолооч Н.Сүлд-Оргилын жолоодож явсан 56-02 УНГ улсын дугаартай Lexus RX 400 маркийн автомашинтай мөргөлдөж зорчигч Б.Б эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэргүүдэд холбогджээ.

 

                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч П.У шүүхийн хэлэлцүүлэгт: Би өөрийн холбогдсон хэргүүдээс хулгайн хоёр үйлдлээ зөвшөөрч байна. Дээрмийн үйлдэлд амь биед аюултай хүч хэрэглэсэн гэж байгааг зөвшөөрөхгүй. Зам тээврийн хэрэг дээр би жолооны үнэмлэхгүй машин жолоодсон нь үнэн боловч Сүлд-Оргилыг сайн шалгуулмаар байна.  Өөр хэлэх зүйлгүй гэв. 

 

Хавтаст хэргээс:

Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх хэрэгтэй холбоотойгоор:

Хохирогч Н.Б мөрдөн байцаалтанд: 2015 оны 12 дугаар сарын 07-ны орой 19 цагийн үед Есөн-Эрдэнэ над руу залгаад та өнөөдөр надтай уулзаж амжих уу гээд байхаар нь хороолол ороод ярьсан чинь Есөн-Эрдэнэ бичлийн Эрхэс нэртэй караокед байна гэсэн. Тэгээд би очоод бид хоёр караокед дуулангаа 1 шил 0,5 гр сархад архи хувааж уугаад би гадагш гарч АТМ орж данснаасаа 200.000 төгрөг аваад эргэж караокед ороод ахиж нэг  шил архи авч уусан тэр үед бид хоёр хоёулаа нэлээн согтсон байсан караокеноос гарахдаа би бүх тооцоог хийсэн юм байна лээ. Тэгээд би гадаа гараад салах гээд байж байхад Есөн-Эрдэнэ миний өмдний халааснаас түрийвч авах гээд дайраад байсан би эсэргүүцээд бид хоёр хэсэг зууралдсан...тэгээд ноцолдож ноцолдож Есөн-Эрдэнэ миний халааснаас түрийвч аваад намайг орхиод цаашаа яваад өгсөн. Энэ үед би эхнэр рүүгээ ярих гээд халаасаа ухсан чинь миний айфоне -5, айфоне 4 маркийн 2 ширхэг утас 2-уулаа байхгүй байсан би тэгээд шууд гэр рүүгээ такси барьж очоод эхнэртээ болсон явдлыг хэлээд шууд цагдаагийн байгууллага дээр ирж өргөдөл гаргасан юм...тэгэхэд намайг заамдаж боогоод миний халааснаас түрийвч аваад зугатаасан юм...Есөн-Эрдэнэ надтай зууралдаж байхдаа намайг газар унагаасан тэгэхэд миний өмсөж явсан куртик урагдсан би куртикээ 65.000 төгрөгөөр янзлуулсан. Миний түрийвч бор өнгийн арьсан түрийвч байгаа 80.000 төгргөөр худалдан авч байсан. Түрийвчин дотор охины иргэний үнэмлэх, өөрийн иргэний, жолооны үнэмлэх, Голомт банкны виза карт бэлнээр 48.000 төгрөг байсан. I Phone 5 маркийн цагаан өнгийн гар утсан дээр голд өнгөтэй шилэн наалт наалгасан утас байгаа 560.000 төгрөгөөр үнэлнэ. Мөн I Phone 4 хар өнгийн гар утсаа 250.000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Мөн Есөн-Эрдэнэ надтай зууралдаж байхдаа намайг газар унагаасан тэгэхэд миний өмсөж явсан савхин куртик урагдсан тухайн куртикээ би 65000 төгрөгөөр эргэж янзлуулсан. /хх-ийн  26/ гэх мэдүүлэг, 

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 114/

 

Хулгайлах хэрэгтэй холбоотойгоор

Хохирогч Ш.Д мөрдөн байцаалтанд: “ Би 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр ажлаа тараад ажлынхаа залуутай  машинд нь нэг лаазтай пиво уусан.  Тэгээд би ажлынхаа залуугаар сансрын колонк хүргүүлээд цаашаа микронд суугаад хорооллын эцэст байрлах Макс нэртэй караоке орсон, ширээ байхгүй байсан бөгөөд нэг залуу ганцаараа сууж байсан, зөөгч нь намайг тэр залуутай хамт шахаад суулгасан.  Уг залуутай танилцаад тухайн залуу би дайлъя гээд байсан.  Тэгээд нэлээн согтсон учир болсон үйл явдлыг огт санахгүй байгаа. Макс караокеноос хэд гэж гарсан болон ямар буудал руу яаж явсан талаар санахгүй байгаа.  Би 2018 оны 1 сарын 26-ны өглөө 10 цагийн орчим сэрэхэд би буудалд байсан бөгөөд ресепшнээс асуухад “Таац” зочид буудал гэж хэлсэн. Би буцаад өрөө рүүгээ ороод хувцсаа өмсөх гэтэл миний цаа бугын годон гутал, куртик, гар утас, Хаан банкны виза карт зэрэг эд зүйлс алга болсон байсан учир би ресепшин рүү дахин очиж ямар хүмүүстэй орж ирсэн талаар асуугаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн өдөр буудал руу орж ирэхдээ нэг эрэгтэй, 2 эмэгтэй хүнтэй орж ирсэн тэр шөнөдөө чамтай хамт орж ирсэн хүмүүс чинь гараад явцгаасан гэж байсан. Тухайн үед Таац зочид буудал засварын ажил хийж байсан тул камер шүүж чадаагүй ээ.  Би цаа бугын годон гутлаа 2017 оны 7 дугаар сард 450.000 төгрөгөөр Бөмбөгөр худалдааны төвөөс куртикээ 270.000 төгрөгөөр Билэг их дэлгүүрээс Самсунг Галакси Жи-5 маркийн хар өнгийн гар утсаа 2017 оны 12 дугаар сард төв Тэдигээс 475.000 төгрөгөөр худалдан авч байсан. Мөн миний виза картанд байсан 225.000 төгрөг байхгүй болсон байсан.  Би Хаан банкнаас хуулгаа аваад үзтэл өглөөний 07:43 минутанд зарлага гарсан байсан ба би тухайн цаг хугацаанд буудалд байсан. /хх-ийн 128-129/ гэх мэдүүлэг,

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 159/

 

Сэжигтнээр П.У мөрдөн байцаалтад: 2018 оны 01 дүгээр сарын сүүлээр хорооллын эцсийн Макс нэртэй нийтийн караокед үйлчүүлж байхад нэг үл таних залуу орж ирээд миний хажууд суугаад бид хоёр танилцсан...тухайн залуу нэг шил 0,75гр-н архи аваад бид хоёр хувааж уугаад дуулцгааж байгаад гарч, караокены гадна бид хоёр охинтой танилцаад Таац зочид буудал руу очицгоосон. Буудал руу ороод ресепшинээс хоёр ширхэг 2.5 литрийн боргио гэсэн бичигтэй хоёр том пиво аваад өрөө рүүгээ орц ууцгаасан. Бид дөрөв авсан пивоо ууж дуусгаад хоёр орон дээр хоёр хоёроороо хэвтэж байтал нөгөө хоёр охины нэгнийх нь утас дуугараад явахаар болоод явцгаасан. Би араас нь өрөөндөө хэвтэж байгаад ойролцоогоор 5-10 минутын дараа гараад явсан. Намайг гарахад караокед танилцсан залуу нэлээн согтсон байдалтай сэрүүн 00 орлоо гээд үлдсэн. Би явлаа гэж хэлээд гараад явсан...би годон гутлыг нь өмсөөд явчихсан байна лээ. /хх-ийн 131/

Би годон гутлыг нь тайлж орхих гэснээ миний куртикэн дээр зохиод байхаар нь аваад явчихсан юм. /хх-ийн 151/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч О.Б мөрдөн байцаалтанд: 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө 06 цагийн орчим зүс таних Есөн-Эрдэнэ болон түүний найз охины хамт бид гурав Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Тэргэл зочид буудалд хоносон. Тэгээд би  унтаж байгаад 14 цагийн орчим сэрэхэд надтай хамт орж ирсэн хоёр хүн байхгүй байсан. Тэгээд буудлаас гарахдаа өөрийн Самсунг эс-5  маркийн гар утас алга болсныг мэдсэн.  Буудлаас гараад Хаан банкны АТМ–д очиж виза картаа уншуулахад үлдэгдэл 8920 төгрөг байсан. Хамгийн сүүлд өчигдөр шөнө буюу 00 цагийн үед картаа шалгахад 1.200.000 төгрөг байсан юм.

Самсунг эс-5 гар утас 250.000  төгрөгийн үнэтэй, виза картнаасаа харин 1.200.000 төгрөг нийт 1450.000 төгрөгийн хохирол учирсан байна. / хх-ийн 192 / гэх мэдүүлэг,

 

П.У мөрдөн байцаалтанд:...О.Б бид хоёр тааралдаад тус Макс гэдэг караокедоо хамт архи, пиво хувааж уусан. Бид хоёр уг караокед 2 шил архи уугаад уг газраас гараад модны 2-т байдаг +25 гэдэг бааранд ороод тус бүр 2 шил пиво ууж байгаад нэг хүүхэнтэй танилцаад тэр хүүхэнтэйгээ гурвуулаа  нийлээд Баянзүрх дүүргийн нутагт байдаг Тэргэл зочид буудалд орсон...Б намайг архинд яваад ирээч би энэ хүүхэнтэй хамт байж байя гэж хэлээд надад виза картаа өгөөд пин кодоо хэлсэн. Тэгэхээр нь би картыг нь аваад Сансарын тунел дээр байдаг Хаан банкны АТМ-ээс мөнгө авах гэсэн чинь карт нь болохгүй байхаар нь такси бариад Тэргэл төвийн хажууд байдаг дэлгүүрээс очиж хиам, ундаа, 0,5 литрийн архи аваад буцаад буудал руу орсон чинь тэр хоёр юм яриад сууж байсан...би түрүүлээд буудлаас гараад явсан. Түүнээс хойш 3 хоногийн дараа Б над руу яриад миний картанд байсан мөнгийг бас гар утсыг аваад ир гэж хэлэхээр нь би Бид би чиний утас мөнгийг аваагүй гэсэн. /хх-ийн 193/ гэх мэдүүлэг,

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 198/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 105-111/,

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих хэрэгтэй холбоотойгоор

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 58-66/,

 

Хохирогч Б.Б мөрдөн байцаалтанд: Би 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 11 цагийн үед ...ингээд зүүн 4 замаас дээш өгсөөд Сансарын аюулгүй тойргоор эргээд Дарь-Эхийн уулзвар дээр ирээд хойшоо Дарь-Эх рүү эргээд явчихсан. Мөөгий ирэхдээ урдаа нэг хүн суулгачихсан хамт ирсэн. Ингээд явж байгаад Мөөгий хамт явж байсан хүнээ зам дээр буулгачихаад дахиад цааш явахаар нь би яараад байна паспортын хэлтэс хаах гээд байна гэхэд удахгүй би энэ айл руу ороод тахиа хоололчихоод эргээд гараад ирье гэж хэлэхээр нь за  хурдлаарай гэсэн. Ингээд Мөөгий нэг гудамж руу эргэж ороод нэг хашааны үүдэнд зогсоод орчихоод 5 орчим минутын дараа гарч ирээд буцаад явсан. Мөөгий гэр хорооллын гудамжнаас төв зам орох гэхэд хойноос урагшаа чиглэлтэй нэг автомашин ирж явсан ба тэр машин нэлээн зайтай харагдсан. Ингээд Мөөгий замруу дөнгөж ортол нөгөө машин хурдтай ирээд миний сууж явсан машины баруун талаас мөргөсөн ба миний сууж я всан машин эсрэг урсгал руу ороод гэрлийн шон мөргөөд зогссон. /2хх-ийн 70-73/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10722 дугаартай дүгнэлтэд: Бадамгаравын биед тархи доргилт, зүүн бугуй, шуунд цус хуралт гэмтэл учиржээ. Хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Бадамгарав нь 2016 оны 07 дугаар сарын 08-ны байдлаар 2 сартай жирэмсэн байсан нь эмнэлэгийн материалаар батлагдахгүй байна. Зулбасан гэх дээж материалын шинжилгээ хийгдээгүй байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /2хх-ийн 77/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1197 дугаартай дүгнэлтэд: шинжээч эмч Т.Чимэд-Очирын гаргасан №10722 тоот дүгнэлт үндэслэлгүй байна. Б.Б нь зам тээврийн ослын улмаас зулбасан нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хохирогч Б.Б нь 2 сартай жирэмсэн байсан байна. Осол болох үед үр зулбасан байна. /2хх-ийн 98/

 

2018 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 452 дугаартай бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчийн: хэргийн материалтай танилцахад 35-31 УНУ улсын дугаартай Toyota Chezer маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон гэх П.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 дүгээр зүйлд заасан 2.1.а “механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна”. а/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, 7.7 Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд  зам тавьж өгнө” Зам тавьж өгөх замын хөдөлгөөнд оролцогч нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг  өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөнөөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдэл гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй, 56-02 УНГ улсын дугаартай Lexus RX 400 маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон гэх Н.Сүлд-Оргил нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1 дүгээр зүйлд заасан 2.1.а  Механикжсан  тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна. а/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх” гэсэн дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.4-д Гарц-Ойролцоох зогсоол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байгууллага, хашаа, хороолол зэрэг рүү орох, тэдгээрээс гарахад зориулагдсан зорчих хэсэг замтай огтлолцсон бэлчир гэж тодорхойлсон байна. Хэргийн материалтай танцилцахад 35-31 УНУ улсын дугаартай Toyota Chezer маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон гэх П.У нь гэр хорооллын гарцаас гарсан байх үндэслэлтэй. Иймд 56-02 УНГ улсын дугаартай Lexus RX 400 маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон гэх Сүлд-Оргилд зам тавьж өгөх үүрэг хүлээх үндэслэлтэй. /4хх-ийн 30/

 

Шинжээч Л.Гансүх мөрдөн байцаалтад:   Lexus RX 400 маркийн 56-02 УНГ улсын дугаартай автомашины жолооч Н.Сүлд-Оргил нь гол замаар зорчиж явсан. Харин Toyota Chezer маркийн 35-31 УНУ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан П.У нь гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгөх үүрэгтэй. Иймд гарцаар зам нийлсэн Toyota Chezer маркийн 35-31 УНУ улсын дугаартай машины жолооч П.Уыг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.7 дахь заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй  гэж үзсэн. Харин Lexus RX 400 маркийн 56-02 УНГ улсын дугаартай машины жолооч Н.Сүлд-Оргилыг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй  гэж үзэж шинжээч нар дүгнэлтээ гаргасан. /4хх-ийн 43/

 

Гэрчээр Н.Сүлд-Оргил мөрдөн байцаалтад: би 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр өөрийн найз Анужингаас 56-02 УНГ улсын дугаартай Lexus RX 400 маркийн машиныг нь аваад Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Очир төвийн ойролцоо Дарь-Эхийн замаар Сансар тал руугаа уруудаад найз Эмүүжинтэй хамт явж байсан юм. ...миний баруун гар талын гэр хорооллын туслах замаас Чейзер марийн машин гэнэт гараад ирсэн. Тэгээд би тормоз гишгэсэн боловч амжаагүй би тухайн Чейзер машиныг мөргөсөн. Тэгээд миний машин замын хажууд байсан айлын хашааг мөргөж ороод зогссон. Тэгээд би ослын газрыг орхиод такси бариад улсын их дэлгүүр рүү явж байгаад замаараа 100 айлын автоплазагийн тэнд байдаг эмийн сангаар орж бинт аваад хүзүүндээ наалгасан. Би хэрэг гардаг өдөр жолоодох эрхээ хасуулчихсан байсан. /4хх-ийн 101/

 

Иргэний нэхэмжлэгчээр А.У мөрдөн байцаалтад: 2016 оны  7 дугаар сарын 8-ны өдөр манай гэрт хүн байхгүй хашаа маань эзгүй байсан. Тэгсэн манай хажуу айлаас надруу залгаж уг ослын талаар хэлсэн. /2хх-ийн 167/

Өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /3хх-ийн 44/

 

Иргэний хариуцагч Н.Анужин мөрдөн байцаалтад: Сүлд-Оргил миний Lexus RX 400 маркийн машиныг өмнө нь унаж яваад машины баруун талын толийг эвдчихсэн байсан. Тэгээд засуулж өгнө гэхээр нь би өөрийнхөө машиныг Сүлд-Оргилд үлдээгээд явсан байсан юм. Тэгсэн харин тэр өдөр осол гаргасан байсан. /3хх-ийн 66/

 

Иргэний нэхэмжлэгч П.Болдбаатар мөрдөн байцаалтад: би Уыг огт танихгүй. Уг машиныг зарна гээд машиныхаа ард зар тавьчихсан явж байгаад У гэх залуутай 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр танилцсан. Тэгээд намайг өөрийнхөө гэр болох Баянзүрх дүүргийн нутаг Очир төвийн урд талын гудамжинд байрлах гэртээ дагуулж очоод ээжтэйгээ танилцуулаад удахгүй мөнгийг чинь өгье гэж хэлээд машиныг маань аваад явсан. Миний машинд учирсан эвдрэл гэмтлийг Капитал үнэлгээний тайлангаас харлаа. Өөрийнхөө машиныг бүрэн бүтэн авмаар байна. /3хх-ийн 55/

Дундговь аймгийн сум дундын иргэний анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж эвлэрэлийн гэрээ /3хх-ийн 59/

 

Гэрч С.Пүрэвсүрэн мөрдөн байцаалтад: Ундрахбаяр гэх залуу нь ямар ч баримт бичиг байхгүй, Т.Чейзер маркийн машины жолооч нь өөрийгөө Пүрэвсүрэнгийн Ундрахбаяр гэж хэлсэн. Аав ээж гэх хоёр хүн нь ослын газарт ирчихсэн байсан. Ээж нь миний хүүгийн найз охин нь жирэмсэн байсан доошоогоо цус алдаад байна та нар хар гээд орилоод Lexus маркийн машины жолоочийг олооч гээд байсан. /2хх-ийн 28/

 

Гэрч П.Ундрахбаяр мөрдөн байцаалтад: ...намайг Дарь-Эхийн хуучин эцэс дээр буулгаад нөгөө хоёр машинтайгаа Дарь-Эхийн шинэ эцэсрүү чиглээд яваад өгсөн. Тухайн үед би Зөв-Эрдэнэ гэдэг жолооны курст сурдаг тийшээгээ орж уулзчихаад буцаж гарч ирээд Дарь-Эхийн шинэ эцэс рүү такси бариад явж очоод Очир төвийн урдхан талд ирээд таксинаас дөнгөж буутал урд талд түс тас хийх чимээ гарсан тэгээд юу болов гээд очоод хартал ах Уын машин  нь мөргөлдчихсөн. Харин нөгөө машин нь замын баруун талын хашааг мөргөөд айлын үүдний амбаарыг мөргөөд зогссон байсан. Тэгсэн замын цагдаагийн бүрэлдэхүүн ирж хэмжилт хийгээд дуусч байхад У ах намайг гэррүүгээ хариад байж бай гэж хэлэхээр нь би яваад өгсөн. Би өөрийнхөө ямар ч бичиг баримтыг Ут өгөөгүй. Миний регистрийн дугаарыг мэддэг болохоор миний нэрийг ашигласан юм байлгүй. ...би хэрэгт холбогдож байгаагүй. Ах У миний нэрийг дандаа барьж цагдаагийн байгууллагаар шалгагдсан байна лээ. /3хх-ийн 74/

 

Насанд хүрээгүй гэрч Ч.Арилтиймаа мөрдөн байцаалтад: 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Сүлд-Оргил надруу утсаар залгаад очиж авлаа гэхээр нь би гэрийн хаягаа зааж өгсөн. Тэгээд бид хоёр Дарь-Эхийн замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй  явж байтал хар өнгийн Т.Чейзер маркийн машин зүүн гар талаас гэнэт хурдтай шахаад ороод ирсэн. Тэгээд юу юугүй 2 машин мөргөлдөж миний сууж явсан Тоёота Лексус маркийн машин нь замынхаа баруун талд байрлах айлын блокон үүдийг нь очиж мөргөсөн. /3хх-ийн 87/

 

Н.Сүлд-Оргилыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгөөр торгосон тухай шийтгэлийн хуудас, торгууль төлсөн баримт /4хх-ийн 84-85/

 

“Капитал эстимэйт” ХХК-ний үнэлгээний тайлан Тоёота Чейсер 35-31 УНУ шууд зардлын дүн 923.000. үнэлгээгээр тогтоогдсон дүн 1.463.000 /2хх-ийн 82/

 

“Ашид билгүүн” ХХК-ний үнэлгээний тайлан шууд зардлын дүн 385.500 төгрөг, бэлэн мөнгөний орлогын баримт 40.000 төгрөг. /2хх-ийн 91/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор П.Уын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 213/

Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 373 дугаартай шийтгэх  тогтоолын хуулбар /хх-ийн 219/ зан байдлын тодорхойлолт /хх-ийн 222/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Нэг. Шүүгдэгч П.У  2015 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хороо “Эрхэс” пабын гадаа иргэн Н.Б-н эд хөрөнгийг  авах зорилгоор амь биед аюултайгаар  хүч хэрэглэж довтолсон дээрмийн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Б-н”...Есөн-Эрдэнэ миний өмдний халааснаас түрийвч авах гээд дайраад байсан би эсэргүүцээд бид 2 хэсэг зууралдсан...тэгээд ноцолдож ноцолдож Есөн-Эрдэнэ миний халааснаас түрийвч аваад намайг орхиод цаашаа яваад өгсөн. Энэ үед би эхнэр рүүгээ ярих гээд халаасаа ухсан чинь миний айфоне -5, айфоне-4 маркийн 2 ширхэг утас 2-уулаа байхгүй байсан ...”/хх-ийн 26/ гэх мэдүүлэг болон таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-ийн 105-111/, эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 113-114/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хоёр. Шүүгдэгч П.У 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр  тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Очир” төвийн баруун талын автозам дээр 35-31 УНУ улсын дугаартай Тоёота Чэйзер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 а/, 7.7-д заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Н.Сүлд-Оргилын жолоодож явсан 56-02 УНГ улсын дугаартай Lexus RX-400 маркийн автомашинтай мөргөлдөж өөрийн жолоодож явсан Т.Чейзер маркийн автомашинд сууж явсан зорчигч Б.Б эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч /2хх-ийн 58-66/,

хохирогч Б.Б”...Мөөгий гэр хорооллын гудамжнаас төв зам орох гэхэд хойноос урагшаа чиглэлтэй нэг автомашин ирж явсан ба тэр машин нилээн зайтай харагдсан. Ингээд Мөөгий зам руу дөнгөж ортол нөгөө машин хурдтай ирээд миний сууж явсан машины баруун талаас мөргөсөн. Миний сууж явсан машин эсрэг урсгал руу ороод гэрлийн шон мөргөөд зогссон...” /2хх-ийн 70-73, 3хх-ийн 52-53/ гэх мэдүүлэг, Хүрээ амаржих газрын 4077 өвчний түүх / 2хх-ийн 123-147/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1197 дугаартай шинжээчийн “...Б.Б нь зам тээврийн ослын улмаас зулбасан нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Б.Б нь 2 сартай жирэмсэн байсан байна. Осол болох үед үр зулбасан байна” /2хх-ийн 97-98/ гэсэн дүгнэлт,

Техникийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 452 дугаартай дүгнэлт /4хх-ийн 30-31/, гэрч Н.Сүлд-Оргилын “...миний баруун гар талын гэр хорооллын туслах замаас Чейзер маркийн автомашин гэв гэнэт гарч ирсэн. Би тоормос гишгэсэн боловч амжаагүй тухайн Чейзер машиныг мөргөсөн...” /4хх-ийн 101-102/ гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч А.Уын”...манай хажуу айлаас над руу утсаар залгаж, уг ослын талаар хэлсэн...” /2хх-ийн 167-170/ гэх мэдүүлэг, иргэний хариуцагч Н.Ануужингийн”...би өөрийнхөө машиныг Сүлд-Оргилд  үлдээгээд явсан юм...тэр өдөр осол гаргасан байсан...” /2хх-ийн 173-175, 3хх-ийн 66, 4хх-ийн 42/ гэх мэдүүлэг,  иргэний нэхэмжлэгч П.Болдбаатарын “Надад 35-31 УНУ улсын дугаартай Т.Чейзер маркийн автомашин байсан. Уг автомашиныг би 2016 оны 5 сарын 03-ны өдөр П.У гэх залууд 2 сая төгрөгөөр зарсан боловч миний мөнгийг өнөөдрийх хүртэл хугацаанд төлж барагдуулаагүй. Тэгээд Дундговь аймгийн Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч У нь миний хохиролыг төлнө гэж хэлээд эвлэрээд салсан гэтэл бас л машины мөнгийг өгөөгүй байна...”/3хх-ийн 55-57/ гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Ч.Арилтиймаагийн”...бид хоёр Дарь-Эхийн замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явж байтал хар өнгийн Т.Чейзер машин зүүн гар талаас гэнэт хурдтай шахаад ороод ирсэн. Тэгээд юу юугүй хоёр машин мөргөлдсөн..” /3хх-ийн 87-89/ гэх мэдүүлэг, гэрч С.Пүрвээгийн”...Ундрахбаяр гэх залуу нь ямар ч бичиг баримтгүй, Т.Чейзер маркийн автомашины жолооч нь өөрийгөө Ундрахбаяр гэж хэлсэн...” /2хх-ийн 28-29/ гэх мэдүүлэг, гэрч П.Ундрахбаярын”...Би өөрийнхөө ямар ч бичиг баримтыг Ут өгөөгүй, миний регистрийн дугаарыг мэддэг болохоор миний нэрийг ашигласан юм байлгүй...би хэрэгт холбогдож байгаагүй. Ах У нь миний нэрийг дандаа барьж цагдаагийн байгууллагаар шалгагдсан байна лээ...” /3хх-ийн 74-75/ гэх мэдүүлэг болон эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 82/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Гурав. Шүүгдэгч П.У   2017 оны 11 дүгээр  сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо “Тэргэл” зочид буудалд байрлаж байсан иргэн О.Бийн Самсунг эс-5 гар утас, Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар виза картанд байсан 960.000 төгрөгийг авч иргэн О.Бид  1.136.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 1 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хороо “Таац” зочид буудалд байрлаж байсан иргэн Ш.Дийн Самсунг жи-5 загварын гар утас, годон гутал, куртик, Хаан банкны виза карт зэрэг эд хөрөнгийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар виза картанд байсан 200.000 төгрөгийг авч,  иргэн Ш.Дид нийт 1.096.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч О.Бийн”...буудлаас гарахдаа өөрийн Самсунг эс-5 маркийн гар утас алга болсныг мэдсэн.  Буудлаас гараад Хаан банкны АТМ–д очиж виза картаа уншуулахад үлдэгдэл нь 8920 төгрөг байсан. Хамгийн сүүлд өчигдөр шөнө буюу 00 цагийн үед картаа шалгахад 1.200.000 төгрөг байсан...” /хх-ийн 192/ гэх мэдүүлэг,

хохирогч Ш.Дийн”...миний цаа бугын годон гутал, куртик, гар утас, Хаан банкны виза карт...мөн миний виза картанд байсан 225.000 төгрөг байхгүй болсон байсан.  Би хаан банкнаас хуулгаа аваад үзтэл өглөөний 07 цаг 43 минутанд зарлага гарсан байсан ба би тухайн цаг хугацаанд буудалд байсан...” /хх-ийн 128-129/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 159, 198/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос П.Уын үйлдсэн 2015 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хороо “Эрхэс” пабын гадаа иргэн Н.Б-н эд хөрөнгийг  авах зорилгоор амь биед аюултайгаар  хүч хэрэглэж довтолсон дээрмийн гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсгээр зүйлчлэн ирүүлжээ.

 

П.Уын үйлдсэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэж довтолсон гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед үйлдэгдсэн нь уг хуулийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт “...гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байх ба түүний энэ үйлдэл нь

2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарах бөгөөд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг нь “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр”   хуульчлагдсан байна.

 

Энэ тохиолдолд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн дээрхи заалт нь П.Уын эрх зүйн байдлыг дордуулахаар байх тул Монгол Улсын Их хурлаас батлагдсан Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/ -ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан хуулийн зохицуулалтын хүрээнд Прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн нь П.Уын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэсэн байна гэж шүүх дүгнэлээ.

 

Мөн П.Уын үйлдсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед үйлдэгдсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт “...гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байх ба түүний энэ үйлдэл нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарах бөгөөд тухайн зүйл заалтад “...зургаан сараас гурван жил хүртэл хорих ял шийтгэхээр” заасан байна.

 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэг болон 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад оногдуулах хорих ялын дээд хэмжээг тус тус гурван жилийн тогтоосон нь ижил боловч шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн дээрх зүйл заалтад хорих ялын доод хэмжээг зургаан сарын хугацаагаар тогтоосон нь оногдуулах ялыг хөнгөрүүлсэн зохицуулалт гэж үзнэ.

Харин П.Уын үйлдсэн хулгайлах гэмт хэрэг цаг хугацааны хувьд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль мөрдөгдөж эхэлсэн үед  үйлдэгдсэн байх бөгөөд түүний хулгайн гэмт хэргийн үйлдлүүдийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж ирүүлсэн нь зөв.

 

Нэгтгэн дүгнэвэл Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос П.Ут холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсгүүд тохирсон байх бөгөөд улсын яллагчаас шүүгдэгч П.Уыг “Дээрэмдэх”, “Хулгайлах” “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргүүдэд гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт хуулийн үндэслэлтэй байна.

 

Иймд Шүүх, шүүгдэгч П.Уыг шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147  дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэж довтолсон” гэмт хэрэгт,  

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэгт,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцов.

 

Нөгөөтэйгүүр П.У нь прокурорын яллах дүгнэлтийг гардаж аваагүй талаар хяналтын прокурор Т.Оюунжаргал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслээр бэхжүүлсэн байна.

 

Прокурорын яллах дүгнэлтийг гардаж аваагүй нь түүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд саад болох хууль зүйн үндэслэл болохгүй бөгөөд шүүх хуралдаан дээр хэрэгт хавсаргагдаж ирсэн яллах дүгнэлтийн илүү хувийг П.Ут танилцуулсан болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

 

Шүүгдэгч П.Уын дээрэмдэх болон хулгайлах гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар П.Уаас нийт 2.937.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Бд 705000 төгрөг, О.Бид 1.136.000 төгрөг, Ш.Дид 1.096.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэлээ.

 

Зам тээврийн ослын хэргийн улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан хохирогч Б.Б нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримт хэрэгт авагдаагүй боловч Б.Б эмчилгээтэй холбогдох болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

П.Уын жолоодож явсан 35-31 УНУ улсын дугаартай Тоёота Чэйзер маркийн автомашин нь энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон П.Болдбаатарын эзэмшлийнх болох нь хэрэгт хураагдан ирсэн 1194184 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

Мөрдөн байцаалтанд иргэний нэхэмжлэгч П.Болдбаатар“...өөрийнхөө автомашиныг бүрэн бүтэн авмаар байна...” /3хх-ийн 55-57/ гэж мэдүүлжээ.

 

Уг  Тоёота Чэйзер маркийн 35-31 УНУ улсын дугаартай автомашины үнэ 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг П.Болдбаатарт, П.Уаас төлж барагдуулахаар тохиролцож эвлэрснийг  2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 139/ШЗ2016/010004 дугаартай шүүгчийн захирамжаар  баталгаажуулсан байна. /3хх-ийн 59/

 

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт хавсаргагдсан байгаа тул П.Болдбаатарын иргэний нэхэмжлэлтэй холбогдох асуудлыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс дээрхи гэмт хэргүүдэд гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч П.Ут шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147  дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан, 

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял тус тус оногдуулах хуулийн үндэслэлтэй. 

 

П.Ут эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан П.Ут 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

      

Шүүгдэгч П.Ут оногдуулсан хорих ялын хөнгөнийг хүндэд нь нэмж нэгтгэж түүний биечлэн эдлэх ялыг нийт 4 жил 6 сар 10 хоногийн хугацаагаар тогтоов.

    

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                       

              ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Уыг шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147  дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэж довтолсон” гэмт хэрэгт, 

2015 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр  автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэгт,

мөн хуулийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч П.Ут шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147  дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан 3 /гурав/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ял,

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар П.Ут 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147  дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ял дээр  2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж,  1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг, мөн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг нийт 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сар 10 /арав/  хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4.П.Ут оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. П.Уын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах ялыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолсугай.

 

6. Шүүгдэгч П.Уаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар нийт 2.937.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Бд 705000 төгрөг, О.Бид 1.136.000 төгрөг, Ш.Дид 1.096.000 төгрөг тус тус олгосугай.

 

7. Хохирогч Б.Б өөрт учирсан хохиролоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

     

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан П.Уын цагдан хоригдсон 170 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Ут авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ДАЙРИЙЖАВ