Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 00012

 

 

 

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд   

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч О.Баярсайхан

Шүүгдэгч Н.Ш нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор О.Баярсайханаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Шд холбогдох 1932000000014 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1980 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдрах, * тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Нарантогтохын Ш. /РД: */

 

           Шүүгдэгч Н.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 05-ны орой 23 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны Булгийн 2-70 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Ц.Абийг цохиж зодон цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Шын өгсөн…. ... 2019 оны 01 дүгээр сарын 05-ны орой архи уучихаад гэртээ ороод хоолноос болж эхнэртээ уурлаж агсам тавьж цохиж зодсон нь үнэн. Би гараараа нүүр лүү нь цохисон, мөн плитагаар толгой гуя руу цохиж өшиглөсөн гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

 Хохирогч Ц.Абийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....  2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр манай нөхөр Ш гэртээ согтуу орж ирээд хоол хийсэн юм уу гэхээр нь тогоонд хоол байгаа гэсэн чинь тогооны таг татаж үзээд шууд тогоотой хоол асгаад би ийм хоол идэж өсөөгүй манай өвөө, эмээ намайг хуушуур, буузаар өсгөсөн гээд тогоо тавьдаг байсан плитаг аваад миний толгой руу цохисон. Тэгээд намайг цохисон плита нь хагарсан чинь хагархайг нь аваад миний хөл рүү цохиод байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.... Манай нөхөр бид хоёр суугаад  10 гаран жил болж байгаа юм. Урьд өмнө нь огт надад гар хүрч байгаагүй саяхнаас надад гар хүрч байгаа юм. Гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 11-12 дугаар хуудас/

Гэрч Н.Атын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... 2019 оны 01 дүгээр сарын 05-ны орой 23 цагийн үед манай хөрш айлын Абь гэх хүүхэн утсаар Туул эгчээ цагдаа дуудаад өгөөч манай нөхөр намайг зодоод гэхээр нь би Түнхэл тосгоны цагдаагийн дугаарыг хүнээс аваад дуудлага өгсөн. Тэгээд би нөхөр Жбг чи хөрш айлын Абийг нөхөр нь зодоод байна гэнэ ороод салгаадах гээд оруулсан гэх мэдүүлэг /Хх-н 13 дугаар хуудас/

Гэрч Н.Жбгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ........ Манай эхнэр Ат намайг Ш Абь хоёр муудалцаад байна чи гэрт нь орооодох гээд хэлэхээр нь би Шын гэрт орсон чинь Ш Абь хоёр жаахан муудалцсан бололтой аяга хагарсан, цагаан будаа шалан дээр нь асгарсан байдалтай байсан. Тэгээд намайг гэрт нь ороод суухад орилж хашгирсан болон агсарсан байдал байгаагүй. Ш бид хоёр сандал дээр сууж байсан чинь цагдаа ирээд Шыг аваад явсан гэх мэдүүлэг /Хх-н 14 дүгээр хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт № 22 ...... Дүгнэлт:

1.Ц.Абийн биед баруун нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, баруун гуянд цус хуралт, хамрын нурууны баруун тал, баруун гуянд зулгаралт, дагз, баруун нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, баруун даланд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 16 дугаар хуудас/

Сэлэнгэ аймаг Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 22 дугаар хуудас/

Н.Шын иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 23 дугаар хуудас/

Н.Ш нь урьд нь ял шийтгүүлсэн талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 26 дугаар хуудас/ зэрэг болно.

          

             Шүүгдэгч Н.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 05-ны орой 23 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны Булгийн 2-70 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Ц.Абийг цохиж зодон цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Н.Шын хохирогч Ц.Абийн нүүрэн тус газарт гараараа  цохисон, толгой руу нь болон гуя руу нь плитагаар цохисон, өшиглөсөн үйлдэл нь муухай хоол хийлээ би ийм хоол идэхгүй гэсэн хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Н.Шын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж сард 90000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Ц.Абь нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч Боржигон овогт Нарантогтохын Шыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Шыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Ш нь 450000 төгрөгийн торгох ялыг 05 сарын хугацаанд 5 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Ш нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, Н.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Шд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН