Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 218/МА2023/00005

 

 

Т ХХК-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.О даргалж, шүүгч Ш.Т, З.Т нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Г даргалж шийдвэрлэсэн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 139/ШШ2022/0.. тоот шийдвэртэй,

Нэхэмжлэгч Тө ХХК

Хариуцагч Г.Н, Н.Днарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 17404580,36 төгрөг гаргуулах тухай

хэргийг хариуцагч Г.Нийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Тын илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, хариуцагч Г.Н, нарийн бичгийн дарга Ж.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: “Тө” ХХК-ийн Дундговь дахь салбар нь харилцагч Г.Н, Н.Д нартай 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хэрэглээний зориулалтаар /цалингийн зээл/ MN24003422000... тоот зээлийн гэрээ байгуулан 15.000.000 төгрөгийн зээлийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг cap бүрийн 02-ны өдөр зээлийн болон хүүгийн төлбөрт тогтмол 596.811,58 төгрөг төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож хийсэн. Тус зээлийг авснаас хойш хүүгийн төлбөрт 596.968 төгрөгийг төлсөн бөгөөд өөрөөр огт төлөлт хийгдээгүй. Зээлээ төлөх талаар удаа дараа мэдэгдэл өгч ажилласан. Харилцагч Г.Н, Н.Д нар нь Ттай байгуулсан гэрээгээ зөрчиж, хугацаа хэтрүүлсэн тул гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл бүрдсэн. Харилцагч Г.Ня, Н.Д нараас зээлийн төлбөр болох 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 14.539.298,01 төгрөг, зээлийн хүү 2.741.893,74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 123.388,61 төгрөг, нийт 17.404.580,36 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Зээлийн гэрээний 3.3-т хамтран зээлдэгч, зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан тул Г.Дийг хамтран зээлдэгчээс чөлөөлөх боломжгүй гэжээ.

           2.Хариуцагч талын тайлбар, агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Тодорхой шалтгааны улмаас зээл төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Хамтран зээлдэгч эхнэр Г.Д Хд 6.800.000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа. Миний зээл зээлийн мэдээллийн санд муу ангилалд байгаа учраас эхнэр маань банкнаас зээл авах боломжгүй байгаа юм. Иймд эхнэр Г.Дийг хамтран үүрэг гүйцэтгэгчээс салгуулах хүсэлтэй байна. Төрийн банкнаас төлбөрийн тал дээр уян хатан хандахыг хүсч байна. Зээлийг төлж барагдуулна гэжээ.  

           3. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Н, Н.Д нараас зээлийн гэрээний үүрэгт 17.404.580,36 /арван долоон сая дөрвөн зуун дөрвөн мянга таван зуун наян төгрөг гучин зургаан мөнгөн/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож,

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244.973 /хоёр зуун дөчин дөрвөн мянга есөн зуун далан гурван/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Н, Н.Д нараас 244.973 /хоёр зуун дөчин дөрвөн мянга есөн зуун далан гурван/төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 4. Хариуцагч Г.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ...Төрийн банкны нэхэмжлэлтэй энэхүү хэрэгт хариуцагч Г.Н би тус банкнаас зээл авснаа хүлээн зөвшөөрдөг.

Миний бие цалингийн зээл авсны дараахан ажлаасаа хууль бусаар халагдсан. Улмаар ажлаас хууль бусаар халагдсантай холбоотой Захиргааны хэргийн шүүхэд хандаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр одоо хүртэл шүүхийн байгууллагаар явж байна.

Дээрх шалтгааны улмаас миний бие авсан зээлээ нэг cap төлөөд, төлж чадахгүй нөхцөл байдалд орсон юм.

Харин энэхүү зээлд миний эхнэр болох хариуцагч Н.Д нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Гэтэл тэрээр зээлийн зарцуулалтын талаар огт мэдэхгүй.

Зээлийг аваад захиран зарцуулсан хүн нь зөвхөн би юм. Н.Д нь одоо Хд цалингийн зээлтэй байгаа. Тэрийгээ өөрөө төлдөг. Намайг тухайн үед зээл авах үед тэрээр мөн л Хд зээлтэй байсан.

Бид хоёрын хувьд нэг гэр бүл боловч тус тусдаа ажил, хөдөлмөр эрхэлдэг тул хэрэгцээ. шаардлагадаа нийцүүлээд зээлүүдээ тусдаа авдаг.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт Н.Д нь хамтран зээлдэгчээр зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь зээлийн гэрээ болон хуульд заасны дагуу үүрэг үүсэх этгээд байна гээд түүнийг мөн хариуцагчаар тогтоож шүүхийн шийдвэр гарсныг эс зөвшөөрч байна.

Учир нь. Н.Д нь дээр дурдсанчлан Г.Н миний авсан цалингийн зээлийг огт захиран зарцуулаагүй, би зөвхөн өөрөөр л захиран зарцуулсан. Харин тэрээр миний гэр бүлийн хүн тул би зээл авах болсон тул хамтран зээлдэгчээр гарын үсэг зураад өгөө гэхэд зөвшөөрөөд гарын үсгээ зурж өгсөн.

Төрийн банк нь миний цалин орлогод тулгуурлаж надад зээл олгосон. Тэрнээс биш хамтран зээлдэгч гэх Н.Дийн цалин орлого, түүний хувийн байдалд тулгуурлаад надад зээл олгоогүй, тийм ч боломж байхгүй гэж үзэж байна.

Би ажилгүй болсон тул зээлээ төлж чадахгүй Монгол банкны муу зээлийн ангилалд орсон. Гэтэл эхнэр Н.Д нь тус зээлийг аваагүй атлаа өөр дээрээ шүүхийн шийдвэр гаргуулж түүний эрх зүйн байдал үндэслэлгүйгээр дордох гээд байна. Ийнхүү нэг гэр бүл тэр чигтээ муу зээлдэгч болж хувирч, дахин банкнаас зээл, зээлийн үйлчилгээ авч чадахгүй нөхцөл байдал орох болоод байна.

Мөн би ажлаас хууль бусаар халагдсан талаар шүүхийн байгууллагад хандаж яваа. Энэ нэг талдаа шийдэгдэхэд ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулж аваад, эсхүл нөгөө талд шийдэгдсэн тохиолдолд өөр ажил хөдөлмөр эрхлээд Төрийн банкнаас авсан зээлээ өөрөө заавал төлнө.

Иймд тус аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 516 дугаар шүүхийн шийдвэрийн тогтоох нэгдүгээр хэсгийн хариуцагч Н.Дээс гэдгийг хасч, зөвхөн хариуцагч Г.Нээс гэж өөрчилж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Манай зүгээс хамтран зээлдэгч Н.Дийн бүх орлогыг нотолж Г.Н, Н.Д нарын нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож өрхийн орлогын 57.8%-иар тооцож зээл олгосон. 2021 оны 04 сарын 09-ний өдрийн 223358.. тоот гэрээний 3.3-т хамтран зээлдэгч нь зээлдэгчийн адил үүрэг хүлээнэ гэж байгаа учир боломжгүй гэж үзэж байна гэв.

ХЯНАВАЛ:

            Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 09-ний өдрийн 139/ШШ2022/00.. тоот шийдвэрийг хариуцагч Г.Нийн давж заалдах гомдлын дагуу хянан үзэв.

            Нэхэмжлэгч Тны Дундговь дахь салбар нь хариуцагч Г.Н, Н.Дг нараас 17.404.580,36  төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд хариуцагчид төлөхөө илэрхийлж байна.

            Хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээ зэрэг бичгийн нотлох баримт, талуудын гаргасан тайлбарт үндэслэн нэхэмжлэгчийн шаардлагыг бүрэн хангаж хариуцагч нараас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар 17.404.580,36 төгрөг гаргуулж нэхэмжлэгч талд олгохоор шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийн  шаардлагыг  хангаж  шийдвэрлэсэн  иргэний

хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 09-ний өдрийн шүүхийн шийдвэр нь Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

Хариуцагч Г.Н нь давж заалдсан гомдолдоо: нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөө илэрхийлж, хамтран хариуцагч Н.Дийг хамтран хариуцагч болохоор тогтоосон шүүхийн шийдвэрээс нэрийг нь хасаж өөрчлөлт оруулж өгөхийг хүсжээ.

Хариуцагчийн давж заалдсан гомдлыг хүлээн авах болон шүүхийн шийдвэрийг өөрчлөн хүчингүй болгох талаархи хуульд заасан аливаа нэгэн үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүхээс хариуцагчийг сольж болох тухай зохицуулалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заажээ.

Хэрэг маргааны жинхэнэ хариуцагч байгаа нь нотлох баримтаар нотлогдвол хариуцагчийг сольж болохоор хуульчилжээ.

Энэхүү хэргийн хувьд хэргийн хариуцагч нь хамтран хариуцагч болох эхнэрээ хариуцагчаас чөлөөлүүлэх талаар шаардлага тавьсан болон гомдол гаргасан нь тогтоогдож байх бөгөөд энэ асуудлыг хуулиар зөвшөөрөн зохицуулсан зүйлгүй, нэгэнт гэрээний нэг тал болох нь тогтоогдсон байхад талууд хоорондоо зөвшилцөн шийдвэрлээгүй атлаа шүүхээс хамтран хариуцагчийнхаа аль нэгийг гэрээний үүрэг болон хариуцлагаас чөлөөлж өгөхийг шаардах нь үндэслэлгүй, хууль бус үйл ажиллагаа юм. Ийм ч учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солихыг зөвшөөрөөгүй, хүсэлт гаргаагүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй гэж императив байдлаар заажээ.

Нэхэмжлэгч хариуцагч нар хоорондоо харилцан шийдвэрлэж байж шүүхээр хэлэлцүүлэх ёстой асуудлыг зөвхөн нэг тал шүүхэд тавьж, гомдол гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэл бүхий биш байжээ.

Ийм үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 139/ШШ2022/00.. тоот шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсгийг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244973 /хоёр зуун дөчин дөрвөн мянга есөн зуун далан гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

4.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын  журмаар  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                         ДАРГАЛАГЧ                                  Ц.О

 

                             ШҮҮГЧИД                                   З.Т

 

                                                                      Ш.Т