Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 39

 

                        

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

Улсын яллагч Ч.Алтансүх,

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Год холбогдох 1806 07748 2081 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1983 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, эрэгтэй, 35 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Амар” зочид буудалд тогооч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт  Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 54-189 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, Ш овогт Бын Г /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.Г нь 2018 оны 09 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Кино үйлдвэрийн автобусны буудал дээр иргэн Э.Мөнх-Эрдэнийг ямар нэгэн шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гын өгсөн: “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Мөнгөн-Эрдэнийн өгсөн: “... Бид хоёрын хажуугаар 3 ах зөрж өнгөрөх гэж байснаа болиод ямар ч шалтгаангүй нөгөөдөх чинь энэ байна шүү дээ гэж хэлээд нүүрэн тус газар нэг гараараа цохиод авсан. Тэгтэл манай найз зугтаасан чинь нэг нь намайг араас тэвэрсэн. Тэгтэл миний хамарнаас цус гараад нүүрээ дараад зугтаах гээд гүйтэл бүдрээд газар унасан. Тэгээд босоод иртэл дахиад намайг тэр 3 ах биеийн бүх хэсэг рүү өшиглөж цохисон... намайг тонгойх зуур нөгөө ах 2-3 удаа цохиод би тэр чигээрээ доошоо тонгойтол намайг татаж унагаад дээрээс өшиглөсөн... Би харж чадаагүй нэг цохиулаад тонгойтол 2 удаа үргэлжлүүлээд нүүр лүү цохисон. Тэгээд доошоо тонгойгоод байж байтал намхан махлаг ах намайг хойш татаад хажуу тийшээ унагаасан. Тэгтэл нуруу толгой руу хэн өшиглөсөн нь мэдэхгүй, өшиглөлт орж ирсэн. Миний нүүр нүд зүүн ухархайн хананы хугарал, зовхины гэмтэл эхний ахын цохилтоос учирсан гэмтэл, би газар унахдаа чихний дэлбэнгээ модонд урсан, зүүн өвдөг, баруун гарын алга газар унахад шалбарсан. Намайг барьж газар унагаасан ах намайг салгах гэж биш, би ухрахаар намайг зугтаах гэж байна гэж бодоод бэлхүүснээс бариад хажуу гарын алга өвдөг чамархайгаа шалбалсан. 3 дахь ах нь намайг цохисон эсэхийг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх.14-19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Батбаярын өгсөн: “... бид хоёр такси хүлээгээд байж байтал 3 залуу баарны үүднээс алхаж ирээд нэг нь “өө нөгөөдүүл чинь энд байна” гэж хэлээд нэг залуу нь Мөнгөн-Эрдэнийн цээж рүү нь цохиод нэг залуу нь миний эрүү рүү цохисон. Тэгтэл нэг гайгүй эрүүл шахуу байсан найз нь нөгөө 2 найзаа аваад явчихсан... Би гүйж байгаад эсрэг тал руу зам гараад эргээд хартал Мөнгөн-Эрдэнэ харагдахгүй байхаар нь эргээд гүйгээд очтол Мөнгөн-Эрдэнийг зодоод явчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.21-22/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Цэнгэлийн өгсөн: “... Г явган хүний зам дээр нэг залууг зодож байсан. Би гүйж очоод Гыг нөгөө залуугаас татаад авсан... Намайг очиход Отгонжаргал байгаагүй, замын наана Мөнх-Оргил байсан, Г ганцаараа тэр залуугийн бие рүү өшиглөж нийлж зодож байсан асуудал байгаагүй, намайг гарахаас өмнө юу болсон талаар би хараагүй...” гэх мэдүүлэг /хх.74/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 11692 дугаартай: “... Э.Мөнгөн-Эрдэнийн биед зүүн ухархайн дотор ханын хугарал, зүүн чихний дэлбэнгийн урд шарх, зүүн дээд доод зовхинд цус хуралт, зүүн чамархай, өвдөг, баруун алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх.33/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1265 дугаартай: “... Э.Мөнгөн-Эрдэнийн биед зүүн ухархайн дотор ханын хугарал, зүүн чихний дэлбэнгийн урд шарх, зүүн дээд доод зовхинд цус хуралт, зүүн чамархай, өвдөг, баруун алганд зулгаралт гэмтэл тогтоогдсон байна. Дээрх гэмтэл нь /зүүн ухархайн дотор ханын хугарал, зүүн чихний дэлбэнгийн урд шарх/ гэмтэл нь тус тусдаа ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар хөнгөн гэмтэлд хамаарч, бусад гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.6-д зааснаар гэмтэлийн зэрэгт хамаарахгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой байна. Дээрх гэмтэлүүд нь нэг удаагийн түлхэлтээр унаснаас үүсэх боломжгүй ба хатуу мохоо зүйлийн хоёр болон түүнээс дааш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Урьд гаргасан 11692 дүгнэлтийг үндэслэн гаргасан. Дээрх хөнгөн зэргийн гэмтэлд өөрчлөлт орохгүй болно...” гэх нэмэлт дүгнэлт /хх.36-37/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Мөнгөн-Эрдэнэ, гэрч Д.Мөнх-Оргил нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх.70-72/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.Г нь 2018 оны 09 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвгэрт  Кино үйлдвэрийн автобусны буудал дээр иргэн Э.Мөнх-Эрдэнийг ямар нэгэн шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Мөнгөн-Эрдэнийн өгсөн: “... нөгөөдөх чинь энэ байна шүү дээ гэж хэлээд нүүрэн тус газар нэг гараараа цохиод авсан... Тэгээд босоод иртэл дахиад намайг тэр 3 ах биеийн бүх хэсэг рүү өшиглөж цохисон... намайг тонгойх зуур нөгөө ах 2-3 удаа цохиод би тэр чигээрээ доошоо тонгойтол намайг татаж унагаад дээрээс өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх.14-19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Батбаярын өгсөн: “... нэг залуу нь Мөнгөн-Эрдэнийн цээж рүү нь цохиод нэг залуу нь миний эрүү рүү цохисон...” гэх мэдүүлэг /хх.21-22/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Цэнгэлийн өгсөн: “... Г явган хүний зам дээр нэг залууг зодож байсан...” гэх мэдүүлэг /хх.74/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 11692 дугаартай: “... Э.Мөнгөн-Эрдэнийн биед зүүн ухархайн дотор ханын хугарал, зүүн чихний дэлбэнгийн урд шарх, зүүн дээд доод зовхинд цус хуралт, зүүн чамархай, өвдөг, баруун алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо... гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.33/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1265 дугаартай нэмэлт дүгнэлт /хх.36-37/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Мөнгөн-Эрдэнэ, гэрч Д.Мөнх-Оргил нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх.70-72/,

Шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Б.Гын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Гыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

 Б.Г нь хохирогч Э.Мөнгөн-Эрдэнэд 2,000,000 төгрөг нөхөн төлсөн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Э.Г нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Гын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Б.Год эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Год оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Энэ хэрэгт Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шарнууд овогт Бат-Одын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Год 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Год оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Год сануулсугай.

5. Б.Г нь хохирогч Э.Мөнгөн-Эрдэнэд 2,000,000 төгрөг нөхөн төлсөн, энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                 С.ӨСӨХБАЯР