Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 210/ма2023/00886

 

 

 

 

 

 

 

 

2023 04 28 210/МА2023/00886

 

 

Т ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2022/03199 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т ХХК -ийн хариуцагч М.Э нарт холбогдуулан гаргасан гэрээний үүргийн биелэлтэд 917,968,473.92 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, М.Б, хариуцагч М.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Т ХХК болон М.Э нар нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 93/02 тоот зээлийн гэрээ байгуулан 40 сарын хугацаатай, нэг сарын 2,4 хувийн /жилийн 28,8 хувь/ хүүтэй, 500,000,000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгохоор тохиролцсон. Т ХХК нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж, зээлдэгч М.Э ын харилцах дансанд 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 500,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 93/02 тоот барьцааны гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан дүнжингарав гудамж 48-р байр, * тоот хаягт байршилтай, 296,97 м.кв талбайтай, Ү-0006022391тоот гэрчилгээтэй, Орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан дүнжингарав гудамж 48 дугаар байр, в1 давхрын * тоот хаягт байршилтай, 13,5 м.кв талбайтай, Авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан дүнжингарав гудамж 48 дугаар байр, в1 давхрын * тоот хаягт байршилтай, 13,5 м.кв талбайтай, Авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан дүнжингарав гудамж 48 дугаар байр, в1 давхрын * тоот хаягт байршилтай, 13,5 м.кв талбайтай, Авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан дүнжингарав гудамж 48 дугаар байр, в1 давхрын * тоот хаягт байршилтай, 13,5 м.кв талбайтай, Авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан дүнжингарав гудамж 48 дугаар байр, в1 давхрын * тоот хаягт байршилтай, 13,5 м.кв талбайтай, Авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэг, туул1 гудамж * тоот бараа материал жагсаалтаар байгуулан гэрээг Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор дараах хөрөнгүүдийг барьцаалсан болно.

Зээлдэгч М.Э нь зээл авснаас хойш нийт 75,422,079.14 төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш зээлийн төлбөрөө төлөлгүй зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн. Төрийн банкны зүгээс зээлийн төлбөрийг эргэн төлөхийг мэдэгдсэн мэдэгдлүүдийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүргүүлсэн. Зээлдэгч М.Э нь зээлийн төлбөрөө зээлийн гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлөөгүй бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 470,352,144.85 төгрөг, хүү 323,289,617.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,741,033.64 төгрөг, нийт 808,982,796.04 төгрөгийн үлдэгдэлтэй байх тул зээлдэгч М.Э , хамтран зээлдэгч Э.М нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 808,982,796.04 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 4,199,864 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах 70,200 төгрөгийг гаргуулах, М.Э нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Мөн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүүгийн төлбөрт 98,348,700.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,236,977.51 төгрөг, нийт 109,585,677.88 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 917,968,473.92 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: М.Э миний бие 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Т ХХК -аас 500,000,000 төгрөгийн зээлийг сарын 2,4 хувь, жилийн 28,8 хувийн хүүтэй 2021 оны 04 дүгээр сар дуустал буюу 40 сарын хугацаатай худалдааны чиглэлээр авсан. Авсан зээлээ худалдааны санхүүжилтэд хийж зээлийн гэрээний хавсралт төлбөрийн хуваарийн дагуу төлж байтал валютын ханш өсөж, бараагаа цагт нь татаж чадахгүй байх зэрэг шалтгаанаар бизнесийн үйл ажиллагаа доголдож, зээлээ хуваарийн дагуу төлж чадахгүй байх нөхцөл байдал үүссэн. Энэ талаар тухай бүрт нь мэдэгдэж зээлийн хүүг бууруулах болон төлбөрийн хуваарьт өөрчлөлт оруулж өгөхийг удаа дараа хүсэж байсан. Зээл авснаас хойш эдийн засгийн байдал улам бүр муудаж валютын ханшийн огцом өсөлт, аюулт цар тахал дэлхий нийтэд гарсан зэрэг шалтгаан нь жижиг бизнес эрхлэгч надад хүнд цохилт болсон. Энэ хугацаанд Монгол банкны бодлогын хүү удаа дараа буусан боловч зээлийн хүү буураагүй болно. Барьцааны зээлийн газрын хүүгээр зээл олгосонд гомдолтой байгаа учир нэхэмжилсэн хүүгийн төлбөрийг зөвшөөрөхгүй байна. Мөн миний төлсөн зээл, хүүгийн төлбөр төлдөг дансыг хаасан учраас төлсөн зээлийн төлбөрийг тооцоо нийлэх хүсэлтэй байна. Зээлийн гэрээ цуцалснаас хойш гэрээ дуусгавар болсон тул хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан нь хуульд нийцээгүй тул зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч М.Э аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 689,687,825.07 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 228,280,648 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны баримтлан нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Э.М ид холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан М.Э ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан дүнжингарав гудамж 48 дугаар байр, * тоот хаягт байршилтай, 296,97 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206053733 дугаартай, Орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө; Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан дүнжингарав гудамж 48 дугаар байр, в1 давхрын * тоот хаягт байршилтай, 13,5 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206048727 дугаартай, Авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө; Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан дүнжингарав гудамж 48-р байр, в1 давхрын * тоот хаягт байршилтай, 13,5 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206048728 дугаартай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө; Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан дүнжингарав гудамж 48-р байр, в1 давхрын * тоот хаягт байршилтай, 13,5 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206048732 дугаартай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө; Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан дүнжингарав гудамж 48 дугаар байр, в1 давхрын * тоот хаягт байршилтай, 13,5 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206048746 дугаартай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө; Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан дүнжингарав гудамж 48 дугаар байр, в1 давхрын * тоот хаягт байршилтай, 13,5 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206048760 дугаартай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө; Хан-Уул дүүргийн 11-р хороо, 5-р хэсэг, туул1 гудамж * тоот бараа материал жагсаалтаас тус тус үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,975,943 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Э аас 3,676,589 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК -д олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг дутуу үнэлсэн мөн хуулийн зүйл, заалтыг буруу хэрэглэсэн хэрэглэх ёстой заалтыг хэрэглээгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 228,280,648 төгрөгийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргасан. М.Э ыг эрэн сурвалжилсан шүүхийн шийдвэр гарч, цагдаагийн байгууллагаас түүний оршин суугаа хаягийг олж тогтоосныг үнэлгээгүй. Өөрөөр хэлбэл, банк шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэх боловч хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг тодорхойгүй байсны улмаас зээлийн гэрээ цуцлагдаж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү хуримтлагдах асуудалгүй болох боломж хариуцагчаас шалтгаалж хэрэгжээгүй. Анхан шатны шүүх хэргийн 9 дүгээр талд авагдсан баримтаар Т ХХК нь мэдэгдэл дурдсан хугацаанаас хойш хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү зээлдэгчээс шаардах эрхгүй гэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн үйл баримтыг дутуу үнэлсэн гэж үзэж байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргээ зээлийн гэрээний ерөнхий хугацаанд биелүүлээгүйгээс гарах үр дагаврыг зохицуулсан бөгөөд хэтэрсэн хугацааны хүү нь үндсэн үүрэгт хамаарахгүй. Иймд зээлийн гэрээний хугацаанд төлөгдвөл зохих хүү нь гэрээний үндсэн үүрэгт, хэтэрсэн хугацааны хүү нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хугацаа хэтрүүлснээс үүсэх нэмэлт үүрэгт хамаарна. Энэ талаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зааснаас үзвэл банк илүү тооцоолж хүү нэхэмжлээгүй, зээлийн гэрээгээр харилцан тохирсон хүүгийн хэмжээ, хүрээнд шаардах эрхээ хэрэгжүүлсэн байна. Зээлийн үндсэн хүү уг зээлийг бүрэн төлж дуусах хүртэл, шаардах эрхээ ашиглах хүртэл тооцно. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 24 дүгээр зүйлийн 24.1 болон Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолын 2.4-т зээл, зээлийн хүүг хэрхэн төлүүлэх талаар тодорхой тайлбарласан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харвал зээлдэгч М.Э нь зээл авсан, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, оршин суугаа хаяг нь тодорхойгүй тул эрэн сурвалжлагдсан, нотлох баримтгүй. Анхан шатны шүүх нотлох баримт, нэхэмжлэлийн шаардлага, хариу тайлбар зэргийг дутуу буруу үнэлсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг өөрчилж, уг шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон 228,280,648 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж Т ХХК -д олгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Т ХХК -аас хариуцагч М.Э д 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаартай үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүний төлбөр 689,000,000 төгрөгийг шаардсан тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь 2017 оны 12 дугаар сард байгуулагдсан. Зээлийн гэрээ нь 40 сарын хугацаатай, гэрээний хугацаа нь 2021 оны 03 дугаар сард дуусаж байгаа. Гэтэл Т ХХК -ийн зүгээс хэрэгт авагдсан зээлийн хүүний тооцоолол, мөн зээлийн эргэн төлөлтийн хуваарьт тусгаснаар 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн нийт төлбөрийг мэдэгдлээр шаардсан. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргээ хугацаанаас өмнө шаардаж байгааг зээлийн гэрээ цуцлагдсан гэж үзсэн. Үүнийг анхан шатны шүүхээс зөв дүгнэсэн. Зээлийн гэрээ цуцлагдсанаар дахин нэмэгдүүлсэн хүү авах эрхээ алддаг. Энэ нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэх замаар гэрээг цуцлах эрхтэй хуулийн зохицуулалтад хамаарч байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаартай мэдэгдлийн хүрээнд үндсэн зээлийн төлбөрөө шаардаж байгаа нь зээлийн гэрээний харилцаа дуусгавар болгох гэж байгаа харилцаа мөн гэж дүгнэсэн. Нэхэмжлэгчээс ямар үндэслэлээр зээлийн гэрээг бүхэлд шаардаж байгаа тухай тодорхой тайлбарлаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасны дагуу хэвээр үлдээж өгнө үү. Учир нь банк эрхээ хэрэгжүүлж байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний харилцаа дуусаагүй байхад тухайн зээлийн үр дүнг нийтээр шаардах боломжгүй. Тухайн үеийн үндсэн зээлийн гэрээний төлбөрийг хэсэгчилсэн байдлаар мэдэгдэх хуудсаар шаардах боломжтой байсан. Гэтэл үндсэн зээлийн гэрээг бүтнээр шаардаж байгаа. Зээлийн гэрээний харилцааг гэрээ дуусахаас 14 цагийн өмнө цуцалсан байдаг. Тийм учраас гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг ханган шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн үнийн дүнгийн болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч М.Э нарт холбогдуулан гэрээний үүргийн биелэлтийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 470,352,144.85 төгрөг, зээлийн хүү 323,289,617.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,741,033.64 төгрөг, нийт 808,982,796.55 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү 98,348,700.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,236,977.51 төгрөг, нийт 109,585,677.88 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, нийт 917,968,473.92 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны явцад хариуцагч Э.М ид холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч М.Э д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч үндсэн зээл төлөхийг зөвшөөрч, зээлийн гэрээ цуцалснаас хойш гэрээ дуусгавар болсон тул хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан нь хуульд нийцээгүй тул зөвшөөрөхгүй гэж маргажээ.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

3.1. Т ХХК , М.Э нарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч Т ХХК нь зээлдэгч М.Э нарт 500,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 40 сарын хугацаатай, сарын 2,4 хувийн, жилийн 28,8 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нар нь уг зээлийн мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүүг буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. /хх16-18/

3.2. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар М.Э ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан дүнжингарав гудамж 48 дугаар байр, * тоот хаягт байршилтай, Ү-2206053733 улсын бүртгэлийн дугаартай, 296,97 м.кв талбай бүхий орон сууц, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан дүнжингарав гудамж 48 дугаар байр, в1 давхрын * тоот хаягт байршилтай, Ү-2206048727 улсын бүртгэлийн дугаартай, 13,5 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан дүнжингарав гудамж 48 дугаар байр, в1 давхрын * тоот хаягт байршилтай, Ү-2206048728 улсын бүртгэлийн дугаартай, 13,5 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан дүнжингарав гудамж 48 дугаар байр, в1 давхрын * тоот хаягт байршилтай, Ү-2206048732 улсын бүртгэлийн дугаартай, 13,5 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан дүнжингарав гудамж 48 дугаар байр, в1 давхрын * тоот хаягт байршилтай, Ү-2206048746 улсын бүртгэлийн дугаартай, 13,5 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан дүнжингарав гудамж 48 дугаар байр, в1 давхрын * тоот хаягт байршилтай, Ү-2206048760 улсын бүртгэлийн дугаартай, 13,5 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэг, туул1 гудамж * тоот бараа материал жагсаалт зэргийг тус тус М.Э нар нь Т ХХК -тай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж барьцаалуулан, 11-1077545, 11-1077505, 11-1077530, 11-1077534, 11-1077511, 11-1077518 дугаартай барьцаалбар тус тус үйлдэн улсын бүртгэлд бүртгүүлжээ./хх19-33/

3.3. Зохигчид Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлж, гэрээнд хэн аль нь гарын үсэг зурсан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх бөгөөд эдгээр хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Дээрхээс дүгнэвэл, зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 158 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт тус тус заасан хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

4. Зээлдүүлэгч Т ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлдэгчид 500,000,000 төгрөгийг шилжүүлсэн, зээлдэгч нар нь зээл, хүүг хуваарийн дагуу төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.

5. Т ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 01 дугаар мэдэгдэлд ...зээлдэгч М.Э гэрээгээр хүлээсэн үүргээ 573 хоногоор хугацаа хэтрүүлсэн байх тул үндсэн зээл 470,352,144.85 төгрөг, зээлийн хүү 211,580,339.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,755,340.94 төгрөг, нийт 689,687,825.07 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор Төрийн банкны тусгай активын дансанд тушаах, уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний холбогдох заалтыг үндэслэн банк шүүхэд хандах арга хэмжээ авах талаар мэдэгдэл хүргүүлсэн гэж тусгажээ. /хх-9/

6. Дээрх мэдэгдлийн агуулгаас үзвэл зээлдүүлэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан байх ба анхан шатны шүүх уг мэдэгдлийг хүргүүлсэн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөр гэрээг цуцалсан гэж дүгнэж, зээлийн гэрээний үүргийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэж эрхийг үүрэгжүүлж, Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдана гэж заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг багасгаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

6.1. Иймд талуудын тайлбар болон хэргийн баримтаар зээлийн гэрээг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар цуцлагдсан гэж үзэх үндэслэлтэй байх тул зээлдүүлэгч нь гэрээ цуцалснаас хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. Харин хэрэгт авагдсан зээл эргэн төлөлтийн хувиараас үзэхэд зээлдэгч М.Э ын зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллоор үндсэн зээл 470,352,144 төгрөг, зээлийн хүү 323,289,617 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,741,033 төгрөг, нийт 808,382,796 төгрөг төлөх үүрэгтэй байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч М.Э аас гэрээ цуцлагдах хүртэлх хугацааны зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

7. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 808,382,796 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 108,985,677 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

7.1. Түүнчлэн, шүүх зээлийн хүүг гаргуулахдаа Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг заалтыг баримтлаагүйг залруулан шийдвэрийн тогтоох хэсэгт нэмж, нэхэмжлэлийг хангасантай холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжид зохих өөрчлөлтийг тус тус оруулахаар тогтов.

8. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт ...үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заасны дагуу барьцааны зүйл болох М.Э ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан дүнжингарав гудамж 48 дугаар байр, * тоот хаягт байршилтай, Ү-2206053733 улсын бүртгэлийн дугаартай, 296,97 м.кв талбай бүхий орон сууц, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан дүнжингарав гудамж 48 дугаар байр, в1 давхрын * тоот хаягт байршилтай, Ү-2206048727 улсын бүртгэлийн дугаартай, 13,5 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан дүнжингарав гудамж 48 дугаар байр, в1 давхрын * тоот хаягт байршилтай, Ү-2206048728 улсын бүртгэлийн дугаартай, 13,5 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан дүнжингарав гудамж 48 дугаар байр, в1 давхрын * тоот хаягт байршилтай, Ү-2206048732 улсын бүртгэлийн дугаартай, 13,5 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан дүнжингарав гудамж 48 дугаар байр, в1 давхрын * тоот хаягт байршилтай, Ү-2206048746 улсын бүртгэлийн дугаартай, 13,5 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан дүнжингарав гудамж 48 дугаар байр, в1 давхрын * тоот хаягт байршилтай, Ү-2206048760 улсын бүртгэлийн дугаартай, 13,5 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэг, туул1 гудамж * тоот бараа материал жагсаалт зэрэг эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй, анхан шатны шүүх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

9. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг ханган, шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн үнийн дүнгийн болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2022/03199 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...451.1 гэсний дараа 452 дугаар зүйлийн 452.2 гэж, 689,687,825 гэснийг 808,382,796 гэж, 228,280,648 гэснийг 108,985,677 гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтын 3,676,589 гэснийг 4,199,864 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,299,354 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

Д.ЦОГТСАЙХАН