Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 210/ма2023/00926

 

 

 

 

 

 

 

 

2023 05 03 210/МА2023/00926

 

 

Ч.Э ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2023/00662 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.Э ын хариуцагч А.Х, П.Б нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр А.Х, П.Б нартай нэг жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулж хүү, алдангигүйгээр 15,000,000 төгрөгийг зээлдүүлж, бэлнээр өгсөн. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлбөрийг шаардсан боловч өгөөгүй. Хариуцагч нар 15,000,000 төгрөгийг аваагүй гэж байгаа боловч гэрчийн мэдүүлэг, фото зургаар мөнгө авсан болох нь тогтоогддог. Мөн хариуцагчийн хариу тайлбартаа ...И ХХК -аас тухайн 15,000,000 төгрөгийг авсан гэсэн байдаг. Хариуцагч тал болох А.Х, П.Б нар нь И ХХК -аас мөнгө авах ёстой гэж, ажил гүйцэтгэх гэрээний үүргийг шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний үүрэг шаардаж байгаа бол зээлийн гэрээтэй холбоотой, ажил гүйцэтгэх гэрээний дагуу шаардаж байгаа бол И ХХК -д гүйцэтгэсэн ажлаа дүгнүүлэх нь зөв. Б.Э нь И ХХК -аас авлага авч зээлдэгч нарт өгсөн асуудал байгаа. Б.Э ын хувьд 15,000,000 төгрөгийг хаанаас аваад өгөх нь чухал биш бөгөөд хариуцагч нарт 15,000,000 төгрөгийг бодитоор өгсөн. Иймд А.Х, П.Б нараас 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Ч.Э ын нөхөр н.М нь И ХХК -тай ажлын гэрээ байгуулж, Увс аймгийн Зүүнхангай суманд байрлах Хаан банкны засварын ажил байсан бөгөөд тухайн ажлын хөлсийг 11,000,000 төгрөгөөр тохиролцож засварын ажлыг 100 хувь хийж гүйцэтгэсэн. Уг ажлын дараа И ХХК -ийн захирал н.Мөнх-Эрдэнийн зуучилсан Гачуурт дахь Оршил ресортын зүүн талд байрлах иргэн н.Батнасангийн амины орон сууцны засварын ажлыг хийхээр тохиролцсон. Ингээд ажлын хөлсний урьдчилгаа болгож н.М эс 15,000,000 төгрөгийг авсан. н.М хэлэхдээ Энэ ажлыг хийгээд өг, би танд 15,000,000 төгрөг өгье, гэхдээ нотариатаар гэрээ байгуулъя гэхэд нь би зөвшөөрч гэрээ байгуулсан. Хэрэв уг амины орон сууцанд миний хийсэн ажлын үнэлгээ нь урьдчилгаа болгон өгсөн 15,000,000 төгрөгөөс илүү гарсан тохиолдолд зөрүү мөнгийг н.М надад нөхөж өгөхөөр тохиролцож ажил эхэлсэн. Ажлын хөлс 11,000,000 төгрөг гэж тохирсноос 4,520,000 төгрөгийг н.М эс аваагүй байсан. Ажил хийх хугацаанд н.М надад ажлын хөлс гэж өгөөгүй ба ажилчдын хоол хүнс, ахуйн зардалд хүрэлцэх бага хэмжээний мөнгийг н.М эс хэд хэдэн удаа гуйж авсан. Мөн ажилчид цалингаа гүйцэт авч чадаагүй бөгөөд ажиллах явцад хэрэгцээтэй хоол хүнс ажилчдын хэрэглээ, унаа түлшний мөнгийг өөр хүнээс зээлж өр үүсгэж, одоо ч зарим хүмүүсээс зээлсэн мөнгөө өгч чадаагүй байгаа. Ч.Э надтай холбоотой гомдол гаргасан тухай ажилчдадаа хэлэхэд бүгд тухайн ажлыг бид хийж гүйцэтгэсэн тухай гэрчлэн ярихад бэлэн байна гэдгээ хэлсэн. Гэрээ байгуулах үед нотариатч хэлэхдээ Зээлийн эргэн төлөлтөө яаж хийх вэ, энэ гэрээг зээлийн гэрээгээр биш, ажлын гэрээгээр хийх хэрэгтэй гэж хэлэхэд, Ч.Э зүгээрээ, зээлийн гэрээ хийгээд өг гэж хэлээд уг гэрээ батлагдсан. н.М , Ч.Э нартай хамтран ажилласан хугацаанд өрнөөс өрний хооронд амьдарсан. Иймд нэхэмжлэгч Б.Э аас хариуцагч А.Х, П.Б нар нь 15,000,000 төгрөгийг хүлээн аваагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Х, П.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Э т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Х, П.Б нараас 232,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Э т олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна." гэж заасныг ноцтой зөрчсөн. Энэхүү хэргийн хариуцагч нь П.Б болон Д.Хандсүрэн гэсэн хоёр тусдаа эрх зүйн этгээд байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заалтад энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна гэж заасан. Гэтэл шүүх нэхэмжлэгч Ч.Э нь хариуцагч П.Б , А.Х нараас хэдэн төгрөг нэхэмжилсэн нь тодорхой бус байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй байхад шүүх иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд энэхүү нөхцөл байдлыг дүгнээгүй. Нэхэмжлэгч Ч.Э нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй. Шүүх зээлийн харилцаа, зээлийн гэрээний зүйлийг хуульд зааснаар шилжүүлсэн эсэх эргэлзээтэй байдлыг арилгахгүйгээр дүгнэлтийг хийсэн байна. Хариуцагч А.Х гийн хариу тайлбарт тусгагдсанаар мөнгийг Ч.Э нь өгөөгүй болох нь нотлогддог. Мөн хэргийн 3 дугаар талд авагдсан бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл гэх баримтад "Байгууллагын нэр гээд Их тамир" хэнээс гээд Их тамир констракшн санхүүгээс 15,000,000 төгрөг олгосон тухай баримтыг гаргаж өгсөн. И ХХК -тай байгуулсан гэрээний харилцаа, түүнтэй холбоотой баримтууд нэхэмжлэлийн үндэслэл болж байна уу, эсхүл 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн гэрээний харилцаа түүнтэй холбоотой баримтууд байна уу гэдгийг дүгнээгүй, нотлох баримтгүй эргэлзээтэй байхад дүгнэлт хийгээгүй.

Шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээс үзэхэд нэхэмжлэгч Ч.Э тай зээлийн гэрээ байгуулсан боловч зээлийн гэрээ нь биелэгдээгүй буюу хэрэгжээгүй зээлийн гэрээ тухайн зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид мөнгө олгоогүй. Иргэний хувиар "Их тамир констракшн" ХХК-тай гэрээ хэлцэл хийж ажил гүйцэтгэсэн эсэх нь тодорхойгүй байхад эхний ээлжид Ч.Э нь зээлийн асуудлыг шийдвэрлэхээр нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэгч зээлийн гэрээ, мөн ажил гүйцэтгэх гэрээгээр мөнгө хүлээлцсэн баримт хоёрыг нэг мэтээр шүүхэд ойлгуулан шүүхээр шийдвэр гаргуулах хууль бус үйлдэл болох нь нотлогдож байна. Хариуцагч зээлийн гэрээгээр мөнгө бодитоор хүлээн аваагүй учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Xэрэв шүүх хариуцагчийн тайлбарыг үнэлсэн бол хэргийн 3 дугаар хуудсанд байгаа баримтыг харгалзан үзэж үнэлж дүгнэхгүйгээр орхигдуулсан нь эргэлзээтэй байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хороонд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээ хуульд заасан хэлбэр шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн. Гэвч шүүх энэхүү зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийн холбогдох баримт нэхэмжлэгчийн шүүхэд хавсаргаж өгсөн баримтад хууль зүйн ямар нэг дүгнэлт өгөхгүй, өөр ямар нэг баримтгүй зөвхөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг үндэслэл болгож шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасныг зөрчиж зээлийн гэрээний 3.4-т "зээл олгох хэлбэр хугацаа бэлнээр 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр зээлдэгчид хүлээлгэн өгнө." гэсэн заалт мөн зээлийг бодитоор хүлээлгэж өгсөн биш өгнө гээд хүлээлгэж өгөөгүй энэ тухай баримт байхгүй байхад хууль зүйн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй буюу хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулж, хэт нэг талыг баримталсан гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэргийн баримтуудыг зөв үнэлж, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн. Талуудын хооронд 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан ба уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хэн аль нь маргаагүй. Хариуцагч А.Х нь нэхэмжлэгч Ч.Э аас 15,000,000 төгрөг авсан гэдгээ 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн баримтыг үндэслэн хүлээн зөвшөөрдөг. Мөн И ХХК тухайн 15,000,000 төгрөгийг өгсөн болох нь нотлогддог. Зээлийн гэрээний мөнгөн хөрөнгө 15,000,000 төгрөгийг Ч.Э аас аваагүй И ХХК -аас авсан гэж талууд маргадаг. Үүнтэй холбоотойгоор И ХХК -аас ...иргэн Ч.Э т 15,000,000 төгрөгийн өглөгтэй байсныг түүний зааж өгсөн хүнд өгсөн... гэх албан бичгийг ирүүлсэн. Зээлийн гэрээний дагуу гүйцэтгэх үүргийг гуравдагч этгээдээс авч өгөх эрх нээлттэй. Харин хариуцагч нар зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хүлээн авсныг хүлээн зөвшөөрдөг. Хариуцагч нар нь И ХХК -тай урьд ажил хэргийн холбоотой байсан гээд ажил гүйцэтгэх гэрээний талаар баримт гаргаж өгдөг. Харин хариуцагч нар нь мөнгө хэрэгтэй байна гээд Ч.Э аас 15,000,000 төгрөг зээлсэн. Хамтран хариуцагч нарын хэнээс хэдэн төгрөг гаргуулах асуудлын хувьд А.Х, П.Б нар нь хамтран зээлийн гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр Ч.Э аас зээлсэн мөнгөнөөс цалингаа авсан гэдэг. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас маргааны үйл баримтад үндэслэлтэй, зөв дүгнэлт өгч чадаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч Ч.Э нь хариуцагч А.Х, П.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

4. Нэхэмжлэгч нь ...хариуцагч нарт 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 15,000,000 төгрөг зээлдүүлснийг буцаан төлөөгүй тул гаргуулна гэж, хариуцагч нар нь ...гэрээ байгуулсан боловч зээлийн мөнгөн хөрөнгийг бодитоор аваагүй, хийсэн ажлынхаа ажлын хөлсөнд 15,000,000 төгрөг авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарласан байна.

5. Анхан шатны шүүх хэргийн баримтаар зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь мөнгөн хөрөнгийг хариуцагч нарт бодитоор шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдоогүй, талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж шууд дүгнэх боломжгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

5.1. Ч.Э болон А.Х, П.Б нарын хооронд 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ бичгээр хийгдсэн байх ба гэрээний 3.4-т бэлнээр 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр зээлдэгчид хүлээлгэн өгнө гэж тохиролцжээ. /хх-4/

5.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж шүүхэд гаргасан бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл баримт нь ...И ХХК -ийн санхүүгээс А.Х 15,000,000 төгрөгийн зээл олгохыг хүссэн агуулгатай байх тул Ч.Э , А.Х, П.Б нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний харилцаанд хамаарахгүй байна.

5.3. Дээрх нөхцөл байдлыг харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 15,000,000 төгрөгийг хариуцагчид бодитой шилжүүлсэн гэж дүгнэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулсанд тооцох боломжгүй.

5.4. Нэг тал мөнгөн хөрөнгө шилжүүлсэн, нөгөө тал мөнгөн хөрөнгийг аваагүй гэх тайлбар гарган маргаж буй тохиолдолд нэхэмжлэгч тайлбараа нотлох үүрэгтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул талуудын хооронд мөнгөн хөрөнгийг зээлдүүлэх талаар Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар тохиролцоо хийгдсэн гэх нөхцөл байдлыг нэхэмжлэгч баримтаар нотлоогүй гэж дүгнэнэ.

6. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуулийн дагуу үнэлээгүйн улмаас маргааны үйл баримтад үнэн зөв дүгнэлт хийж чадаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, А.Х, П.Б нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2023/00662 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч А.Х, П.Б нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.Э ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

Д.ЦОГТСАЙХАН