| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0029/Э |
| Дугаар | 42 |
| Огноо | 2018-12-31 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 31 өдөр
Дугаар 42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
Улсын яллагч А.Сайнбаяр,
Шүүгдэгч Т.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т.Аид холбогдох 1806 08322 2206 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Эрдэнэмандал суманд 1969 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, эрэгтэй, 49 настай, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 20-313 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, Булган аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 173 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдсан, бие эрүүл, ухаан саруул гэх, Б овогт Тийн А /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Т.А нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо, Шар хадны 20-313 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох өөрийн эхнэр Б.Мөнхжаргалыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Аийн өгсөн: “... Би 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн эхнэр Мөнхжаргалтай маргалдсан нь үнэн. Тухайн үед байшиндаа долоо хоногийн хугацаанд засвар хийсэн. Сарын өмнө хөдөө байх малынхаа өвс хадланг нь бэлдэхээр сарын хугацаатай явсан. Манай эхнэр ногоо дардаг. Би хөдөө явахдаа ногоог нь авч өгчхөөд явдаг. Сар болоод ирэхэд ногоонуудынх нь үлдэгдлүүд хэвээрээ байж байдаг. Би хөдөөнөөс ирээд гэртээ ороод махаа гаргаад байж байтал эхнэр гаднаас орж ирсэн. Эхнэртээ “чи дандаа мөнгө нэхдэг, энэ байдлаа хараач” гэж хэлэхэд эхнэр “чиний мөнгөөр авсан юм уу” гэж хэлээд үүнээс болоод маргаан эхэлсэн. Сүүлдээ эцэг, эх, ах дүү нарыг минь доромжилсон өнгө аястай болохоор нь миний уур хүрээд “чи тэгвэл энэ хоолоо өөрөө хий” гэж хэлээд хувцастайгаа хажуугаар нь орж хэвтсэн. Бидний маргаан удаан хугацаанд үргэлжилсэн. Би эхнэрээ айлгах зорилгоор баруун хөлөө урдаас нь жийх маягаар хөдөлгөхөд эхнэр айсан уу, эсхүл цочсон уу мэдэхгүй тонгойсон. Эхнэрийг тонгойход цохилт үүссэн. Тухайн үед эхнэрийн хамраас цус гараад би алчуур авч өгчихөөд айсандаа хажууд байдаг байшиндаа ороод сууж байгаад хоёр цагийн үед гэртээ орж ирэхэд эхнэр тайвшраад унтсан байсан. би хүүхдийнхээ хажуугаар ороод унтсан. Өглөө есөн цаг өнгөрч байхад гэрээсээ гараад явсан” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Мөнхжаргалын өгсөн: “... 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр би ажлаа тараад орой гэртээ 18 цаг 30 минутын үед ирсэн. Тухайн өдөр надтай хамт ажилладаг үйлчлэгч маань гачигдал гараад чөлөө авсан байсан учир би ганцаараа ажиллаад их ядарсан. Намайг гэртээ орох үед манай нөхөр А хэвтэж байсан. Би жаахан амарч байгаад босоод хоолоо хийнэ гээд хажуугаар нь ороод хэвтсэн. Тэгтэл манай нөхөр намайг хэвтсэн чинь босоод явсан. Тэгээд “хэрэггүй ногоо авч мөнгө үрлээ” гэхээр нь би “ямар чиний мөнгөөр авсан биш” гэж хэлсэн чинь над руу хүрч ирээд халаад нөмрөөд хэвтэж байсан чинь хуулж авахаар нь би босоод орон дээр суухад миний зүүн нүд болон хамар хавьцаа нэг удаа өшиглөөд миний хамраас цус гарсан. Миний хучлагыг хуулахаар нь би унтлагын том орон дээр орны толгойг нь налаад өндийгээд хэвтэж байсан чинь орон дээр үсэрч гарч ирэх шиг л болсон чинь намайг өшиглөөд авсан юм. Ер нь бол уурлахаараа их муухай ааштай болчихдог хүн байгаа юм. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.8-10/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 12414 дугаартай “... Б.Мөнхжаргалын биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний алим, зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.15/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Аийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.26/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Т.А нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо, Шар хадны 20-313 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох өөрийн эхнэр Б.Мөнхжаргалыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Мөнхжаргалын өгсөн: “... би босоод орон дээр суухад миний зүүн нүд болон хамар хавьцаа нэг удаа өшиглөөд миний хамраас цус гарсан. Миний хучлагыг хуулахаар нь би унтлагын том орон дээр орны толгойг нь налаад өндийгээд хэвтэж байсан чинь орон дээр үсэрч гарч ирэх шиг л болсон чинь намайг өшиглөөд авсан юм...” гэх мэдүүлэг /хх.8-10/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 12414 дугаартай “... Б.Мөнхжаргалын биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний алим, зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.15/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Аийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.26/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Аийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Т.Аийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Т.Аийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч Б.Мөнхжаргал нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд Т.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Хохирогч Б.Мөнхжаргал нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир Т.Аийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Т.А нь “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Т.Аийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Т.Аид эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Т.Аид оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.
Энэ хэрэгт Т.А нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Тийн Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Аид 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Т.Аид сануулсугай.
4. Энэ хэрэгт Т.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Мөнхжаргал нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Аид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР