Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 64

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Уламбаяр,

          Улсын яллагч Б.Чинзориг,

          Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт /ҮД:1697/  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох 1809 04137 0283 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

          Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1997 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх эгч нарын хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 66-Е байрны 55 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, Ө овогт Бн Б /РД: /,

          Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

          Б.Б нь 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, уутны хамт 23 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 66-Е байрны орцны 8 давхарын буланд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

          Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэсийн нийгмийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер ахлах дэслэгч Д.Алтангэрэлийн илтгэх хуудас /хх.5/,

          Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.6-8/,

          Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх.12/,

          Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх.19-20/,  

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 11184 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн өвс ургамал мэт зүйл болон тогоо хэлбэртэй тугалган цаасан дахь ургамлын үлдэгдэлд дельта-9 тетрогидроканнабинолын агууламж илрэв. Тетрогидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх.28-29/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 9681 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн Ө.Дөлгөөн, И.Дөлгөөн, Б.Б 2018.09.13 гэсэн хаягтай шээсний дээжинд дельта-9 тетрогидроканнабинолын агууламж илрэв. Тетрогидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх.31-32/,

          Шүүх сэтгэц эмгэг судлалын 48 дугаартай: “... Б.Б нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна... сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна... мансуурах дон, мансууруулах бодисын хамааралгүй байна” гэх дүгнэлт хх.34-35/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ө.Дөлгөөний 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн: “... 2018 оны 09 дүгээр сарын 10-ны орой 20 цагийн үед гадаа бүрэнхий болж байх үед манай найзууд болох И.Дөлгөөн, Б.Б бид гурав Бичилийн 16-17 дугаар байрны голд байдаг сагсан бөмбөгийн талбай дээр уулзсан. Тэнд тоглож байтал Б нэг жижигхэн ууттай өвс гаргаж ирээд “ийм өвс байна, татаж үзэх үү” гэж хэлсэн. Тэгээд И.Дөлгөөн бид хоёр сонирхож татаж үзэхээр болсон. Бид гурав байрны ард очоод тамхины цаасанд хийж байгаад татаж үзсэн... 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр би уг өвснөөс хэрэглээгүй...” гэх мэдүүлэг /хх.41/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч И.Дөлгөөний өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн: “... Б, И.Дөлгөөн хоёртой уулзаад л машинд нь суугаад дөнгөж явж байтал цагдаа нарт баригдсан. МУИС-ийн тэр хавьд явж байгаад Бтай тааралдсан... Намайг машинд орж суух үед машины голын хайрцаганд ямар нэгэн эд зүйл, ууттай өвс харагдаагүй. Цагдаа нар зогсоогоод Б машинаас буух үедээ халааснаасаа ууттай зүйл гаргаад голын хайрцагандаа тавьсан. Тэгэхдээ тэр ууттай зүйлийг өвс гэдгийг би мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх.42/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Лхагвасүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх.50/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Бын “өвсийг түүж ирээд гэртээ оруулалгүй орцныхоо 8 давхарт нэг газар нуучихсан” гэх мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.52-55/,

          Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.71/,

          Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх.72/,

          Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх.75/,

          Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх.111/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр яллагдагчаар өгсөн: “... 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймагт байхдаа хүүхдүүдийн яриад байдаг татдаг өвс ургасан байхыг хараад нэг хэсгийг түүгээд авчихсан юм. Тэгээд тэр өвсөө орцондоо нуугаад орхичихсон юм. Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гэнэт санаад нуусан газраасаа гаргаж ирээд татаж үзсэн юм. Тэгээд тэр түүсэн өвснөөсөө И.Дөлгөөн, Ө.Дөлгөөн гэх хоёр найздаа үзүүлээд хамт хэрэглэсэн... Би хөдөөнөөс ирээд гэртээ авч оролгүй орцныхоо 8 давхарын агааржуулалтын хоолойны тагны ард нуучихсан юм. Тэгээд би уг газарт өвс нуусан гэдгээ мартчихсан байсан. Ингээд 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр интернэтэд өвсний зураг хараад гэнэт санаад нөгөө өвсөө авсан. 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд уг өвснөөс хэрэглээгүй, би түүсэн өвснийхөө талаар сүүлд л И.Дөлгөөн, Ө.Дөлгөөн гэх 2 найздаа үзүүлсэн. Би тэгэхдээ тэр хоёрт өвс түүсэн гэж хэлээгүй. Би өвснөөс хэн нэгэнд өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх.117-118/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Б.Б нь 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, уутны хамт 23 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 66-Е байрны орцны 8 давхарын буланд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэсийн нийгмийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер ахлах дэслэгч Д.Алтангэрэлийн илтгэх хуудас /хх.5/,

          Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.6-8/,

          Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх.12/,

          Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх.19-20/, 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 11184 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн өвс ургамал мэт зүйл болон тогоо хэлбэртэй тугалган цаасан дахь ургамлын үлдэгдэлд дельта-9 тетрогидроканнабинолын агууламж илрэв...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх.28-29/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 9681 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн Ө.Дөлгөөн, И.Дөлгөөн, Б.Б 2018.09.13 гэсэн хаягтай шээсний дээжинд дельта-9 тетрогидроканнабинолын агууламж илрэв...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх.31-32/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ө.Дөлгөөний 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн: “... Тэнд тоглож байтал Б нэг жижигхэн ууттай өвс гаргаж ирээд “ийм өвс байна, татаж үзэх үү” гэж хэлсэн. Тэгээд И.Дөлгөөн бид хоёр сонирхож татаж үзэхээр болсон. Бид гурав байрны ард очоод тамхины цаасанд хийж байгаад татаж үзсэн...” гэх мэдүүлэг /хх.41/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч И.Дөлгөөний өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн: “... Цагдаа нар зогсоогоод Б машинаас буух үедээ халааснаасаа ууттай зүйл гаргаад голын хайрцагандаа тавьсан...” гэх мэдүүлэг /хх.42/,

          Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.52-55/,

          Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх.111/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр яллагдагчаар өгсөн: “... 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймагт байхдаа хүүхдүүдийн яриад байдаг татдаг өвс ургасан байхыг хараад нэг хэсгийг түүгээд авчихсан юм. Тэгээд тэр өвсөө орцондоо нуугаад орхичихсон юм...” гэх мэдүүлэг /хх.117-118/,

          Шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Б.Бын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

          Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэх, хадгалах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Б.Б нь “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэх, хадгалах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.   

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Бын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюул, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

          Б.Бын дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, уутны хамт 23 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, бусдад хэрэглүүлж үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюул, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан үзэхэд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхийг хүссэн шүүгдэгчийн тайлбар болон түүний өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй юм.

          Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Энэ хэрэгт Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Б.Бд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнийг цагдан хорьж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан уутны хамт 23 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх нь зүйтэй.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Ө овогт Бийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэх, хадгалах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.Бд оногдуулсан 1 жил 6  сарын хугацаагаар хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4. Б.Бд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          5. Энэ хэрэгт Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй уутны хамт 23 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

  ШҮҮГЧ                                             С.ӨСӨХБАЯР