Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/ма2023/00974

 

 

 

 

 

 

 

 

2023 05 10 210/МА2023/00974

 

 

Э ХХК -ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2023/00664 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э ХХК -ийн хариуцагч М ХХК К-д холбогдуулан гаргасан 1,867,104,351 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, түүний өмгөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Э ХХК , ерөнхий гүйцэтгэгч М ХХК , туслан гүйцэтгэгчид болох Э ХХК , А ХХК тус бүрээр гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, үнэлгээг хөндлөнгийн этгээдээр тогтоолгож, төлбөр төлөх нөхцөл журмыг гэрээ, түүний хавсралтаар тогтоосон нь Концессын зүйлтэй холбоотой бусдад төлөх төлбөрийн жагсаалт гэх баримт бичиг бөгөөд үүнийг гэрээний хавсралт болгон 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр үйлдсэн. Үүний дагуу М ХХК К нь ерөнхий болон туслан гүйцэтгэгчдийн гүйцэтгэсэн ажлын хөлсний тооцоо 4,555,343,540 төгрөгийг Э ХХК -д төлөх төлбөрийн 50 хувь болох 2,227,671,770 төгрөгийг төслийг санхүүжүүлэх Худалдаа хөгжлийн банкнаас зээлийн эхний санхүүжилт хийгдсэн, харин үлдэх 50 хувийг концессын гэрээний дагуу хийгдэх ажлыг улс хүлээн авч төсвөөс эхний санхүүжилтийг хийсэн даруйд тус тус төлөх хуваарийг тогтоосон. Үүнийг үндэслэн Худалдаа хөгжлийн банкны зээлийн санхүүжилт хийгдсэн даруйд төлөх ёстой урьдчилгаа төлбөр 2,227,671,770 төгрөгийг, хугацаа хэтрүүлсний алдангид 1,113,835,885 төгрөг, нийт 3,341,507,655 төгрөгийг шаардсан.

1.1. Хариуцагч М ХХК К нь концессын зүйл шилжүүлэх тухай гэрээний хавсралтад заасны дагуу төлбөл зохих төлбөрийг Э ХХК -д төлөөгүй, харин туслан гүйцэтгэгч Э ХХК -д холбогдох 555,893,804 төгрөгийг шүүхийн шийдвэрийн дагуу төлж барагдуулсан, Аржроуд ХХК-ийн төлбөрөөс заримыг нь төлж 114,161,498 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа, ерөнхий гүйцэтгэгч М ХХК -д төлөх төлбөрөөс 350,000,000 төгрөгийг түүний хамаарал бүхий этгээдэд төлсөн буюу нийт 1,549,403,303 төгрөгийн үндсэн үүргийг гүйцэтгэсэн. Иймд эдгээр төлбөрүүдийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн багасгаж байна. Үүнд концессын зүйл шилжүүлэх гэрээ, түүний хавсралтад заасны дагуу Худалдаа хөгжлийн банкны зээлийн санхүүжилт хийгдсэн даруйд, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нарын гүйцэтгэсэн ажлын хөлсөнд тооцон төлөх төлбөрийн эхний ээлжийн 50 хувь болох 2,227,671,770 төгрөгийн төлбөрөөс үлдсэн 728,268,467 төгрөгийг, төлбөрийн үүргийг хугацаа хэтрүүлсний улмаас гэрээний 5.3-д заасан хувь хэмжээгээр тооцвол зохих алдангид 1,138,835,884 төгрөг, нийт 1,867,104,351 төгрөгийг М ХХК К-аас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч Э ХХК нь концессын гэрээний туслан гүйцэтгэгч компаниудын төлбөрийг хууль болон гэрээнд зааснаар шаардах эрхгүй бөгөөд М ХХК К нь тэдгээр туслан гүйцэтгэгчдийн өмнө хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. М ХХК К нь 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Э ХХК -тай байгуулсан концессын зүйл шилжүүлэх гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн 126,7 км хатуу хучилттай авто замын ажлыг гүйцэтгэх концессын эрх, үүргийг бүхэлд нь шилжүүлэн авсан. Өөрөөр хэлбэл, Э ХХК -ийн концессын гэрээтэй холбоотой бусдын өмнө хүлээсэн аливаа үүрэг болон шаардах эрхийг манай компани бүрэн шилжүүлэн авсан тул Э ХХК нь М ХХК , А ХХК, Э ХХК зэрэг компанид концессын гэрээний дагуу аливаа төлбөр төлөх үүрэггүй. М ХХК К нь концессын эрх шилжүүлэх гэрээний 3.2.3-т заасны дагуу гэрээний төлбөрүүдийг Э ХХК , М ХХК , А ХХК, Э ХХК -д тус тус төлж барагдуулсан. Ийнхүү туслан гүйцэтгэгч нарт гэрээний төлбөрийг шилжүүлэхдээ Э ХХК -аар дамжуулан төлж байсан тохиолдол байхгүй бөгөөд хууль болон гэрээнд заасны дагуу туслан гүйцэтгэгчдийн төлбөрийг Э ХХК -д төлөх үндэслэлгүй. Нэгэнт манай компани концессын эрх, үүргийг бүхэлд нь шилжүүлэн авсан тул М ХХК , А ХХК, Э ХХК зэрэг туслан гүйцэтгэгч компаниуд нь төлбөрөө манай компаниас шууд шаардах эрхтэй. Энэ журмын дагуу Э ХХК зэрэг компаниас гэрээний төлбөрөө гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар баталгаажуулсан эвлэрлийн гэрээний дагуу одоогийн байдлаар 300,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Иймээс Э ХХК туслан гүйцэтгэгчдийн төлбөрийг хууль болон гэрээнд заасны дагуу манай компаниас шаардах эрхгүй.

2.1. Концессын зүйл шилжүүлэх гэрээний 3.2.4-т заасны дагуу манай компани төлбөрийн үүргээ биелүүлсэн. Концессын зүйл шилжүүлэх гэрээнд заасан концесс эзэмшигч талд төлбөл зохих хавсралт 1-ийн 1-т заасны дагуу Э ХХК -д төлбөл зохих төлбөр болох хяналтын зөвлөх компанид төлсөн зардал 1,517,572.50 ам.долларыг банкны эхний санхүүжилтээр төлсөн. Концессын гэрээг хэрэгжүүлэхэд гаргасан зардалд 4,0 тэрбум төгрөг төлөхөөс гэрээний дагуу банкны эхний санхүүжилт хийгдсэн даруйд 2,0 тэрбум төгрөг төлсөн ба үлдэгдэл 2,0 тэрбум төгрөгийг гэрээнд заасан төлбөр төлөх нөхцөл буюу концессын гэрээний сүүлийн санхүүжилт орж ирээгүй тул төлөөгүй байна.

2.2. М ХХК -д хавсралт 1-ийн 2 дахь хэсэгт нийт 3,241,778,737.96 төгрөгийн 50 хувьтай тэнцэх төлбөр болох 1,620,889,368.98 төгрөгийг банкны эхний санхүүжилтээр төлөхөөр заасан бөгөөд нийт 644,707,158 төгрөгийг М ХХК -д төлсөн байна. А ХХК -д гэрээний хавсралт 1-д заасны дагуу 50 хувийн төлбөрийг бүрэн төлсөн ба өнөөдрийн байдлаар 304,390,997.60 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Гэрээний хавсралт 1-ийн 4 дэх хэсэгт заасан төлбөрийг Э ХХК нь 555,893,804.40 төгрөгийг гаргуулахаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд талууд эвлэрлийн гэрээ байгуулсныг тус шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2021/01286 тоот захирамжаар баталгаажуулсан. Өнөөдрийн байдлаар Э ХХК -д 300,000,000 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Манай компани нь гэрээний хавсралтад заасны дагуу туслан гүйцэтгэгч буюу хавсралтын 2, 3, 4-т заасан төлбөр хүлээн авагч М ХХК , А ХХК, Э ХХК -иудад гүйцэтгэсэн ажлын нийт хөлс буюу 4,555,343,540 төгрөгийн 50 хувь болох 2.277,671,770 төгрөгөөс өнөөдрийн байдлаар нийт 1,397,987,158 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг барагдуулахаар М ХХК , А ХХК -иудтай хэлэлцэн тохиролцсоны дагуу хамтран ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар үүссэн үл ойлголцол, төлбөрийн талаар маргаантай асуудал байхгүй. Иймд талуудын хооронд байгуулсан концессын зүйл шилжүүлэх гэрээний дагуу М ХХК К нь Э ХХК -ийн өмнө гэрээний хавсралт 2, 3, 4-т заасан нийт 4,555,343,540 төгрөгийн төлбөрийг төлөх хүлээсэн үүрэг үүсээгүй, дээрх төлбөрийг Э ХХК нь шаардах эрхгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М ХХК -ийн тайлбар, татгалзлын агуулга: Монгол Улсын Засгийн газар болон Э ХХК -ийн хооронд 2015 оны 03 сарын 25-ны өдөр байгуулсан Баянхонгор-Алтай чиглэлийн 126,7 км хатуу хучилттай авто зам төслийн барих-шилжүүлэх концессын гэрээний дагуу концессын эрхийг Э ХХК эзэмшдэг байсан. Концесс эзэмшигч Э ХХК нь концессын эрхээ М ХХК К-д шилжүүлэхээр болж улмаар концессын зүйл шилжүүлэх гэрээг 2019 онд байгуулж, ажлын хэмжээ, үнэлгээг тогтоосны дагуу М ХХК 3,241,778,737 төгрөгийн үнэлгээ бүхий ажлыг хийж гүйцэтгэсэн хэмээн шийдвэрлэсэн. Уг үнийг концессын эрх шилжүүлэн авагч М ХХК К нь гэрээгээр тохирсны дагуу Э ХХК -д төлөх, уг төлбөрөөс Э ХХК нь туслан болон ерөнхий гүйцэтгэгч нарын төлбөрийг төлөх зарчмыг талууд тохиролцож тогтоосон. Гэвч М ХХК К нь гэрээгээр тогтоосон төлбөрийг төлөөгүй тул эрх шилжүүлэн авагчаас шаардсан. М ХХК К-д хандаж нийт 350,000,000 төгрөгийг олж авсан. Иймд концессын гэрээний ерөнхий гүйцэтгэгчийн хувиар уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох, ингэхдээ нэхэмжлэгчийг дэмжиж оролцож байна гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.5, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК К-аас 1,092,202,700.50 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 774,901,650.50 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,865,489 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК К-аас 5,619,963 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК -д олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: М ХХК К нь 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Э ХХК -тай байгуулсан концессын зүйл шилжүүлэх гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Баянхонгор аймгийн Говь-Алтай чиглэлийн 126,7 км хатуу хучилттай авто замын ажлыг гүйцэтгэх концессын эрхийг шилжүүлэн авсан. Уг гэрээгээр Э ХХК -ийн хүлээсэн үүргийг бүхэлд нь шилжүүлэн авсан бөгөөд гэрээний 3.2.3-т заасны дагуу М ХХК К нь гэрээний хавсралтад заасан төлбөрүүдийг Э ХХК , М ХХК , А ХХК, Э ХХК -д тус тус төлөх үүргийг хүлээсэн. Мөн гэрээний 3.2.4-т заасны дагуу манай компани доорхи байдлаар төлбөрийг төлсөн. Концессын зүйл шилжүүлэх гэрээнд заасан концесс эзэмшигч талд хяналтын зөвлөх компанид 1,517,572.50 ам.доллар төлсөн ба үлдэгдэл 2,0 тэрбум төгрөг валютын ханшны зөрүү 15,411,503 төгрөг байна. Э ХХК нь дээрхи төлбөрийн талаар маргаагүй. Үлдэгдэл 2,015,411,503 төгрөгийн санхүүжилтийг Засгийн газраас шийдвэрлээгүй байгаа. Концессын зүйл шилжүүлэх гэрээнд заасан туслан гуйцэтгэгч нарт төлбөл зохих хавсралтын 2,3.4-т зааснаар нийт 644,707,158 төгрөгийг М ХХК -д төлсөн. А ХХК -д хавсралт 1-д заасны дагуу 50 хувийн төлбөрийг бүрэн төлсөн ба өнөөдрийн байдлаар 140,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Э ХХК нь нийт 555,893,804 төгрөг төлсөн. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний хавсралт 2,3.4-т заасан нийт 4,555,343,540 төгрөгийн төлбөрийг М ХХК , А ХХК, Э ХХК -иудад төлөх үүргийг М ХХК К-д шилжүүлсэн тул Э ХХК нь шаардах эрхгүй, алданги нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Э ХХК -ийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн концессын зүйл шилжүүлэх тухай гэрээний дагуу концессын эрхийг М ХХК К-д шилжүүлсэн бөгөөд тухайн гэрээний үнийн дүн, хэмжээг тодорхойлохоор 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хавсралтыг бичгээр байгуулсан. М ХХК К-аас Э ХХК -д 8,100,000,000 төгрөг төлөх төлбөрийг үнэлгээ тогтоосон. Тухайн үнийн дүнг хэдэн хэсэг болгон Э ХХК -д төлөх агуулгаар гэрээний хавсралтыг байгуулсан. Хариуцагч М ХХК К 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн гэрээний хавсралтад дурдсан этгээдүүдэд төлбөр төлнө гэж маргасан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Гэрээний талууд болон эрх үүргийн харилцаа хэрхэн үүссэн, үүргийг гүйцэтгээгүй бол хүлээх хариуцлагын тухай Э ХХК , М ХХК К-иудын хооронд үүссэн харилцаа юм. Анхан шатны шүүх урьдчилгаа санхүүжилт болон Засгийн газрын санхүүжилт орсны даруй төлбөрийг шаардах эрхтэй эрх Э ХХК -д хадгалагдаж байна хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй. М ХХК К концессын зүйл шилжүүлэх тухай гэрээтэй холбоотой бүх эрх үүргийг шилжүүлж авсан хэмээн тайлбарласан бөгөөд энэ нь бодит байдалд нийцэхгүй. Хэрвээ үүргийг шилжүүлэн авах гэж байгаа бол Иргэний хуулийн 124 дүгээр зүйлд заасан өр шилжих харилцаа болно. Э ХХК -ийн бусдын өмнө хүлээсэн үүргийг өөртөө шилжүүлэн авч гүйцэтгэх гэж байгаа бол хуульд заасны дагуу өр шилжихээр зохицуулсан. Авлага авч буй этгээд буй М ХХК , А ХХК, Э ХХК -иудтай тохиролцсоноор өр шилжинэ. Хариуцагч талын маргаж буй концессын гэрээнд дээр дурдсан компаниуд оролцдоггүй. Ерөнхий гүйцэтгэгч М ХХК -тай үүссэн өр төлбөрийн харилцаа одоогоор нэхэмжлэгч Э ХХК -д үлдсэн байна. М ХХК нэхэмжлэгч Э ХХК -аас өр төлбөрөө нэхэмжилсэн хэвээр байна. Харин эдгээр өр төлбөрийг шилжүүлэн авсан тул төлбөрөө төлж байгаа гэх хариуцагч М ХХК К-ийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас маргааны үйл баримтад үндэслэлтэй, зөв дүгнэлт өгч чадаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч М ХХК К-д холбогдуулан 3,341,507,655 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 1,474,403,304 төгрөгөөр багасгаж, хариуцагчаас 1,867,104,351 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

4. Монгол Улсын Засгийн газар, Э ХХК -иудын хооронд 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто зам төсөл-ийн барих, шилжүүлэх тухай концессын гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч нь концессын зүйл болох авто замын зураг төсөл, техникийн шаардлагын дагуу барих, захиалагч нь хийсэн ажлын хөлс төлөхөөр харилцан тохиролцсон байх ба 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр, 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрүүдэд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан байна./хх6-19, 20-21, 22-23/

4.1. Уг гэрээгээр хүлээсэн үүргийн хүрээнд Э ХХК нь 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр М ХХК -тай Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн 126.7 км хучилтай авто замын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ерөнхий гүйцэтгэгч нь батлагдсан зураг төслийн дагуу барилгын ажлыг гүйцэтгэх, захиалагч нь гэрээний 5-д заасны дагуу төлбөр төлөхөөр харилцан тохиролцжээ.

4.2. Үүний дараа Э ХХК нь М ХХК К-тай хоорондоо 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр концессын зүйл шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр концесс эзэмшигч нь Баянхонгор-Алтай чиглэлийн 126,7 км хатуу хучилтай авто зам төслийн барих шилжүүлэх эрхийг эрх шилжүүлэн авагчид шилжүүлэн өгөх, эрх шилжүүлэн авагч нь концессын гэрээний хүрээнд баригдах авто зам барихад шаардагдах зардал, тус барилгын ажлыг гүйцэтгэхэд урьд нь гарсан зардал, төлбөрийг хариуцаж, төлөх баталгааг гарган өгөх, концессын эрхтэй холбоотой энэ гэрээний хавсралтад заасан бусдын өмнө хүлээсэн үүрэг болон холбогдох байгууллагуудад төлөх төлбөрийг тогтоосон хугацаанд төлж, барагдуулахаар харилцан тохиролцож, 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр уг гэрээний хавсралтаар концессын зүйтэй холбоотой бусдад төлөх төлбөрийн жагсаалтад Э ХХК , М ХХК , А ХХК, Э ХХК -иудад төлбөрийн зориулалт, хэмжээ, хугацаа зэргийн талаар тодорхой тусгагджээ. /хх24-31/

4.3. Дээрх концессын зүйл шилжүүлэх нөхцөл байдалтай холбоотойгоор 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Х ХХК, М ХХК К, Э ХХК -иудын хооронд төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх гурван талт гэрээ байгуулж, уг гэрээгээр концесс шилжүүлсний төлбөрийг төлбөр төлөгчийн төлбөрийн даалгаврын дагуу банк төлбөр хүлээн авагчийн дансанд шилжүүлэх, концесс шилжүүлсний төлбөр нь төлбөр хүлээн авагчийн дансанд шилжсэн даруйд тухайн мөнгөн хөрөнгөөс түүний Худалдаа хөгжлийн банк ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний хуримтлагдсан өр төлбөрийг банк төлүүлэхээр харилцан тохиролцсон байх ба 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан үйл баримт тогтоогдож байна.

4.4. Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүд талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж, хэн аль нь гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасны дагуу хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх үндэслэлтэй.

5. Эрх шилжүүлэн авагч М ХХК К нь 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан концессын эрх шилжүүлэх гэрээний 3.2.3-т концессын эрхтэй холбоотой энэ гэрээний хавсралтад заасан бусдын өмнө хүлээсэн үүрэг болон холбогдох байгууллагуудад төлөх төлбөрийг тогтоосон хугацаанд төлж, барагдуулах-аар заасны дагуу уг гэрээний хавсралтаар баталсан жагсаалтын 2-т М ХХК -д, 3-т Аржроуд ХХК-д, 4-т Э ХХК -д тус тус концессын зүйтэй холбоотой холбогдох төлбөрүүдийг төлөх үүрэг хүлээсэн байна. /хх26-29, 30-31/

5.1. Харин уг гэрээний 3.2.4-т энэхүү гэрээний хавсралтад заасан ЭХБУТ-ийн хүлээн авах төлбөрийг ЭХБУТ-ын бичгээр өгсөн албан тоотод заасан дансанд бүрэн хэмжээгээр тухай бүр хийж байна гэж зааснаас үзвэл Э ХХК нь гэрээний хавсралтаар баталсан жагсаалтын 1-д заасан төлбөрийг төлөх үүргийг тодорхойлсон тул бусад компанийн өмнөөс төлбөр нэхэмжлэх эрхгүй. Иймд анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон гэрээний хавсралтад заасан заалтуудыг буруу тайлбарласан гэж үзэхээр байна.

5.2. Концессын эрх шилжүүлэн авагч М ХХК К нь концессын эрх шилжүүлэх гэрээний 2, 3, 4 дүгээр зүйлд заасан мөнгөн төлбөрийн үүрэгтэй холбоотой асуудал Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх харилцаа үүсээгүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

6. Э ХХК нь М ХХК К-д холбогдуулан Баянхонгор Говь-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замд туслан гүйцэтгэгчээр ажил гүйцэтгэх 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн АГГ-004 дугаар гэрээний үлдэгдэл төлбөр 555,893,804 төгрөг гаргуулахаар шаардсаныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2021/01286 дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүх дахин дүгнэлт өгөх шаардлагагүй болно.

6.1. Хариуцагч М ХХК К нь А ХХК -тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээний үүрэгтэй холбоотойгоор 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тооцооны үлдэгдлийн баталгаа, 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төлбөр тооцооны хэлцэл, мөн М ХХК -тай 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төлбөр тооцооны ерөнхий хэлцэл зэрэг хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбарыг харьцуулан дүгнэвэл хариуцагч нь концессын эрх шилжүүлэн авахтай холбоотойгоор нэхэмжлэгчийн бусдад төлөх төлбөрийг тухайн этгээдүүдэд шууд төлөх үүрэг үүсээгүй байна. Учир нь талуудын хооронд байгуулагдсан концессын эрх шилжүүлэх гэрээний хавсралт 1-д Э ХХК -ийн төлбөр төлөх үүрэг хэвээр байхад гэрээний хавсралт 2, 3, 4-д заасан эрх нэхэмжлэгчид шилжээгүй гэж үзэх үндэслэлтэй. /хх-64-69, 75, 102/

6.2. Нэгэнт талуудын хооронд байгуулагдсан гэрээний хавсралтын 2, 3, 4-т заасан эрх хүлээн авагчийн үүрэг нэхэмжлэгчийн хариуцагчаар тодорхойлсон этгээд буюу М ХХК К-тай үүргийн харилцаа үүсээгүй байх тул хариуцагчид холбогдуулан шаардлага гаргах эрхгүй. Иймээс уг байдалтай холбогдуулан нэхэмжлэгчийн төлбөр болон алданги нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

7. Иймд нэхэмжлэгч Э ХХК болон М ХХК К-иудын хооронд үүргийн харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч нь хариуцагчаас концессын зүйтэй холбоотой бусдад төлөх төлбөр шаардах эрхгүй байх тул концессын зүйл шилжүүлэх гэрээ, түүний хавсралтад заасны дагуу ерөнхий болон туслан гүйцэтгэгч нарын гүйцэтгэсэн ажлын хөлсөнд тооцон төлөх төлбөрийн эхний ээлжийн 50 хувь болон 2,227,671,770 төгрөгийн төлбөрөөс үлдсэн 728,268,467 төгрөг, төлбөрийн үүргийг хугацаа хэтрүүлсний улмаас мөн гэрээний 5.3-д заасан хувь хэмжээгээр тооцвол зохих алданги 1,138,835,884 төгрөг, нийт 1,867,104,351 төгрөгийг гаргуулах тухай М ХХК К-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2023/00664 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 186 дугаа зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч М ХХК К-иас 1,867,104,351 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э ХХК -ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,618,964 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

Д.ЦОГТСАЙХАН