Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 210/ма2023/01000

 

 

 

 

 

 

 

 

2023 05 12 210/МА2023/01000

 

 

Х.О гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2023/01044 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.О гийн хариуцагч У.Ч т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 13,959,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч нь хариуцагч У.Ч тэй 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр болон 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тус тус зээлийн гэрээг бичгээр байгуулж тус гэрээний дагуу тус тус 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлийн гэрээнд 1 сарын хүү 4 хувь, зээлийн гэрээний хугацаа 12 сар байна гэж харилцан тохиролцсон. Хариуцагч гэрээний хугацаанд болон гэрээний хугацаа дууссанаас хойш зээлийн эргэн төлөлт болон зээлийн хүүг төлөөгүй. Нийт 3 удаагийн төлөлтөөр 800,000 төгрөгийг зээлийн хүүд төлсөн байдаг. Зээлийн хүү шаардах эрхтэй холбоотойгоор Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т талууд зээлийн гэрээг бичгээр байгуулан, хүү тохирсон бол талуудын хооронд ашиг орлогын зорилготой байх эсэхээс үл хамааран гэрээ хүчин төгөлдөр байна гэж заасан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад талууд зээлийн хүүгийн хэмжээг тодорхой зааж гэрээнд тусгасан үүнийг төлнө гэдгээ хариуцагч хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан. Зээл ашигласан хугацааны хариу төлбөр гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны зээлийн хүүг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тооцож үзвэл 5,773,200 төгрөг үүнээс нэхэмжлэгчийн төлсөн 800,000 төгрөгийг хасаж тооцвол 4,973,200 төгрөгийг зээлийн хүүд шаардаж байна. Мөн талууд гэрээнд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцохоор харилцан тохиролцсон. Алдангийн хэмжээ нь 0.5 хувь байхаар зээлийн гэрээний 6.2-т тусгаж энэ талаар бичгээр харилцан тохиролцсон. Тус гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн дүн болон зээлийн хүүгийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцон үзвэл 50 хувиас хэтэрч байгаа ба дээрх үнийн дүнгээр тооцон үзвэл 4,986,600 төгрөг болно ... Зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 4,000,000 төгрөг, зээлийн хүү 4,973,200 төгрөг, алданги 4,986,600 төгрөг нийт 13,959,800 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: нэхэмжлэгчтэй байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 1,700,000 төгрөгийг дансаар, 300,000 төгрөгийг бэлнээр нийт 2,000,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 1,000,000 төгрөгийг дансаар, 1,000,000 төгрөгийг бэлнээр нийт 2,000,000 төгрөг тус тус зээлж авсан. Зээлийн төлбөрт 2021 оны 01 дүгээр сарын 28-ний өдөр 200,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 200,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөг нийт 800,000 төгрөгийг төлсөн ... Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцно гэж заасан. Нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагааг байнгын шинж чанартайгаар эрхэлдэг бөгөөд хуульд зааснаар эрх бүхий этгээдээс олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр зээл олгосон нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болно. Өөрөөр хэлбэл зээлийн үйл ажиллагааг зохих этгээдийн зөвшөөрөлгүй эрхэлсэн тул хүчин төгөлдөр бус юм. Аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.3.3-т зааснаар банкнаас бусад этгээд зээлийн үйл ажиллагаа эрхлэхдээ зөвшөөрөл авах ёстой гэсэн заалтыг зөрчиж үйлдсэн үйлдэл юм ... Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаас 3,200,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч У.Ч ээс 7,680,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.О д олгож, нэхэмжлэлээс үлдэх 6,279,800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 180,710 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч У.Ч ээс улсын тэмдэгтийн хураамж 137,830 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.О д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь мөнгөн зээлийн үйл ажиллагааг байнгын шинжтэй, ашиг олох зорилгоор эрхэлдэг болох нь нотлогддог. 2001 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.3.4-т зааснаар банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэхдээ эрх бүхий этгээдээс тусгай зөвшөөрөл авсан байх ёстой болохыг хуульчилсан нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 2 дахь хэсэгт заасанчлан Зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хүчингүй болсон. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дээрх заалтад заасан тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч нь хариуцагчтай 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулахдаа эрх бүхий этгээдээс зөвшөөрөл аваагүй гэдэг нь хэрэгт нэхэмжлэгч Х.О д олгосон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ байхгүй байгаагаар нотлогдоно. Ийнхүү нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагааг аж ахуйн шинжтэйгээр буюу ашиг олох зорилгоор эрхэлдэг бөгөөд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.3.4-т заасан банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэхдээ эрх бүхий этгээдээс тусгай зөвшөөрөл авах ёстой хуулийн заалтыг зөрчсөн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан ...зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл-д хамаарна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч У.Ч ээс 3,200,000 төгрөгийг гаргуулж, үлдэх хэсэг болох 4,480,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Хариуцагч давж заалдах гомдлын агуулгад нэхэмжлэгч тухай зээлийн үйл ажиллагааг аж ахуйн шинжтэйгээр ашиг олох зорилгоор эрхэлж байгаа учраас тусгай зөвшөөрөл авах ёстой. Тиймээс алданги, болон зээлийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан. Уг гомдолд үндэслэсэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль нь талуудын хооронд үүссэн харилцаа болон иргэд хоорондын харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээнд хамааралгүй болох тус хуулийн зохицуулах зүйл, зорилтот хэсгээс тодорхой харагдана. Түүнчлэн анхан шатны шүүхээс аливаа этгээдийн эдийн засгийн хэрэгсээ шаардлагад үндэслээд бусадтай зээлийн гэрээ байгуулах, мөн гэрээний үүргийн хариу төлбөрт хүү тооцож авч байгаа нь тусгай зөвшөөрөлд эрхлэх үйл ажиллагаанд хамааралгүй гэж дүгнэсэн. Хариуцагч Х.О нь нэхэмжлэгчийг тухайн үйл ажиллагааг аж ахуйн шинжтэй ашиг олгох зорилгоор хэрэгжүүлсэн. Энэ нь өөр шүүхэд шийдвэрлэгдэж байгаа маргаанаар нотлогдож байна гэж тайлбарласан. Тухайн үйл баримтыг үндэслэлгүй болохыг тодруулан тайлбарлахад, нэхэмжлэгч нь аж ахуйн шинжтэй тухайн зээл олгох шинжтэй нийтэд танилцуулах, сурталчлах олон удаагийн давтамжтай тогтмол байдлаар эрхэлдээгүй. Түүнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй. Мөн байнгын шинжтэй бусдын зээл олгож түүнээс ашиг олсон гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч нь тухайн зээл болон зээлийн хүүг бусдад олгосноор ашиг олж амьдралын эх үүсвэр болсон зүйл байхгүй. Зээлийн үйл ажиллагааг байнгын явуулж түүнээс ашиг хүртсэн зүйл байхгүй. Мөн Иргэний хуульд заасны дагуу хариуцагчтай харилцан тохиролцож эвлэрэн хэлэлцэж зээлийн гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр бус хэлэлцэл болох хууль зүйн үндэслэлгүй байгаа тул хариуцагчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Х.О нь хариуцагч У.Ч т холбогдуулан үндсэн зээл 4,000,000 төгрөг, зээлийн хүү 3,360,000 төгрөг, алданги 3,000,000 төгрөг, нийт 10,360,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 3,599,800 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 13,959,800 төгрөг гаргуулахаар шаардсан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 3,200,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч үлдэх хэсгийг эс зөвшөөрч гэж маргажээ.

3. Талууд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр болон 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрүүдэд зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Х.О нь 4,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч У.Ч нь зээл, зээлийн хүү гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцжээ./хх4-8/ Талуудын хооронд 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

4. Зээлдүүлэгч нь дансаар 2,700,000 төгрөг, бэлнээр 1,300,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн талаар талууд маргаагүй.

5. Хэрэгт Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзвэл хариуцагч У.Ч нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 800,000 төгрөгийг зээлийн эргэн төлөлтөд төлсөн болох нь тогтоогдож байна. /хх18-22/

6. Анхан шатны шүүх зээлдэгч У.Ч ээс үндсэн зээлийн үлдэгдэл 4,000,000 төгрөгийг гаргуулан зээлдүүлэгч Х.О д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцнэ.

6.1. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь өмчлөлдөө шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг тохирсон хүүгийн хамтаар буцаан төлөх үүрэг хүлээнэ. Иймд анхан шатны шүүх хариуцагчаас зээлийн хүүгийн төлбөрт 1,920,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

6.2. Иймд анхан шатны шүүх хариуцагч У.Ч ийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн үлдэгдэл 5,920,000 төгрөгөөс түүний төлсөн 800,000 төгрөгийг хасч үлдэх 5,120,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

7. Нэхэмжлэгч Х.О нь үндсэн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаа болох 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дотор төлөх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн нь тогтоогдсон тул зээлдүүлэгч нь гэрээнд заасан алдангийг шаардах эрхтэй.

7.1. Хариуцагч У.Ч нь гэрээгээр тохирсон хугацаанд үүргээ биелүүлээгүй болох нь түүний тайлбараар нотлогдсон байх тул үүргийн зөрчлийг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс үүссэн гэж үзнэ. Зээлийн гэрээний 6-д зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн.

7.2. Иргэний хуулийн 232 дугаар 232.4 дэх хэсэгт ...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүрэг 5,120,000 төгрөгийн 50 хувь болох 2,560,000 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.

8. ...Нэхэмжлэгч нь мөнгөн зээлийн үйл ажиллагааг байнгын шинжтэй, ашиг олох зорилгоор эрхэлдэг, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.3.4-т зааснаар банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэхдээ эрх бүхий этгээдээс тусгай зөвшөөрөл авсан байх ёстой гэх агуулгаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч Х.О нь ашиг олох зорилгоор байнга зээлийн үйл ажиллагаа эрхэлж, амьдралын эх үүсвэр болгосон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй учраас энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

9. Түүнчлэн, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгийг Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно. гэж 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан байх боловч талуудын хоорондох зээлийн харилцаа 2019 онд зээлийн гэрээний харилцаанд орсон учраас уг хуулийн зохицуулалтыг шүүх тус маргаанд хэрэглэхгүй.

10. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2023/01044 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Д.ЦОГТСАЙХАН