Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 182/2016/0603/и |
Дугаар | 001/ХТ2017/00755 |
Огноо | 2017-06-08 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 001/ХТ2017/00755
Д.Уранчимэгийн нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2017/00194 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 685 дугаар магадлал,
Нэхэмжлэгч : Д.Уранчимэг,
Хариуцагч : Хас Лизинг ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: 84.362.069 төгрөг гаргуулах тухай,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч Д.Уранчимэг, түүний өмгөөлөгч Р.Болдбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хас лизинг ХХК-тай 2015.4.13-ны өдөр Санхүүгийн түрээсийн гэрээг байгуулж, Мөнххада ХХК дээр очиж машинаа өөрөө сонгож авсан бөгөөд урьдчилгаа 51.300.000 төгрөгийг Хас лизинг ХХК-д төлөөд 77-87 гэсэн энэ дугаарыг автомашинаа сонгож авсан. 2016.3.01-ний өдөр гэрээнд заасан төлбөрийг хийсэн байхад Хас лизинг ХХК 2016.3.29-ний өдөр 77-87 УНЗ дугаартай Тоёота ланд круйзер 200 суудлын автомашиныг надад мэдэгдэлгүйгээр, байлцуулалгүйгээр гараажаас хураан авч явсан байсан. Би автомашиныг худалдаж авахдаа 51.300.000 төгрөгийг даатгалын хамт 57.437.000 төгрөг төлсөн. Ингээд сар бүр 3.395.000 төгрөгийг бүтэн жил төлсөн учраас нийт 84.362.069 төгрөг нэхэмжилж байна. Миний хувьд хуульд зааснаар 3 сар дараалан зээлээ төлөөгүй байдал үүсгэж байгаагүй учраас гэрээ цуцалсныг буцааж сэргээх хүсэлтийг шүүхэд хандаж удаа дараа гаргаж байсан боловч улсын тэмдэгтийн хураамж дутуу төлөгдсөн гэдэг үндэслэлээр буцаасан. Дахин 2016.8.16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нийт 254.364.000 төгрөг төлсөн. Үүнээс хойш удаа дараа шүүх хуралдаан явагдаж байсан ч нотлох баримт дутуу шалтгаанаар шүүх хуралдаан хойшилж байсан. Намайг БНХАУ-д ажилтай байхад хариуцагч нь 2016.4.29-ний өдөр гэрээг цуцалсан байсан учраас Хас лизинг ХХК-тай уулзахад миний автомашиныг буцааж өгөхгүй, дахин шинээр гэрээ байгуулахыг шаардсан. Ингээд 2016.4.29-ний өдрийн Хас лизинг ХХК-ийн 387 гэрээ цуцалсан шийдвэрийг хүчингүй болгож, 2015.4.13-ны өдрийн Санхүүгийн түрээсийн гэрээг цаашид үргэлжлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаад явж байсан. Энэ хугацаанд Хас лизинг ХХК нь уг автомашиныг өөртөө байлгаж байгаа гэж бодож явтал 2016.11.10-ны өдөр автомашиныг хараад жолоочтой нь уулзаад тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь гуйж авч хараад уг автомашин бусдын өмчлөлд шилжиж худалдагдсан талаар олж мэдсэн. Ийм учраас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Хас лизинг ХХК-д төлсөн 84.362.069 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2015.4.13-ны өдөр автомашиныг худалдаж борлуулдаг, Мөнххада ХХК-тай гэрээ байгуулж, өөрийн өмчлөлд худалдаж авч, шилжүүлсэн. Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсанаар Хас лизинг ХХК нь нэхэмжлэгчийн ашиглалт, түүний хэрэгцээ шаардлагад нийцсэн автомашин шилжүүлэх үүрэгтэй байсан бөгөөд талууд тохиролцож, гэрээний төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр болсон. Уг гэрээ нь Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 5.1.1-д заасан шаардлагыг хангасан байх ёстой. Гэхдээ Иргэний хуулийн Санхүүгийн түрээсийн гэрээ нь бусдын өмчлөлд биш бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэх төрлийн хамаарч байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь өмчлөх эрх шууд шилжихэд чиглээгүй юм. Гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан бөгөөд үүнийг хууль бусд тооцуулах шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан учир үүнтэй холбоотой тайлбаргүй байна. 2016.5.31-ний өдрийн Хас лизинг ХХК-д гаргасан хүсэлтэд гэрээ цуцалсныг хүлээн зөвшөөрлөө, би шинээр гэрээ байгуулна гэсэн. Бид хүсэлтийн дагуу 2016.6.10-ны өдрийн дотор урьдчилгаа төлөөд шаардлагатай баримтуудаа бүрдүүлж өгнө үү, энэ хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд автомашиныг бусдад худалдах талаар хариу өгсөн. Энэ хүртэл бид автомашиныг өөрсдийн өмчлөлд байлгаж байгаад 2016.6.20-ны өдөр "АТЦИНМ" ХХК-д санхүүгийн түрээсийн гэрээний дагуу шилжүүлсэн. Тус компани нь гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тул өмчлөх эрхийг шилжүүлсэн. Гэрээг Иргэний хуулийн 312.1 дэх хэсэгт заасан санхүүгийн түрээсийн гэрээ гэж үзэхээр байгаа. Энэ тохиолдолд түрээсийн зүйлийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх тохиролцоо байж болох ч энэ нь талуудын үндсэн тохиролцоо буюу санхүүгийн түрээсийн гэрээг үгүйсгэх үндэслэл болохгүй юм. Төлбөр төлөлтийн хувьд бол хугацаа хэтэрсэн буюу хэрэгт авагдсан баримтаар 2015.10.18-ны өдөр төлбөр төлөгдөөгүй, 2015.11.13-ны өдрөөс төлбөр дутуу төлөгдсөн, 11.30-ны өдөр, 12.04-ний өдөр бас дутуу хийгдэж эхэлсэн. 10 сард төлбөр огт төлөгдөөгүй учраас гэрээний 3.4-т зааснаар дараа дараагийн хийсэн төлбөрүүд өмнөх сарын төлбөрт тооцогдсон. Хамгийн сүүлд үлдэгдэл 111.295.530 төгрөг болсон. 2016 оны 2 сард мөн төлөөгүй. Хугацаа хэтэрсэн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй бол гэрээг шууд цуцлах талаар талуудын хооронд байгуулсан гэрээний 6.5-д заасан. Мөн гэрээний 6.4-т зааснаар хугацаа хэтэрсэн үүргийг бүхэлд барагдуулсныг зөрчил арилсан гэж ойлгоно. Гэвч зөрчил арилаагүй тул гэрээг цуцалсан. 2016.02.16-ны өдөр бид нэхэмжлэгчид шаардах хуудас хүргүүлсэн. Төлбөрийн хугацаа хэтрээд 60 хоног болсон, төлбөрийг нэг хоногийн дотор төлж барагдуулэх, үгүй бол Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15.1.4-т заасан үндэслэлээр эд зүйлийг түр хураан авах болно гэж дурдсан. Гэтэл нэхэмжлэгч нь 2016.02.25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна, үгүй бол автомашиныг өөрийн биеэр авч ирэх болно гэж хариу өгсөн. Гэвч төлбөрийг барагдуулаагүй тул 2016.7.04-ний өдөр мөн шаардах хуудас хүргүүлсэн бөгөөд үүргийн зөрчил арилахгүй, төлбөр нэмэгдээд 9.507.324 төгрөг болсон. бид түрээсийн зүйлийг буцаан авсан. Гэрээний 6.5, 6.4-т заасан боломжит хугацаанд түрээслэгч зөрчлийг арилгаагүй тохиолдолд түрээслэгч дангаар шууд цуцалж, түрээсийн зүйлийг шүүхийн бус журмаар үл маргах байдлаар худалдан борлуулах, гэрээ цуцалснаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр заасан. Гэхдээ хариуцагч нь дахиад гэрээ байгуулаад автомашинаа авах нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч, 2016.5.30-ны өдөр 2016.6.10-ны өдрийн дотор материалаа бүрдүүлж өгвөл бид гэрээ байгуулахад болно гэдгээ мэдэгдсэн. Иргэний хуулийн 195.5-д заасны дагуу авч үзвэл бид гэрээ байгуулах саналаасаа татгалзаагүй хүлээж байсан. 2016.6.10-ны өдрийн дотор нэхэмжлэгчээс баримтаа бүрдүүлж өгөөгүй, ямар нэгэн гаргаагүй учир 2016.6.20-ны өдөр "АТЦИНМ" ХХК-тай гэрээ байгуулж, автомашиныг ашиглалтад нь шилжүүлсэн. Талуудын хооронд санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан учир өмчлөлийн хувьд маргахгүй. Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 6.3-т зааснаар өмчлөгч нь Хас лизинг ХХК юм. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2017/00194 дугаартай шийдвэр, Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 227 зүйлийн 227.1, 227.2 дахь хэсэгт заасныг баримтлан Хас лизинг ХХК-д холбогдох Д.Уранчимэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Д.Уранчимэгээс төлсөн 1.432.752 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 685 дугаартай магадлал гаргаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2017/00194 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шийдвэрт бүхэлдээ гэрээ хуульд нийсэн эсэх, талууд хүсэл зоригоо хангалттай илэрхийлсэн эсэх, гэрээг хэрхэн цуцалсан талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байгаа. Нэхэмжлэгчийн хувьд өөрт учирсан хохирлоо шаардах эрхийн эрх зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 227.2, 227.3 дахь хэсэгт гэж өөрөө тодорхойлсон. Харин давж заалдах гомдолдоо дурдсан үйл баримт, шаардлагын талаар нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдааны явцад огт дурдаагүй, энэ талаар мэтгэлцээгүй тул анхан шатны талуудын мэтгэлцээгүй асуудлаар хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй нь ойлгомжтой бөгөөд анхан шатны шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрлэсэн. Харин магадлал нь анхан шатны шүүхийн шийдвэрээр нэгэнт дүгнэсэн, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн асуудлаар дахин хэлэлцүүлэхээр буцааж буй нь үндэслэлгүй юм. Иймд, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ :
Д.Уранчимэг нь Хас Лизинг ХХК-д холбогдуулан “...гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн 84.362.069 төгрөгийг буцаан гаргуулах...” нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо “... Санхүүгийн түрээсийн гэрээний дагуу Д.Уранчимэг Хас Лизинг ХХК-д нийт 83.807.069 төгрөг төлсөн... Хас Лизинг ХХК нь Мөнххада ХХК-тай гэрээ байгуулж, 77-87 УНЗ улсын дугаартай уг автомашины өмчлөгч болсон... хариуцагч гэрээнээс татгалзах эрхтэй... ” гэсэн үндэслэл заажээ.
Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа “...гэрээ хүчин төгөлдөр эсэх, гэрээ цуцлагдсантай холбоотой талуудын хувьд үүсэх эрх үүрэг, үр дагаврыг тодорхойлох... нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн... талаар зохигчид мэтгэлцсэн гэж үзэх боломжгүй...” гэж дүгнэн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.
Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Гэрээнд заасан үүрэг биелэгдсэн эсэх, шаардах эрх үүссэн эсэх талаар дүгнэлт хийхэд зохигчдын хооронд ямар гэрээний харилцаа үүссэн болохыг тогтоох, улмаар ийнхүү үзэж буй үндэслэлээ шийдвэрт тусгах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 116 дугаар зүйлийн 116.2-т нийцэх юм.
Нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүй талаар шүүх дүгнэлт хийсэн боловч зохигчдын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан 40000293 дугаар гэрээг санхүүгийн түрээсийн гэрээ гэж үзсэн үндэслэлээ заагаагүй тул “...анхан шатны шүүх Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн зохицуулалтыг анхаарч үзээгүй...” талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.
Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний гол нөхцөл, гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл зэргийн талаар талууд мэтгэлцээгүй, давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-г зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 685 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн 580.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ