Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2019/0230

 

Г Х Я-ны нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0118 дугаар шийдвэртэй, Г Х Я-ны нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А-ийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0118 дугаар шийдвэрээр:

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г Х Я-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/942 дугаар захирамжийг хүчингүй шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А давж заалдах гомдолдоо: Анх маргаан бүхий газрыг Г Х Я-д нийслэлийн Засаг даргын 2006 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 404 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн бөгөөд 2013 оны А/754 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгаж, 2015 оны А/54 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн талбайн хэмжээг нэмэгдүүлэх гэх мэтээр нэхэмжлэгчид эзэмшил газраа ашиглах боломжийг удаа дараа нийслэлийн Засаг даргын зүгээс олгосоор ирсэн байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт “нэхэмжлэгч нь анх газар эзэмших эрхтэй болсон 2006 оноос хойш газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаж, барилгын ажил гүйцэтгэх компанитай гэрээ байгуулж, ажилчдын орон сууц барих зориулалтаар барилгын ажил эхлүүлсэн боловч маргаан бүхий газраас тус компанийн барьсан барилгын суурийг чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч компаниас барилгын суурийг барихад зарцуулсан зардал ... төгрөг гаргуулахаар маргаж, тухайн барилгын суурь нь цаашид ашиглагдах боломжтой эсэхийг тогтоолгохоор шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсний улмаас нэхэмжлэгч газраа зориулалтын дагуу ашиглаж тухайн барилгын суурин дээр өөр компаниар барилгын ажил гүйцэтгүүлэх боломжгүй байсан болох нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь өрөөсгөл юм. Учир нь нэхэмжлэгч нь хуулиар хүлээсэн үүрэг, газар эзэмшүүлэх гэрээнд заасан үүргээ биелүүлэх, газраа зориулалтын дагуу ашиглах талаар зохих арга хэмжээг авсан эсэх, арга хэмжээ авах боломжтой байсан эсэх талаар огт дүгнэсэнгүй гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч газар эзэмших эрх авсан цагаасаа өнөөдрийг хүртэл “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх” гэрээнд заасан үүргээ биелүүлэх талаар арга хэмжээ аваагүй, гуравдагч этгээдтэй удаа дараа гэрээ сунгасан, уг гэрээ цуцлах талаар ямар нэгэн үйлдэл хийгээгүй атлаа нэгэнт баригдсан барилгын суурийг зайлуулах, газар чөлөөлүүлэх шаардлага тавьж, барилгын суурийг дахин ашиглах боломжтой эсэх гэх мэт дүгнэлт гаргуулсан нь хүсэл зоригоо бүрэн гүйцэд илэрхийлээгүй эзэмшил газраа ашиглах талаар идэвхтэй үйлдэл гаргаагүй хирнээ гуравдагч этгээдийн хууль бус үйлдлээс шалтгаалан эрхээ хэрэгжүүлэх үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон гэх тайлбар нь өрөөсгөл байна.

Улсын дээд шүүхийн 2008 оны “Газрын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолд хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно” гэж тайлбарласан байхад маргаан бүхий газарт барилгын суурь сууц баригдсан, уг суурийн ажилтай холбоотой бусдын хууль бус үйлдлийг арилгуулах арга хэмжээ авах боломжтой байсан эсэх талаар үнэлэлт дүгнэлт огт  өгөөгүй.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь Иргэний хэргийн шүүхэд зөвхөн газар чөлөөлүүлэх талаар шаардлага гаргасан байтал анхан шатны шүүх шийдвэртээ нэхэмжлэгчийн тухайд барилгын ажлыг гүйцэтгэгч компанитай байгуулсан гэрээгээ цуцлаж, улмаар тухайн газар дээр баригдсан барилгын суурийг чөлөөлүүлэхээр  шүүхэд маргасан нь газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах зорилготой байсан гэж үзэх үндэслэлтэй талаар дүгнэсэн нь хуульд нийцэхгүй бөгөөд төрөөс газрын талаар баримтлах зарчим болон нийслэлийн Засаг даргын Газрын тухай хуулийн хэрэгжилтэд хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ дагуу хяналт тавих, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрх хэмжээг үгүйсгэж огт гаргаагүй нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэртээ дурьдаж, дүгнэсэнд гомдолтой байна.

Нийслэлийн Засаг даргын зүгээс газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд тавигдсан шаардлагуудыг хангаж, сонсгох, мэдэгдэх ажиллагааг явуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн тайлбар саналыг биечлэн сонсож, бичгээр тайлбар авсан байхад тайлбарыг судлалгүйгээр шууд газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хэмээн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т  заасныг үндэслэн хэт нэг талыг баримтлан дүгнэлт хийсэн байна.

Захиргааны байгууллага буюу Засаг дарга дээрх 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2*т заасны дагуу нөхцөл байдлыг тогтоож, нотлох баримтыг цуглуулж, үнэлэх ажиллагааг хийсэн ба Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ” гэх эрх хэмжээг мөн үгүйсгэсэн нь хууль бус болжээ.

Иймд нэхэмжлэлийг хангасан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0118 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхилоо.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолдоо “... нэхэмжлэгч хуулиар хүлээсэн үүрэг, газар эзэмшүүлэх гэрээнд заасан үүргээ биелүүлэх, газраа зориулалтын дагуу ашиглах талаар зохих арга хэмжээг авсан эсэх, арга хэмжээ авах боломжтой байсан эсэх талаар огт дүгнээгүй, барилгын суурийн ажилтай холбоотой бусдын хууль бус үйлдлийг арилгуулах арга хэмжээ авах боломжтой байсан эсэх талаар үнэлэлт дүгнэлт өгөөгүй, огт гаргаагүй нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэртээ дурдаж, захиргааны байгууллагын эрх хэмжээг үгүйсгэсэн, нэг талыг баримталж дүгнэлт гаргасан” гэжээ.

             Нэхэмжлэгч Г Х Я-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/942 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, үндэслэлээ ... эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үндэслэлгүйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон, зориулалтын дагуу газраа ашиглахаар зохистой шийдвэрийг гаргаж байсан гэж маргажээ.

             Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын А/492 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жилээс дээш хугацаагаар дараалан ашиглаагүй гэж үзэж Г Х Я-ны газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.          

            Нэхэмжлэгч Г Х Я нь Нийслэлийн Засаг даргын 2006 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 404 дүгээр захирамжийн дагуу Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0.051 га газрыг ажилчдын орон сууцны барилгын зориулалтаар эзэмшиж, 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/754 дүгээр захирамжаар газар эзэмших эрхээ 5 жилийн хугацаагаар сунгуулж, 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/54 дүгээр захирамжаар газрын хэмжээг нэмэгдүүлэн 812 м.кв болгож, 15 жилийн хугацаатай эзэмшиж байжээ.

             Нэхэмжлэгчээс орон сууцны барилгын зориулалттай 812 м.кв газрыг зориулалтын дагуу ашиглахаар үйл ажиллагаа явуулсан буюу 2007 оны 08 дугаар сарын 30-ны өдөр “Барилгын ажил гүйцэтгэх тухай”, 2010 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “Орон сууц барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г  “СЗХ” ХХК-тай байгуулан 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор орон сууцыг хүлээн авахаар тохиролцож, мөн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр “Орон сууц нийлүүлэх, газар шилжүүлэх тухай” гэрээг байгуулж, барилгын суурь цутгасан боловч мөн гэрээний үүргээ биелүүлээгүй тул барилгын суурийг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхэд гаргасан боловч эцэслэн шийдвэрлэгдээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

             Нэхэмжлэгч нь гэрээ байгуулсан компани нь гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй, хугацаандаа орон сууцыг хүлээлгэж өгөөгүй, түүнээс үүдэн газраа ашиглах боломжгүй нөхцөл байдлууд үүсэж, уг барилгын ажил гүйцэтгэх харилцаатай холбоотойгоор нэхэмжлэгч талаас удаа дараа шаардлага, мэдэгдэл хүргүүлж, өөрсдийн зүгээс арга хэмжээ авч, иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх зэргээр газраа зориулалтын дагуу ашиглахад саад болж байгаа асуудлыг зохицуулах үйлдлийг удаа дараа хийж байсан нь нотлогдож байх бөгөөд анхан шатны шүүхээс газар эзэмшигчээс үл хамаарах шалтгаанаар газраа ашиглаж чадаагүйг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн зөв болжээ.

             Харин Нийслэлийн Газрын албанаас 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 01/06/4242 дугаар албан бичгээр Г Х Я-д газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох талаар мэдэгдсэн, нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 08/5974 дугаар албан бичгээр ... газраа зориулалтын дагуу ашиглахтай холбоотой арга хэмжээ авч ажиллаж байгаа, газраа ашиглах тайлбар, саналыг хүргүүлж, газраа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ашиглах боломжгүй байгаа талаар захиргааны шийдвэр гаргахаас өмнө мэдэгдсэн байх тул Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг хариуцагч хийсэн байна.

             Хариуцагч нь сонсох ажиллагааг явуулж бодит нөхцөл байдлыг мэдсэн атлаа нөхцөл байдлыг буруу үнэлж, Г Х Я-ны тайлбарыг хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж үзэж шийдвэрлэсэн байхад шүүх уг ажиллагааг явуулаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон байх тул энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлтэй. Гэвч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохооргүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв.

             Анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэж, маргааны үйл баримтад зөв дүгнэлт өгч, хуулийг зөв тайлбарласан хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “огт гаргаагүй нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэртээ дурдсан” гэх гомдол нь үндэслэлгүй байна.