Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2021/0076

 

Ж.З-ийн нэхэмжлэлтэй,

Завхан аймгийн Улиастай сумын

Засаг даргад холбогдох захиргааны

хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч       Х.Батсүрэн                  

Шүүгчид:                        Б.Мөнхтуяа

                                           Д.Мөнхтуяа

                                           Ц.Цогт

Илтгэгч шүүгч:   Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал  

Нэхэмжлэлийн шаардлага: “Улиастай сумын Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/172 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6, 47.1.7 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох”     

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 118/ШШ2020/0018 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 4 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Ж.З, түүний өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Б нарыг оролцуулж,

 Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 118/ШШ2020/0018 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь заалтад заасныг баримтлан Ж.З-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Улиастай сумын Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/172 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 4 дүгээр магадлалаар: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.З-ийн “Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/172 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6, 47.1.7-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.  

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар  сарын 23-ны өдрийн 4 дүгээр магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Тус магадлалд “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудын хилийн заагийг 2020 оны 15 дугаар тогтоол гарахаас өмнө баталж тогтоогоогүй байх тул Улиастай сумын Засаг дарга А/172 дугаар захирамжаар О.Б 422 м.кв газрыг эзэмшүүлснийг буруутгах боломжгүй” гэжээ.

5. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь хэсэгт аймгийн Засаг дарга нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэхээр хуульчилсан. Дээрх Газрын тухай хууль нь 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж эхэлсэн байтал аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны тогтоолыг үндэслэж анхан шатны шүүхийн 2020 оны 18 дугаар шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

6. Өөрөөр хэлбэл, 2020 оноос өмнө Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэр буюу төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газрыг аймгийн Засаг дарга олгодог талаар гэрч Ц.А-ийн мэдүүлэг байдаг. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

7. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

8. Нэхэмжлэгчээс “Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/172 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6, 47.1.7 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэл гаргахдаа өөрийн зөрчигдсөн буюу сэргээлгэхээр шаардаж буй эрхээ “хариуцагч маргаан бүхий актаар гуравдагч этгээдэд өмнө нь эзэмшиж байсан газрын хэмжээг нь нэмэгдүүлж олгосноор нийтийн эзэмшлийн газраа ашиглах боломжгүй болсон, миний амьдардаг байрны орц, гарц хаагдсан, гал, түргэний машин орох боломжгүй болсон, нийтийн зориулалттай байрны норм дүрмийг зөрчсөнөөр эрүүл аюулгүй орчинд амьдрах, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх, эзэмших эрх зөрчигдсөн” гэж тодорхойлжээ.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрхэд бүрэн дүгнэлт хийлгүйгээр /бодит байдалд зөрчигдсөн эсэх, нэхэмжлэлийг хангаснаар зөрчигдсөн гэх эрх нь хэрхэн сэргэх талаар/ зөвхөн “нийтийн эзэмшлийн газрыг сонсох ажиллагаа явуулалгүйгээр гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, хариуцагч өөрийн эрх хэмжээнд үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэсэн үндэслэлээр маргаан бүхий актыг илт хууль бусад тооцсон нь буруу байна.

10. Учир нь, нэгдүгээрт, шийдвэр гаргах ажиллагааны алдаа буюу “сонсох ажиллагаа явуулаагүй” нь захиргааны актыг илт хууль бусад тооцох үндэслэл болохгүй /Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан үндэслэлд хамаарахгүй/, хоёрдугаарт, давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн, Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газруудын хилийн заагийг 2020 оны 15 дугаар тогтоол гарахаас өмнө батлаагүй, ийм ч учир нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн аль нь сумын Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхтэй тул хариуцагчийг өөрт хамааралгүй буюу аймгийн Засаг даргын эрх хэмжээний асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэхгүй, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй.

11. Түүнчлэн, хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн орц, гарц хаагдсан, өмчлөх эрх зөрчигдсөн гэх үйл баримт тогтоогдоогүй ба гуравдагч этгээдэд олгосон газарт 4 ба түүнээс доош давхар нийтийн орон сууц барихаар төлөвлөж, орон сууцыг баригдаж дуусмагц эргэн тойрны газрыг хариуцагчид буюу нийтийн эзэмшилд буцаан шилжүүлэх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсныг хууль бус гэж үзэхгүй, үүний улмаас нэхэмжлэгчийн нийтийн зам талбай ашиглах эрх зөрчигдөөгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

12. Иймд, “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь хэсэгт аймгийн Засаг дарга нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэхээр хуульчилсан байхад сумын Засаг даргын захирамжийг хууль ёсны гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль бус” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-6-д заасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй

13. Тодруулбал, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь хэсэгт аймгийн Засаг даргын эрх хэмжээг заасан боловч энэхүү хуулийн хүрээнд Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2020 он хүртэл газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газруудын хилийн заагийг тогтоосон эрх зүйн акт гаргаагүй байсан тул “шүүх 2003 оноос хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийг хэрэглэлгүй 2020 оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг үндэслэсэн нь буруу, төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газрыг аймгийн Засаг дарга олгодог талаар гэрчийн мэдүүлгийг үнэлсэнгүй” гэх гомдлыг хангах боломжгүй юм.

14. Харин “гуравдагч этгээд маргаан бүхий газар дээр барилга барьснаар нийтийн зориулалттай байрны норм дүрмийг зөрчсөн, гал, түргэний машин орох боломжгүй болсон, үүний улмаас эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн” гэх шаардах эрхийн үндэслэл нь энэхүү газрын маргаанд хамааралгүй тул шүүх дүгнэлт өгөхгүй, энэ үндэслэлээр нэхэмжлэгч зохих журмын дагуу маргах эрх нь нээлттэй.

15. Эдгээр үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.             

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 4 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.БАТСҮРЭН

                ШҮҮГЧИД                                                               Б.МӨНХТУЯА

                                                                                                  Д.МӨНХТУЯА

                                                                                       Ц.ЦОГТ

                                                                                                Г.БАНЗРАГЧ