| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0078/Э |
| Дугаар | 84 |
| Огноо | 2019-01-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 84
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
Улсын яллагч М.Эрдэнэзаяа,
Хохирогч Б.Лхадагва,
Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.От холбогдох 1806 07911 2214 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1991 оны 03 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, эрэгтэй, 27 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Оранж” ломбард эрхлэн ажиллуулдаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Баруун Ард Аюушийн 4 дүгээр гудамжны 80 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, Б овогт Дийн О /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Д.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 09 дүгээр сарын 26-ны шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оранж” нэртэй ломбарданд иргэн Б.Лхадагвыг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Оын өгсөн: “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Лхадагвын өгсөн: “...Тухайн өдөр Галбат гэх найзын хамт түүний гэр рүү очихоор явж байсан. Гэтэл Галбат арван жилийн найзууд нь уулзаж байна гээд намайг дагуулаад явсан. Биднийг очиж байхад Галбатад архи захиад Галбат архи аваад орсон. Бид 0.75 граммын архи ууж байхдаа хөзөр тоглосон. Би эхний хундагатай архийг уусан. Галбат шахаад байсан учир хоёр, гурав дахь хундагыг нь мөн уусан. Дөрөв дэх хундагаас нь муудалцсан ч хамаагүй гэж бодоод уугаагүй. Галбат маш их согтсон байсан учир Даваа гэх хүний дүүд нь уурлаад байсан. Даваа пэпсийний саванд шээсэн. Гэтэл Давааг шээж байхыг хараад Галаа ч гэсэн мөн адил шээнэ гэж зөрүүдэлсэн. Тухайн үед Д.О, Даваа нар уурлаад “чи гарч шээ” гэж хэлсэн. Галаа зөрүүдэлсээр байгаад шээсэн. Шээж байгаад шээсээ асгахад нь Д.О уурлаж, Давааг хэд хэдэн удаа алгадсан. Би босоод “боль” гэж хэлэхэд Д.О “Лхадагваа чи дуугүй суу” гэж хэлэхэд нь би айгаад суусан. Намайг сууж байхад Галааг дахиад хоёр удаа алгадсан. Галаагийн амнаас цус гарч байх шиг харагдахаар нь би бодоод Даваад хандан “мал болтол нь уулгачихаад нэгнийгээ зоддог нь яаж байгаа юм бэ” гэж хэлсэн. Д.Оын ажлын газар шээсэн болохоор тэгсэн юм уу мэдэхгүй Д.О босч ирээд намайг “ямар олон юм ярьдаг пизда вэ” гэж хэлээд хараагүй газраас зүүн гарын цохилтоор нэг удаа цохиж хамар хугалсан...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Лхадагвын өгсөн: “... 2018 оны 09 сарын 25-нд ... Баянцээлийн гудманд байх Оранж гэх нэртэй ломбард руу явсан. Уг ломбарданд ороход үл таних 5 залуу архи уугаад сууж байсан ... Тэгээд сүүлд тэр хэд согтоод байж байтал тэр хэд хоорондоо муудалцаад байсан ба гэнэт Даваа нь шээс хүрээд байна гээд тэнд түмний ундааны саванд шээсэн... Тэгтэл О манай найз Гал-Од руу уурлаад яагаад шээсээ асгаж байгаа юм гэтэл тэр хоёрын хажуу талаас Даваа нь орж ирээд манай найз руу уурлаад дайрч эхэлсэн ба манай найз Гал-Одын хамар луу нь хүчтэй гурван удаа алгадаад авсан... Миний хажуу талаас гэнэт О нь миний нүүрэн тус газарт гараараа цохисон. Тэгтэл миний хамарнаас цус гараад байсан цус тогтохгүй байхаар нь би найз Мөнхдоржийг дагуулаад үзүүлсэн чинь хамар хугарсан байна, хагалгаа хийлгэж болзошгүй гэсэн... О ямар олон үгтэй пизда вэ гэж хэлээд зүүн гараараа миний хамар руу нэг удаа цохисон. Ингээд миний хамар хугарч, цус гарсан. Одоогийн байдлаар нийт 264,600 төгрөгний зардал гарсан, цаашид 1,544,600 төгрөг гарна...” гэх мэдүүлэг /хх.7-9/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.Гал-Одын өгсөн: “... Тэгээд би гэнэт ухаан орж сэрэхэд намайг ундааны саванд шээгээд, саванд шээлээ савтай шээсээ шалан дээр асгачихлаа гэж загнаад алгадаж байсан. Би сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх.11/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Даваасүрэнгийн өгсөн: “... Лха нь тэгээд уурлаж над руу дайраад эхлэхээр нь О болиоч гээд дундуур орж ирээд 2 тийш салгасан. Гэтэл Лхагийн хамарнаас цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх.17/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Алтангэрэлийн өгсөн: “... Оыг санаатай цохисон эсэхийг мэдэхгүй байна. Би түүнийг салгах гээд босч ирэхдээ бугуйн цагаар цохисон байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх.19/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ганзоригийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 11718 дугаартай: “... Б.Лхадагвийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн зовхи, хацар, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамарт шарх гэмтэл тогтоогдлоо... гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.23/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Д.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 09 дүгээр сарын 26-ны шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оранж” нэртэй ломбарданд иргэн Б.Лхадагвыг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Лхадагвын өгсөн: “... О ямар олон үгтэй пизда вэ гэж хэлээд зүүн гараараа миний хамар руу нэг удаа цохисон. Ингээд миний хамар хугарч, цус гарсан...” гэх мэдүүлэг /хх.7-9/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Даваасүрэнгийн өгсөн: “... Лха нь тэгээд уурлаж над руу дайраад эхлэхээр нь О болиоч гээд дундуур орж ирээд 2 тийш салгасан. Гэтэл Лхагийн хамарнаас цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх.17/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Алтангэрэлийн өгсөн: “... Оыг санаатай цохисон эсэхийг мэдэхгүй байна. Би түүнийг салгах гээд босч ирэхдээ бугуйн цагаар цохисон байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх.19/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ганзоригийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 11718 дугаартай: “... Б.Лхадагвийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн зовхи, хацар, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамарт шарх гэмтэл тогтоогдлоо... гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэрэгт хамаарна”... гэх дүгнэлт /хх.23/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Лхадагвын өгсөн: “...Тухайн өдөр Галбат гэх найзын хамт түүний гэр рүү очихоор явж байсан. Гэтэл Галбат арван жилийн найзууд нь уулзаж байна гээд намайг дагуулаад явсан. Биднийг очиж байхад Галбатад архи захиад Галбат архи аваад орсон. Бид 0.75 граммын архи ууж байхдаа хөзөр тоглосон. Би эхний хундагатай архийг уусан. Галбат шахаад байсан учир хоёр, гурав дахь хундагыг нь мөн уусан. Дөрөв дэх хундагаас нь муудалцсан ч хамаагүй гэж бодоод уугаагүй. Галбат маш их согтсон байсан учир Даваа гэх хүний дүүд нь уурлаад байсан. Даваа пэпсийний саванд шээсэн. Гэтэл Давааг шээж байхыг хараад Галаа ч гэсэн мөн адил шээнэ гэж зөрүүдэлсэн. Тухайн үед Д.О, Даваа нар уурлаад “чи гарч шээ” гэж хэлсэн. Галаа зөрүүдэлсээр байгаад шээсэн. Шээж байгаад шээсээ асгахад нь Д.О уурлаж, Давааг хэд хэдэн удаа алгадсан. Би босоод “боль” гэж хэлэхэд Д.О “Лхадагваа чи дуугүй суу” гэж хэлэхэд нь би айгаад суусан. Намайг сууж байхад Галааг дахиад хоёр удаа алгадсан. Галаагийн амнаас цус гарч байх шиг харагдахаар нь би бодоод Даваад хандан “мал болтол нь уулгачихаад нэгнийгээ зоддог нь яаж байгаа юм бэ” гэж хэлсэн. Д.Оын ажлын газар шээсэн болохоор тэгсэн юм уу мэдэхгүй Д.О босч ирээд намайг “ямар олон юм ярьдаг пизда вэ” гэж хэлээд хараагүй газраас зүүн гарын цохилтоор нэг удаа цохиж хамар хугалсан...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Д.Оын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.От холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Н.О нь хохиролд 264,600 төгрөг нөхөн төлсөн байх бөгөөд хохирогч Б.Лхадагва нь эмчилгээний зардал 264,600 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал 1,544,600 төгрөг, нийт 1,809,200 төгрөг нэхэмжилсэн боловч цаашид гарах эмчилгээний зардал нь нотлох баримт хангалтгүй учир хэлэлцэхгүй орхих нь зүйтэй.
Хохирогч Б.Лхадагва нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигийн бусад зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Оаас жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Д.О нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Д.Оын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Д.От эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Д.От оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Энэ хэрэгт Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Дийн Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.От 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар, Д.От оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.От сануулсугай.
5. Энэ хэрэгт Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 264,600 төгрөг нөхөн төлсөн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Б.Лхадагва нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигийн бусад зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Оаас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР