Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 85

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

Улсын яллагч О.Багшбаяр,

Хохирогч Ц.Адъяа,

Шүүгдэгч Н.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Хам-Эрдэнэд холбогдох 1806 03563 2120 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймагт 1989 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, эрэгтэй, 29 настай, дээд боловсролтой, Худалдаа маркетингийн мэргэжилтэй, “И” телевизэд дууны найруулагч, хөтлөгч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт  Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 37а байрны 32 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, Бовогт Нийн Х /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Н.Х нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 37а байрны 2 дугаар орцны үүдэнд иргэн Ц.Адъяаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Хийн өгсөн: “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Адъяагийн өгсөн: “... Манай байр руу явуулын хүмүүс орж ирээд бие засчихдаг юм. Байраа домофон кодтой болгоё гээд домофонтой болгосон. Эхний нэг жилийн хугацаанд гадны хүн орохгүй сайхан байсан. Гэтэл тухайн цоож нь энэ хавар эвдэрчихсэн. Эвдэрчихсэн учир шинийг авч тавьсан. Тэгтэл айлууд нь мөнгөө өгөхгүй байсан. Би айлуудаас 10,000 төгрөг хураагаад явж байтал хохирогч ирээд “оруул, би ормоор байна” гэж хэлсэн. Би энэ хүнийг 32 тоотод амьдардаг гэдгийг нь мэдэж байсан ч өөрөөр нь хэлүүлэх гээд “чи хэдэн номерт байдаг юм бэ” гэж асуусан. Гэтэл “чамд ямар хамаатай юм” гээд барьж байсан хүүхдээ хажуудаа явж байсан хүндээ өгчихөөд намайг багалзуурдаад доош нь унагасан. Би унахдаа Н.Хийн гадуур хувцаснаас татаад босч ирсэн. Намайг энэ хүнээс салгахад Н.Х дахиад над руу дайраад хэдэн удаа цохисон. Мөн эхнэрийн хамт над руу дайраад байсан. Энэ хүн намайг архи уусан байна гээд тэр хавиар хашиграад байсан. Тэгтэл тухайн үед байсан хүмүүс нь Н.Хийн үгийг өлгөж аваад намайг архи уусан байна гэж хэлж байсан. Би архи уудаггүй. Н.Х надаас уучлалт гуйсан гэж байгаа ч уучлалт гуйсан удаа байхгүй. Н.Х машинд сууж яваад буцаж ирэхэд нь би хаалганы хажууд зогсож байсан. Гэтэл ирээд “чи миний гадуур хувцасыг урсан” гэж хэлсэн. Тухайн үед манай удирдах зөвлөлийн дарга ирсэн байсан. Энэ асуудлаас хойш Н.Хтэй уулзаагүй. Энэ хүний хувьд залуу хүн учир өөрийн үйлдлийг учир холбогдлийг ойлгох байх гэж бодож байна. Миний хувьд нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Адъяагийн өгсөн: “... 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 37а байрны 2 дугаар орцны гадаа 32 тоотод амьдардаг залуутай маргалдаж харилцан заамдсан тэгэхэд зүүн нүдэнд гараараа 2-3 удаа цохиж би унахдаа хүрэмнээс нь зуураад хүрэмний суга хэсэг нь урагдсан. Тэгээд унасан хойно нуруу бөөр рүү 2-3 удаа өшиглөсөн... өгзөг рүү хүчтэй өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх.11-12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Болортулгын өгсөн: “... СӨХ-ын дарга Адъяа 37а байрны 2 дугаар орцны хаалганы кодыг солиод зогсож байхад хүүхэд дагуулсан нэг залуу оръё гэж хэлэхээр нь хаашаа хэдэн тоот руу орох гэж байгаа юм бэ? гэж асуусан. Залуу хурдан онгойлго гэж маргаж залуу даргын салтаа руу өшиглөөд унагаасан...” гэх мэдүүлэг /хх.16/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Амартүвшингийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 5120 дугаартай “... Ц.Адъяагийн биед зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн шанаа, ууцны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх.26/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Н.Х нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 37а байрны 2 дугаар орцны үүдэнд иргэн Ц.Адъяаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Адъяагийн өгсөн: “... 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 37а байрны 2 дугаар орцны гадаа 32 тоотод амьдардаг залуутай маргалдаж харилцан заамдсан тэгэхэд зүүн нүдэнд гараараа 2-3 удаа цохиж би унахдаа хүрэмнээс нь зуураад хүрэмний суга хэсэг нь урагдсан. Тэгээд унасан хойно нуруу бөөр рүү 2-3 удаа өшиглөсөн... өгзөг рүү хүчтэй өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх.11-12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Болортулгын өгсөн: “... СӨХ-ын дарга Адъяа 37а байрны 2 дугаар орцны хаалганы кодыг солиод зогсож байхад хүүхэд дагуулсан нэг залуу оръё гэж хэлэхээр нь хаашаа хэдэн тоот руу орох гэж байгаа юм бэ? гэж асуусан. Залуу хурдан онгойлго гэж  маргаж залуу даргын салтаа руу өшиглөөд унагаасан...” гэх мэдүүлэг /хх.16/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Амартүвшингийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 5120 дугаартай “... Ц.Адъяагийн биед зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн шанаа, ууцны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ... гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.26/

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Адъяагийн өгсөн: “... Гэтэл “чамд ямар хамаатай юм” гээд барьж байсан хүүхдээ хажуудаа явж байсан хүндээ өгчихөөд намайг багалзуурдаад доош нь унагасан. Би унахдаа Н.Хийн гадуур хувцаснаас татаад босч ирсэн. Намайг энэ хүнээс салгахад Н.Х дахиад над руу дайраад хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Н.Хийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Хд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Хохирогч Ц.Адъяа нь гомдолтой гэсэн боловч нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч Н.Хийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Н.Х нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Н.Хийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Н.Хд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Н.Хд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Энэ хэрэгт Н.Х нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Нийн Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар, Н.Хд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Н.Хд сануулсугай.

5. Энэ хэрэгт Н.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                     С.ӨСӨХБАЯР