Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 00157

 

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ  аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн  шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа

Улсын яллагч О.Баярсайхан

Хохирогч Ц.Аб, түүний өмгөөлөгч С.Баатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цогзолмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор О.Баярсайханаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.Мд холбогдох 1832001560128 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал  суманд 1977 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 дугаар баг, Мандал хотхоны 1-49 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Сонгоол овогт Ванчиндоржийн М.   /РД:*/

 

Шүүгдэгч В.М нь 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн орчимд өөрийн эзэмшлийн Тоёота верессо маркийн 95-55 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон Мандал сумын тав засмал замаар буюу Спирт бал бурам ХК-ний урд талын зам дээр гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин эсрэг урсгалд өөдөөс ирж явсан Ямаха маркийн УБ10-42 улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж зам тээврийн осол гаргаснаас уг мотоциклийг жолоодон явсан Ц.Абгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Мы өгсөн ……  2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн орчимд Мандал хотхоны зогсоол дээрээс хөдөлж Ширхэнцэгийн ар талд айлд очих, мөн Убыг замын цагдаагийн постны урд талд буулгахаар явсан. Спирт бал бурам ХК-ний урдуур төв засмал замаар явж байхад миний урд талын урд талд портер маркийн машин явж байсан.  Миний яг урд талд явсан улаан өнгийн аллион маркийн машин портер машиныг гүйцэж түрүүлэхээр нь би дагаж гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн. Гэтэл аллион маркийн машин гүйцэж түрүүлээд эгнээндээ ороход би эгнээндээ орж амжаагүй байхад өөдөөс мотоциклтой хүн гарч ирээд мөргөлдсөн. Осол болох үед миний машины аваарын дэр гараад намайг хавчсан. Тэгээд аваарын дэр сулрах үед би машинаас гараад хохирогч дээр очсон. Мотоцикль нь замын хажууд голоороо хугарсан байдалтай байсан. Хохирогч нилээн хол шороон зам дээр шидэгдсэн байдалтай хэвтэж байсан. Би хохирогч дээр очоод гайгүй юу гэхэд хоёр гар даагдахгүй байна гэхээр нь түргэн тусламж дуудсан. Тэгээд байж байтал хохирогчийн талын ах дүү нар нь ирж аваад явсан гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Абгийн өгсөн …… 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн орчимд замын хойноос төмөр замын гарам гарч пост өнгөрөөд гэр лүүгээ харих гээд Спиртийн байр луу явж байсан. МТ шатахуун түгээх станц өнгөрөөд явж байхад нэг машин гүйцэж түрүүлэх үйлдэл хийж дуусаад эгнээндээ орсон. Тэгтэл араас нь дахин нэг машин гүйцэж түрүүлэх үйлдэл хийж миний өөдөөс гарч ирээд надтай мөргөлдсөн. Тухайн үед би яаж унасан юу болсон талаар юу ч санахгүй байгаа юм. Ямар ч байсан газар хэвтэж байсан. Тэгээд ар гэрийнхэн маань ирээд авч яваад хот руу эмнэлэгт үзүүлэхээр явсан. Одоо би 9887750 төгрөг нэхэмжилж байна. Ер нь бол гомдолтой байна. Цаашид бол группэд орох байх гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Гэрч А.Убын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ........ 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймаг ерөө сум Баянголын уурхай руу ажилдаа явах гээд танил ах болох Мыг Бороо салдаг уулзварт хүргээд өгөөч гээд гуйсан юм. Тэгтэл Мэндээ ах хүргээд өгье гээд Тоёота веросса маркийн 95-55 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод бид хоёр Мандал сумын төв барааны захын урдаас хөдлөөд Спирт бал бурам ХХК-ний урд талын төв зөсмал зам дээр явж байтал манай машины урд талд портер машин явж байсан. Тэгтэл мэндээ ах тэр машиныг гүйцэж түрүүлэх гэтэл урдаас нэг мотоцикль гарч ирсэн. Тэгээд урдаас гарч ирсэн мотоциклтой мөргөлдсөн. Тэгээд Мэндээ ах машинаа зогсоогоод бид хоёр машинаас буугаад мотоциклийн жолоочийг хартал тэр мотоциклийг жолоодож явсан жолооч нь газар уначихсан байсан. Тэгээд Мэндээ ах цагдаа, түргэн тусламж дуудаад байх шиг байсан. Тэгтэл нөгөө мотоциклийн жолооч манай ахыг дуудаад өгөөч нээд байхаар нь би ах руу нь утсаар залгаад ахтай нь холбогдож дуудсан юм. Удалгүй замын цагдаа ирсэн. Нөгөө ах нь ч ирээд дүүгээ аваад эмнэлэг явсан гэх мэдүүлэг /Хх-н 13 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр № 25 .........Хариулт:

1.Тоёота веросса маркийн 95-55 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ванчиндоржийн М нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн нь үндэслэлтэй.

2. Ямаха маркийн 10-42 УБ улсын дугаартай мотоциклийн жолооч Цоодолпүрэвийн Аб нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3. Тоёота веросса маркийн 95-55 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ванчиндоржийн М нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөнөөс осол гарсан гэх үндэслэлтэй гэх /Хх-н 29 дүгээр хуудас/

 

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 10494 .......

Дүгнэлт

            1.Ц.Абгийн биед баруун зулай ясны хугарал, баруун зулайн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун шуу яс сэлтэрсэн, богтос шүдлэг сэртэнгийн зөрөөгүй, зүүн бугуйн үений ясны бяцарсан хугарал, зүүн өвдөгт шарх, баруун тохой зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

           2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

             4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

            5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна гэх /Хх-н 31 дүгээр хуудас/

             Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /Хх-н 06-10 дугаар хуудас/

В.Мы согтуурлыг шалгахад 0,00 % гарсан гэсэн согтуурал шалгасан тухай тэмдэглэл /Хх-н 11 дүгээр хуудас/

Ямаха маркийн 10-42 УБ улсын дугаартай мотоциклийн эвдрэл хохирлын шууд зардлыг 1480000 төгрөгөөр, шууд бус зардлыг 250000 төгрөгөөр, нийт 1730000 төгрөгөөр үнэлсэн Ашид билгүүн ХХК-ний үнэлгээний тайлан /Хх-н 35-37 дугаар хуудас/

Сэлэнгэ аймаг Мандал сумын Ширхэнцэгийн 2 дугаар багийн засаг даргын В.М нь Мандал хтхоны 1-49 тоотод оршин суудаг гэсэн тодорхойлолт /Хх-н 52 дугаар хуудас/

В.Мы иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 54 дүгээр хуудас/

В.М нь урьд нь ял шийтггүлсэн талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 59 дүгээр хуудас/

Хохирогч Ц.Абгийн хохирол нэхэмжилсэн баримтууд /Хх-н 86-94, 97-98, 101, 104 дүгээр хуудас/

Хохирогч Ц.Амарбаясглан болон түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн хохиролд 4282993 төгрөгийг нэхэмжилсэн 13 хуудас баримт

Шүүгдэгч В.Мы хохирол нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой тохиролцсон баримт зэрэг болно.

 

Шүүгдэгч В.М нь 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн орчимд өөрийн эзэмшлийн Тоёота верессо маркийн 95-55 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон Мандал сумын тав засмал замаар буюу Спирт бал бурам ХК-ний урд талын зам дээр гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин эсрэг урсгалд өөдөөс ирж явсан Ямаха маркийн УБ10-42 улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж зам тээврийн осол гаргаснаас уг мотоциклийг жолоодон явсан Ц.Абгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч В.М нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаснаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3 дах хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх бөгөөд прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

Хохирогч Ц.Аб нь 9888542 төгрөгийг нэхэмжилснээс шүүх шүүгдэгч В.Маас мөрдөн байцаалтад нэхэмжилсэн 7317849 төгрөгний үлдэгдэл 5605549 төгрөг, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн Япон улсад очиж үзүүлж оношилгоо хийлгэсний үнэ, ирж очихын замын зардал буюу нислэгийн тийзний үнэ 4282993 төгрөг, нийт 9888542 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Абд олгохоор шийдвэрлэсэн боловч шүүгдэгч нь хохирогчид хохирлыг төлөхөөр шүүх хуралдааныг 30 минутын хугацаагаар хойшлуулах завсарлага авч бэлнээр 5506550 төгрөгийг төлж, үлдэх 4282993 төгрөгийг 01 жилийн хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой тохиролцон нотариатаар гэрчлүүлсэн баримтыг ирүүлснийг шүүгдэгч нь хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хохирол нөхөн төлөх хугацааг шүүгдэгч, хохирогч нарын тохиролцсон хугацаа болох нэг жилийн хугацаагаар тогтоох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч В.Мы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3 дах хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тодорхой хугацаагаар хасч мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, уг хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах  үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч В.Мыг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц В.Мы № 1038425 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагад хүргүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч Ц.Аб нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд зааж өгөх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1.Шүүгдэгч Сонгоол овогт Ванчиндоржийн Мыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасныг баримтлан В.Мы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан В.Мд хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар В.Мд оногдуулсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, В.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан В.Маас 4282993 /дөрвөн сая хоёр зуун наян хоёр мянга есөн зуун ерэн гурван / төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Төмөр замын 43 дугаар байрны 3 дугаар орц № 42 тоотод оршин суух, хохирогч Харсүрэг овогт Цоодолпүрэвийн Абд /РД:МЗ95090194/ олгосугай.

 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар В.М хохирогч Ц.Абд учруулсан хохирол 4282993 төгрөгийг хохирол нөхөн төлөхөөр тохиролцсон нэг жилийн хугацаанд буюу 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дотор  нөхөн төлөхийг тогтоосугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц В.Мы № 1038425 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Мөнхзаяад даалгасугай.

8. Хохирогч Ц.Аб нь зам тээврийн ослын улмаас учирсан энэ гэмтлээ цаашид эмчлүүлэхэд зайлшгүй гарах болон гарсан зардлаа тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.  

9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол В.Мд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                      Б.ХЭРЛЭН.