Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 94

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч А.Сайнбаяр,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч М.Цэрэндэжид нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Бт холбогдох 1806 08885 0004 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Увс аймагт 1998 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, эмэгтэй, 20 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, 2 дүүгийн хамт Увс аймгийн Өндөрхангай сумын 1 дүгээр баг, Цалуу багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, Т овогт Бын Б /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.Б нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Кристал таун” хотхоны 803 дугаар байрны 1305 тоотод оршин суух иргэн Б.Мэнд-Амарын гэрээс зөөврийн компьютер, зургийн аппарат, эмэгтэй хүний гар цүнх зэрэг эд зүйлс хулгайлж нийт 4,970,000 хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бийн өгсөн: “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Мөнхжаргалын өгсөн: “... Тэгээд би цүнхээ хайгаад олоогүй бөгөөд юмнуудаа бүртгээд үзэхэд миний цүнх нөүтбүүк, камер зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Тэгээд би 2 хоног чат бичээд цагдаад өгнө гэж бичихэд намайг уучлаарай надад хэлэх үг алга, би ийм зүйл хийнэ гэж бодоогүй, би нөүтбүүкийг чинь мөнгө хүүлэгчид өгчихсөн, та тэр хүнээс авчих гээд утасных нь дугаарыг явуулсан байсан...” гэх мэдүүлэг /хх.7-8/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч З.Солонгын өгсөн: “... Бид нар тэр охинд итгэхгүй, иргэний цахим үнэмлэхнийх нь зургийг хүртэл дарсан, Бын Б гэх хүн байсан. Би тэр охин руу иргэний үнэмлэхний чинь дагуу цагдаад мэдэгдэж эрэн сурвалжлуулна шүү гэж хүртэл мессеж бичсэн...” гэх мэдүүлэг /хх.10/,

Алдагдсан эд зүйлд үнэлгээ хийж 4,970,000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.30-31/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Лхагвабаярын өгсөн мэдүүлэг /хх.11/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх.12/,

Шүүгдэгч Б.Бийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх.13/,

Шүүгдэгч Б.Бийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Баттогтохын өгсөн мэдүүлэг /хх.28/,

Шүүгдэгч Б.Бийн хувийн байдлын талаарх баримтууд /хх.31-37/,

Хохирогч Б.Мөнхжаргалын хохирлоо авсан, гомдолгүй гэсэн хүсэлт /хх.38/,

Хохирол төлсөн тухай шинээр гаргаж өгсөн 6 хуудас баримт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.Б нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Кристал таун” хотхоны 803 дугаар байрны 1305 тоотод оршин суух иргэн Б.Мэнд-Амарын гэрээс зөөврийн компьютер, зургийн аппарат, эмэгтэй хүний гар цүнх зэрэг эд зүйлс хулгайлж нийт 4,970,000 хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Мөнхжаргалын өгсөн: “... Тэгээд би цүнхээ хайгаад олоогүй бөгөөд юмнуудаа бүртгээд үзэхэд миний цүнх нөүтбүүк, камер зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Тэгээд би 2 хоног чат бичээд цагдаад өгнө гэж бичихэд намайг уучлаарай надад хэлэх үг алга, би ийм зүйл хийнэ гэж бодоогүй, би нөүтбүүкийг чинь мөнгө хүүлэгчид өгчихсөн, та тэр хүнээс авчих гээд утасных нь дугаарыг явуулсан байсан...” гэх мэдүүлэг /хх.7-8/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч З.Солонгын өгсөн: “... Бид нар тэр охинд итгэхгүй, иргэний цахим үнэмлэхнийх нь зургийг хүртэл дарсан, Баттогтохын Б гэх хүн байсан...” гэх мэдүүлэг /хх.10/,

Алдагдсан эд зүйлд үнэлгээ хийж 4,970,000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.30-31/,

Шүүгдэгч Б.Бийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Б.Бийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Бт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Б.Бийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч Б.Мэнд-Амар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Б.Бнь учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч Б.Мэнд-Амар нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Б.Бийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Бийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй, 21 нас хүрээгүй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Б.Бт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Бт оногдуулсан 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.

Энэ хэрэгт Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Т овогт Бын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Бт сануулсугай.

4. Хохирогч Б.Мэнд-Амар нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн, энэ хэрэгт Б.Б нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,

     ШҮҮГЧ                                          С.ӨСӨХБАЯР