Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 97

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

          Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

          Хохирогч Ө.Өзгерхаан, түүний өмгөөлөгч Ш.Мурат/ҮД:2790/,

          Шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Д.Чинзориг /ҮД:2677/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Гад холбогдох 1803 00785 0419 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

          Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын Налайх дүүрэгт 1991 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт төв операторын жижүүр ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт Улаанбаатар хотын Налайх дүүргийн 2 дугаар хороо, 49 дүгээр байрны 5 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, Бовогт Бийн Г /РД: /,

          Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

          Б.Г нь 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 08 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Эмийн ургамлын замд Тоёота Марк-2 загварын 26-23 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж иргэн Ө.Өзгерхааны жолоодон явсан Тоёота Приус-20 маркийн 77-42 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг мөргөсний улмаас жолооч Ө.Өзгерхааны эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ө.Өзгерхааны өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 08 цагийн орчимд үед хоёр дүүгээ хүргэж өгөөд Налайх дүүрэг рүү явж байсан. Тухайн үед би 50 км цагийн хурдтай явж байсан. Өөдөөс нэг машин урсгал сөрөөд ороод ирэхээр нь би маш их гайхсан. Гэтэл өөрийн урсгал руу ороод буцаад миний явж байсан урсгал руу орж ирсэн. Одоогоор миний хөл муу байгаа тул таяг хэрэглэж байгаа. Гарсан хохирлоо нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

          Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-10/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ө.Өзгерхааны өгсөн: “2018 оны 09 дүгээр сарын 14-ний өглөө 08 цагийн орчимд би өөрийн зээмшилийн 77-42 УНА улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэлийг жолоодоод Улаанбаатар хотоос Налайх дүүрэг чиглэлд Эмийн ургамлын зүүн замаар 50 орчим км/цагийн хурдтай явж байтал өөдөөс урсгал сөрөөд Гранд Марк-2 маркийн цагаан өнгийн машин гараад ирсэн. Намайг хараад тэр машин өөрийнхөө урсгал уруу дарангуутаа эргээд над уруу хамраа чиглүүлж дараад миний явж байсан урсгалд миний машины зүүн талаар нөгөө машины баруун талаар мөргөлдөөд хоромхон зуур осол болж, миний машин замын хажуу уруу орсон. Осол болох үед өглөө эрт, машин цөөхөн, үзэгдэх орчин чөлөөтэй байсан...” гэх мэдүүлэг /хх.15-16, 61-62/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний  газрын шинжээч эмч Б.Ганзоригийн 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 12045 дугаартай: “Ө.Өзгерхааны биед зүүн тойг ясны далд хугарал, зүүн өвдөгт шарх, зүүн гуя, өвдөг, шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хуагцаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.24/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Гын гэрчээр өгсөн: “... урд явж байсан машиныг гүйцэж түрүүлэх гээд эсрэг урсгалд ортол урдаас цагаан өнгийн Тоёота Приус-20 маркийн автомашин гараад ирэхээр нь эргээд өөрийнхээ урсгал руу рүүлээ дарах гээд амжилгүй нөгөө машины зүүн урд хэсэг рүү машиныхаа баруун урд хэсгээр мөргөлдсөн...” гэх мэдүүлэг /хх.36/,

          “Ухаа Шүр Консалтинг” ХХК-ий автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний 14392 дугаартай: “Ө.Өзгерхааны эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн 77-42 УНА улсын дугаартай автомашинд 7,225,000 төгрөгийн шууд, 9,275,400 төгрөгийн нийт хохирол учирсан...” гэх тайлан /хх.64-68/,

          “Тоёота Марк-2 маркийн 26-23 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан жолооч Б.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэх мөрдөгчийн магадлагаа /хх.94/,

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт /хх.79/,

          Нийгмийн даатгалын ерөнхий газрын тодорхойлолт /хх.80/,

          Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.81/,

          Хохирлын баримт /хх.91-101/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Б.Г нь 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 08 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Эмийн ургамлын замд Тоёота Марк-2 загварын 26-23 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж иргэн Ө.Өзгерхааны жолоодон явсан Тоёота Приус-20 маркийн 77-42 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг мөргөсний улмаас жолооч Ө.Өзгерхааны эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-10/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ө.Өзгерхааны өгсөн: “... Намайг хараад тэр машин өөрийнхөө урсгал уруу дарангуутаа эргээд над уруу хамраа чиглүүлж дараад миний явж байсан урсгалд миний машины зүүн талаар нөгөө машины баруун талаар мөргөлдөөд хоромхон зуур осол болж, миний машин замын хажуу уруу орсон...” гэх мэдүүлэг /хх.15-16/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний  газрын шинжээч эмч Б.Ганзоригийн 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 12045 дугаартай : “Ө.Өзгерхааны биед зүүн тойг ясны далд хугарал, зүүн өвдөгт шарх, зүүн гуя, өвдөг, шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо... гэмтэлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх.24/,

          “Ухаа Шүр Консалтинг” ХХК-ий автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний 14392 дугаартай: “Ө.Өзгерхааны эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн 77-42 УНА улсын дугаартай автомашинд 7,225,000 төгрөгийн шууд, 9,275,400 төгрөгийн нийт хохирол учирсан...” гэх тайлан /хх.64-68/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Гын гэрчээр өгсөн: “... урд явж байсан машиныг гүйцэж түрүүлэх гээд эсрэг урсгалд ортол урдаас цагаан өнгийн Тоёота Приус-20 маркийн автомашин гараад ирэхээр нь эргээд өөрийнхээ урсгал руу рүүлээ дарах гээд амжилгүй нөгөө машины зүүн урд хэсэг рүү машиныхаа баруун урд хэсгээр мөргөлдсөн...” гэх мэдүүлэг /хх.36/,

           “Тоёота Марк-2 маркийн 26-23 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан жолооч Б.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэх мөрдөгчийн магадлагаа /хх.94/,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ө.Өзгерхааны өгсөн: “... Өөдөөс нэг машин урсгал сөрөөд ороод ирэхээр нь би маш их гайхсан. Гэтэл өөрийн урсгал руу ороод буцаад миний явж байсан урсгал руу орж ирсэн. Одоогоор миний хөл муу байгаа тул таяг хэрэглэж байгаа...” гэх мэдүүлэг,  

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Б.Гын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Гыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Автотээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

          Хохирогч Ө.Өзгерхаан нь автомашины хохирол 9,275,400 төгрөг, 2 сар ажилгүй байсан хугацааны цалин 3 сая төгрөг нэхэмжилсэн боловч ажилгүй байсан хугацааны цалин 3 сая төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримт хангалтгүй гэж үзэн хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч Б.Г нь эмчилгээний зардалд 1,479,244 төгрөг нөхөн төлсөн учир автомашины хохирол 9,275,400 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй.

          Мөн хохирогч Ө.Өзгерхаан нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигийн бусад зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох Б.Гаас жич нэхэмжлэх эрхтэй болно.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Б.Г нь “Автотээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.    

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Гын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлтийн дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

          Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан бусад хохирол, хор уршигийг арилгаж хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлж, дээрх нөхцөл байдлууд болон Б.Гын төрийн тусгай албанд ажилтай, тогтмол орлоготой байдлыг харгалзан шүүгдэгчид уг торгох ялыг оногдуулах нь зохимжтой учир түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай хохирогчийн өмгөөлөгчийн дүгнэлт, торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг тус тус хүлээн авах шаардлагагүй гэж үзлээ.

          Б.Гад эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч Б.Гад оногдуулсан 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ялыг нэг жилийн хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.

          Энэ хэрэгт Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Б овогт Бийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гад 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.Гад оногдуулсан 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ялыг нэг жилийн хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Гад сануулсугай.

          5. Энэ хэрэгт Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 1,479,244 төгрөг нөхөн төлсөн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Гаас 9,275,400 төгрөг гаргуулж, хохирогч Ө.Өзгерхаанд олгосугай.

          7. Хохирогч Ө.Өзгерхаан нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигийн бусад зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох Б.Гаас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР