Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 00162

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд   

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч О.Баярсайхан

 Шүүгдэгч О.Ц, Б.Б оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор О.Баярсайханаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Ц, Б.Б нарт холбогдох 1832000000159 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймаг Манхан суманд 1998 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, ээж, ах, 3 эгчийн хамт амьдрах, * гэх газар оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ Мах импекс ХХК-д ачигч ажилтай байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Пүнлүүч овогт Одончимэгийн Ц. /РД: */

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Хөвсгөл ймаг Мөрөн суманд 1996 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдрах, * тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ Мах импекс ХХК-д ачигч ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Их мэргэд овогт Батболдын Б. /РД: */

 

            Шүүгдэгч О.Ц, Б.Б нар нь бүлэглэж 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 03 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хараа 1 дүгээр баг, Доргонт гэх газарт оршин суух иргэн Мандаагийн гэрт хохирогч С.ЭОтой хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Цгийн өгсөн…. ...  2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр би найз Бтай Дарханаас хөдөө гэр лүүгээ ирсэн юм. Тэгтэл ЭО гэдэг ах утсаар яриад архи аваад ирээч гэж захисан юм.  Тэгээд би найз Бын хамт Цайдам явж нэг шил архи, нэг том пиво авчирч өгсөн. Архи пивоо уугаад хоорондоо маргалдсан. Намайг С.ЭО гэдэг ах хэл амаар доромжлохоор нь би орон дээр дарж байгаад түүний нүүрэн тус газарт нь гараараа хоёр удаа цохисон гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бын өгсөн ...... 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр найз О.Цгийн хамт хөдөө гэрт нь Дарханаас ирсэн байсан юм. Гэтэл Цгийн утас нь дуугараад яриад бид хоёр Цайдам орж архи аваад Цгийн доод талд байдаг айлд очсон. Бид хоёрын авчирсан архийг тэнд байсан хүмүүс хуваагаад ууж байсан. ЭО гэдэг ах Цэдэнпүрэв гэдэг ахтай анх маргалдсан. Тэр хоёрыг салгаад Ц ахаа өмөөрч ЭОт та дандаа яах гэж ингэж байдаг юм гэж хэлээд маргалдсан. Ц тэр ахыг орон дээр дарж аваад 2 цохих шиг болсон. Би Цг салгасны дараа тэр ахыг баруун гараараа 2 удаа алгадаж цохисон гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч С.ЭОын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Тухайн айлд ороод байж байтал Цэдэнпүрэв, очироо хоёр утсаар яриад Цэдэнпүрэвийн дүү Ц гэдэг залууд архи захиад байсан юм. Тэгээд удалгүй нэг цаг орчмын дараа Цэдэнпүрэвийн дүү Ц нэг шил архи, нэг сав пиво барьчихсан нэг залуугийн хамт орж ирсэн юм. Тэгээд авчирсан нэг шил архийг нь уугаад сууж байгаад Цэдэнпүрэв бид хоёр хоорондоо Увс, Ховдынхон гээд нутаг усаа яриад түр зур маргалдсан юм. Тэгээд байж байтал Цэдэнпүрэвийн дүү Ц гэх залуу над руу чи хүн алсан гээ биз дээ чамайг цохино зодно гээд дайраад гараараа тархи толгойгүй зодож эхэлсэн юм. Тухайн үед тэр хоёр залуу намайг зодож байхад Мандаа түүний эхнэр хоёр салгасан юм. Миний зүгээс хохирол гомдол санал гэх зүйл байхгүй ээ. Ц түүний найз Б нар надаас уучлалт гуйж миний хохирлыг сайн дураараа барагдуулсан болно гэх мэдүүлэг /Хх-н 13-14 дүгээр хуудас/

Гэрч Ж.Жзын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Тэгээд нэг харахад Цэдэнпүрэвийн дүү гэх залуу Улаанаатай маргалдаад Улаанааг манай баруун талын орон дээр дарж унагаагаад ноцолдоод байсан. Би цохиж зодож байгааг нь нарийн сайн хараагүй. Мөн Цтай хамт явсан найз гэх залуу нь бас Улаанаа руу дайрч зодоод байх шиг байсан. Очироо, манай нөхөр Мандаа хоёр дундуур нь орж салгаад байсан юм. Цэдэнпүрэв нь Ц түүний найз хоёрыг салгаад дунд нь гүйгээд байх шиг байсан. Цэдэнпүрэв, Улаанаа хоёр анх маргалдсан болохоос зодолдоогүй юм. Харин Ц түүний найз хоёр Улаанаа руу дайрч Цэдэнпүрэвийг доромжилсон гэж зодоод байх шиг байсан эх мэдүүлэг /Хх-н 15 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр № 1100 ..... Дүгнэлт:

1.С.ЭОын биед тархи доргилт, баруун хөмсөгт шарх, баруун, зүүн нүдний дотор салст, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд  нөлөөлөхгүй гэх /Хх-ийн 23 дугаар хуудас/

О.Ц, Б.Б нарын иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 36, 41 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 37 дугаа хуудас/

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Баян 14 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 43 дугаар хуудас/

О.Ц, Б.Б нар нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн хариуцлага хүлээж байсан ээхийг шалгах хуудас /Хх-н 38, 44 дүгээр хуудас/

Хохирогч С.ЭОын Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст гаргасан хохирлоо бүрэн авсан тул гомдолгүй гэсэн тодорхойлолт /Хх-н 50 дугаар хуудас/ зэрэг болно.

 

            Шүүгдэгч О.Ц, Б.Б нар нь бүлэглэж 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 03 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймагБаянгол сумын Хараа 1 дүгээр баг, Доргонт гэх газарт оршин суух иргэн Мандаагийн гэрт хохирогч С.ЭОтой хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

            Шүүгдэгч О.Ц, Б.Б нарын хохирогч С.ЭОыг цохиж зодсон үйлдэл нь ах Цэдэнпүрэвийг дээрэлхэж доромжиллоо гэсэн хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, мөн бүлэглэн цохиж зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч О.Ц, Б.Б нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг баримтлан тус тус 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгч нарын эрхэлсэн ажилгүй байдал, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж сард 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч С.ЭО нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад

 

 Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч Пүнлүүч овогт Одончимэгийн Ц, Их мэргэд овогт Батболдын Б нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг баримтлан О.Цг 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар, Б.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу  500000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Ц, Б.Б нар нь 500000 төгрөгийн торгох ялыг 05 сарын хугацаанд 05 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар О.Ц, Б.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, О.Ц, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Ц, Б.Б нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН