Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 115

 

                        

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч А.Сайнбаяр,

Хохирогч Э.Төрсайханы хууль ёсны төлөөлөгч З.Төгсжаргал,

Шүүгдэгч Э.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.От холбогдох 1806 09555 2221 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2019 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Хөтөл суманд 1991 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, эрэгтэй, 27 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт  Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 10 дугаар гудамжны 421 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, Х овогт Эын О /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Э.О нь 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Төрсайханыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Оын өгсөн: “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Төгсжаргалын өгсөн: “... Куртикний мөнгө, утас зассан мөнгийг гаргуулаад авчихвал гомдолгүй гэсэн. Шинээр “Аянчин” дэлгүүрээс худалдаж аваад удаагүй байсан. Худалдаж авсан баримт  нь байгаа. Куртик нь ноцолдож байгаад тайлагдаад олдохгүй байгаа. Утас нь ноцолдож байгаад унагаагаад хагалсан байсан. Айфон-7 гар утас байсан, засвар нь 250.000 төгрөг болсон, утас засварын 250,000 төгрөг, куртик 600,000 төгрөг нэмээд нийт 850.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Төрсайханы өгсөн: “... би чамайг алчихъя гээд миний баруун гарын алга орчим газар түлчихээр нь би машинаас буугаад гүйсэн чинь араас гарч ирээд миний өмсч байсан куртик татаад, миний өмсч байсан хүрмийг тайлчихсан, намайг замын голд заамдаж аваад би буцаагаад заамдаад авсан чинь миний нүүр, дух орчим газар 2 удаа мөргөсөн юм. Тэгээд би дахин зугатаасан чинь надад хүн тусламж үзүүлэхгүй байсан, миний цамцнаас татаад урчихсан, мөрөн дотуур өмсч байсан подволк урчихсан, миний гэдэс орчим газар хөлөөрөө 3 удаа өшиглөсөн, замын хашлага руу түлхэж унагаагаад хоёр өвдөг гэмтчихсэн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх.8-9/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Сэлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 14044 дугаартай “... Төрсайханы биед дээд эрүүний нэг шүдний эмтрэл, уруулын салст, нүүр, их бие, дээд, доод мөчинд зулгаралт, цус хуралт, язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх.15/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Э.О нь 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Төрсайханыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Төрсайханы өгсөн: “... би чамайг алчихъя гээд миний баруун гарын алга орчим газар түлчихээр нь би машинаас буугаад гүйсэн чинь араас гарч ирээд миний өмсч байсан куртик татаад, миний өмсч байсан хүрмийг тайлчихсан, намайг замын голд заамдаж аваад би буцаагаад заамдаад авсан чинь миний нүүр, дух орчим газар 2 удаа мөргөсөн юм. Тэгээд би дахин зугатаасан чинь надад хүн тусламж үзүүлэхгүй байсан, миний цамцнаас татаад урчихсан, мөрөн дотуур өмсч байсан подволк урчихсан, миний гэдэс орчим газар хөлөөрөө 3 удаа өшиглөсөн, замын хашлага руу түлхэж унагаагаад хоёр өвдөг гэмтчихсэн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх.8-9/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Сэлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 14044 дугаартай “... Төрсайханы биед дээд эрүүний нэг шүдний эмтрэл, уруулын салст, нүүр, их бие, дээд, доод мөчинд зулгаралт, цус хуралт, язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ... гэмт.лийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.15/,

Шүүгдэгч Э.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Э.Оын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.От холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Хохирогч Э.Төрсайханы нэхэмжилсэн тус гэмт хэргийн улмаас урагдаж гээгдсэн өвлийн куртикны үнэ 669,300 төгрөг, Ай фоун-7 загварын гар утасны нүүрийг солиулсан төлбөр 250,000 төгрөг, нийт 919,300 төгрөгийг шүүгдэгч Э.О нь нөхөн төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул уг нэхэмжлэлийг түүнээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Э.О нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Э.Оын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгчид 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Э.От эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Э.От оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Энэ хэрэгт Э.О нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Х овогт Эын Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Э.От 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,  шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Э.От сануулсугай.

4. Э.О нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Оаас 919,300 төгрөг гаргуулж хохирогч Э.Төрсайханд олгосугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                 С.ӨСӨХБАЯР