Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 218/МА2023/00010

 

 

Тны нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Т даргалж, шүүгч О.О, Ц.О нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Г даргалж шийдвэрлэсэн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 139/ШШ2022/00.. тоот шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Тны Дундговь салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч О.Б, Л.Ц нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 19145948 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагч Л.Цын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ц.Огийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагч О.Б, Л.Ц, нарийн бичгийн дарга Ж.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: “... Зээлдэгч О.Б, хамтран зээлдэгч Л.Ц нар нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 221100153724 тоот зээлийн болон барьцааны гэрээгээр 24,249,149.38 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 15.6 хувийн хүүтэй цалингийн зээл авч сар бүрийн 02-ны өдөр 581,956 төгрөгийн зээл, хүүгийн төлбөр төлөхөөр тохиролцсон. Зээлийн барьцаанд: 60 сарын цэвэр цалин, зурагт 1 ширхэг, хөргөгч 1 ширхэг, 5 ханатай гэр 1 ширхэг, хөрөө рам 1 ширхэг, зөөврийн компьютер 1 ширхэг тус тус барьцаалсан. Дээрх зээлийн гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан бөгөөд хариуцагч О.Б, хамтран зээлдэгч Л.Цэр нар гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тул зээлийн гэрээ, барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр юм... Т ХХК нь О.Б, Л.Ц нартай байгуулсан Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 17,706,075.44 төгрөг, зээлийн хүүгийн өр 1,371,911.52 төгрөг, хуримтлагдсан хүү 52,972.69 төгрөг, хуримтлагдсан нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 14,988.65 төгрөг, нийт зээлийн төлбөр 19,145,948.30 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэж өгнө” гэжээ.

2.  Хариуцагч О.Бийн хариу  тайлбарын   агуулга:   “Т ХХК-ий тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилж буй 19,145,948.30 төгрөгийг зээлийн гэрээний хуваарийн дагуу 2022 оны 08 сарын 02-ноос сар бүр тогтмол төлөхөөр тохирсон ба 2022 оны 06 дугаар сарын 30-ны дотор хуримтлагдсан зээлийн үлдэгдэлгүй байхаар тооцоо хийж дуусгахаар захирал Хөхөөхтэй тохирсон болно”

Л.Цыг зээлд гарын үсэг зуруулсандаа харамсаж байна. Одоо 10.000.000 төгрөгийн зээл үлдсэн, төлнө”  гэжээ.

2.1. Хариуцагч Л.Цын хариу  тайлбарын   агуулга: Миний бие зээлдэгч О.Бтэй холбоогүй, зөвхөн тэр хүнд тус болох сэтгэлээр хандаж түүний гуйсны дагуу зээлийн гэрээнд гарын үсэг зурж өгсөн. Энэ зээлийг олгогдсоны дараа би зээлээс ямар ч мөнгө аваагүй, миний дансанд болон бэлнээр мөнгө О.Бөөс аваагүй. Энэ хүн зээлийг юунд яаж зарцуулсан талаар би огт мэдэхгүй. Миний хувьд энэ зээлийг огт хэрэглээгүй, би 3-16 насны 3 хүүхдийн хамт амьдардаг, өрх толгойлсон ганц бие эмэгтэй мөн өөрөө цалингийн болон бусад зээлтэй. Ийм учраас энэ зээлийг төлөх ямар ч санхүүгийн боломжгүй. Иймд Т хариуцагчаар зөвхөн О.Бд хандаж зээлийг төлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Миний хувьд зээлийг хэрэглээгүй учраас төлөхгүй, мөн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.  

3. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Б, Л.Ц нараас зээлийн гэрээний үүрэгт 19.130.960 /арван есөн сая нэг зуун гучин мянга есөн зуун жаран/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14.988 /арван дөрвөн мянга есөн зуун наян найман/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

3.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253.680 /хоёр зуун тавин гурван мянга зургаан зуун наян/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Б, Л.Ц нараас 253.604 /хоёр зуун тавин гурван мянга зургаан зуун дөрвөн/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Л.Ц давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбарын агуулга: “Л.Ц миний бие О.Бийн гуйлтаар банкны зээл авахад нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. гэтэл 2022 оны 07 сарын 28-ны өдрийн шүүх хурал болоод хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан л бол энэ зээлийг төлөх үүрэгтэй гэж үзсэн. тухайн хүнд тус болж зурсан болохоос О.Бтэй хамртран амьдрагч болон хамаарал бүхий хүн биш байтал үүнийг харгалзан үзээгүй. мөн зээлийг хэн захиран зарцуулсан эсэхийг нарийн нягтлан үзэлгүй шийдвэр гаргасанд харамсаж гомдолтой байна.

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.07.28-ны өдрийн шийдвэрийг гаргахдаа хэргийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн үнэлж дүгнээгүйй, үндэслэлгүй, нэг талыг барьсан шийдвэр гаргасан.

Энэ үндэслэлгүй шийдвэр гаргах шүүх хуралдааны товыг хариуцагчаар татагдсан Л.Ц надад хуулийн хүрээнд хүргүүлээгүй

Шүүхийн шийдвэрийг надад хуулийн хугацаанд гардуулаагүй. Бас энэ шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдол гаргах эрхийг маань зөрчиж, дээрх шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсэн. Тус байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж миний болон хүүхдүүдийн миний хүүхдийн мөнгөний харилцах дансанд барилт хийсэн зэргээр миний эрхийг ноцтой зөрчиж байна. ийм учраас Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 сарын 28-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Цын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч О.Б, Л.Ц нарт холбогдуулан үндсэн зээл, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт нийт 19,145,948.30 төгрөг гаргуулахаар шаардаж, Т түүнийг төлөөлж Дундговь аймгийн Сайнцагаан сум хаягт орших Б ТБ ДУ САЙНЦАГААН ТТ салбар тооцооны төв, нөгөө талаас зээлдэгч О.Б, Л.Ц нарын хооронд байгуулсан  2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Дугаар 22110015.. тоот зээлийн гэрээг үндэслэл болгожээ.

Хариуцагч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан байна.

Анхан шатны шүүх уг хэргийг хянан хэлэлцээд 2022 оны 07 сарын 28-ны өдөр шийдвэрлэсэн байх бөгөөд тухайн хэрэгт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байсан үйл баримт хэрэгт авагдсан байна. Гэтэл хариуцагч шүүхийн шийдвэрийг гардан аваагүй, өөрт холбогдох хэргийн анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй талаар давж заалдах гомдолдоо дурдсан, анхан шатны шүүх Л.Цын давж заалдах гомдол гаргах эрхийг сэргээн эдлүүлэх үндэстэй гэж үзэн гомдлыг хүлээн авч хэргийг Давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгчийн захирамжид заасанчлан хариуцагчийн эрх зөрчигдсөн асуудал нь үндэслэлтэй байна гэж үзэн хянан хэлэлцэв.

Хавтаст хэргийн 8 дугаар хуудсанд авагдсан талуудын хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээний Хоёр дугаар зүйлийн 2.1.1-д зээлийн үлдэгдлийн хэмжээ 19249149.38 гэж, нэмэлт зээлийн хэмжээ 5000000 төгрөг гэж тодорхойлсноос үзвэл хариуцагч Л.Ц нь тухайн зээлийн гэрээний 5000000 төгрөгөнд ноогдох хэсэгт хамтран үүрэг гүйцэтгэхээр тохиролцсон байна. Өөрөөр хэлбэл гэрээний уг зүйл заалтад нийт авсан зээлийн хэмжээ 24249149.38 төгрөг гэсэн байх боловч өмнөх зээлийн үлдэгдэл 19249149.38 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд үүрэг хүлээсэн талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй байжээ.

Энэ талаар анхан шатны шүүх “талуудын маргаантай зүйл нь хариуцагч Л.Ц “би энэ зээлээс мөнгө аваагүй, О.Бийг гуйсны дагуу зээлийн гэрээнд гарын үсэг зурсан учир зээлийг төлөх үндэслэлгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэн маргах бөгөөд зохигчдын хооронд байгуулсан хүчин төгөлдөр гэрээний 3.3-т “Хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасан байх тул хамтран үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч Л.Ц нь гэрээний үүргийг зээлдэгчийн нэгэн адил хариуцах үүрэг бүхий этгээд мөн тул банк О.Бтэй хамтран байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь үндсэн зээлдэгч О.Б, хамтран зээлдэгч Л.Ц нараас шаардах эрхтэй.” гэж дүгнэсэн нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь оновчтой дүгнээгүй гэх үндэслэл болж байна.

Харин тухайн зээлийн гэрээний  5000000 төгрөгийн өөрт ногдох хэсэгт  Л.Ц  маргаж буй бол энэ нь түүнийг зээлийг эргэн төлөх гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тухайн зээлийн гэрээнээс үүсэх үр дагаврын талаар ойлгоогүй, эсвэл ноцтой төөрөгдсөн гэх үйл баримт тогтоогдоогүй байна. Хэрэв ноцтой төөрөгдсөн гэж үзвэл  Л.Ц Иргэний хуулийн 58.6-д зааснаар энэ тухайгаа нэн даруй нөгөө талдаа мэдэгдэх үүрэгтэй байсан. Энэ талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. Ийнхүү зээлийн гэрээний 5000000 төгрөгт холбогдох хэсэгт Л. маргах эрхгүй, түүний зээлийн гэрээнд О.Бийн гуйлтаар гэрээнд гарын үсэг зурсан тул зээлийг төлөхгүй гэх тайлбар үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

  Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт “үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ”, мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт “үүрэг гүйцэтгэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болно” гэж, гэрээний 3.3-т “Хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасанд нийцүүлэн гэрээний үүргийн 5000000 төгрөгөнд холбогдох хэсэгт банк хамтран зээлдэгч Л.Цаас шаардах эрх үүссэн, харин  19249149.38 төгрөгөнд холбогдох хэсэгт шаардах эрх үүсээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Давж заалдах шатны шүүхийн хуралдаанд зохигчид тухайн зээлийн гэрээний 170... төгрөг төлөгдсөн талаар маргаангүй тайлбарласнаас үзвэл зээлийн гэрээгээр Л.Цд ногдох үүргийн гүйцэтгэл хангагдсан байна гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ талаар зохигчид давж заалдах шатны шүүх хуралдаанд маргаагүй болно. Иймд шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1.2 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 139/ШШ2022/00... тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтаас “...Л.Ц нараас...”  гэснийг хасч, “...О.Б...”  гэснийг “...О.Бөөс...” гэж өөрчлөн, 2 дугаар заалтаас “...Л.Ц нараас...” гэснийг хасч  “...О.Б...”  гэснийг “...О.Бөөс...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгийг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Л.Цаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253605 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

4. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын  журмаар  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ                                   Ц.О

 

                             ШҮҮГЧИД                                     О.О

 

                                                                         Ш.Т