| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0561/Э |
| Дугаар | 1 |
| Огноо | 2020-12-23 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | 185/2020/0561/Э |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 1
Н.Б-, Э.Э- нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч Г.Оюунтуяа, шүүгдэгч Э.Э-, түүний өмгөөлөгч Н.Золжаргал, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 594 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1239 дүгээр магадлалтай, Н.Б-, Э.Э- нарт холбогдох хэргийг шүүгдэгч Э.Э-ын өмгөөлөгч Н.Золжаргал, шүүгдэгч Н.Б-ий өмгөөлөгч Г.Оюунтуяа нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, ***, ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Э-н Э-,
2. Монгол Улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Зочид буудлын удирдлага мэргэжилтэй, “***” ХХК-нд үйл ажиллагаа хариуцсан менежер мэргэжилтэй, ***, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Н-н Б-.
Э.Э-, Н.Б- нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө 04:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лакс” баарны хашаанд үйл ажиллагаа явуулдаг караоке, баарыг хаасан байхад гадаа нь цугларсан хүмүүсийг тараах, тус газрыг хаасныг шалгах зэрэг үүрэг гүйцэтгэж байсан эргүүл хамгаалалтын офицер X.М-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Э.Э-, Н.Б- нарыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг тус бүр дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Э-ын өмгөөлөгч Н.Золжаргал, шүүгдэгч Н.Б-ий өмгөөлөгч Г.Оюунтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Э.Э-ын өмгөөлөгч Н.Золжаргал гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2 “Гэмт хэргийг хэн үйлдсэн”, “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр заасан байдлыг зэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитой тогтоолгүйгээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч Х.М- нь шүүгдэгч нарын нэрийг анхнаасаа хольж, сольж мэдүүлэг өгсний зэрэгцээ анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед өөрийн тайлбар мэдүүлэгтээ ч мөн Э.Э-ыг шүүгдэгч Н.Б-тэй андууран бичлэг хийсэн, хэл амаар доромжилсон мэтээр мэдүүлэг өгсөн нь түүний эрх зүйн байдлыг дордуулж хийгээгүй хэргийнх нь төлөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон.
Энэ нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” дэх хэсэгт заасан шударга ёсны зарчим алдагдсан гэж үзэхээр байна.
Тодруулбал хохирогч Х.М- нь хавтаст хэрэгт авагдсан өөрийн тайлбар мэдүүлэгт өгсөн ...үйлдлийг шүүгдэгч Э.Э- биш харин шүүгдэгч Н.Б- нь хийж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан сидигээр болон Н.Б-ий тайлбар мэдүүлгээр бүрэн дүүрэн нотлогдон тогтоогдсоор байтал миний үйлчлүүлэгч Э Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож торгох ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй хэмээн дүгнэжээ.
Гэтэл хавтаст хэрэг авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь өөр хоорондоо илт зөрүүтэй байна. Үүнд хохирогч Х.М-ын мэдүүлэг /хх 23/ нь ...шүүгдэгч Н.Б- болох нь ...өөрийн гар утсаа бичлэг хийн хууль сахиулагчтай харилцаж байсан нь хавтаст хэрэг авагдсан сидинд үзлэг хийсэн тэмдэглэл, Э.Э-ын гэрч, яллагдагчийн тайлбар мэдүүлэг, Н.Б-ий мэдүүлгүүдэд тодорхой тусгагдсаныг дурдмаар байна.
Гэрч Э.Б-гийн /хх-11/ мэдүүлэг ...мөн л шүүгдэгч Н.Б-тэй андууран анхнаасаа мэдүүлсэн нь Э.Э-ыг буруутай гэж ойлгогдоход хүргэсэн гэж үзэж байна.
Дээрх хохирогч гэрч нарын тайлбар, мэдүүлгүүд нь 2 шүүгдэгч нарыг хооронд нь хольж, сольж мэдүүлснээс болоод Э.Э- нь өнөөдөр гэм буруутайд тооцогдсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Э-ын дээрх үйлдэл холбогдол нь бүрэн дүүрэн нотлогдож тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эсхүл зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.Э-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Мөн шүүхэд шүүгдэгч Н.Б-ий өмгөөлөгч Г.Оюунтуяа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...шийтгэх тогтоол, магадлалд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй төдийгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3.2-т “хохирогч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй”, мөн хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “гэрч шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” гэж заасан байдаг. Гэрч хавтаст хэргийн материалд тусгагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй төдийгүй, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.М-, гэрч Э.Б- нараас тус бүр мэдүүлэг авсан боловч тэдгээр нь хоорондоо зөрүүтэй, камерын бичлэгтэй харьцуулахад ч хохирогчийн мэдүүлэг зөрж байгаа байдлыг анхан шатны шүүхээс анхаарч үзээгүйд гомдолтой байна. Мөн түүнчлэн шүүх хуралдаан дээрх хохирогчийн мэдүүлэг нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтэй нь зөрж байгааг анхан шатны шүүх үнэлж дүгнээгүй хэтэрхий нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж гомдолтой байна.
Тухайлбал 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэрч Баттүвшин өгсөн мэдүүлэг /хх-ийн 7 хуудас /, мөн 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлэхдээ ...өмнөх мэдүүлгээсээ зөрүүтэй, хэн нь ямар үйлдэл хийсэн, хэлж ярьсан зэргийг эсрэг тэсрэг байдлаар мэдүүлсэн байдаг.
2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр, хохирогч Х.М- /хх-ийн 12 хуудас/, мөн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн мэдүүлэгт /хх-ийн 23 хуудас / ...Э.Э-, Н.Б- нарыг гавлаад эрүүлжүүлэх байр руу авч явсан байдлаар мэдүүлсэн байдаг. Хохирогч Х.М- Б-ийг гавлаад машинд суулгасан юм бол гавтай байсан хүн яаж эрүүлжүүлэх байрны гадаа гавлуулахгүй хэмээн эсэргүүцэл үзүүлсэн болж таарах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Дээрх мэдүүлгүүдээс харахад хохирогчийн мэдүүлэг бодит байдлаас зөрүүтэй, үгүйсгэгдэж байгаа нь гэрч Баттүвшингийн мэдүүлэг болон камерын бичлэгнээс тодорхой харж болохоор байна. Камерын бичлэгийг харвал Э-ыг гавлах үед Б- ямар нэгэн үйлдэл хийгээгүй, хажууд нь тодорхой харагддаг, тухайн үед ч Мандахбаяр бичлэгт ямар нэгэн үг хэлж байгаа болон Б-тэй харьцаж байгаа байдал огт байхгүйг шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна.
Мөн хохирогч Х.М- анхан шатны шүүх хуралдаан дээр зөвхөн Э-ыг гавласан, Э- машины шил арчигчнаас зуураад тавихгүй байсан хэмээн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээсээ зөрж мэдүүлэг өгснийг анхан шатны шүүх харгалзан үзээгүйд гомдолтой байна. Гэрч хохирогч нар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй байдаг. Гэтэл одоо болтол хэн нь ямар үйлдэл хийснийг хоорондоо зөрж ярьсаар байхад анхан шатны шүүхээс хохирогч, гэрчийн мэдүүлгээр нотлогдсон хэмээн үзэж ял оногдуулж байгаад гомдолтой байна.
Мөн түүнчлэн давж заалдах шатны шүүхээс Н.Б-ий үйлдэл хохирогч Х.М-ын ...мэдүүлгээр нотлогдож байна гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хохирогч Х.М- нь мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн мэдүүлэгтээ .. зөрүүтэй мэдүүлэг өгснийг давж заалдах шатны шүүхээс ч үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хохирогчийн дээрх мэдүүлгээр шүүгдэгчийн гэм буруу тогтоогдсон мэтээр үзэж байгаад гомдолтой байна.
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Б- нь цагдаагийн албан хаагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцэх болсон хүсэл зорилго, цагдаагийн алба хаагч руу үйлдэл зэрэг тухайн гэмт хэргийн субъектив болон объектив шинжүүд тогтоогдоогүй байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс Н.Б-ийг Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Хүч хэрэглэн эсэргүүцсэн гэдгийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний тавьсан хууль ёсны шаардлагын эсрэг үл тоож, цохих, зодох гэх мэт хууль сахиулагч руу чиглэсэн санаа зорилго, идэвхтэй үйлдлээр илэрдэг гэж үзэж байгаа ба шүүгдэгч Н.Б-ий үйлдэлд цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг зориуд, санаатай хүч хэрэглэсэн үйлдлээр эсэргүүцсэн нөхцөл байдал хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Б- нь хохирогч Мандахбаяртай харилцаагүй, Мандахбаяр ч шаардлага тавиагүй болох нь камерын бичлэгнээс тодорхой харагдаж байхад хүч хэрэглэж эсэргүүцсэн гэж буруутгаж байгааг гайхаж байна. Камерын бичлэгт Н.Б-ий харилцаж байгаа хүн нь гэрч Баттүвшин бөгөөд дараа нь Мандахбаяр ахмад ирсэн байдаг ба энэ үед Мандахбаяр ахмад шаардлага тавиагүй, хохирогч шүүгдэгч нар хоорондоо харилцаагүй болно. Мөн түүнчлэн эрүүлжүүлэх байрны гадаа Н.Б-ийг Мандахбаяр гавлах гэтэл эсэргүүцсэн гэх боловч энэ талаар бодитой тогтоогоогүй, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байгаа гэх боловч хоорондоо мэдүүлгүүд нь зөрүүтэй, эрүүлжүүлэх байрны урд камер байсан гэх боловч бичлэг хийгдсэн эсэхийг шалгаж тогтоогоогүй зэргээс дээрх үйлдэл бүрэн дүүрэн тогтоогдоогүй, гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх ХЭСЭГТ заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим алдагдсан гэж үзэж байна.
2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1909045540143 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол болон хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоолд гэмт хэрэг гарсан цаг хугацааг 11 дүгээр сарын 16-17 наас шилжих шөнө, хэрэг гарсан газрыг лакс баарны гадаа үйлдэгдсэн гэж үзсэн байдаг. Түүнчлэн яллах дүгнэлтэнд тусгагдсан гэмт хэрэг гарсан цаг хугацаа нь 16-17 гэж тусгагдсан, хэрэг гарсан газар эрүүлжүүлэх байрны гадаа байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна.
Түүнчлэн 2020 оны 05 дугаар сарын 11-ны №435 дугаар прокурорын яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан хууль зүйн шаардлагыг огтхон ч хангахгүй байна гэж үзэж байгаагаа илэрхийлмээр байна.
2020 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн 119 дугаартай “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын тогтоох хэсэг, ...2020 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн №435 дугаар яллах дүгнэлтийн тогтоох хэсэг ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9, 32.10 дугаар зүйлийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Яллагдагч Э.Э- болон Н.Б- нарыг адилхан үндэслэлээр яллагдагчаар татсан мөртлөө яллах дүгнэлт нь зөрүүтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй” гэж заасныг зөрчиж байгаа төдийгүй яллагдагчаар татах тогтоолд дурдсанчлан хохирогчийн зүүн гарын хуруу, бугуй хэсгээс мушгиж хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдлийг яг хэн хийсэн эсэх нь тодорхойгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх хуралдааны үед илэрхийлсэн боловч харгалзан үзээгүйд гомдолтой байна.
Дээрх эргэлзээ бүхий нөхцөл байдлууд болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд миний үйлчлүүлэгч Н.Б-ий үйлдэл тогтоогдохгүй, нотлогдохгүй байгаа гэж үзэж байгаа учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч нарын үйлдэл хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Н.Б-, Э.Э- нарт холбогдох хэргийг тэдгээрийн өмгөөлөгч Г.Оюунтуяа, Н.Золжаргал нарын гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Э.Э-, Н.Б- нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө 04 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийгмийн хэв журам сахиулах үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч X.М-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Э.Э-, Н.Б- нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрч, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, дүрс бичлэгт хийсэн мөрдөгчийн тэмдэглэлийн үнэн бодитой байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, Э.Э-, Н.Б- нарын үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, тэдгээрт хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Мөн шүүгдэгч Э.Э-, Н.Б- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, тэдний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.
Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч тус бүрийн өмгөөлөгч нарын гаргасан “...хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд миний үйлчлүүлэгчийн үйлдэл нотлогдон тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн ижил агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 594 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1239 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Э-ын өмгөөлөгч Н.Золжаргал, шүүгдэгч Н.Б-ий өмгөөлөгч Г.Оюунтуяа нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН