Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 145

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Ч.Батбаяр,

Шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч Ц.Мандал /ҮД:1494/, А.Мөнхсайхан /ҮД:0741/,

Шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг /ҮД:1554/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, Б.О нарт холбогдох 1806 01167 2003 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

1. Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 1985 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эгч, охин, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цахлайн 1-24 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, Х овогт Бийн Б /РД: /,

2. Монгол Улсын иргэн, Төв аймгийн Сэргэлэн суманд 1982 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 48-1080 тоотод оршин суудаг, улсаас авсан шагналгүй,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 228А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагааар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзагдсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэг, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалт, 126 дугаар зүйлийн 126.2.3 дахь заалтад зааснаар нийт 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2011 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 407 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, бие эрүүл, ухаан саруул гэх, Б овог Бийн О /РД: /,

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.Б, Б.О нар нь бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Батлан хамгаалах яамны 50 дугаар байрны 45 тоотод оршин суух иргэн Л.Батцэнгэлийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 1 ширхэг хаш хөөрөг, 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг өвлийн гутал, хөөрөгний даалин, “Нокиа” маркийн гар утас зэрэг эд зүйлс хулгайлж нийт 1,690,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бийн өгсөн: “... Тухайн өдөр би От “надад манай таньдаг айлын гэрийн түлхүүр байгаа” гэхэд О “тэр ахын гэрт хамт очъё” гэж хэлсэн. Би хорих ангид хоригдож байхдаа хүний эрх чөлөө гэж юу байдгийг ойлгосон. Би энэ хэргийг үйлдсэндээ үнэхээр их гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Оын өгсөн: “... Шүүх бүрэлдэхүүн болон энд ирсэн бүх хүмүүсээс уучлалт гуйж байна. Тухайн өдөр намайг гэртээ байхад Б ирсэн. Би “дотор муу байна” гэхэд Б нэг шил архи авч, бид хоёр хувааж уусан. Тэр үед Б “хоёулаа хамт манай ахын гэр лүү очиж мөнгө авъя” гэж хэлсэн. Би өмнө нь Бийн ахынх руу очиж байгаагүй. Тэгээд бид хоёр Бийн ахын гэрт очсон. Би Бт “би танихгүй юм чинь, чи ороод ир” гэж хэлээд орцон дотор хүлээж байхад Б намайг дуудаад миний өвөрт хөөрөг, гутал зэргийг хийсэн. Тэр үед Б цаашаа хүнтэй яриад байх шиг байсан. Б, бид хоёр авсан эд зүйлсээ таксины жолоочид 68,000 төгрөгөөр зарсан. Тухайн өдөр Бт түлхүүр нь байсан учир итгэсэн. Би өмнө нь амьдралдаа алдаж байсан учир хулгай гэдгийг мэдсэн бол явахгүй байсан. Би аавын хамт амьдардаг. Аав маань бие муутай, хөгшин хүн. Би хоригдсоноос хойш ар гэртэйгээ уулзаж чадаагүй тул хохирлыг барагдуулж чадаагүй...” гэх мэдүүлэг,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Батцэнгэлийн өгсөн: “... 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр манай гэрт Энхтүвшин, Ариунаа, Б бид хэд манайд ууж байгаад орой тарцгаасан. Ариунаа, Б нар ч гэсэн гараад явсан байсан. Тэр өдөр шөнийн 02 цагийн орчим хаалга нүдээд байхаар нь тайлсан чинь Б “Энхтүвшин байна уу” гэхээр нь би хаалгаа нээгээд эргээд өрөөндөө ороод хэвтэж байхад Энхтүвшинг Б сэрээх гэж оролдож байгаад согтсон байсан тул сэрэхгүй байсан. Тэгээд Б надад “явлаа” гэж хэлээгүй нэг мэдэхэд явсан байсан. Тэгээд маргааш нь 2018 оны 01 сарын 03-ны өдөр Энхтүвшингийн хамтаар гэрээсээ гарах гээд түлхүүрээ хайгаад олоогүй. Тэгээд 3 өдөр түлхүүргүй учраас гэрээс гарч чадаагүй. Тэгээд дүүгээсээ 1 илүү түлхүүр авсан. 2018 оны 02 сарын 01-ний өдөр гэртээ ирэхэд хаалганы цоож нэг хагас эргээд нээгдсэн. Уг нь би бүтэн 2 удаа эргүүлж түгжсэн байсан юм. Тэгээд гэрийн эд зүйлээ бүртгэж үзэхэд гал тогооны тавиур дээр байсан дунд гарын мөнгөн аяга, номын сангийн цоожтой өрөөнд шинэ цагийн ногоон хаш хөөрөг, Нокиа маркийн гар утас, зүү ороож хийсэн торгон дайлан, өвлийн хагас түрийтэй бор гутал зэрэг эд зүйл алга болсон байсан. Манай орцны жижүүр Бүрнээтэй тухайн үед Б хулгай хийж байгаад таарсан байсан. Бүрнээгийн хэлсэнээр их сандарсан байдалтай байхаар нь Бүрнээ “Батцэнгэл байгаа юм уу” гэхэд “байгаа” гээд хаалгаа цааш нь татаад байсан гэсэн. Алдагдсан эд зүйлийнхээ хохирлыг барагдуулах хүсэлтэй байна. Буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх.19-20/,

          Хөрөнгийн Үнэлгээний “Тод Үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх.32/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “...2018 оны 02 сарын эхээр найз болох Оын хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Баянзүрх хотхоны зүүн талд байрлах 9 давхар шар байрны 3 шар байрны голын шар байранд орж 7 давхарт байдаг 45 тоот айлын хаалгыг надад байсан түлхүүрээр онгойлгож ороод мөнгөн аяга, хөөрөг зэрэг зүйлийг хулгайлсан. Надад нэг айлын түлхүүр байгаа гэж От хэлсэн чинь О “тэр айлд чинь очъё, би арыг нь даана” гээд надаас түлхүүр аваад хаалга онгойлгосон. Хулгайн гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх.48,62-63/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Оын яллагдагчаар өгсөн: “... Бтэй ууж байтал Б надад манай ахын гэрийн түлхүүр байгаа хоёулаа ороод тэднийд мөнгөн аяга, хөөрөг байгаа тэрийг нь авчихъя гэсэн... тэгээд тэр мөнгөн аяга хөөрөг хоёрыг нь би халаасандаа хийгээд, үүдэнд байсан бор өнгийн өвлийн гутлыг нь бариад гарсан. Зам гараад такси бариад цайз 16 явж байгаад таксины жолоочид зарсан... Би авч гарсан бор өнгийн өвлийн гутлаа цайз зах дээр ажилладаг танидаг хүндээ өгчихсөн...” гэх мэдүүлэг /хх.64-65/,

          Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.67/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.Б, Б.О нар нь бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Батлан хамгаалах яамны 50 дугаар байрны 45 тоотод оршин суух иргэн Л.Батцэнгэлийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 1 ширхэг хаш хөөрөг, 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг өвлийн гутал, хөөрөгний даалин, “Нокиа” маркийн гар утас зэрэг эд зүйлс хулгайлж нийт 1,690,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Батцэнгэлийн өгсөн: “... Тэгээд гэрийн эд зүйлээ бүртгэж үзэхэд гал тогооны тавиур дээр байсан дунд гарын мөнгөн аяга, номын сангийн цоожтой өрөөнд шинэ цагийн ногоон хаш хөөрөг, Нокиа маркийн гар утас, зүү ороож хийсэн торгон дайлан, өвлийн хагас түрийтэй бор гутал зэрэг эд зүйл алга болсон байсан. Манай орцны жижүүр Бүрнээтэй тухайн үед Б хулгай хийж байгаад таарсан байсан. Бүрнээгийн хэлсэнээр их сандарсан байдалтай байхаар нь Бүрнээ “Батцэнгэл байгаа юм уу” гэхэд “байгаа” гээд хаалгаа цааш нь татаад байсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх.19-20/,

          Хөрөнгийн Үнэлгээний “Тод Үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх.32/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бийн яллагдагчаар өгсөн: “... надад байсан түлхүүрээр онгойлгож ороод мөнгөн аяга, хөөрөг зэрэг зүйлийг хулгайлсан. Надад нэг айлын түлхүүр байгаа гэж От хэлсэн чинь О “тэр айлд чинь очъё, би арыг нь даана” гээд надаас түлхүүр аваад хаалга онгойлгосон...” гэх мэдүүлэг /хх.62-63/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Оын яллагдагчаар өгсөн: “... Бтэй ууж байтал Б надад манай ахын гэрийн түлхүүр байгаа хоёулаа ороод тэднийд мөнгөн аяга, хөөрөг байгаа тэрийг нь авчихъя гэсэн... тэгээд тэр мөнгөн аяга хөөрөг хоёрыг нь би халаасандаа хийгээд, үүдэнд байсан бор өнгийн өвлийн гутлыг нь бариад гарсан. Зам гараад такси бариад цайз 16 явж байгаад таксины жолоочид зарсан... Би авч гарсан бор өнгийн өвлийн гутлаа цайз зах дээр ажилладаг танидаг хүндээ өгчихсөн...” гэх мэдүүлэг /хх.64-65/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Оын “Б.Бийн ахынхаас юм авч байна гэж бодсон, хулгай хийнэ гэж мэдээгүй...” гэх мэдүүлэг нь дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдана.

Б.Б, Б.О нарын үйлдсэн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Б.Б, Б.О нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул  “Бусдын эд хөрөнгийг бүлэглэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцов.

Б.Б, Б.О нар нь эд хөрөнгийн хохирол 1,690,000 төгрөгийг хохирогч Л.Батцэнгэлд хувь тэнцүүлж нөхөн төлсөн учир шүүгдэгч нарыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Б.Б, Б.О нар нь “Бусдын эд хөрөнгийг бүлэглэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага тэдгээрт хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Б, Б.О нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэгт хамтран оролцогчдын гүйцэтгэсэн үүрэг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэн болно.

Б.Б, Б.О нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдэн бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүнд уг гэмт хэрэгт шийтгэхээр хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Б.О бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн боловч гэм буруугаа бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээргүй, мөн урьд нь удаа дараа гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлж байсан хувийн байдал зэргийг харгалзан түүнд уг гэмт хэрэгт оногдуулахаар хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял шийтгэх үндэслэлгүй буюу энэ талаарх тухайн шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй юм.

Б.Б, Б.О нарт оногдуулсан хорих ялыг нээлтэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, энэ хэрэгт Б.Бийн 2018 оны 11 сарын 19-ний өдрөөс цагдан хоригдсон  63 хоног, Б.Оын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс цагдан хоригдсон  34 хоногийг эдлэх ялд тус тус оруулж тооцох нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:          

1. Х овогт Бийн Б, Б овог Бийн О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг бүлэглэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Бт 1 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.От 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар, Б.Бт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, Б.От оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлтэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, энэ хэрэгт Б.Бийн цагдан хоригдсон 63 хоног, Б.Оын цагдан хоригдсон 34 хоногийг эдлэх ялд тус тус оруулж тооцсугай.

5. Б.Б, Б.О нар нь хохирлын 1,690,000 төгрөгийг хувь тэнцүүлж нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Б, Б.О нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР